Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭЛТ 7
 
НИСЭХ БАГ БОЛОН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ
(Meteorological services for flight
crew members and operators)
 
(Бүлэг 9-г үзнэ үү.)
 
 
1.                  Цаг агаарын мэдээний хангалт, түүний хэлбэр (mEANS OF SUPPLY AND FORMAT OF METEOROLOGICAL INFORMATION)
 
1.1        Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах ажлыг нислэгийн төлөвлөгөө, нэмэлт захиалгын дагуу гүйцэтгэнэ. Нислэгийн захиалгыг нисэх багийн дарга, нисгэгч нараас шууд авахыг хориглоно.
 
1.2        Агаарын тээвэрлэгч болон эрх бүхий цаг уурын байгуулагууд харилцан  зөвшилцсөний үндсэн дээр нисэх багийн бүрэлдэхүүнийг цаг уурын мэдээ, мэдээллүүдээр дараах хэлбэрээр хангана.
а.      Заавар, Зөвлөмж (ам зөвлөгөө)
б.      Дэлгэцийн мэдээлэл
в.      Гар бичмэл болон хэвлэмэл бүтээгдэхүүн түүний дотор зурган мэдээлэл
 
1.3        Агаарын тээвэрлэгчидтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий цаг уурын байгууллага нь:
а.      Хангаж буй мэдээллийн төрөл, хэлбэр
б.      Мэдээллээр хангах суваг зэргийг тодорхойлно.
 
1.4        Нислэгийн тооцоот хугацаан дээр 30 минутаас багагүй нөөц хугацаатай урьдчилсан мэдээг нисгэх бүрэлдэхүүнд гардуулна.
 
1.5        Агаарын хөлөг нислэгийн төлөвлөгөөт хугацаанаас 30 минутаас удаан саатвал нисгэх баг агаарын замын, нисэн очих, бэлтгэл аэродромын цаг агаарын байдалтай дахин танилцаж тодотгох шаардлагатай.
 
2.             Зөвлөмж, зөвлөгөө (BRIEFING AND CONSULTATION)
 
2.1        Цаг агаарын нөхцөл байдлын тухай мэдээ, мэдээлэл нь түргэн шуурхай хоёрдмол утгагүй байна.
 
2.2        Нисэх бүрэлдэхүүн, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага болон бусад хэрэглэгчдэд тэдний хүсэлтийн дагуу цаг агаарын байдлын талаар ам зөвлөгөө өгнө.
 
2.3        Өгч буй мэдээ мэдээлэл нь нисэх багийн бүрэлдэхүүн болон нислэгийн үйл ажиллагаатай холбоотой бусад бие бүрэлдэхүүнд ойлгомжтой аль болох хялбар байх ёстой.
 
2.4        Ам зөвлөгөөнд:
а.      Нислэг үйлдэх чиглэл дэх аэросиноптик нөхцлийн талаархи мэдээллүүд
б.      Нислэг үйлдэх түвшнүүдийн өндрийн салхи, температур, тропопаузын өндөр, хамгийн их салхины бодит болон урьдчилсан мэдээллүүд
в.      Ажиглагдаж буй болон ажиглагдаж болох нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн талаархи мэдээллүүд (Sigmet, Airmet, Gamet, TREND)
г.       Хөөрөх, буух болон бэлтгэл аэродромуудын цаг агаарын бодит болон төрөл бүрийн урьдчилсан мэдээ, мэдээллүүд
д.      Хөөрөлтийн болон Районы урьдчилсан мэдээ
е.      Дэлгэцийн мэдээллүүд
ж.      Бусад мэдээллийг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу өгнө.
 
2.5        Ам зөвлөгөө өгөхөд ашиглах мэдээ, мэдээллүүд:
а.      Байнгын болон тусгайлан шаардсан бэлтгэл аэродромуудын бодит болон урьдчилсан мэдээ, мэдээлэл
б.      Районы болон нисэх чиглэлийн дагуух цаг агаарын онц аюултай үзэгдлийн SIGMET, AIRMET, GAMET мэдээлэл
в.      Нисч буй агаарын хөлгөөс авсан агаарын хөлгийн мэдээ
г.       Цаг уурын радарын мэдээлэл
д.      Хиймэл дагуулын зураг, мэдээ
е.      Өндрийн салхи, температурын орны болон цаг агаарын онцгой үзэгдлийн ирээдүйн зураг
ж.      Радиозондын зураг, мэдээлэл
з.       Бусад дэлгэцийн мэдээллүүд
 
2.6        Нам өндөрт нислэг үйлдэх нисэх бүрэлдэхүүнд ам зөвлөгөө өгөхдөө 700 гПа-ийн түвшний мэдээллийг ашиглана. Бодит ажиглагдсан болон урьдчилан мэдээлж буй тунадас, манан зэрэг алсын барааны харагдацыг 10км буюу түүнээс бага болгох цаг агаарын үзэгдэл, үүлний хэлбэр, хэмжээ, суурийн өндөр түүний нислэгт нөлөөлөх нөлөө, мөн агаарын даралтын хандлага, чиглэлийн дагуух далайн түвшин дэх даралтын хамгийн бага утга зэргийг өгнө.
 
2.7        Нисэх баг болон бусад хэрэглэгч нарт зөвлөгөө өгсний дараа зөвлөгөө авсан хүний албан тушаал, нэр цаг, минутын хамт тэмдэглэнэ.
 
3.             Нислэгийн баримт бичиг (FLIGHT DOCUMENTATION)
 
3.1        Нисэх багийнханд доорх цаг уурын баримт бичгийг гардуулна. Үүнд:
а.      Нисэх чиглэл болон хугацаанд харгалзах чиглэлийн урьдчилсан мэдээ
б.      Нислэгийн үйлдэх түвшинд тохирох өндрийн салхи, температурын урьдчилсан мэдээ
в.      Нислэгт аюултай онцгой үзэгдлийн урьдчилсан мэдээ
г.       METAR, SPECI, TAF, TREND, SIGMET, AIRMET мэдээнүүд (боломжтой бол хөөрөлтийн урьдчилсан мэдээ)
 
3.2        Нислэгийн баримт бичигт багтсан чиглэлийн урьдчилсан мэдээ нь Нэмэлт 5-ийн 5-д заасны дагуу текст хэлбэрээр өгнө. Нам өндрийн нислэгт районы урьдчилсан мэдээг GAMET хэлбэрээр өгнө.
 
3.3        Нислэгийн баримт бичигт зориулсан өндрийн салхи, температур, SIGWX үзэгдлийн урьдчилсан мэдээ нь зурган хэлбэртэй байна.  
 
3.4        METAR, SPECI, TAF, TREND, SIGMET, AIRMET мэдээнүүдийг Нэмэлт 3, 5, 6-д заасны дагуу өгөх бөгөөд бусад цаг уурын албанаас ирсэн METAR, SPECI, TAF, TREND, SIGMET, AIRMET мэдээллүүдийг эх хэлбэрээр нь (өөрчлөлт засвар хийхгүйгээр) нислэгийн баримт бичигт тусгана.
 
3.5        Ашиглаж буй байршил заагч болон түүний товчлолын тайлбарыг нислэгийн баримт бичигт тусгасан байна.
 
3.6        Нислэгийн баримт бичигт тусгагдаж буй товчлолын хэлбэр тайлбарыг монгол, англи хэл дээр хийнэ. Шаардлагатай гэж үзвэл батлагдсан товчлолыг хэрэглэнэ.
 
3.7        Нислэгийн өмнө цаг уурын мэдээлэлтэй танилцаж, бэлтгэл хангасан тухайн нисэх багийн дарга нислэгийн НИ-5 хуудасны үлдэх хувь дээр хугацааг бичиж гарын үсэг зурна.
 
3.8        60 минутаас бага хугацаанд тухайн районд нислэг үйлдэх агаарын хөлгийн нисэх багт нислэгийн баримт бичиг гардуулахгүй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлын тухай зөвлөмж, зөвлөгөө өгч районы урдчилсан мэдээгээр хангана. Хэрэв нисэх баг хүсвэл нислэгийн баримт бичиг гардуулж болно.
 
3.9        Бодит мэдээний хангалт байхгүй аэродром (хээрийн, түр г.м)-д бууж нислэг үйлдэх тохиолдолд тухайн нислэгийг агаарын тээвэрлэгчийн хүсэлтээр тоймчилсон аэродромын болон районы урьдчилсан мэдээгээр үйлчилнэ.
 
3.10    Нам өндрийн нислэгт зориулсан мэдээлэл
 
3.10.1       Нам өндрийн нислэгийн цаг уурын мэдээллийн хангалтанд далайн түвшнээс дээш нислэгийн өндрийн цуваа 100 хүртэлх өндрийн мэдээллийг тусгана. Үүнд: газар орчмын алсын барааны харагдац, үүлний хэлбэр, хэмжээ, суурийн өндөр, нислэгийн өндрийн болон газар орчмын агаарын температур болон даралт, сэгсрэлт, мөстөлт үүсэх нөхцөл зэргийг тусгана.
 
3.10.2       Нислэгийн өндрийн цуваа 100 хүртэл (шаардлагатай бол нислэгийн өндрийн цуваа 150, уулархаг нутагт түүнээс дээш) ил хараагаар нислэг үйлдэх нам өндрийн онгоцонд дараах мэдээллийг өгнө. Үүнд:
а.      AIRMET  мэдээлэл
б.      Чиглэлийн урьдчилсан мэдээ (НИ-5 хуудас) эсвэл районы урьдчилсан мэдээ
в.      Өндрийн салхи, температурын орны ирээдүйн зураг
 
3.11    Нисэх багийн дарга нислэгийн өмнөх цаг агаарын бэлтгэл ажил буюу дээрхи зүйлүүдтэй танилцаж, зураг материалуудыг гардаж авсны дараа агаарын хөлгийн дугаар бичсэн баримт бичигт гарын үсэг зурна.
 
4.             Нислэгийн баримт бичигт хэрэглэгдэх зураг (CHARTS IN FLIGHT DOCUMENTATION)
 
4.1        Нисэх баг болон агаарын тээвэрлэгчдийг хангаж буй нислэгийн баримт бичигт WAFC-үүдээс хүлээн авсан зурган мэдээллүүдийг ашиглана.
 
Тайлбар – Нэмэлт 1.-д нислэгийн баримт бичигт ашиглагдах зураг, мэдээний загварыг тусгасан болно.
 
4.2        Хэрэв нислэгийн баримт бичигт хэрэглэх зурган мэдээллүүдийг өөрсдөө бэлтгэн гаргадаг бол “WMO-No.49 Technical Regulations, Volume II – Meteorological Service for International Air Navigation”–д заасан зурган мэдээлэлд тавигдах шаардлагын дагуу бэлтгэсэн байна.
 
5.             Нислэг үйлдэж буй агаарын хөлгийг мэдээллээр хангах (INFORMATION FOR AIRCRAFT IN FLIGHT)
 
5.1        Нислэг үйлдэж буй агаарын хөлөгт зориулж агаарын тээвэрлэгчдээс эсвэл нисэх багаас хүсч буй цаг уурын мэдээллийг аль болох нислэг үйлдэж буй хугацаанд өгөх шаардлагатай бөгөөд хэрэгцээтэй мэдээллээр хангахын тулд шаардлагатай гэж үзвэл бусад цаг уурын байгууллагын тусламжтайгаар гүйцэтгэнэ.
 
5.2        Нислэг үйлдэж буй агаарын хөлөгт дамжуулах мэдээнд METAR, SPECI мэдээ (хандлагын урьдчилсан мэдээний хамт)-г багтаасан байна.