Хэвлэх DOC Татаж авах
УБЕГ-ын даргын 2010 оны 290 дугаар
                                                                                                                        тушаалын 3 дугаар хавсралт
 
 
БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ ЖУРАМ
 
            1. Барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид Иргэний хууль,Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлийг худалдах тухай ”Мэдэгдэл”-ийг хүргүүлэхдээ энэхүү журмыг баримтална. 
            2. Мэдэгдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан маягтаар хүргүүлэх бөгөөд дараахь тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ: 
            2.1.үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид өөрт нь гардуулсан.
            2.2.үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид өөрт нь гардуулах боломжгүй байсан   бол гэрээнд заасан, эсхүл иргэний үнэмлэхэд заагдсан хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн.
            2.3.энэ журмын 2.2-т зааснаар мэдэгдлийг гардуулж чадаагүй тохиолдолд үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд нийтлүүлсэн.
            2.4.энэ журмын 2.3-т заасан сонинд нийтлүүлэх шаардлага нь сонины нүүрийг найм хуваасны нэгээс багагүй хэмжээтэй байна. 
            3. Мэдэгдлийг үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноог тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдлийг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноог тэмдэглэнэ. 
            4. Мэдэгдлийг шуудангаар хүргэсэн бол хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж буй он,сар, өдрийг тэмдэглэж, шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна. Өдөр тутмын сонинд нийтлүүлсэн бол энэ тухайгаа баримтжуулсан байна. 
            5. Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч хаягаа өөрчилбөл энэ тухай барьцаалагчид мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид мэдэгдлийг түүний сүүлчийн хаягаар хүргүүлнэ. 
            6. Барьцааны зүйлийг давхар барьцаалсан тохиолдолд энэхүү мэдэгдлийг хүргүүлэхийн өмнө барьцаалагч нь бусад барьцаалагч болон барьцаалуулагчид, барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол үүрэг гүйцэтгэгчид, барьцааны зүйл нь түрээсийн зүйл бол түрээслүүлэгчид энэ тухай урьдчилан мэдэгдсэн байх үүрэгтэй. 
            7. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд мэдэгдлийг хүргүүлсэнд тооцохгүй.
 
 
              - - - оОо - - -