Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 193 дугаар зарлигийн хавсралт

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛЖ, ХЯНАЛТ ТАВИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ нь Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий төрийн орон тооны бус байгууллага мөн.
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно.
1.3. Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тамгатай, банкинд данстай байна.

Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1. Зөвлөлийг Үндэсний зөвлөлийн дарга толгойлно.
2.2. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно. Зөвлөлийн хуралдаанаар Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, Үндэсний зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар бүх шатны төрийн байгууллагаас зохиож байгаа ажил, зөвлөлөөс зарим тодорхой асуудлаар хийсэн хяналт шалгалтын ажлын дүн болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэх бөгөөд хэлэлцэж байгаа асуудлыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
2.3. Хуралдааны шийдвэрийн үндсэн хэлбэр нь тогтоол байна. Тогтоолыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар гаргана. Мөн шаардлагатай гэж үзвэл Зөвлөлийн албан даалгавар, зөвлөмж гаргаж болно. Албан даалгаврыг Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж ажиллаж буй яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлд, зөвлөмжийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид тус тус өгнө. Эдгээр шийдвэрт Үндэсний зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Зөвлөлийн тогтоол, албан даалгавар, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч, түүний явц, үр дүнгийн тухай тогтоосон хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй.
2.4. Хуралдааны дэгийг Зөвлөлийн хуралдаанаар батална. Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга, түүний эзгүйд дэд дарга эсхүл зөвлөлийн даргын томилсон гишүүн удирдана.
2.5. Зөвлөлийн дарга бүрэн эрхэд нь хамаарах асуудлаар захирамж гаргана.
2.6. Зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэд, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан байнгын буюу түр ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
2.7. Зөвлөл нь яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэгт орон тооны бус салбар зөвлөлтэй байна.
2.8. Зөвлөлий дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь УИХ-ын даргын гарын үсэг, тамга бүхий үнэмлэхтэй байна.
Гурав. Зөвлөлийн эрх хэмжээ
3.1. Зөвлөлийн чиг үүрэг
3.1.1. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэха ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар яам, агентлаг, салбар зөвлөлөөс зохиож буй ажлыг уялдуулж, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.2. Авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлж, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах;
3.1.3. Авилгалтай тэмцэх ажилд бүх нийтийн хүчийг төвлөрүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалты арга хэмжээ авах;
3.1.4. Авилгалыг үл тэсвэрлэх нийгмийн уур амьсгал бий болгох зорилгоор авилгалын хор уршиг, авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааг бодлого чиглэлтэй хийх.
3.2. Зөвлөлийн бүрэн эрх
3.2.1. Яам, агентлаг, төрийн бусад байгууллага, аймаг, нийслэлийн салбар зөвлөл, шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын төв байгууллагаас авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын тайлан, мэдээ гаргуулан авах;
3.2.2. Авилгалтай тэмцэхтэй холбогдсон хууль тогтоомж, Зөвлөлийн тогтоол, албан даалгавар, зөвлөмжийн биелэлтийг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн төрөл, хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр шалгаж танилцах, тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж үүрэг чиглэл өгөх;
3.2.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой ажилд эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчийг харьяа байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах;
3.2.4. Эрх хэмжээний асуудлаар улс, орон нутгийн чанартай хурал, зөвлөлгөөн, семинар зохион байгуулах;
3.2.5. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж урамшуулах;
3.2.6. Зөвлөлийн тогтоол, албан даалгавар, зөвлөмжийг биелүлээгүй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад нь албан ёсоор тавьж, хариу авах;
3.2.7. Авилгалын асуудалтай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн мэдээллийг холбогдох байгууллагад нь шилжүүлж, түүний шийдвэрлэлтэд хяналт тавих;
3.2.8. Хөтөлбөрийн биелэлтийг хагас жил тутам нэгтгэж, дүгнэлт хийх;
3.2.9. Авилгалтай тэмцэх талаар иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан санал, хүсэлтийг тогтоосон журмын дагуу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, судлан үзэх;
3.2.10. Авилгалаас урьдчилан сэргийлэх талаар хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн болон төрий бус байгууллагатай хамтран улс, бүс нутаг, аймаг, нийслэлийн хэмжээнд төсөл хэрэгжүүлэх, иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин тэднийг энэ ажилд өргөнөөр татан оролцуулах, туслалцаа үзүүлэх.
3.2.11. Авилгалын асуудлаар олон нийтийн санал, хандлагыг хоёр жил тутам судлан дүгнэлт хийж байх.
3.2.12. Авилгалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах асуудлыг зохицуулах;
3.2.13. Зөвлөлд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас даалгаж хариуцуулсан бусад ажил
3.3. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх
3.3.1. Зөвлөлийн хуралдаанд санал оруулж хэлэлцүүлэх;
3.3.2. Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах тодорхой асуудлыг хариуцан ажиллаж, гүйцэтгэл, үр дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд мэдээлэх;
3.3.3. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид Зөвлөлийн шийдвэрийн дагуу шалган танилцах;
3.3.4. Авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж, хяналт тавихтай холбогдсон асуудлаар өмчий төрөл, хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжид саадгүй нэвтэрч холбогдох мэдээ, баримт, материал гаргуулан авах.
3.4. Зөвлөлийн даргын бүрэн эрх
Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн гишүүний бүрэн эрхээсгадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.4.1. Зөвлөлийг тэргүүлж, хуралдааныг товлох, даргалах;
3.4.2. Өөрийн болон дэд даргын эзгүйд хуралдаан даргалах гишүүнийг томилох;
3.4.3. Зөвлөлийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих;
3.4.4. Хууль тогтоомжоор олгосон бусад бүрэн эрх.
3.5. Зөвлөлийн ажлын алба
3.5.1. Зөвлөлийн ажлын албаны үүргийг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцаж гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг дагнаж хариуцсан ажилтнуудтай байна. УИХ-ын Тамгын газар нь Үндэсний зөвлөлийн ажиллах бүх талын нөхцөлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй.
3.5.2. Зөвлөлийн Ажлын алба /цаашид “Алба” гэнэ/-ны чиг үүрэг нь Үндэсний зөвлөлөөс Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулахад туслах, Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, авилгалтай тэмцэхтэй холбогдолтой хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулахад оршино.
3.5.3. Алба нь дараахь эрх үүрэгтэй байна:
3.5.3.1. Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдээс шаардлагатай дэмжлэг, туслалцаа авна;
3.5.3.2. Яам, агентлаг, төрийн бусад байгулулага, аймаг, нийслэлийн салбар зөвлөл шүүх эрх мэдлийн болон хууль, хяналтын төв байгууллагаас авилгалтай тэмцэх талаар зохиосон ажлын тайлан гаргуулан авна;
3.5.3.3. УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, Засгийн газрын агентлаг, хууль хяналтын байгууллагуудаас холбогдох асуудлаар туслалцаа авна;
3.5.3.4. Авилгалтай тэмцэхтэй холбогдсон хууль тогтоомж, Зөвлөлийн тогтоол, албан даалгавар, зөвлөмжийн биелэлтийг Зөвлөлийн даалгасны дагуу яам, Засгийн газрын агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн төрөл, хэлбэр харьяалал харгалзахгүйгээр шалгана;
3.5.3.5. Хяналт, шалгалтын ажилд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгаа, тодорхойлолтыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушалатан, иргэдээс гаргуулан авч, хяналт шалгалттай холбогдуулан ажиллах нөхцөлөөр хангуулна;
3.5.3.6. Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангаж, түүний шийдвэрийн биелэлтийг хангаж ажлыг зохион байгуулна;
3.5.3.7. Зөвлөлийн дарга, гишүүдийг тухай бүр шаардлагатай мэдээллээр шуурхай хангаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ;
3.5.3.8. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр, Зөвлөлийн жил, улирлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй салбар зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна;
3.5.3.9. Зөвлөлөөс зохиож буй ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна;
3.5.3.10. Зөвлөл болон Үндэсний зөвлөлийн даргаас даалгаж хариуцуулсан бусад ажил.
Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт
4.1. Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт нь улсын нэгдсэн төсвөөс олгосон хөрөнгө болон дотоод, гадаадын байгууллага, иргэдийн өгсөн хандив, төслийн хөрөнгөнөөс бүрдэнэ.
4.2. Зөвлөл, түүний ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах урсгал зардлыг жил бүрийн төсөвтөө тусгах үндсэн дээр УИХ-ын Тамгын газраас санхүүжүүлнэ.
4.3. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгийг Зөвлөлийн шийдвэрээр захиран зарцуулна.
4.4. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгийг дараахь чиглэлээр зарцуулна:
4.4.1. Авилгалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар семинар, сургалт, сурталчилгаа;
4.4.2. Авилгалыг үл тэвчих нийгмийн уур амьсгал бүрдүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил;
4.4.3. Үндэсний хөтөлбөрт заасан бусад тодорхой арга хэмжээ
4.5. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
Тав. Салбар Зөвлөлийн үүрэг
5.1. Үндэсний хөтөлбөрт зааснаар яам, Засгийн газрын агентлаг бүрт авилгал, хээл хахуультай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн салбар зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Сайд, агентлагийн дарга батална.
5.2. Орон нутагт салбар зөвлөлийн үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гүйцэтгэнэ.
5.3. Салбар зөвлөл нь тухайн яам, агентлагийн хүрээнд болон харьяа нутаг дэвсгэртээ Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулна.
5.4. Салбар зөвлөл нь авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын тайлан, мэдээг улирал бүр Үндэсний зөвлөлд ирүүлнэ.
5.5. Салбар зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргимйн зардал, бусад үйлчилгээг тухай яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, хариуцах бөгөөд зардлыг яам, Засгийн газрын агентлаг болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.