Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН ХИУРЫН ДҮРЭМ
Нэг. Хиурын тодорхойлолт
 
1.Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиур нь Бүх цэргийн хар сүлдийн элч, хиурын их бие, манжлага,цацаг бүхий далбаанаас бүрднэ.
1.1.           Бүх цэргийн хар сүлдийн элч нь эртний монгол цэргийн зэвсгийн холч
 тусгал, хүчийг илэрхийлэл болгон ган, болд төмрөөр сийлж, өнгөлөн бүтээгдсэн 10 сантиметр урттай зэвтэй байна.
            Бүх цэргийн хар сүлдийн элчтэй залгагдах зэвийн ишинд 1.5 сантиметрийн голчтой хоёр алтан молцог бэхлэгдэж, хүч, чадал, эрэмгий зориг, бадрангуй цог хийморийн билэгдэл-мөнх мандан бадрах дөрвөн хэсэг галыг бадраана.
            Бүх цэргийн хар сүлдний элчийн тэргүүн хэсгийг алтан шармал, битүү цэцэг навчин хээгээр, хана ,хүрээ, дээд хэсгийг хамар угалз хээгээр чимэглэж, бараан зүсмийн азарганы хур дэлээр туглаж бүтээнэ. Элчийн тэргүүний голч 12 сантиметр, өндөр 4 сантиметр, тугийн өндөр 12 сантиметр байна.
            Хиурын иш Бүх цэргийн хар сүлднээс эх авч гангаар, нэмэгдэл иш залгах эрчлээс бүхий хоногтой бүтээгдэх бөгөөд түүний голч1 сантиметр, урт 35 сантиметр байна.
 
1.2. Хиурын их биеийн тэргүүн хэсгийн дээр хүрлийн үеийн олдвор болох
 хүчтэнээс хүчтэйгийн билэгдэл –бар, гарьд шувуу, гөрөөсний шармал дүрс байна.
            Хиурын их биеийг өсөж үржихүйн бэлэг тэмдэг битүү цэцгэн хээ бүхий явган хээгээр битүү урлаж, түүний гол хэсэгт алтан соёмбыг бад хээн дээр товойлгон, алтан шармалаар өнгөлсөн металлаар, доод захын ирмэгийн дагуу алтан шаргал цацагтай бүтээнэ. Хиурын их биеийн урт 50 сатиметр, өндөр 8 сантиметр байна.
1.3. Далбааг мөнх тэнгэрийн билэгдэл болсон хөх магнаг торгон дээр уул,
 ус, үүл бүхий тал нутгийг билэгдсэн хээг битүү зээглэн оёж далбааг бүтээх бөгөөд түүний нүүрэн талд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ар талд нь Монгол Улсын төлөө зүтгэе хэмээх бичээсийг Их Монгол Улсын Далай хааны тамга, Есүхэйн гэрэлт хөшөө болон монгол бичгээр буй гэрэгээний бичээсийн бичлэгийн тигээр үйлдэн, алтан шаргал торгоор зээглэж хатгана.
            Далбааны хоёр хажууд шармал товруутай манжлага унжиж байна.
            Далбаа гурван улаан хэлтэй байна. Бүчний өргөн 5 сантиметр, урт 23 сантиметр байна.
            2. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиур нь залж явах нэмэгдэл иш, байнга ба түр байрлуулах тусгай суурьтай байна.
 
Хоёр. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурыг
залах, хадгалах журам
 
3. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурыг дараах арга хэмжээний үед зална:
      3.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үед
      3.2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх, цэргийн ёслолын арга хэмжээнд оролцох үед
 
      4. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурын хадгалалт, хамгаалалтыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шадар хиа хариуцна.
 
      5. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурыг Монгол улсын Ерөнхийлдөгчийн өргөөнд тусгай сууринд байрлуулна.
      6. Энэхүү журмын 3 дахь хэсэгт дурьдсан арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч,, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг оролцох үед Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шадар хиа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурыг барьж, түүний араас 3-5 алхамын зайтай дагалдан жагсаалын алхаагаар явна.
 
      7. Энэхүү журмын 3 дахь хэсэгт дурьдсан арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн оролцох ажиллагааны ёслолын хэсэг дуусмагц Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шадар хиа хиурыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагчийн дэргэд, хүндэтгэлтэй байранд зөөврийн сууринд байрлуулна.
      8. Энэхүү журмын 3 дахь хэсэгт дурьдсан ажиллагаа, арга хэмжээнд оролцох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг автомашин, нисэх онгоц, галт тэргээр аялах үед зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шадар хиа Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслахын хамт хиурыг авч явна.
      9. Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасан арга хэмжээний үед Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шадар хиа цэргийн дүрэмт ёслолын хувцастай байна.