Хэвлэх DOC Татаж авах
Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар зарлигаар батлав.

БНМАУ-ЫН ТӨРИЙН СОЁРХОЛЫН ТУХАЙ ДҮРЭМ
1.БНМАУ-ын Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст хүртээнэ.
2.Төрийн соёрхол хүртээх хүний нэрийг тус улсын яам, тусгай газар, шинжлэх ухаан, зураг төсөл, зохион бүтээх байгууллага, их, дээд сургууль, олон нийтийн болон соёл, урлаг, уран бүтээлийн эвлэл, холбоод, үйлдвэр, нэгтгэлүүдийн хөдөлмөрийн хамт олон олонхийн саналаар дэвшүүлнэ. Төрийн соёрхолд  нэр дэвшүүлэхдээ гаргасан бүтээлийн ач холбогдол, практик үр өгөөж, хамрах хүрээ, нөлөө, зохиогчийн оруулсан бодит хувь нэмрийг үндэслэлтэй үнэн зөв тодорхойлно.
Төрийн соёрхолд нас барсан хүний нэрийг нэхэн дэвшүүлэхгүй. /МУ-ын Ерөнхийлөгчийн 1992 оны 72 дугаар зарлигаар орсон өөрчлөлтийг тусгав/ .
3.Төрийн соёрхол хүртээхээр нэрийг нь дэвшүүлсэн шинжлэх ухаан, техник, технологи, архитектур, үндэсний соёл, урлагийн бүтээл, уран зохиол нь олны хүртээл болсон, түүнийг олон түмэн сайн мэдэрч өндөр үнэлсэн, үйлдвэрлэлийн дээд амжилтад хүрсэн бүтээл, бүтээгдэхүүн нь хэмжээ, чанар хүртэц нөлөөллөөрөө урьд байгаагүй тогтвортой дээд үзүүлэлтийг хангасан байна.
4.Төрийн соёрхол хүртээхээр нэрийг нь дэвшүүлж буй хүмүүсийн талаар нэр дэвшүүлэгч байгууллага, хамт олноос дараах материалыг бүрдүүлж БНМАУ-ын төрийн соёрхол хүртээх зөвлөлд жил бүрийн 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд ирүүлнэ. /МУ-ын Ерөнхийлөгчийн 1992 оны 72 дугаар зарлигаар орсон өөрчлөлтийг тусгав/ .
а/ бүтээлийн товч тодорхойлолт, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, техникийн баримт бичиг, зураг, бүдүүвч, эдийн засгийн үзүүлэлт, байгууллага, хамт олны хуралдааны шийдвэр;
б/ нээлт, шинэ, шинэчилсэн бүтээл, бүтээгдэхүүн, техник,технологийн шийдэл, зураг төсөл зохиогчийн эрхийн хамгаалалт хийсэн тухай баримт бичгийн хувилбар;
в/ төрийн соёрхол хүртээхээр нэрийг нь дэвшүүлж буй бүтээлийг дотоод, гадаадад олон нийт хэрхэн үнэлж дүгнэж байгаад холбогдох материал:
-уг бүтээлийг хэрэглэгч байгууллага, хамт олноос гаргасан тодорхойлолт, толгойлох байгууллагынх нь үнэлэлт, шүүмж:
-бүтээлийн зохиогчдын ажил байдлын тодорхойлолт, товч намтар.
5.БНМАУ-ын төрийн соёрхол хүртээх зөвлөл төрийн соёрхол хүртээхээр нэрийг нь дэвшүүлсэн бүтээлүүдийг зөвлөлийнхөө гурван салбарын чиглэлээр хэлэлцүүлж дүгнэлт гаргасны үндсэн дээр сонгосон бүтээлүүдийн тухай материалыг “Ардын эрх” сонинд нийтлүүлж, олон нийтээр ил тод хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна.
6.БНМАУ-ын төрийн соёрхол хүртээх зөвлөл сонгосон бүтээлүүдийг олон нийтээр шүүн хэлэлцүүлсэн дүнг үндэслэн дахин сонголт хийж шалгарсан бүтээлд төрийн соёрхол хүртээх тухай БНМАУ-ын Засгийн газартай санал тохиролцсоны үндсэн дээр тогтоол гаргаж батламжлуулахаар Ерөнхийлөгчид өргөн барина.
7.БНМАУ-ын нэг жилд олгох төрийн соёрхолын тоо 7 хүртэл байж болно. Төрийн соёрхол нэг бүрийн хэмжээ 50000 төгрөг байна.
БНМАУ-ын төрийн соёрхол хүртээх тухай төрийн соёрхол хүртээх зөвлөлийн тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигийг “Ардын эрх” сонинд нийтэлнэ.
8.БНМАУ-ын төрийн соёрхолыг монгол ардын хувьсгалын ойн баяр тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сард БНМАУ-ын Ерөнхийлөгч төрийн соёрхолын диплом, энгэрийн тэмдгийн хамт гардуулна.
Төрийн соёрхол хамтран хүртэгчдэд соёрхолыг хуваарилахдаа уг бүтээлд тэдгээрийн биечлэн оруулсан бодит хувь нэмрийг харгалзан дор дурдсан хувь хэмжээг баримтална:
-хоёр зохиогчтой бол соёрхолын 60 хувийг үндсэн зохиогчид, 40 хувийг хамтран зохиогчид;
-гурван зохиогчтой бол соёрхолын 50 хувийг үндсэн зохиогчид, үлдсэн хэсгийг тэнцүү хувааж хамтран зохиогчдод;
-дөрөвбуюу түүнээс дээш тооны зохиогчтой бол соёрхолын 40 хувийг үндсэн зохиогчид, үлдсэн хувийг тэнцүү хувааж бусад хамтран зохиогчдод:
-үндсэн зохиогч тогтоогдоогүй бол соёрхолыг зохиогчдод тэнцүү хувааж  олгоно.
9.Тухайн бүтээлээрээ БНМАУ-ын одон медаль, алдар цол, Засгийн газрын болон түүнтэй тэнцэх бусад шагнал хүртсэн бол уг бүтээлд төрийн соёрхол давхардуулан олгохгүй. Харин төрийн шагналаас өөр шагнал хүртсэн бүтээл энэхүү дүрмийн дагуу шалгаруулан төрийн соёрхол олгоход саад болохгүй.
10. /МУ-ын Ерөнхийлөгчийн 1992 оны 72 дугаар зарлигаар хүчингүй болсонд тооцсон/..
-----оОо------
 
/МУ-ын Ерөнхийлөгчийн 1992 оны 72 дугаар зарлигаар орсон өөрчлөлтийг тусгав/ .