Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрөв.
 
 ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
 
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг улсын хэмжээнд нэг мөр ойлгож, нэгдсэн технологи, аргачлалаар хэрэгжүүлэх зорилгоор энэ аргачлалыг гаргав.
 
Нэг. Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө
 
1.1.Хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Иргэний хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна гэж заасан. Иргэний хуулийн 77 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгөд газар, түүнээс салган хэрэглэж үл болох зүйл хамаарна” гэж заасан. Албан татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгөд газар, газраас, салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах олон наст ургамал, тарьц суулгац, ашигт малтмалын орд болон газраас салган хэрэглэж үл болох барилга, байгууламж, орон сууцны байшин, зэрэг бодит болон хийсвэр аргаар хэмжиж болохуйц тодорхой хил хязгаартай эд хөрөнгө орно.
1.2.Газраас салгамагц өөрийн эдийн засгийн агуулгаа алдахгүйгээр эзнийхээ өмчлөх эрхийг хангадаг, зөөж байрлуулахад өөрийн зориулалт, шинж чанараа алдахгүй эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй. Жишээ нь: ТҮЦ, төмөр болон модон граж, амбаар, малын хашаа саравч гэх мэт.
1.3.Шатахуун түгээх станцуудын байшин барилга, зам талбай, шатах тослох материалын сав резерваур, дамжуулах шугам хоолой нь цогцолбороороо, алтны үйлдвэрийн драга, суурин том антен нь байгууламж болохынхоо хувьд үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдоно.
1.4.Үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг ҮТЕГ тухай бүр шийдэж байна.
 

Хоёр. Татвар төлөгч

 
2.1.Хуулийн 4 дүгээр зүйлд заасан татвар төлөгч гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт  үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд хамаарна.
2.1.1.Өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын
хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар
2.1.2.Төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага
2.1.3.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд
2.1.4.Монгол Улсын иргэн, харъяалалгүй хүн
2.1.5.Монгол Улсад оршин суугч бус этгээд

 

Гурав. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийг бүртгэх

 

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд нь “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 2-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчилж эхэлсэнээс хойш 1 сарын дотор татварын албанд бүртгүүлнэ. Татварын алба энэ аргачлалын 2.1-д заасан ангиллаар татвар төлөгчийг батлагдсан маягтаар бүртгэнэ.

3.1.1.Аймаг, Нийслэл болон Том Татвар Төлөгчийн Албатай харьцдаг аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгө оршиж байгаа сум, дүүргийн татварын алба (байцаагч)-нд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр давхар бүртгүүлж тусгайлсан дугаар авна.
3.1.2.Сум, дүүргийн татварын алба (байцаагч)-тай харьцдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт оршиж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр тусгайлан бүртгүүлэхгүйгээр татвар төлөгчийн бүртгэлийн журмын дагуу зохицуулагдана.
3.1.3.Сум, дүүргийн татварын алба (байцаагч)-тай харьцдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үл хөдлөх эд хөрөнгө нь өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрт оршиж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгө оршиж байгаа татварын алба (байцаагч)-нд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр давхар бүртгүүлж тусгайлсан дугаар авна.
3.2.Татвар төлөгчийн жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийг энэ аргачлалын «дөрөв»-т дурьдсанаар тооцсон үнэлгээг үндэслэн бүртгэнэ.
3.2.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийг бүртгэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, даатгалын гэрээ, данс бүртгэлд тусгасныг батлах санхүүгийн бичиг баримт (хөрөнгийн тооллогын бүртгэл, санхүүгийн тайлан)-ын дугаар, он, сар өдрийг тэмдэглэж авна.
3.3. Татвар төлөгч нь “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу бүртгэлд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ өөрчлөгдөх тухай бүрт өөрчлөлт орсноос хойш 1 сарын дотор татварын албанд мэдэгдэж, өөрчлөлтийг батлагдсан маягтаар бүртгүүлэн, төлбөл зохих татварын тооцоонд тусгуулна.
3.4. Татвар төлөгчийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь жилийн дундуур өөрчлөгдсөн тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлд жилийн дундуур өөрчлөлт оруулахгүй. Татварын алба нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэлд тусгагдсан үнэлгээний өөрчлөлтийг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор албан татварын тайлан хүлээж авахдаа татвар төлөгчөөр батлагдсан маягтаар гаргуулан авч бүртгэнэ.
3.5.Татвар төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтаар нь ялган бүртгэнэ. Үүнд: үйлдвэрлэл үйлчилгээний, орон сууцны, нийтийн эзэмшлийн барилга байгууламж гэж 3 ангилна.
3.5.1.Татвар төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг дээрхи зориулалтын дагуу ангилан бүртгэхдээ дотор нь нэр төрлөөр төрөлжүүлэн бүртгэнэ. Үүнд :
а/ газар
б/ байшин, барилга
в/ байгууламж
-    дэд бүтцийн байгууламж
-    зам, талбай
-    бие даасан инженерийн шугам сүлжээ
-    ногоон байгууламж
-    бусад
г/ орон сууц
-  орон сууц
-    иргэдийн хашаа байшин
-    зуслангийн барилга
д/ бусад
 
3.5.2.Бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн төрлийг уг төрөл дэх хөрөнгө тус бүрийн үнийн дүнгээр задлаж бүртгэнэ.
3.6.Орон сууц гэж “Орон сууцны тухай” хуулийн 3.1.1-д заасан хүн оршин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг, инженерийн хийцтэй барилга байгууламж гэж “Барилгын тухай” хуулийн 3.1.4-т заасан зохих барилгын норм, дүрмийн дагуу боловсруулсан ажлын зургаар эрх бүхий хуулийн этгээд барьсан барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээг хэлнэ.
 
Дөрөв. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ
 
4.1.“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн 5.1-д заасны дагуу татвар төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг дараахь байдлаар  тодорхойлно.
4.1.1.Тухайн хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүн, хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүн, данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүн зөрүүтэй байвал үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр;
Жишээ нь: “ММЖ” ХХК нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох үйлдвэрийн барилгаа 50 машины гаражийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд 200,0 сая төгрөг, хөрөнгийн даатгалын гэргчилгээнд 150.0 сая төгрөг, санхүүгийн тайлан тэнцэл (нягтлан бодох бүртгэл)-д 180.0 сая төгрөг гэж тусгасан байв. Ийм тохоиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгасан 200.0 сая төгрөг болно.
4.1.2.Тухайн хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй тохиолдолд даатгуулсан үнийн дүн, данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүн зөрүүтэй байвал хөрөнгийн даатгалд  даатгуулсан үнийн дүнгээр;
Жишээ нь: “ММЖ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй харин хөрөнгийн даатгалын гэрчилгээнд 150.0 сая төгрөг, санхүүгийн тайлан тэнцэлд 180.0 сая төгрөг гэж тусгасан байв. Энэ тохиодолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ нь хөрөнгийн даатгалын гэрчилгээнд тусгасан 150.0 сая төгрөг болно.
4.1.3.Тухайн хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.
4.1.4.Татвар төлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн албан татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, даатгалын байгууллагад даатгуулаагүй тохиолдолд хөрөнгийн үнэлгээний байгууллагын тодорхойлсон үнийн дүнгээр, хэрэв ингэж тодорхойлоогүй бол тухайн орон нутгийн тухайн төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн дундач үнээр тодорхойлно. Зах зээлийн дундач үнийг татварын алба тодорхойлно.
4.2.Энэхүү аргачлалын 4.1.1-ээс 4.1.3-д дурьдсан данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүн гэдэг нь тухайн хөрөнгийн анхны буюу дахин үнэлүүлсэн үнэ бөгөөд элэгдэл хасаагүй дүн юм.
 
Тав. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ
 
5.1.Татвар төлөгчийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн тухайн жилийн 1 дүгээр сарын 15-ны байдлаархи нийт дүнгээс энэ аргачлалын «зургаа»-д заасан чөлөөлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн дүнг хассан ялгавараас 0.6 хувиар тооцож үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулна.
Жишээ нь: 1. Иргэн Мөнхболд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 100 м2 талбай бүхий 80.0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцтай. Уг орон сууцны 30 м2 талбайг үйлчилгээ явуулахад, үлдсэн талбайг амьдран суухад ашигладаг байна. Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүн 80.0 сая төгрөгөөс албан татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 56.0 сая төгрөгийг (80.0 сая төгрөг/100*70м2 = 56.0 сая төгрөг) хасч, үлдэх 24.0 сая төгрөгөөс 0.6 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тооцно.
Жишээ нь: 2. “ЦОХ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 100 м2 талбай бүхий 110.0 сая төгрөгийн үнэлгээтэй 2 давхар барилга өмчилдөг бөгөөд түүний дээд давхрын 30 м2 талбайтай 2 өрөөг орон сууцны, (тус компанийн ажилтан амьдардаг), 20 м2 талбайтай 2 өрөөг албан конторын зориулалтаар ашигладаг ба доод давхрын 50 м2 талбайтай 4 өрөөг бусдад түрээсдэг байна. Энэ тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүн 110.0 сая төгрөгөөс албан татвараас чөлөөлөгдөх  үл  хөдлөх эд хөрөнгийн дүн 33.0 сая төгрөгийг (110.0 сая төгрөг/100 м2*30 м2 = 33.0 сая төгрөг) хасч үлдэх 77.0 сая төгрөгөөс 0.6 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тооцно. Түрээслэгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш учраас албан татвар төлөхгүй.
 
Зургаа. Албан татвараас чөлөөлөх
 
6.1.Татвар төлөгчийн өмчилж буй татварын албанд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөөс “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөнө.
6.1.1.Төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө. Үүнд: төрийн байгууллага, боловсролын байгууллага (сургууль, цэцэрлэг, ясли, хүүхдийн асрамжийн газар), соёл, урлагийн байгууллага, эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээний байгууллага, хууль сахиулах болон батлан хамгаалах байгууллага зэрэг төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө хамаарна.
6.1.2.Орон сууц. Үүнд: хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц төрийн болон тухайн нэг байгууллагын өмчид хамаарагдах нийтийн орон сууц, хоршооллын хувьчлагдсан орон сууц, амины орон сууц гэх мэт орон сууцны зориулалтаар нь ашиглаж байгаа бүх төрлийн орон сууц хамаарагдана. Мөн гэр хороололын хашаа, байшин энэ заалтад хамарна.
Орон сууцны барилгыг бусад зориулалтаар тухайлбал: дэлгүүр, кафе, цайны газар, эмийн сан, интернет кафе мэт төрөл бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ашиглаж байгаа бол энэ заалтад хамруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй.
Орон сууцны зориулалттай байшин барилгын нэг хэсэгт нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, нөгөө хэсэгт нь хүн амьдран суудаг бол тухайн байшин, барилгын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлөхгүй.
6.1.3.Нийтийн эзэмшлийн барилга байгууламж. Үүнд: нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана.
Нийтийн зориулалтын цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ, зам, цэвэр бохир ус зайлуулах шугам болон бусад байгууламжаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр татаж барьж байгуулсан, уг хөрөнгө нь тухайн байгууллага, иргэний хөрөнгөд бүртгэгдэж өмчлөлд нь байдаг, өөрийн болон бусад хэд хэдэн байгууллага, иргэний хэрэгцээнд ашигладаг бол энэ заалтад хамруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй.
6.1.4. Монгол улсад суугаа гадаад орнуудын дипломат байгууллагуудын (Элчин сайдын Яам, Консулын газар) үйл ажиллагаанд хамааралгүй, хувийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөөс бусад үл хөдлөх эд хөрөнгө нь 1961 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн Олон улсын “Венийн конвенци”-ийн 34 дүгээр зүйлийн «б»-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөнө.
 
Долоо. Татвар төлөх, тайлагнах
 
7.1.Татвар төлөгч нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаархи үнэлгээгээр тооцон, жилийн албан татварыг ногдуулж, аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн албан татварын дүнг 4 тэнцүү хуваан улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор, хувь этгээд (Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Монгол Улсад оршин суугч бус этгээд) жилд нэг удаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор төсөвт төлнө.
Жишээ 1: Иргэн Дорж 2001 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар 100.0 сая төгрөгийн байшин, 40.0 сая төгрөгийн 2 машины гаражтай гэж бүртгэгдсэн тул 2001 оны төлбөл зохих үл хөдлөх эд хөрөнгийн татвар нь (100.0 сая төгрөг + 40.0 сая төгрөг)х 0.6 = 0.84 сая төгрөг болох ба энэ дүнгээр 2001 оны 2 дугаар сарын 15-ны дотор жилд нэг удаа төлсөн байна.
Жишээ 2 : Энэ аргачлалын 4.1.1-д авсан жишээгээр ММЖ ХХК–ний 200.0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд 0.6 хувиар бодож, 1.2 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, ногдуулсан татварыг 4 тэнцүү хувааж улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор 300.0 мянган төгрөг төлнө. 
7.2. Нэг үл хөдлөх эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуваан өмчилдөг бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өөр өөрийн өмчилдөг хэсгийн үнэлгээний дүнд ногдох албан татварыг тус тусдаа ногдуулж төлнө.
Жишээ нь : “ЦОХ” ХХК, “Баяр” ХХК, иргэн Болорчулуу нар 100 м2 хэмжээтэй, 300.0 сая төгрөгийн үнэлгээтэй барилга хамтран өмчилдөг бөгөөд өөр өөрийн ногдох хэсэгтээ үйлдвэрлэл явуулдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд энэ барилгын 50 м2 хэмжээтэй хэсгийн 150.0 сая  төгрөгийг “ЦОХ” ХХК, 40 м2 хэмжээтэй хэсгийн 120.0 сая төгрөгийг “Баяр”  ХХК, 10 м2  хэмжээтэй хэсгийн 30.0 сая төгрөгийг иргэн Болорчулуу өмчилдөг гэж тэмдэглэсэн. Тухайн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 1,8 (300.0 * 0.6%) сая төгрөгийн 0.9 сая төгрөгийг (150,0 * 0.6%) “ЦОХ” ХХК, 0.72 сая төгрөгийг (120.0 *0.6%) “Баяр” ХХК, 0.18 сая төгрөгийг (30.0 * 0.6%) иргэн Болорчулуу нар тус тусдаа ногдуулж төлнө.
7.3.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө ашигладаггүй, бусдад түрээсээр эзэмшүүлдэг бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг өмчлөгч нь ногдуулж төлнө.
Жишээ нь: “Мөнхбилиг” ХХК нь 60 м2 талбайтай 90.0 сая төгрөгийн барилга өмчилдөг бөгөөд түүнийг албан конторын зориулалтаар “Хан-Хөхий” ХХК-д 40 м2 талбайг, “Хярын нуур” ХХК-д  үлдэх 20 м2 талбайг түрээсээр эзэмшүүлдэг байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч нь барилгыг өмчлөгч “Мөнхбилэг” ХХК бөгөөд уг барилгад ногдох 0.54 сая төгрөгийн (90.0 сая төгрөг * 0.6%) үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлнө.
7.4.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн сум, дүүргийн төсөвт төлнө. Тухайлбал: Улсын төвлөрсөн болон Нийслэлийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн сум, дүүргийн төсөвт төлнө.
7.5.Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно. Татвар төлөгчийн тухайн онд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөн тохиодолд энэ өөрчлөлтийг тухайн оны албан татварын тооцоонд оруулахгүй, харин дараа оны тооцоонд оруулан татвараа төлнө.
Жишээн нь: “Хос” ХХК нь өмчилж байгаа дэлгүүрийн барилгаа 2001 оны 1сарын 15 байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүргүүлээгүй, даатгуулаагүй байсан бөгөөд данс бүртгэлд 50.0 сая төгрөг гэж тусгасан байв. 2001 оны 3 сард уг барилгыг 65.0 сая төгрөгөөр дахин үнэлүүлж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэн гэрчилгээ авсан. Энэ тохиолдолд 2001 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг 50.0 сая төгрөгөөр тооцох ба харин 2002 онд албан татвар ногдуулах үнэлгээг 65.0 сая төгрөгөөр тооцно.
7.6.Жилийн дундуур үл хөдлөх эд хөрөнгө өмчилж авсан этгээд нь энэ аргачлалын 3.1-д дурьдснаар татвар төлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж авсан үеэс эхлэн албан татвар төлнө.
7.7.Татвар төлөгч нь өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ жилийн дундуур өөрчлөгдсөн тохиолдолд энэ аргачлалын 3.3-д дурьдснаар татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлж, энэ өөрчлөлтийг тухайн оны албан татварын тооцоонд оруулна.
7.8.Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа төлсөн сум, дүүргийн татварын алба (байцаагч)-нд ҮТЕГ-аас баталсан тайлангийн маягтаар тушаана. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албад нэгтгэн 2 дугаар сарын 20-ны дотор Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлнэ.
7.9.Татвар төлөгч нь нэгээс дээш татварын албанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, татвараа төлсөн бол албан татварын тайланг бүртгүүлсэн татварын алба (байцаагч) тус бүрт нь ирүүлнэ.
 
Найм. Татварын албадаас үл хөдлөх эд хөрөнгийн
мэдээ, тайлан, судалгаа гаргах
 
8.1.ҮТЕГ үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл, бүртгэлийн өөрчлөлт, татварын албадаас ҮТЕГ-т ирүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэлийн товчоо, татварын албадын дотоодод хөтлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт үнэлгээний нэгтгэл маягтуудыг батлан хүргүүлнэ.
8.2.Татварын алба нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийг батлагдсан маягтаар бүртгэнэ.
8.3. Татварын албад нь дотооддоо хөтлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, үнэлгээний нэгтгэл маягтыг хөтөлж, үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэлийн товчоог жил бүрийн 2 дугаар сарын 20-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хамт ҮТЕГ-т ирүүлнэ.
 
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
 
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих