Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 62 дугаар зарлигийн 2-р хавсралт

ЦЭРГИЙН АНГИЙН БАЙЛДААНЫ ТУГИЙН ТОДОРХОЙЛОЛТ


Цэргийн ангийн байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл мөн.
Арми, дивиз, бригад, хороо, тусгай батальон /дивизион/,цэргийн сургууль байлдааны тугтай байна.
Байлдааны тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Батлан хамгаалахын сайд, дэд сайд гардуулна.Түүнийг гардуулах, залах, хадгалж хамгаалах журмыг цэргийн холбогдох дүрмүүдэд заана.
Туг нь тугийн сүлд, далбаа, ишнээс бүрдэнэ.
Тугийн сүлд нь гилбэр, орой, залаа, бүчтэй байна.Гилбэрийг 21 см урттай гангаар хийнэ.
Орой нь бад цэцгэн хөлтрөгтэй, зэвэрдэггүй төмөрлөгөөр бүрсэн 15 см голчтой, дээвэр, 81 сүвэгч бүхий 2 см өргөн хүрээтэй монгол гэрийн хэлбэртэй байна.
Залааг хар, хээр зүсмийн азарганы 21 см урттай хөхөл дэлээр хийнэ.
Дөрвөн бүчийг хар өнгийн савхиар 900 .-ын өнцөгтэй хэл гарган хийж, залааны гадуур унжуулан хооронд нь бүслүүрээр холбож уулзвар дээр нь зэвэрдэггүй төмөрлөгөөр бүрсэн 2 см голчтой дөрвөн толийг бэхэлнэ.
Гилбэр, оройг онгиор холбож, тугийн ишинд бэхэлнэ.
Далбааг 150х90 см-ийн харьцаатай улаан өнгийн даавуугаар хийж, давхарлаж оёно.Далбааны үзүүрт хөх өнгийн торгон эдээр хийсэн 45х10 см-ийн харьцаатай 900 өнцөгтэй гурван хэлийг хооронд нь тэнцүү зайтайгаар оёж бэхэлнэ.
Далбааны нүүрэн тал /иш нь зүүн гар талдаа байхад/-д түүний гуравны нэгийн хэмжээтэй соёмбыг дээд ирмэгээс 20 сантиметрт голлуулан байрлуулж, түүнээс доош 6 см зайд "Монгол Улсынхаа төлөө" гэсэн уриа үгийг далбааны доод ирмэгээс 20 сантиметрт зайтайгаар гурван эгнээ болгон оёсон байна.
Ар талд нь цэргийн ангийн дугаар, нэрийг худам монгол үсгээр оёно.Соёмбо бичгийг алтлаг шар өнгийн торгомсог эдээр хийнэ.
Далбааг ишинд уях бүчтэй байна.
Ишийг 3,5 см голчтой 250 см урт хус модоор хийж, улаан хүрэн өнгийн будгаар будсан байна.
Тугны гэрийг 220х25 см-ийн харьцаатай улаан хүрэн өнгийн торгомсог эдээр оёж хийнэ.Гэрийг бөхлөхөд зориулсан хавж тогтоосон бүчтэй байна.
БҮХ ЦЭРГИЙН ХАР СҮЛДНИЙ БЭЛЭГДЭЛИЙН ТАЙЛБАР
Тэнгэрээс заяат их эзэн Чингис хаан Монгол туурагтныг нэгтгэж төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулан явахдаа хурмастаас илгээсэн хар сүлдээ бүх монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгодог шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир, түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалагч бүх цэргийн хар сүлд болгон залж байна.
Сүлд нь титэм, туг, шилбээс бүрдэнэ.Мөн нөмрөг, суудалтай байна.
Титэмийн хэсэгт байгаа гилбэр нь эртний монгол цэргийн үндсэн зэвсэг, холч тусгалтай, хүчтэй зэвийн хэлбэртэй байна. Энэ нь ганцхан байгаа нь цэргийн хүн олон санаагүй, шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо дайснаас хамгаална гэсэн утгатай.
Гангаар хийсэн дөрвөн цэцэг нь монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол нь ган шиг бат байхыг бэлэгдэнэ.
Хоёр бөөрөнхий цул ган нь бат найман зангилгааг төлөөлж улс хотлоор эв нэгдэлтэй байхын бэлэгдэл юм.
Тугийн оройн хэсэг нь: туурга тусгаар монгол улс гэсэн утгыг илэрхийлж монгол гэрийн хэлбэртэй байна.Түүн дээрх наян нэгэн сүв нь улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлэгдэнэ.
Залааг 1000 азарганы хөхөл дэлээр хийсэн нь сүргийн манлайн сүр хүч дэлэндээ байдгийн адил сүр хүч цэрэгтэй байна.
Тэрхүү сүр хүчээр дайсныг номхотгон дарна гэсэн утгыг илэрхийлнэ. хар өнгө нь харьшгүй хатууг илэрхийлсэн дан өнгө бөгөөд зөвхөн төрийн гэсэн санааг илэрхийлдэг учраас цэрэг хүн төрдөө үнэнч байхыг бэлэгдэнэ.
Дөрвөн хар бүч нь дөрвөн хөлст хар сүлд бүгд байгааг төлөөлнө.
Хар бүчин дээр хөх өнгө байгаа нь мөнх хөх тэнгэрийн доор хар сүлдээ залж байгааг илэрхийлнэ.
Бүслүүр нь туурга тусгаар орны хилийн дээс юм.Түүний дээр бэхэлсэн дөрвөн толь нь дөрвөн зүг найман зовхисоос учрах аюулыг тольдон харж, сэрэмжлэн зайлуулж, монгол улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байлгана гэсэн утгатай юм.
Тугийн шилбийг эртний тахилгат хан хэнтийн уулнаас авсан хус модоор хийсэн.
Тугийн нөмрөгийг битүү төрсөн хар зүсмийн унаганы туламлан өвчиж элдсэн арьсаар хийсэн нь хишиг буян арвижихын бэлэгдэл юм.
Суурийн чулууг монгол улсын газар нутгийн төв, эзэнт төрийн нийслэл "хар хүрэм" орчмоос авч ирж, бат бэхийг бэлэгдсэн хээ товойлгон цохисон.
Суурийн доод хэсэг нь 44 см, дээд хэсэг нь 33 см хэмжээтэй дөрвөлжин байгаа нь дөчин түмэн монгол, дөрвөн түмэн өөлд, гучин гурван говийнхоо газар нутаг дээр, дөрвөн хөлт хар сүлдээ мандуулж тусгаар тогтнолоо хамгаалж байна гэсэн бэлэгдлийг илэрхийлнэ.
Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн бэлэгдлийн тайлбар
Төрийн ёслолын цэргийн цагаан туг нь туурга тусгаар Монгол Улсын энхжин мандаж,мөнхжин оршихын бэлэгдэл мөн.
Төрийн ёслолын цэргийнцагаан туг нь титэм, туг, ишнээс бүрдэнэ.Мөн тугийн нөмрөг, суурь байна.
Титэмийн гурван үзүүртэй болд сэрээ нь Монгол улсын хүч чадал, сүр жавхаа гурав дахин их, бат байхыг, түүний үзүүрт байгаа галын дөл нь өнгөрсөн, одоо, ирээдүйг төлөөлж, үргэлжийн мандал бадрал, үржин цэцэглэхийг бэлэгдэнэ.
Дөрвөн ган цагираг нь хос хосоороо арга,билэг болж галын дөлийг мөнхөд асааж байх оч үүсгэх утгатай.
Тугийн хэсгийн орой нь туурга тусгаар Монгол улс гэсэн утгатай эртний монгол гэрийг төлөөлнө.
.Залааг хийсэн 1000 цагаан зүсмийн азарганы сүүлний хялгас нь монгол хүний сэтгэлийн ариун цагаан, төрийн бодлого төвшин, шударга байхыг илэрхийлж 1000 азарганы сүр хүч төр түмний бат нэгдлийг бэлэгдэнэ.Есөн цагаан бүч нь есөн хөлт цагаан тугаа төлөөлнө.Бүчин дээр байгаа цэцгэн суурьтай есөн эрдэнийн шигтгээ нь эрдэнэсийн баялаг болсон эх орон минь цэцэглэн хөгжиж өлзий буян нь арвижин дэлгэрэхийг бэлэгдэв.Тугийн ишийг эзэн Чингэсийн төрсөн нутаг Хан хэнтийн нуруунаас авсан хус модоор хийсэн нь Монгол улсын энхжин мандахын бэлэгдэл болсон есөн хөлт цагаан туг эртний уламжлалаараа дахин сэргэлээ гэсэн утгатай.
Тугийн нөмрөгийг битүү төрсөн цагаан зүсмийн унаганы туламлан өвчиж элдсэн арьсаар хийсэн нь баялаг хуримтлуулж буян арвижихын бэлэгдэл.
Суурийн чулууг Монгол Улсын газар нутгийн төв, эзэнт төрийн нийслэл хар хүрэм орчмоос авсан болно.