Хэвлэх DOC Татаж авах

Гаалийн ерөнхий газрын даргын

                                                                                 2010 оны 388 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 
 
 

ГААЛИЙН ЗУУЧЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1.Гаалийн зуучлагч болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавихад Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон энэ журмыг  баримтална.
            1.2.Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гаалийн зуучлагчаар төлөөлүүлэн хийлгэхтэй холбогдуулан гаалийн байгууллага, гаалийн зуучлагч аж ахуйн нэгж /цаашид “гаалийн зуучлагч” гэх/ -ийн хооронд үүсэх  харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
            1.3.“Гаалийн зуучлагч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх, мэдүүлэгчийн болон гаалийн зуучлагчийн эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх Монгол Улсын хуулийн этгээдийг хэлнэ.
            1.4.“Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн” гэж дээд боловсролтой, эрх бүхий  байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдан, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээ авсан Монгол Улсын иргэнийг хэлнэ.
1.5.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
Хоёр. Гаалийн зуучлагчид зөвшөөрөгдөх үйл ажиллагаа
                                
2.1.Гаалийн байгууллагаас тогтоосон тодорхой нутаг дэвсгэрт гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, зөвлөгөө өгөх;
            2.2.Хилийн боомтуудад ажлын ачааллыг хангахуйц тооны гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнг гаалийн байгууллагын шаардлагаар ажиллуулах.
2.3.Гаалийн болон бусад татвар төлөх, эсхүл татвар төлөхөөр гаргасан баталгааг хангахад учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор 50,0 сая төгрөгөөс доошгүй эрсдлийн сан бүрдүүлсэн байх /компанийн өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгө нь 50,0 сая төгрөгөөс доошгүй байх тохиолдолд эрсдлийн сан бүрдсэн гэж үзнэ /;         
            2.4.Гаалийн бүрдүүлэлт хийх тухай зуучлагчийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй  байгуулсан байх;
            2.5.Гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өмнөөс барааг гаалийн байгууллагад мэдүүлэх;
            2.6.Гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд  Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах;
2.7.Барааны ангиллын кодыг уялдуулсан системийн дагуу, гадаад худалдааны бичиг баримтыг үндэслэн гаалийн  үнийг тодорхойлох;
             2.8.Төлөөлөн зуучилж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний  гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай мэдээлэлтэй танилцах;
            2.9.Гаалийн хууль тогтоомж, бүрдүүлэлтийн талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд зөвлөгөө өгөх, хууль тогтоомж сурталчилах;
            2.10.Гаалийн зуучлагч нь энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гэрээг гаалийн  байгууллагатай байгуулж, гэрээний биелэлтийг ханган ажиллах. 
           
Гурав. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд тавих шаардлага
 
3.1.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь дээд боловсролтой, гадаад хэлний зохих мэдлэгтэй  байхаас гадна эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдаж, энэ журмын 3.2.-т заасан шалгалтад хангалттай  үнэлгээ авч тэнцсэн байна.
3.2.Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд гэрчилгээ  олгох шалгалтыг дараахь  хөтөлбөрөөр авна:
            3.2.1. гадаад худалдааг хөнгөвчлөхөд гаалийн зуучлагчийн үүрэг;
                        3.2.2.Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж;
                        3.2.3.гаалийн бичиг баримт бүрдүүлэх, мэдүүлэг бичих, хянах чадвар;
                        3.2.4.бүрдүүлэлтийн горим, түүний код;
                        3.2.5.Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ерөнхий тайлбар, дүрэм;
                        3.2.6.гаалийн үнэ, татвар ногдуулалт;
                        3.2.7.олон улсын худалдаа;
                        3.2.8.шаардлагатай программ хангамж дээр ажиллах чадвар.
3.3.Энэ журмын 3.2.-т заасан шалгалтад  хангалтгүй үнэлгээ авч тэнцээгүй сонсогч дахин 1 удаа шалгалт өгөх эрхтэй.
3.4.Шалгалтын дүнг үндэслэн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд гэрчилгээ олгох асуудлыг  гаалийн удирдах төв байгууллагын дарга шийдвэрлэнэ.
3.5.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгоно.
3.6.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээний хугацааг сунгах шалгалтыг энэ журмын 3.2.-т заасан хөтөлбөрөөр 2 жил тутам өгч, шалгалтад амжилттай дүн үзүүлсэн тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга гэрчилгээг 2 жилийн хугацаагаар сунгана.
3.7.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээ олгох болон давтан сургалтыг гаалийн удирдах төв байгууллагаас явуулах бөгөөд анхан шатны сургалтыг 45-аас доошгүй, давтан сургалтыг 21-ээс доошгүй хоногийн хугацаанд явуулна.
 
Дөрөв. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үүрэг
 
4.1.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн дараахь үүрэг хүлээнэ:
4.1.1.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь гаалийн үйл ажиллагаанд оролцохдоо гаалийн хууль тогтоомжийг чанд мөрдөх;
4.1.2.гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, өөрийн нэвтрэх эрхийг бусдад дамжуулахгүй, гаалийн бус зорилгоор ашиглахгүй байх;
4.1.3.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг бусдад үл шилжүүлэх;
4.1.4.зуучлагч аж ахуйн нэгжгүйгээр бие даан зуучлалын үйл ажиллагаа эрхлэхгүй байх;
4.1.5.гаалийн байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллах, тавьсан шаардлагыг биелүүлэх;
4.1.6.ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ гаалийн удирдах төв байгууллагаас олгосон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг  биедээ ил зүүж, зуучлагч аж ахуйн нэгжийн лого бүхий нэг загварын ажлын хувцас өмссөн байх.
 
Тав. Гаалийн байгууллагын хяналт
 
5.1.Зуучлагч байгууллагa дараах шалгуурыг ханган ажиллаж буй эсэхэд гаалийн байгууллага хяналт тавьж ажиллана:
                         5.1.1.Гаалийн зуучлагч нь аж ахуйн нэгжийн өмнөөс татвар төлөх зорилгоор харилцах банкинд  данстай байх ;
                         5.1.2.Бараанд магадлан шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг төлөөлөн зуучилж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өмнөөс гаргаж өгөх, төлбөр тооцоо хийж дуусгах;
                        5.1.3.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний сахилга бат, ёс зүйг хангуулан ажиллах;
            5.1.4. Гаалийн зуучлагч аж ахуйн нэгж нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдийг  өөрийн лого бүхий нэг загварын ажлын хувцас, таних тэмдэг, бичиг баримт хадгалах найдвартай сейф, гаалийн автоматжуулсан системийн шаардлага хангасан хүчин чадал бүхий компьютер,  техник хэрэгсэлээр хангах;
            5.1.5.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний шилжилт хөдөлгөөн хийхдээ гаалийн удирдах төв байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжид албан бичгээр мэдэгдэж бүртгүүлэх;
            5.1.6.Тусгай зөвшөөрөл авах үед гаальд бүртгүүлсэн мэдээлэл /хаяг, орон тоо, бүтэц, харъяалал, өмчийн эрх, гэх мэт/-д өөрчлөлт орсон тухай бүр гаалийн удирдах төв байгууллагын тухайн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид албан бичгээр мэдэгдэх;
                        5.1.7.Гаалийн байгууллагын сүлжээг ашиглан СЕРS-ийн програмд холбогдох шаардлагатай бол гаалийн удирдах төв байгууллагын мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид хандан зөвшөөрөл авах, гаалийн байгууллагын сүлжээнд холбоход гарах бүх зардал болон түрээсийн төлбөрийг зуучлагч байгууллага хариуцах;
                         5.1.8.Гаалийн байгууллагын сүлжээнд холбогдох тохиолдолд албан ёсны лицензтэй вирусын хамгаалалттай програм бүхий компьютер ажиллуулж, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллах;
                        5.1.9.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг Монгол Улсын Архивын тухай хуулийн дагуу хадгалах;
            5.1.10.Гаалийн зуучлагч нь зөвшөөрөл олгогдсон бүс нутагт зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээс татгалзаж байгаа бол үйл ажиллагаагаа зогсоохоос 3 сарын өмнө энэ тухайгаа гаалийн удирдах төв байгууллагад бичгээр мэдэгдэх;
            5.1.11.Гаалийн зуучлагчийн зөвшөөрлийг хүчингүй болгосон, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд гадаад худалдааны бичиг баримтыг архивын нэгж болгон  14 хоногийн дотор гаалийн байгууллагад шилжүүлэх ;
 
5.2.Гаалийн удирдах төв байгууллага Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 133 дугаар тушаалаар баталсан “аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал”-ын дагуу зуучлагч компанийн санхүүгийн тайланд жил тутам дүн шинжилгээ хийнэ.
5.3.Гаалийн газар, хороо өөрийн хариуцах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд  хагас жил тутам үнэлэлт, дүгнэлт өгч холбогдох саналын хамт гаалийн удирдах төв байгууллагын тухайн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид ирүүлнэ.
5.4.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн мэдээллийн системд нэвтрэн ажиллах эрхийг нээх, хаах зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагын гаалийн зуучлагчийн асуудал хариуцсан нэгж холбогдох тушаалыг үндэслэн шийдвэрлэнэ.
 
Зургаа. Хариуцлага
 
6.1.Гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
6.2.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн сард нийт мэдүүлгийн 5 болон түүнээс дээш хувийг алдаатай бичсэн, эсхүл нэг төрлийн алдааг удаа дараа давтсан бол тухайн харъяалах гаалийн газар, хорооны саналыг авч бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
6.3.Эрх нь түдгэлзсэн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг энэ журмын “Дөрөв. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд тавих шаардлага” хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар сэргээнэ.
6.4. Гаалийн тухай хуулийн 68.3-т заасныг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг хүчингүй болгоно.
6.5.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гаргасан зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол гаалийн байгууллага хэргийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
 
 
---оОо---