Хэвлэх DOC Татаж авах
Улсын  гаалийн  ерөнхий  газрын  даргын
2008 оны 536  дугаар тушаалын хавсралт
 
БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СААТУУЛАХ  ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл 
       
            1.1. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах зорилгоор гаалийн байгууллага, албан тушаалтан бараа тээврийн хэрэгслийг саатуулахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
 
1.2. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулахад Гаалийн тухай хуулийн 239.1-д заасан зарчмыг баримталж ажиллана.
                                      
Хоёр.Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах
 
            2.1. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг энэ журмын 1.1-д заасан зорилгоор саатуулна.
 
            2.2. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулахдаа “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас”/маягт №5/-ыг 2 хувь бичиж, нэгдүгээр хувийг гаалийн байгууллагад, хоёрдугаар хувийг мэдүүлэгчид өгнө.
 
            2.3. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад оруулах бөгөөд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад хадгалах хугацаа саатуулсан бараанд хамаарахгүй.
 
            2.4. Зарим нэрийн онцлог /хадгалалтын тусгай нөхцөл шаардагдах, амархан муудаж гэмтэх, аюултай бараа гэх мэт/ бараа, тээврийн хэрэгслийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түр агуулахад хадгалах бөгөөд боломжгүй бол эзэмшигчийн агуулах, байр, саванд хадгалуулж болно. Гаалийн байгууллага энэ тохиолдолд тухайн агуулах, байр, сав, бараа, тээврийн хэрэгслийг битүүмжилнэ.
 
            2.5. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан гаалийн улсын байцаагч нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээлэл, лавлагаа гаргуулах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах зэрэг ажиллагааг нэн даруй эхлүүлнэ.
 
            2.6. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан гаалийн улсын байцаагч саатуулсан үндэслэл, шийдвэрээ гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн газар, хорооны удирдлагад ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ.
 
            2.7. Гаалийн улсын байцаагч нь саатуулсан бараа, тээврийн хэрэгслийн талаар мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, мэдээллийн талаар гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид болон мэдүүлэгчид танилцуулна.
 
            2.8. Гаалийн улсын ахлах байцаагч нь шалгалтын материалтай танилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгнө.
 
            2.9. Гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэл саатуулан шалгах явцад захиргааны зөрчил илэрвэл Гаалийн тухай хуульд зааснаар шийдвэрлэж, харин эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
 
            2.10. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах тухай эрх бүхий байгууллагаас бичгээр мэдэгдсэн тохиолдолд “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас”/маягт №5/ бичнэ.
      
Гурав. Саатуулсан бараа,тээврийн хэрэгслийг шалгах хугацаа
 
            3.1. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийн талаар дүгнэлт, лавлагаа гаргуулах ажиллагааг 30 хоногоос дээшгүй хугацаанд багтаан гүйцэтгэж, холбогдох шийдвэр гаргана.
 
            3.2. Энэ журмын 3.1-д заасан хугацаанд нягтлан шалгах ажиллагаа явуулж дуусаагүй бол гаалийн улсын байцаагч  тайлбар бичиж, гаалийн газар, хорооны даргад танилцуулна.
 
            3.3. Гаалийн газар, хорооны дарга шаардлагатай гэж үзвэл нягтлан шалгах хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
 
            3.4. Гаалийн газар, хорооны дарга хугацаа сунгасан тухай тушаал гаргана.
 
Дөрөв.Бусад зүйл
 
            4.1. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулснаас хойш энэ журмын 3.1, 3.3-д заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллагаа явуулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ бараа, тээврийн хэрэгсэлд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан албан тушаалтанд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
            4.2. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдон гарах зардал, хохирлыг мэдүүлэгч хариуцна.
 
            4.3. Энэ журмаар зохицуулаагүй бусад асуудлыг гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
           
 
 
---оОо---