Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигийн хавсралт

ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ




1. Монгол Улсын иргэн прокурорын албан тушаал томилогдохдоо Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан прокурорын тангараг /цаашид “тангараг” гэх/-ийг ёс төртэйгээр өргөнө.
2.Тангараг өргөх газар, хугацаа /өдөр, цаг/-г Улсын ерөнхий прокурор эсхүл аймаг, нийслэлийн болон дагнасан прокурор тогтоох бөгөөд тухайн прокурорын газар тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг хангаж зохион байгуулна.
3.Тангараг өргөх ёслолын ажиллагааны байрыг ёс төртэйгээр тусгайлан бэлтгэж Монгол Улсын төрийн сүлд, төрийн далбаа, прокурорын байгууллагын бэлгэдлийг хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна.
4.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тухай прокурорын газрын прокуроруудыг байлцуулна. Түүнчлэн тухайн нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллага, хууль, хяналтын байгууллагын удирдлагыг урьж оролцуулж болно.
5.Тангараг өргөх ёслолын ажиллагааг тухайн шатны ахлах прокурорын тусгайлан томилсон албан тушаалтан удирдан явуулна.
6.Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж, прокурорын албан тушаалд томилогдсон хүмүүсийг танилцуулан, тангаргийн бичгийг тангараг өргөгч нэг бүрт гардуулна.
7. Тангараг өргөх прокурор тогтоосон цагт тусгайлан бэлтгэсэн байранд хүрэлцэж ирж Монгол Улсын төрийн сүлд рүү эгц харж зогсоно.
8. Тангараг өргөх үед уг ёслолын ажиллагаанд оролцогчид босч хүндэтгэнэ..
9. Тангаргийг хамтаар буюу дангаар өргөж болно. Хамтаар өргөж байгаа тохиолдолд хамгийн ахмад прокурор нь прокурорын тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, бусад нь дагалдана.
10.Тангаргийг цээжээр дуудаж дууссаны дараа тангараг өргөгч Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, зүүн өвдөг сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авна..
11.Тангараг өргөсөн прокурор нь Монгол Улсын төрийн сүлд бүхий “Прокурорын тангараг”-ийн үг бүрэн эхээр бичигдсэн бичвэр бүхий тангаргийн тусгайлан бэлтгэсэн бичигт тангараг өргөсөн он, сар, өдөр, байгууллагын нэр, овог, эцэг, өөрийн нэрийг тус тус гараар бичиж гарын үсэг зурж баталгаажуулна.
12. Тангараг өргөсөн ажилтнууд тангаргийн бичигт гарын үсэг зурж дууссаны дараа төрийн дуулал эгшиглэнэ.
13. Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөсөн хүмүүст баяр хүргэж, тангараг өргөх ёслолын ажиллагааг хаана.
14. Тангаргийн бичгийг тухайн прокурорын хувийн хэрэгт хавсаргаж хадгална.
15.Тангараг өргөх ёслолын ажиллагааны талаарх дэс дарааллыг тодорхой тусгасан тэмдэглэл хөтөлнө.
16.Прокурорын тангараг өргөсөн ажилтан нь төрийн бусад байгууллагад шилжин ажилласны дараа прокурорын албан тушаалд эргэж томилогдвол дахин тангараг өргөхгүй..