Хэвлэх DOC Татаж авах
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 679 дугаар
 тушаалын 3 дугаар хавсралт
 
 
БАРААГ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Барааг шилжүүлэн ачих гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 197-201 дугаар зүйл/-ыг хэрэгжүүлэхэд Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, Гаалийн тухай хууль, тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Энэ журмаар барааг шилжүүлэн ачих гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч өөрөө сонгох бөгөөд горимын нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. Мэдүүлэгч барааг Гаалийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан хугацаанд мэдүүлэх бөгөөд мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн гаалийн мэдүүлэг, мэдээлэл, бичиг баримтад энэ хугацаа мөн адил хамаарна.
1.5. Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан ачааны манифест, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно.
1.6. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг энэ горимд байршуулахгүй.
 
Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Энэ горимд хилээр оруулсан тээврийн хэрэгслээс гарах тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулалгүйгээр хилийн чанадад гаргах гадаадын бараа хамаарна.
2.2.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэхэд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
 
1
 
Барааг шилжүүлэн ачих горим
 
900
           
Гурав. Бичиг баримт
 
3.1. Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг хуульд заасан хугацаанд гаалийн байгууллагад гаргаж өгнө.
            3.2. Мэдүүлэгч барааг шилжүүлэн ачих горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг эх, эсхүл хуулбар хувиар гаалийн байгууллагад гаргаж өгнө:
3.2.1. хилээр орсон тээврийн баримт;
3.2.2. хилээр гарах тээврийн баримт;
3.2.3. манифест;
3.2.4. худалдааны бичиг баримт.
3.3. Мэдүүлэгч 3.2-т заасан бичиг баримтыг элэектрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад хүргүүлж болно.
3.4. Гаалийн байгууллага шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 3.2, 3.3-т заасан бичиг баримтыг түүний эх хувьтай тулган шалгана.
3.5. Журмын 3.2-т заасны дагуу авсан мэдээлэл, баримт бичиг нь шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг хуульд заасан хугацаанд өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ мэдүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана.
3.6.Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийсэн хилийн гаалийн байгууллага гаалийн мэдүүлэгт “Гаалийн хяналтад байгаа” гэсэн хяналтын тэмдэг, тээврийн баримтанд “Монголын гааль зөвшөөрөв” гэсэн хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
4.1. Барааг гаалийн хилээр оруулж ирсэн нэг тээврийн хэрэгслээс гарах нөгөө тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачихдаа уг барааг гаалийн хяналтын бүсэд ирснээс хойш ажлын 3 өдөрт багтааж гүйцэтгэнэ.
4.2. Барааг шилжүүлэн ачих үйл ажиллагаа нь зөвхөн нэг хилийн гаалийн байгууллагын хүрээнд явагдах бөгөөд, өөр гаалийн байгууллагаар дамжуулан хилээр гаргах бол улс хоорондын дамжуулан өнгөрөх горимоор бүрдүүлэлт хийнэ.
4.3. Бараанд шилжүүлэн ачих горимоор гаалийн бүрдүүлэлт хийлгэх ажлыг тээврийн байгууллага хариуцан гүйцэтгэж болно.
4.4. Тээврийн хэрэгслээс буулгаж гаалийн баталгаат бүс, чөлөөт бүсэд оруулсан бараа энэ журамд хамаарахгүй.
4.5. Энэ горимоор бүрдүүлэлт хийх бараа нь гаалийн хилээр орсон үеэс буцаж гарах хүртэл бүхий л хугацаанд гаалийн хяналтанд байна.
4.6. Барааг шилжүүлэн ачихад гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
4.7. Шаардлагатай бол гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар төлөх баталгааг мэдүүлэгчээс гаргуулан авч болно.
 
Тав. Горим дуусгавар болох
 
          5.1. Барааг улсын хилээр гаргаснаар, эсхүл өөр горимд байршуулснаар шилжүүлэн ачих горим дуусгавар болно.
 
 
 
 
---oOo--