Хэвлэх DOC Татаж авах

Улсын  бүртгэлийн   ерөнхий  газрын

даргын  2009  оны  10  дугаар  сарын  09-ны
өдрийн  391 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР ОЛГОХ ЖУРАМ
 
                                                Нэг.Нийтлэг  үндэслэл
 
            1.1.Энэхїї  журмын  зорилго  нь  хуулийн  этгээд  үүсгэн  байгуулагч  нарт хуулийн  этгээдийн  нэрийг  баталгаажуулж олгох,  хуулийн  этгээд  байгуулагдаж  улсын  бүртгэлд  бүртгүүлсний  дараа  нэрээ өөрчлөхтэй холбогдсон харилцааг  зохицуулахад   оршино.
 
            1.2.Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулж олгох, өөрчлөх, нэрийн  улсын  нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чиг үүргийг Улсын  бүртгэлийн  ерөнхий  газар  хэрэгжүүлнэ.
 
            1.3.Хуулийн  этгээдийг үүсгэн байгуулах эрх бүхий байгууллага, иргэн нь  хуулийн этгээд байгуулах шийдвэр  гаргахаасаа  өмнө  хуулийн  этгээдийн  нэрийн  баталгаажуулалтыг нийслэлд Улсын бүртгэлийн ерөнхий газарт, орон нутагт Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь салбар нэгжид хандаж хийлгэсэн байна.
 
            1.4.Улсын бүртгэлийн ерөнхий газар болон орон нутаг дахь салбар нэгж байгууллага нь хуулийн  этгээдийн  нэрийн  баталгаажуулалтыг хийж,  хуулийн этгээд үүсгэн байгуулагч нарт “Хуулийн этгээдийн нэрийн  баталгаажуулалтын  хуудас”-ыг  олгоно.
 
 1.5.Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн нэрийг тухайн хуулийн  этгээд улсын бүртгэлээс хасагдсанаас хойш 6 сар өнгөрсний дараа олгож  болно.
                       
                        Хоёр.Хуулийн  этгээдийн  нэрийг  баталгаажуулж  олгоход
                                                       бүрдүүлэх баримт  бичиг
 
            2.1.Шинээр хуулийн  этгээд үүсгэн  байгуулагч  нь  нэрийн  баталгаажуулалт хийлгэхдээ  дараахь  баримт  бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
 
2.1.1.Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх (эх  хувиар);
 
2.1.2.Үүсгэн байгуулагч нь хуулийн  этгээд  бол улсын  бүртгэлийн гэрчилгээ (эх хувиар), гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэх (эх  хувиар);
            2.1.3.Гадаад улсын иргэн бол тухайн иргэний паспорт (эх хувиар);
2.1.4.Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдийн хувьд итгэмжлэл нь нотариатаар гэрчлэгдсэн байх бєгєєд итгэмжлэл олгогчийн иргэний їнэмлэх /эх хувиар/ байна.
 
            2.2.Өөрчлөн  байгуулах  замаар  байгуулагдсан  хуулийн  этгээд   нь  нэрийн баталгаажуулалт хийлгэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
 
2.2.1.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах  тухай эрх  бүхий байгууллагын   шийдвэрээр  томилогдсон  эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэх (эх хувиар),  улсын   бүртгэлийн гэрчилгээ (эх  хувиар);
 
2.2.2.Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдийн хувьд итгэмжлэл нь нотариатаар  гэрчлэгдсэн   байх  бєгєєд  итгэмжлэл иргэний їнэмлэх /эх хувиар/ байна.
 
            2.3.Хуулийн этгээд байгуулагдсаны дараа нэрээ өөрчлөхөд дараахь баримт  бичгийг бүрдүүлнэ.  Үүнд:
 
            2.3.1.Үүсгэн  байгуулагчийн  иргэний  үнэмлэх (эх  хувиар);
 
            2.3.2.Улсын  бүртгэлийн  гэрчилгээ  (эх  хувиар);
           
2.3.3.Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдийн хувьд итгэмжлэл нь нотариатаар  гэрчлэгдсэн  байх  бєгєєд итгэмжлэл олгогчийн иргэний їнэмлэх /эх хувиар/ байна.
 
            2.3.4.Хуулийн этгээдийн нэр єєрчлєх шийдвэр;
 
            Гурав.Хуулийн  этгээдийн  нэр  олгоход  тавигдах  шаардлага
 
            3.1.Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын  хэмжээнд  давхардаагүй  байна.
            3.2.Хуульд  заасан  бол  хуулийн  этгээдийн төрлийг заасан  нэртэй  байна.
            3.3.Хуулийн  этгээдийн  нэр нь кирилл  үсгээр илэрхийлэгдсэн  байна.
            3.4.Хуулийн  этгээдийн  нэр “Эдийн  засгийн бүх  төрлийн  үйл  ажиллагааны салбарын  ангилал”-д  заасан  үйл  ажиллагааны  чиглэлээр  нэрлэгдэхгүй.
            Жишээлбэл: Нүүрсний  уурхай, Гутлын үйлдвэр, Гоо сайхны  газар  гэх  мэт.
            3.5.Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар /төсөвт  байгууллага/-ын  нэрийг  эрх  бүхий  байгууллагын  шийдвэрийг  үндэслэн  олгоно. Гэхдээ  бусад  хуулийн  этгээдийн  нэртэй давхардаагүй  байна.
            Жишээлбэл:Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээвэр, барилга, хот  байгуулалтын  яам, Газрын  харилцаа, геодези, зураг зүйн газар гэх мэт.
            3.6.Хуулийн этгээдийн нэр нь хоёр ба түүнээс дээш холбоо үгээр  илэрийлэгдэх  бол  дараахь  байдлаар  бичсэн  байх  шаардлагатай. Үүнд:
1/хоёр үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёр  дахь  үг  нь  гийгүүлэгчээр  эхэлсэн  бол түүнийг эхний  үгийн  араас  шууд  залгаж  бичнэ.
 
                         Жишээлбэл: Цагаанчулуут,  Дэлгэрхангай, Сайхандулаан  гэх  мэт.
 
2/хоёр үгээр илэрхийлэгдэх  бөгөөд хоёр  дахь үг  нь  эгшгээр  эхэлсэн  бол  түүнийг эхний  үгийн  араас  зураас /-/ зурж  томоор  эхэлж  бичнэ.
 
            Жишээлбэл: Болор-Эрдэнэ,  Гэрэлт-Од,  Гурван-Өндөр  гэх  мэт.
3/гурван  үгээр  илэрхийлэгдэх  бөгөөд  хоёрдогч  үг  нь  гийгүүлэгчээр      эхэлсэн  бол  нэг,  хоёр дахь  үгийг  шууд  залгаж  бичих  ба  гурав  дахь  үгийг нэг  тэмдэгтийн  зайтай жижиг  үсгээр  эхэлж  бичнэ.
 
 Жишээлбэл: Алтайхангай говь, Эрдэнэдалай уул, Салхитгурван  өндөр  гэх  мэт.
4/гурван  үгээр  илэрхийлэгдэх  бөгөөд  хоёрдогч  үг  нь эгшгээр      эхэлсэн бол   хоёр,  гурав  дахь  үгийг  нэг, нэг  тэмдэгтийн  зайтай  жижиг  үсгээр эхэлж  бичнэ.
 
Жишээлбэл: Амгалан  энхийн  ерөөл,  Хангайн  их  уул  гэх  мэт.
 
5/дөрөв ба түүнээс дээш үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч  үг  нь гийгүүлэгчээр  болон   эгшгээр   эхэлсэн   бол   монгол   хэл бичгийн  дүрмийн  дагуу  бичнэ.
 
Жишээлбэл: Хууль  зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх  мэт. 
 
            3.7.Хуулийн  этгээдийн  нэр  тодорхой  утга  илэрхийлэхгүй,  товчилсон  утга  илэрхийлж, дан үсгээр буюу  үеэс  бүрдэж  болох бөгөөд  энэ  тохиолдолд  бүх  үсгийг  томоор  бичнэ. Үсгүүдийг  шууд  залгуулж  бичих  ба хооронд  нь  тэмдэг  бичихгүй.
 
            Жишээлбэл:  ББАААД,  ЦТМС,  ПАДЭ,  ББАЦ,  ЧГ  гэх  мэт.
 
            3.8.Гадаад хэлний  үсгүүдийг кирилл дуудлаганд шилжүүлснээр хуулийн  этгээдийн  нэр  тодорхой  утга  илэрхийлэхгүй,  товчилсон  утга  илэрхийлж, дан  үсгээс  бүрдэж  болох  бөгөөд  энэ  тохиолдолд  нэг, нэг тэмдэгтийн зайтай  том  үсгээр эхэлж бичнэ.
 
            Жишээлбэл: Эм Жи Эл, Ай Би Ти  гэх  мэт.
 
            3.9.Гадаад хэлний үгүүдийг кирилл дуудлаганд шилжүүлснээр хуулийн  этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй.
 
            Жишээлбэл: “Мед” гэсэн нэр “Зэс” гэсэн  нэрийг, “Эксплорэйшн” гэсэн нэр “Хайгуул” гэсэн нэрийг тус тус илэрхийлэхгүй гэх мэт.
 
            Харин  монгол  хэлэнд  хэрэглэгддэг  гадаад  үг энд  хамаарахгүй.
 
            Жишээлбэл: Телевиз, Радио, Технологи, Патент, Кадастр, Арбитр гэх мэт.
 
            3.10.Хуулийн  этгээдийн  нэр  нь  улсын бїртгэлд бїртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хїндэд гэм хор учруулахаар байна гэж їзэж хуулийн этгээдийн нэр олгохгїй.
 
            Жишээлбэл: “Монголдаатгал”,  “Монголын  үндэсний  даатгал”  гэх  мэт.
 
            3.11.Хуулийн  этгээдийн  нэрийн  ард  хуулиар  тогтоосон  үгийг  заавал  бичнэ.
 
            Жишээлбэл: “Алтантөгрөг ББСБ”, “ Монголдаатгал”, “Хадгаламжийнбанк”, “Мон-            Аудит”  гэх  мэт.
 
3.12.Хуулийн этгээд нь тусгай зєвшєєрєл авч хэрэгжїїлдэг їйл ажиллагааны оноосон нэрийг єєрийн хуулийн этгээдийн нэрэнд зєвшєєрєлгїйгээр оруулж  болохгїй.
 
Жишээлбэл: даатгал, аудит, банк гэх мэт.
 
            3.13.Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй.
 
            Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт.
 
            3.14.Төрийн байгууллагын олон нийтэд илэрхий товчилсон үсгээр бусад хуулийн этгээдийн нэр олгохгүй.
 
            Жишээлбэл: УИХ, МУЗГ, БСШУЯ, УБЕГ гэх мэт.
 
3.15.Залуучууд, өсвөр үеийнхэнд садар самуун явдлыг сурталчлах болон эротик сурталчилгааны шинж агуулсан нэрийг хуулийн этгээдэд олгохгүй.
3.16. Галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодисыг аливаа хэлбэрээр сурталчилсан нэрийг хуулийн этгээдэд олгохгүй.
 
                        Дөрөв. Хуулийн  этгээдийн  нэрийг  баталгаажуулж  олгох
 
            4.1.Улсын бүртгэлийн ерөнхий газар нь нийслэлд хуулийн  этгээдийн  нэрийг  баталгаажуулж  олгохдоо  энэхүү журмын  2.1, 2.2, 2.3-д  заасан хуулийн  этгээд  үүсгэн  байгуулагч  нарын  баримт  бичгийг  үзнэ.           
 
            4.2.Хуулийн  этгээдийн  бүртгэлийн газар нь баримт  бичгийг  үзсэний  дараа  хуулийн этгээдийн нэрийн улсын нэгдсэн бүртгэлд байгаа бусад хуулийн  этгээдийн  нэртэй  тулгалт  хийж  давхардаагүй  бол  “Хуулийн  этгээдийн   нэрийн  баталгаажуулалтын  хуудас  УБ-09” маягтыг 1 хувь бичиж  хуулийн  этгээд  үүсгэн  байгуулагчид  олгоно.
 
            4.3.Орон  нутаг дахь бүртгэлийн  байгууллага  нь хуулийн  этгээдийн  нэрийг  баталгаажуулж  олгохдоо  энэхүү журмын 2.1-д заасан хуулийн  этгээд  үүсгэн  байгуулагч  нарын  баримт  бичгийг  үзэж Улсын  бүртгэлийн  ерөнхий  газрын  Хуулийн  этгээдийн  бүртгэлийн  газраар  шалгуулна.
 
            4.4.Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь орон  нутгийн улсын бүртгэлийн  байгууллагаас  ирүүлсэн  хуулийн  этгээдийн  нэрийг  хуулийн  этгээдийн  нэрийн улсын  нэгдсэн бүртгэлд  байгаа бусад  хуулийн  этгээдийн  нэртэй  тулгалт  хийж  давхардаагүй бол олгоно. Орон нутагт хуулийн этгээдийн  нэрийг олгох боломжтой тухай утсаар болон сүлжээгээр  мэдэгдэнэ.
 
            4.5.Орон  нутаг дахь улсын бүртгэлийн байгууллага  нь Хуулийн  этгээдийн  бүртгэлийн  газраас  ирүүлсэн хуулийн  этгээдийн  нэрийг  “Хуулийн  этгээдийн   нэрийн  баталгаажуулалтын хуудас  УБ-09” маягтаар 1 хувь бичиж, хуулийн  этгээд  үүсгэн  байгуулагчид  олгоно.
 
4.6.Орон нутагт оршин суугч иргэн нь өөрийн биеэр ирж Улсын бүртгэлийн ерөнхий газраар хуулийн  этгээдийн нэрээ  баталгаажуулж болно. Энэ тохиолдолд
энэхүү журмын 2.1, 2.2, 2.3-д заасан баримт бичгийг мөн адил үзэж, баталгаажуулалт хийн харьяалагдах орон нутаг дахь улсын бүртгэлийн байгууллагад сүлжээгээр хүргүүлнэ.
             
                                                           
Тав.Бусад  зүйл
 
            5.1.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулж авсанаас хойш 2 сарын хугацаанд хуулийн этгээд байгуулаагүй бол тухайн нэрийг дахин сэргээж өөр иргэн хуулийн этгээдэд өгч болно. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар дээр дурдсан хугацаанд хуулийн этгээдээ байгуулж амжаагүй тохиолдолд тухайн нэрийг авсан этгээдийн хүсэлтийг үндэслэн дахин 1 сарын хугацаагаар сунгаж  болно.
 
5.2.Хуулийн  этгээдийн  нэр бусад  хуулийн  этгээдийн  нэртэй давхцаж  олгогдсон тохиолдолд хэн нь эхэлж нэрээ авсан огноогоор асуудлыг  шийдвэрлэнэ.
 
            5.3.Нэрээ өөрчилсөн хуулийн этгээдийн өмнө нь олгогдсон нэрийг бусад  хуулийн этгээд авахдаа тухайн хуулийн этгээд үүсгэн байгуулагчийн зөвшөөрлийг авсан байна.
 
            5.4.Хуулийн  этгээдийн нэрийг  бусад  хуулийн  этгээд  хууль  бусаар  ашигласан  бол   бусдад  учруулсан  гэм  хорыг  Иргэний хуулийн  27.4, 27.6  дахь  хэсэгт  заасны  дагуу  арилгана.
 
 
 
 
 
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР