Хэвлэх DOC Татаж авах
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 680 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
 
УЛС ХООРОНДЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРААГ НЭВТРҮҮЛЭХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Улс хоорондын тээврийн үйлчилгээнийн барааг нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 215-219 дүгээр зүйл/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Энэ журмаар улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч өөрөө сонгох бөгөөд горимын нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
 
Хоёр. Горим байршуулах бараа, горимын код
 
2.1 Горимд  гаалийн тухай хуулийн 216.1-д заасан барааг байршуулна.
2.2. Улс хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын тээврийн хэрэгсэлд нийлүүлэх шатах, тослох материалыг энэ горимд байршуулахыг хориглоно.
2.3. Улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа нь хориглосноос бусад хязгаарлалтад хамаарахгүй.
2.4. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх мэдүүлгийн горимын код
1
Барааг гаалийн баталгаат агуулахаас улс хоорондын тэврийн үйлчилгээнд гаргах
910
 
700-708
 
2
Монголын барааг улс хоорондын тээврийн үйлчилгээнд гаргах
911
шаардахгүй
           
          2.5. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 911 кодоор бүрдүүлэлт хийхэд гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа улс хоорондын тээврийн үйлчилгээнд шаардагдах  хүнсний зүйлс хамаарна.
 
Гурав. Бичиг баримт
 
   3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
                  3.1.1. худалдааны бичиг баримт /зорчигчдын бараа материалын хангалтын падаан/;
      3.1.2. гадаад худалдааны гэрээ;
                  3.1.3. барааны тохиролын гэрчилгээ;
                  3.1.4. эрүүл ахуйн шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт.
         3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын  тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
            4.1. Олон улсын аялалын хугацаа, аялалын үйлчилгээнд зарцуулах бараа, материалын норм хэмжээг тухайн аялалыг зохион байгуулж буй байгууллага гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгсөн байна.
            4.2. Олон улсын аялалын үйлчилгээнд хэрэглэх бараа, материал нь гаалийн зорилгоор тэмдэглээ хийх боломжтой баглаа боодолтой /сав, чингэлэгт хийгдсэн/ байна.
            4.3. Барааг улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулахад гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
            4.4. Дотоодын хэрэглээнд зориулан оруулсан барааг энэ горимд байршуулахад импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.
4.5. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
 
 
Тав. Бусад
 
            5.1. Улс хоорондын тээврийн аялал үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим барааг зориулалтаар нь зарцуулснаар дуусгавар болно.
 
-------------оОо-----------------