Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
Төмөр замын газрын даргын
                                                                                2009 оны 01 сарын 29 -ний өдрийн
                                                                                10 дугаар тушаалын хавсралт
 
Төмөр замын аюултай бүсийн дэглэм
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1          Энэ дэглэмээр төмөр замын аюултай бүс (цаашид “аюултай бүс” гэх)-д зөвшөөрөх үйл ажиллагаа, нэвтрэх журмыг тогтооно.
 
1.2          Энэхүү дэглэмд хэрэглэсэн нэр томъёог Монгол улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Төмөр замын техник ашиглалтын дүрэмд заасан утгаар ойлгож хэрэглэнэ.
/Энэ хэсэгт Төмөр замын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06   дугаар тушаалаар нэмэлт орсон/
 
 
Хоёр. Аюултай бүсийн дэглэм
 
2.1.        Аюултай бүс гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн,  ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хэлнэ.
 
2.2.        Төмөр замын аюултай бүс нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил, үйлчилгээний онцлог, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас хамаарч дор дурьдсан зай хэмжээтэй байна:
 
-       Төмөр замын өртөө хоорондын замд захын зам төмрөөс 5 метр;
-       Өртөө зөрлөг, салбар замд захын  зам төмрөөс 2 метр;
-       Зорчигчийн буух, суухад зориулсан  нам болон өндөр  тавцангийн  ирмэгээс дотогш 1.0.метр, тавцангүй буух суух газарт захын зам төмрөөс 2 метр;
-       ачаа, ачаан тээш ачих, буулгах талбайн хэмжээгээр.
 
2.3.        Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хязгаарласан хориотой бүс болно.
 
2.4.        Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах, объект байрлуулах болон ажиллах аюулгүй ажиллагааны дотооддоо үйлчлэх техник, технологийн  дүрэм, журам,  зааврыг төмөр замын тээврийн хяналтын албаар хянуулан баталж, мөрдүүлнэ.
/Энэ хэсэгт Төмөр замын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06   дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
 
 
Гурав. Төмөр замын аюултай бүсэд иргэн нэвтрэх журам
 
3.1.        Дараахь тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтэрч болно:
 
                        3.1.1. төмөр замын гарам, явган хүний гүүрэн болон нүхэн гарцтай хэсгээр төмөр зам хөндлөн гарах;
 
                        3.1.2.   галт тэрэг бүрэн зогссоны дараа зорчигчийн галт тэргэнд суух, буух;
                        3.1.3. тухайн суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн зөвшөөрөл, хяналтын дор ачаа, ачаан тээш ачих, буулгах талбайд нэвтрэх.
 
3.2.        Аюултай бүсэд болон зорчигчийн тавцан, буух суух газарт дараахь үйл ажиллагааг хориглоно:
 
3.2.1. зорчигчийн тавцан, хөдлөх бүрэлдэхүүний доогуур шургах;
3.2.2. хөдлөх бүрэлдэхүүн хоорондын авто угсрааг дамжиж гарах;
                        3.2.3. зорчигчийн тавцангийн хориглосон тэмдэглэлийг давах, тавцангүй хэсэгт захын зам төмөрт 2 метрээс илүү ойртох;
 
3.2.4. мал бэлчээх;
3.2.5. ирж байгаа болон явж байгаа галт тэрэгтэй зэрэгцэн гүйх;
3.2.6. хөдөлгөөнт тоглоом зохион байгуулах;
3.2.7. бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр орхих;
3.2.8. зорчигчийн тавцангаас төмөр зам уруу буух;
                        3.2.9. хиймэл төхөөрөмж, холбооны болон цахилгааны шугам,             агаарын шугам, тэдгээрийн тулгуур багана өөд авирах, тэдгээрээс гарсан утсанд хүрэх;
 
3.2.10. согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх
 
3.2.11. байгууламж, төхөөрөмж, түүний хэсгийг гэмтээх, эвдэх, устгах, дохиолол холбооны төхөөрөмжийг бохирдуулах, үзэгдэлтийг бууруулах;
 
3.2.12. төмөр зам дээр эд зүйл тавих;
3.2.13. сав, баглаа, боодолгүйгээр бусдын амь нас,  эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явах;
 
3.2.14. тэсэрч дэлбэрэх, түргэн шатах болон хортой эд зүйл авч явах.
 
3.3.        Иргэн аюултай бүс болон  зорчигчийн тавцан, буух суух газарт дараахь үүрэгтэй:
 
3.3.1.     галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулах ямар нэгэн нөхцөл байдал үүссэн бол /зам цас, элсэнд дарагдах, гарам дээр осол гарах, зам дээр галт тэрэгний хөдөлгөөнд аюул учруулж болох эд зүйл байгаа гэх мэт/ нэн даруй суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам эзэмшигчид мэдэгдэх;
 
3.3.2.     галт тэргийг зогсоох шаардлагатай онцгой тохиолдолд боломжтой арга хэрэгслээр жолоооч, төмөр замын байгууллагын ажилтанд мэдээ хүргэх;
 
3.3.3.     бага насны хүүхдийг хөтлөх буюу тэвэрч явах.
 
3.4.        Галт тэргэнд явах үед дараахь үйл ажиллагааг хориглоно:
 
3.4.1.     галт тэрэг бүрэн зогсох хүртэл вагонд ойртох;
3.4.2.     зогсож байгаа вагоныг налах, түших;
3.4.3.     вагонд суух, буух үед бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр орхих;
 
3.4.4.     галт тэрэг бүрэн зогсоогүй үед буух, суух;
3.4.5.     вагоны хаалгыг дур мэдэн нээх, хаах буюу нээх, хаахад саад болох;
 
3.4.6.     вагоны цонх, хаалгаар цухуйх;
3.4.7.     галт тэрэгний хөдөлгөөний үед вагоны гишгүүр дээр зогсох;
3.4.8.     хөдлөх бүрэлдэхүүний эд анги, тоноглолыг эвдэх, гэмтээх;
3.4.9.     хөдлөх бүрэлдэхүүний дээр гарах;
3.4.10.  зорчигчийн вагон, тамхи татахыг зөвшөөрснөөс бусад газар утаат тамхи татах.
 
3.5.        Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно. Энэ дэглэмийн 3.2, 3.4-т заасныг зөрчсөн тохиолдолд хориотой бүсэд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэж үзнэ.
 
 
Дөрөв. Төмөр замын аюултай бүсэд хөдөлгөөнтэй шууд холбоотой
ажилтан нэвтрэх
 
4.1.        Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын ажилтан  ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэхдээ аюултай бүсэд нэвтэрч ажиллана.
 
4.2.        Энэ дэглэмийн 4.1-т заасан ажилтан аюултай бүсэд нэвтрэхдээ тухайн суурь бүтэц, тээвэрлэгчийн хүрээнд баримтлах технологийн горим, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллана. 
 
 
Тав. Төмөр замын аюултай бүсийн
хашилт, хамгаалалт, гэрэлтүүлэг
 
5.1.        Төмөр замын өртөө, зөрлөг, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай, депо, ачаа ачих, буулгах, хадгалах, олгох газрын аюултай бүс төмөр замын техник ашиглалтын дүрэмд заасны дагуу гэрэлтүүлэгтэй байна.    
      
5.2.        Аюултай бүсийг суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч хашиж хамгаалах үүрэгтэй. Хүн ам шигүү суурьшсан болон хөдөлгөөн ихтэй хэсэгт “Төмөр замын аюултай бүс”, “Анхаар, хориотой бүс”, “Гадны хүн нэвтрэхийг хориглоно”, “Зогс”, “Тойр” зэрэг анхааруулга, самбар тавьж хамгаална.
 
5.3.        Аюултай бүс нь өртөө хоорондын зам, өртөө, зөрлөг, ачаа ачих, буулгах зам, талбайд хайс, хашаагаар, зорчигчийн нам болон өндөр тавцанд бол шар өнгийн будган тэмдэглэлээр, харин гарам нь хаалт буюу анхааруулах дохио тэмдэгээр хашиж хамгаалагдсан байна. Эдгээр хориг хашаа, тэмдэг тэмдэглэл нь хөдөлгөөн зохион байгуулах зориулалтын дохио, тэмдгийн үзэгдэлтийг хязгаарлах, бууруулахгүйгээр барьж байгуулагдсан байна.
 
5.4.        Өртөө хоорондын замын дагуух зурвас газрын хориг хашаа, хайс нь төмөр замын аюултай бүсэд нэвтрэхийг хориглосон хашилт, хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ.
 
5.5.        Аюултай бүсийн хамгаалалтыг хариуцах байгууллага аюултай бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг шаардах эрхтэй бөгөөд дэглэм зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт Төмөр замын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06   дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
 
 
Зургаа. Ачих, буулгах зам, талбайд тавигдах шаардлага
 
6.1.        Ачаа илгээгч болон ачаа хүлээн авагчийн мөрдөх ерөнхий журам, аюултай бүсэд зорчих замнал, гарцыг тодорхой харуулсан самбар, тэмдэг, тэмдэглэгээг үзэгдэхүйц газарт байрлуулах;
 
6.2.        Гар аргаар ачилт, буулгалтын ажил гүйцэтгэх үед ачилт буулгалтын тавцан, вагоны хооронд зориулалтын дамжин гарах шат, гишгүүрээр хангасан байх,
 
6.3.        Төмөр зам, автозам, явган зорчигчийн замыг заагласан замналыг тодорхойлсон байх,
 
6.4.        Ачилт, буулгалтын ажлыг техникээр гүйцэтгэдэг хэсэгт явган зорчигч нэвтрэхийг хориглож ачаа олгох, хүлээн авах талбайгаас заагласан байх;
 
6.5.        Ачилт, буулгалтын зам, талбай эзэмшигч нь автотээврийн хэрэгсэл нэвтрэх замналыг ойлгомжтой схем зураглал, автозамын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэлээр тоноглосон байх;
 
6.6.        Ачилт, буулгалтын ажил гүйцэтгэх зам, талбайг төмөр замын гармаар тоноглох, автотээврийн хэрэгсэл ачилт, буулгалтын тавцанд гарах хурдыг тогтоосон байх;
 
6.7.        Автотээврийн хэрэгсэл болон тавцанд вагоны ойртолтын оврыг тооцон сэлгээний хөдөлгөөн болон ачилт, буулгалтын хэвийн үйл ажиллагааг хангах;
 
6.8.        Ачилт, буулгалтын ажил гүйцэтгэх техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулахаас сэргийлэн түүний овор, ажиллах талбайн захаас 1.5 метрээс багагүй зайд автозамын хашлага, хаалт хамгаалалтыг хийх;
 
6.9.        Ачаа ачих, буулгах техник, тоног төхөөрөмж болон автотээврийн хэрэгслийн оврыг зөв тодорхойлон жолоочид тэдгээрийн ойртолтын зайг баримтлаж ажиллахыг  сануулах;
 
6.10.      Гар аргаар ачилт, буулгалтыг гүйцэтгэдэг талбай болон тавцан дээгүүр автотээврийн хэрэгсэл  5 км/цагаас илүүгүй хурдтай явахыг анхааруулсан тэмдэг тавьсан байх.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-----000----
 
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих