Хэвлэх DOC Татаж авах

/СС, БСШУСС-ын хамтарсан 2018 оны 119/,А/311 тоот тушаалаар хүчингүй болсон/

Санхүү, эдийн засгийн сайд, Боловсрол, соёл,
 шинжлэх ухааны сайдын 2002 оны 40/36 тоот
 тушаалын хавсралт
                            
 
ТҮҮХ, СОЁЛЫН ОЛДВОРЫГ ҮЗЭСГЭЛЭНД ТАВЬЖ СУРТАЛЧИЛАХ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНД АШИГЛУУЛАХ, ТҮҮНЭЭС ОРОХ ОРЛОГЫГ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ  Ж У Р А М
 
 
                                          Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 8-д заасан "Эртний хүний болон сөнөсөн амьтан, ургамал, бичил биетний бүх төрлийн олдвор" /цаашид түүх, соёлын олдвор гэж нэрлэнэ/-оор үзэсгэлэн гаргах, судалж шинжлэх, сурталчилах, сэргээн засварлах зорилгоор гадаадад гаргах, түүнээс олох орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
2. Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий түүх, соёлын олдвор төрийн өмч мөн. төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын олдворыг эзэмшигч /Палеонтологийн төв/ нь "Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан"-д бүртгэгдсэн түүх, соёлын олдворыг өмчлөгтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх,  сурталчилах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах эрхтэй.
 
3. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворуудыг үзэсгэлэн гаргах, судалж шинжлэх, сэргээн засварлах зорилгоор хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрын тогтоосон хугацаа, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлнэ.
 
4. Түүх, соёлын үнэт дурсгалт, ердийн дурсгалт зүйлийг эргүүлж авчирах нөхцөлтэйгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр тус тус гадаадад гаргаж болно.
 
5. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын олдворуудыг зохих зөвшөөрөл авалгүй хугацаа хэтрүүлж, улс дамжуулан үзэсгэлэн гаргахыг хатуу хориглоно.
 
6. Эргүүлж авчирах нөхцөлтэйгээр гадаадад гаргасан түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт, үнэт дурсгалт, ердийн дурсгалт зүйлийн буцаж орж ирэх хугацаа, түүний бүрэн бүтэн байдалд Улсын гаалийн ерөнхий газар хяналт тавина.
 
7. Улсын хил гаргасан түүх, соёлын олдворууд алдагдсан, үрэгдсэн тохиолдолд Монгол Улсын өмч болохын хувьд эргүүлж авчирах ажлыг ШУА, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон цагдаагийн байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулна.
 
8. Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төв /эзэмшигчийн хувьд/ нь хайгуул, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх явцдаа олж илрүүлсэн түүх, соёлын олдвороо цаашид нарийвчлан судлах, шинэ олдвороор баяжуулах, судалгааны үр дүнг үзмэр болгон боловсруулах, арчилан хамгаалах, гадаад оронд үзэсгэлэн гаргах, гэрээ байгуулах тохиолдолд давуу эрх эдэлнэ.
 
9. Гэрээнд түүх, соёлын олдворыг ашиглах нөхцөл, хугацаа, үнэ, даатгалын хэмжээ, өмчлөгч буюу эзэмшигчид төлөх хөлс, ашиглагч этгээдийн хүлээх хариуцлага, хамгаалалтын баталгаа зэрэг үндсэн болзлыг заавал тусгаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүү, эдийн засгийн яамаар тухай бүр хянуулна.
 
10. Үзэсгэлэнгийн тайланг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ШУТДББЗГ-т өгч байна.
 
 
                   Хоёр. Орлого төвлөрүүлэх, хуваарилах
                             зарцуулах журам
 
11. Түүх, соёлын олдворыг өмчлөгтэй нь тохиролцсоны дагуу үзэсгэлэнд тавьж сурталчилах, судалгаа шинжилгээнд ашиглуулах зэрэг бусад үйл ажиллагаанаас олсон орлогыг Шинжлэх ухаан, технологийн санд төвлөрүүлэн энэхүү журмын дагуу хуваарилан зарцуулна.
 
12. Түүх, соёлын олдвороор гадаадад үзэсгэлэн гаргах, гадаад хамтын ажиллагаанаас болон бусад үйл ажиллагаанаас олох орлогын 50 хувийг улсын төсөвт, үлдэх 50 хувийг Палеонтологийн төвийн дансанд шилжүүлж байна.
 
13. Палеонтологийн төвд хуваарилагдсан орлогыг дор дурьдсан зориулалтаар ашиглана. Үүнд:
 
а. Үзмэрийг шинэчлэх, нөхөн засварлах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, дизайныг боловсронгуй болгох, танилцуулга, тайлбар, гэрэл зураг хэвлэн гаргах.
 
б. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, үзмэрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих.
 
в. Эртний ургамал, амьтдын олдворыг эрж хайх, хээрийн хайгуул судалгаа явуулах, олдворыг үзмэр болгон боловсруулах, арчлан хамгаалах, тээвэрлэн байршуулах.
 
г. Палеонтологийн төвийн лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх, хайгуул шинжилгээний болон боловсруулалтын багаж хэрэгслийн хангамжийг сайжруулах.
 
д. Үзэсгэлэнгийн зохион байгуулалттай холбогдон гарсан шуудан холбооны зардал.
 
е. Палеонтологийн боловсон хүчнийг давтан сургах, олон улсын хурал, зөвлөлгөөнд оролцох, хамтарсан хээрийн судалгааны ажил, үзүүлэх сургууль, шинжлэх ухааны тойрон аялал, семинар зохион байгуулах.
 
ж. Хээрийн хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлэх, үзэсгэлэнгийн үзмэрийг баяжуулах, үзэсгэлэнгийн маркетингийг сайжруулах, үзэсгэлэнгийн орлогыг  нэмэгдүүлэхэд тодорхой амжилт гаргаж, бодит хувь нэмэр оруулсан ажилтнуудыг хамт олны хурлын протоколыг үндэслэн шагнаж урамшуулах.
 
з. Үзэсгэлэнгийн үзмэрийг баяжуулах, нөхөн сэргээх, түүнээс орох орлогыг  нэмэгдүүлэх талаар тодорхой үр бүтээл гаргаж байгаа болон тэтгэвэрт гарсан ахмадуудад нэг удаагийн тусламж дэмжлэг үзүүлэх.
 
и. Палеонтологийн төвд ногдох орлогын 10 хувийг Шинжлэх ухаан, технологийн санд төвлөрүүлэх.
 
14. Үзэсгэлэнгийн орлогоос дээрх зориулалтаар зарцуулах хөрөнгийн хэмжээг төсвийн санхүүжилтийн зүйл анги, хэмжээтэй уялдуулж Палеонтологийн төвийн санхүүгийн төлөвлөгөөнд нэгтгэн зангидаж, зориулалтын дагуу зарцуулна.
 
 
                   Гурав. Орлогын зарцуулалтад тавих хяналт
 
15. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас олсон орлогын бүрдэлт, зарцуулалтын байдалд тавих хяналтыг Монгол Улсын Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн улсын хяналт, шалгалтын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн сантай хамтган явуулна.
 
16. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас олсон орлого, түүний хуваарилалт, ашиглалтын тайланг Палеонтологийн төв улирал, жилийн санхүүгийн тайланд нэгтгэн гаргаж Шинжлэх ухаан, технологийн сангаар хянуулан Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлж байна.