Хэвлэх DOC Татаж авах
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 679 дугаар
 тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
БАРААГ УЛС ХООРОНД ДАМЖУУЛАН ӨНГӨРҮҮЛЭХ  ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1. Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн  тухай хуулийн 180-187 дугаар зүйл/-ыг  хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Энэ журмаар горимыг сонгох, барааг горимд байршуулах, бичиг баримтыг бүрдүүлэх, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
            1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
            1.4. Мэдүүлэгч /тээвэрлэгч/ барааг Гаалийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан хугацаанд мэдүүлэх бөгөөд мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн ачааны манифест, мэдээлэл, бичиг баримтад энэ хугацаа мөн адил хамаарна.
            1.5. Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан ачааны манифест, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно.
1.6. ТИР карней бүхий улс хооронд дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд энэ журам хамаарахгүй.
            1.7. Улсын хилээр оруулахыг хориглосон барааг энэ горимд байршуулахгүй.
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Энэ горимд хилийн чанад дахь илгээгчээс хилийн чанад дахь хүлээн авагчид илгээсэн гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх гадаадын барааг байршуулна.
            2.2. Улс хооронд дамжуулан өнгөрүүлэхэд уг бараа нь хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
            2.3. Улс хооронд дамжуулан өнгөрүүлэхэд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
 
 
 
Горимын агуулга
Бүрдүүлэлт хийх горимын код
 
1
 
Барааг гаалийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл солихгүйгээр улс  хооронд дамжуулан өнгөрүүлэх
840
 
2
 
Барааг гаалийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл сольж улс  хооронд дамжуулан өнгөрүүлэх
841
           
2.4. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 840 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тээврийн хэрэгсэл солихгүйгээр орох хилийн гаалийн байгууллагаас гарах хилийн гаалийн байгууллагаар шууд дамжуулан өнгөрүүлэх гадаадын бараа хамаарна.
2.5. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 841 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тээврийн хэрэгсэл сольж, орох хилийн гаалийн хяналтын бүсээс тээврийн хэрэгсэл солих гаалийн хяналтын бүс, тээврийн хэрэгсэл солих гаалийн хяналтын бүсээс хилийн гаалийн хяналтын бүсээр шууд дамжуулан өнгөрүүлэх гадаадын бараа хамаарна.
 
Гурав. Бичиг баримт
           
3.1. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 840 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд электрон манифестаар гаалийн бүрдүүлэлт хийнэ.
3.2. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 841 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд нэг гаалийн байгууллагын хүрээнд гаалийн хяналтан дор тээврийн хэрэгсэл солих бөгөөд тухайн гаалийн байгууллага тээврийн хэрэгсэл солигдох бүрт өмнөх манифестэд хаалт хийн шинээр манифест бичиж, хэвлэн гаалийн бүрдүүлэлт хийж, дараагийн гаалийн байгууллагын хяналтад шилжүүлнэ.
3.4. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд тээвэрлэгч байгууллага дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
3.4.1. тээврийн бичиг баримт;
3.4.2. баглаа боодлын жагсаалт;
3.4.3. шаардлагатай бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.
            3.5. Улс хооронд дамжуулан  өнгөрүүлэх 841 кодоор бүрдүүлэлт хийсэн бараанд эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага ачааны манифестад “Гаалийн хяналтад байгаа” гэсэн хяналтын тэмдэг дарж, эцсийн бүрдүүлэлт хийж байгаа хилийн гаалийн байгууллага “Монголын гааль зөвшөөрөв”  гэсэн хяналтын тэмдэг дарж, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулан, мэдээллийн сүлжээнд гаалийн улсын байцаагчийн хувийн дугаарыг оруулан тухайн  бичлэгт  хаалт хийж гаалийн хилээр гаргана.
 
                                                 Дөрөв. Горимын шаардлага
 
4.1. Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах барааг гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага тээвэрлэнэ.
4.2. Гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь барааг олон улсын тээврийн маршрутаар, гаалийн замаар гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд тээвэрлэнэ.
4.3. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
            4.4. Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараа  дараахь шаардлагыг хангасан байна:
      4.4.1. гаалийн байгууллага тухайн бараанд хяналт тавих боломжтой байх;
                  4.4.2. гаалийн байгууллага гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой байх;
                  4.4.3. бараа нь хадгалалт тээвэрлэлтийн үед гарах стандартаар тогтоогдсон элэгдэл хорогдолоос өөр өөрчлөлтгүй анхны байдлаараа байх.
4.5. Тэсэрч дэлбэрэх, аюултай болон химийн онцгой хортой бодис зэрэг тээвэрлэлт, хадгалалтын онцгой нөхцөл шаардах барааг дамжуулан өнгөрүүлэхэд холбогдох байгууллагын зөвшөөрөл  шаардана.
4.6. Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэхэд гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
            4.7. Шаардлагатай тохиолдолд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар төлөх баталгааг тээвэрлэгч аж хуйн нэгжээс гаргуулан авна.
 
Тав. Горим дуусгавар болох
 
5.1. Барааг улсын хилээр гаргаснаар, эсхүл өөр горимд байршуулснаар улс хооронд дамжин өнгөрүүлэх горим дуусгавар болно.