Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын  2008 оны 678 дугаар тушаалын
 3 дугаар хавсралт

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗРЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.  Нийтлэг үндэслэл

 
1.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим /Гаалийн тухай хуулийн 156-162 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.
1.2. Тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах,  горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Үзэсгэлэнгийн газарт байрших бараанд тэргүүний техник технологи болохыг нотолсон тодорхойлолтыг холбогдох байгууллагаас бүрдүүлсэн байна.
1.4. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.5. Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.3-т заасан гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно. 
1.6. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагааг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2 дугаар хавсралтад дурьдсан холбогдох стандартын шаардлага хангасан байр, барилга байгууламжид эрхлэн явуулна.
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
2.2. Горимд байршуулах барааны тоо, шинж чанар болон бусад үзүүлэлтээс хамааран тэргүүний техник технологийг судлах, захиалах нөхцөлөөр загвар, дээж тус бүрээс 1 ширхэгийг тодорхой хугацаанд байршуулна.
   2.3. Горимд байршуулах монголын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.4. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат  үзэсгэлэнгийн газарт оруулах                                                                       
720
шаардахгүй
2
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт  оруулах
721
шаардахгүй
3
Барааг гаалийн  баталгаат бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах :
 
- баталгаат үзэсгэлэнгийн газраас
 
723
 
720, 721
- гаалийн тусгай бүсээс
724
750-765
4
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах
725
770-786
   5 Гаалийн баталгаат агуулахаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах 726 700
 
          /ГЕГ-ын даргын 2013 оны А/250-р тушаалаар 5 дахь хүснэгт нэмсэн/
 
2.5. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрууд нь нэг эзэмшигчтэй байх тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 723 кодоор бүрдүүлэлт хийнэ.
 
Гурав. Бичиг баримт
 
 3.1.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана:
 3.1.1. ачааны манифест;
 3.1.2. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
 3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
 3.1.4. тээврийн  бичиг  баримт;
 3.1.5. гарал үүслийн гэрчилгээ;
 3.1.6. гадаад төлбөр тооцооны баримт;
 3.1.7. гаалийн үнийг батлах бичиг баримт;
 3.1.8. барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт/ шаардлагатай бол/;
 3.1.9. мэргэжлийн байгууллаган дүгнэлт /шаардлагатай бол/;
 3.1.10. шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад хүргүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
     4.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангаж ажиллана:
      4.1.1. гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харъяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан ажиллах;
      4.1.2. гаалийн байгууллагаас томилогдсон гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
      4.1.3. зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байх;
      4.1.4. тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах, санхүүгийн чадавхтай болохыг нотолсон байх;
      4.1.5. гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож барааны код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;
      4.1.6. бараа эзэмшигч нь барааг үзэсгэлэнгийн газраас гаргахаас өмнө гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед тус горимд байршсан бараа чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;
      4.1.7. гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь үзэсгэлэнгийн газрын талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг зэргийг хавсаргасан өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагаас  зөвшөөрөл авах.
     4.1.8. Гаалийн хууль тогтоомжийн зөрчилгүй, татварын өргүй байх;
4.2. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, үзэсгээлэнгийн газрын барааны хөдөлгөөний сар бүрийн мэдээг дараа сарын 02-ны дотор гаргаж батлагдсан маягтын дагуу тухайн гаалийн байгууллагад өгнө.
4.3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь 2 жил тутамд нэг удаа аттестатчилалд хамрагдсан байна.
4.4. Гаалийн байгууллага үзэсгэлэнгийн газрын онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
 
Тав. Гаалийн болон бусад татвар
 
5.1 Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
5.2. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
 
Зургаа. Бусад
 
6.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
6.2. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах хугацаа хэтэрсэн барааг  Гаалийн тухай хуулийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.  
 
 
 Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
 
 
ГЭРЧИЛГЭЭ
 
 
ДУГААР ...
 
 
 
/Хуулийн этгээдийн нэр,   регистрийн дугаар, оршин буй хяаг/
 
 
 
            /Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
 
 
 
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
 
 
 
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
 
 
 
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
 
 
 
/ гарын үсэг, тамга/
 
Гэрчилгээний ар талд хийх
 
 
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
 
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт
Бүртгэсэн
огноо
Гарын үсэг, тамга
1.
 
 
 
2.
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
 
 
 
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗРЫН  ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
 
1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулахад  явагдах арга хэмжээний чиглэлээр Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс батлагдсан холбогдох стандартыг баримтлахаас гадна  дараахь шаардлага хангана:
 
Үзүүлэлт
Шаардлага
Зорилго
1.
Гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсон байх
БТКУС-н кодтой  уялдуулан барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулах
Барааны хөдөлгөөний бүртгэлд хяналт тавих
2.
Үзэсгэлэнгийн байр барилгыг бусад байр байгууламжаас тусгаарлах
Тусгаарласан хаалт, лац ломбо тавих, битүүмжлэл хангасан байх
Гаалийн хяналт тавих бололцоог  хангах
3.
Гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал болон харуул, хамгаалалт, дохиолол, камерын хяналтыг байрлуулах
Мэргэжлийн байгууллагаар шаардлага  хангасан түвшинд гүйцэтгэж баталгаажуулсан байх
Учирч болох эрсдлээс хамгаалах
4.
Дотоод эмх цэгц, орчны тохижилт цэвэр үзэмжтэй байна. Барааны чанарыг алдагдуулахгүй  байх нөхцөлийг хангах
Нэр төрөл, тоо хэмжээ, үлдэгдэлийг заасан шошго тавьж байрлуулах
Гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт тавих бололцоог  хангах
 
2. Бусад
 
2.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах аж ахуйн нэгжийн улсын бүртгэл болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, татвар, банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт, түрээслэдэг бол түрээсийн гэрээ, агуулахын фото болон схем зураг зэрэг бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
2.2. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын зориулалтаар ашиглах байр, талбайн байршил, хэмжээ, хүчин чадал, тохижилт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийн талаархи танилцуулгыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар хавсралт
 
 
БАТЛАВ. УГЕГ-ын харъяа ............
                  газар, хорооны дарга                                                                                /................../
 
 
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗАР  ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
 
200.. оны... дугаар сарын                                                                                 Улаанбаатар хот
                 ...... өдөр                                                              
 
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, үзэсгэлэнгийн газар эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас .................. газар, хороог төлөөлж  Татвар бүрдүүлэлт хариуцсан хэлтсийн дарга, нөгөө талаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын эзэмшигч “................” ХХК-ний захирал ................ нар энэ гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрыг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрөл олгосон Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.
1.3.“....................” ХХК нь Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ..... .. бүхий талбайг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн  газраар ажиллуулна.
1.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын эрхлэгч, няраваар ажиллах ажилтаны анкет холбогдох материалыг  гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.
 
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
2.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын холбогдох стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг үзэсгэлэнгийн газар ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцөн эцэслэн шийдвэрлэх эрхтэй болно.
2.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа, оруулж гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл түүний татвар, хураамж ногдуулалт, барагдуулалт гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтанд байнга хяналт тавьж ажиллана.
2.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргах, тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавьж, барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээг сар бүр гаргуулан авч, баталгаажуулж  бүртгэл тооцоог хөтлөнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн  программд оруулж хяналт тавьж ажиллана.
2.5.Гаалийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэгчийн буруутай  үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна гэрээг цуцлах, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн удирдах төв байгууллагад тавина.
            2.6.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газартай холбогдон шинээр гарсан журам, зааврыг  үзэсгэлэнгийн газар ажиллуулагчид тухай бүр нь танилцуулж байна. 
 
Гурав. Үзэсгэлэнгийн  газар ажиллуулагчийн үүрэг
 
     3.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:
                  3.1.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулагч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байна.
                  3.1.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах зорилгоор эрсдлийн санг байгуулсан байна.
                  3.1.3. “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горимыг хэрэгжүүлэх журам”-ын  хоёрдугаар хавсралтад заасан стандарт шаардлагыг ханган ажиллана.
                  3.1.4.Үзэсгэлэнгийн газар ажиллуулагч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд үзэсгэлэнгийн журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
                  3.1.5.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах бараа ашиглаж хэрэглээгүй шинэ бараа байх бөгөөд тоо, шинж чанар болон бусад үзүүлэлтээс хамааран тэргүүний техник технологийг судлах захиалах нөхцөлөөр загвар дээж тус бүрээс 1 ширхэгийг тодорхой хугацаанд байршуулна.
                  3.1.6.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн арга хэмжээ тодорхой хугацааны дотор явагдах ба хугацаа дуусмагц барааг мэдүүлэгчийн сонгосон горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
                  3.1.7.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргахыг хориглоно. /дээрхи заалтыг ГЕГ-ын даргын 2012 оны А/69-р тушаалаар хассан/
                  3.1.8.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангана.
                  3.1.9.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулсан байна.
                  3.1.10.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
                  3.1.11.. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд үзэсгэлэнгийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч үзэсгэлэнгийн газар эзэмшигчтэй хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн R дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. 
     3.1.12.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, үзэсгээлэнгийн газрын барааны хөдөлгөөний сар бүрийн мэдээг дараа сарын 02-ны дотор гаргаж батлагдсан маягтын дагуу тухайн гаалийн байгууллагад өгнө.
Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
                  3.1.13.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн үзэсгэлэнгийн газрыг хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд үзэсгэлэнгийн газар ажиллуулагч тамга эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
                  3.1.14.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөлийг хангана.
                  3.1.15.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж, үзэсгэлэнгийн газарт байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай  харъяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
                  3.1.16.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
 
Дөрөв. Хариуцлага
 
            4.1. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290.2.13-т  заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.
4.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хариуцаж барагдуулна.
 
Тав. Бусад
 
5.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харъяалагдах гаалийн газар хороо шийдвэрлэнэ.
5.2.Хэрэв тухайн гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/, эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс  мэдээ гаргаж гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. УГЕГ-ын даргын тушаал гарснаас хойш 3 хоногийн дотор харъяалагдах гаалийн газар, хорооны хэлтэс албанд өгсөн байна.
5.3.Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
5.4.Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
  
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
УГЕГ-ЫН ХАРЪЯА ……………….. төлөөлж:
 
 
“........................’ ХХК-ИЙГ төлөөлж:
 
ОРЛОГЧ ДАРГА
                          
                             
                                          ……….……….
 
ГУАБ
 
 
                                       ..............................
 
Хаяг:
Утас.
 
 
"........................" ХХК-ний ЗАХИРАЛ
 
                                    
                                             ......................
 
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ГАЗРЫН ЭРХЛЭГЧ
 
                                       .............................
                                
Хаяг: 
Утас:
 
 
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
 
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт
Сунгах хугацаа
 / он, сар, өдөр /
Баталгаажуулалт
/гарын үсэг, тамга/
1.
 
 
 
 
2.