Хэвлэх DOC Татаж авах
Улсын  гаалийн  ерөнхий  газрын  даргын
2008 оны 573 дугаар тушаалын хавсралт
 
 
 
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ ЗААВАР
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 277 дугаар зүйлд заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл, хамгаалах тусгай хэрэгсэл, албаны нохой /цаашид “тусгай хэрэгсэл” гэх/, зэвсэггүйгээр тулалдах мэх /цаашид “мэх” гэх/ хэрэглэхдээ мөн хуулийн 278 дугаар зүйл, Гаалийн улсын байцаагчийн тусгай хэрэгсэл түүнийг хэрэглэх, хадгалах зааврыг мөрдлөг болгоно.
 
1.2. Тусгай хэрэгсэл, мэхийг Гаалийн тухай хуулийн 278 дугаар зүйлд заасан тохиолдолд хэрэглэж болно.
 
1.3. Энэ зааврын дагуу тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс үүдэн гарах үр дагаварыг гаалийн  улсын байцаагч, эрх бүхий  албан тушаалтан  хүлээхгүй.
 
1.4. Тусгай хэрэгслийг эрх бүхий гаалийн улсын байцаагч нь ажлын цагаар байнга биедээ авч явах эрхтэй.
 
Хоёр.Тусгай хэрэгслийн жагсаалт
 
2.1. Нэг бүрийн тусгай хэрэгсэл
2.1.1.  гав /хурууны болон бугуйн/
                        2.1.2.  цахилгаан бороохой
                       2.1.3.  резинэн бороохой
 
            2.2. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл
                        2.2.1.  хурд сааруулагч
                        2.2.2.  торон хаалт
                        2.2.3.  дугуй хагалагч /зараа/
 
2.3. Хамгаалах тусгай хэрэгсэл
                        2.3.1.  тор шидэгч 
                        2.3.2.  хүлэг
                        2.3.3.  хийн буу /амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хийгээр цэнэглэсэн/
                        2.3.4.  баллон / амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хий агуулсан/
 
            2.4.  Зэвсэггүйгээр тулалдах гар тулааны мэх
                        2.4.1.  боох мэх
                        2.4.2.  тонгорох мэх
                        2.4.3.  өчих мэх
                        2.4.4.  хутга мэс хариулах мэх
                        2.4.5.  бие хамгаалах хариу цохилт
 
            2.5.  Албаны нохой
 
Гурав.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх
 
3.1. Нэг бүрийн тусгай хэрэгслийг гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар хүч хэрэглэхээр заналхийлэх, согтуурсан болон өөрийгөө удирдах чадваргүй болсон этгээдийн зүгээс хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр довтолсон үед хэрэглэж болно.
 
3.2. Гаалийн улсын байцаагч нь тусгай хэрэгсэл, мэхийг тухайн нөхцөл байдалд тохируулан сонгон хэрэглэхдээ гарцаагүй байдал, аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлэхгүй байх үүрэгтэй.
 
3.3. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл, хамгаалах тусгай хэрэгсэл, албаны эрэлч нохойг гаалийн удирдах төв байгууллагын даргын шийдвэрээр томилогдсон эрх бүхий гаалийн улсын байцаагч нар хэрэглэнэ.
 
3.4. Нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх:
3.4.1.  Гавыг гар, хөл, хуруунд хийж болно.
3.4.2. Хоёр гарыг урд нь болон ард нь бугуйгаар холбож гавлахдаа гавыг гарт нь шигдэхгүйгээр, холхих боломжтой байхаар тохируулна.
3.4.3.  Хурууны гавыг хоёр гарын эрхий хуруунд хийнэ.
3.4.4.  Хоёр хүнийг гараар нь  холбон гавлаж болно.
3.4.5. Хүний гар буюу хөлийг автомашины суудал, тэвш, бусад үл хөдлөх эд зүйлтэй холбож гавлаж болно.
3.4.6. Гав хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эсэхийг гаалийн улсын байцаагч шалгаж байх бөгөөд гавыг хүйтний улиралд хэрэглэхдээ хөл, гарыг хайрч гэмтэх, түүнчлэн дулааны шугам сүлжээ зэрэг халуун зүйлтэй холбож гэмтэхээс сэргийлнэ.
3.4.7. Цахилгаан бороохойг хүний нүүр болон ил хэсэгт хүргэж хүчдэл өгөх, нэг байрлалд арван секундээс илүү хугацаагаар хэрэглэхийг хориглоно.
3.4.8.  Резинен бороохойг өгзөгний маханд буюу дал хавсарч хэрэглэнэ. Хүний толгой, нүүр, давсаг, бүсэлхий, элэг, бөөрөнд цохихыг хориглоно.
 3.4.9. Нэг төрлийн тусгай хэрэгслийг удаан хугацаагаар хэрэглэснээс эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй тохиолдолд өөр төрлийн тусгай хэрэгслээр солино. Гав, хүлэгтэй хүнийг хяналтгүй орхихийг хориглоно. 
 
3.5. Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг хэрэглэх:
3.5.1. Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөх, барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор, эсхүл гаалийн хяналтаас зугтсан тохиолдолд хэрэглэнэ.
3.5.2. Тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй авч зугтсан этгээдийг албадан зогсоохын тул тээврийн хэрэгслийн дугуй болон гинжний завсарт шигдэж эргэлтийг сааруулах зориулалттай хэрэгсэл мөн хурдыг сааруулах зорилгоор саад хэрэглэж болно.
 
3.6. Хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх:
                        3.6.1. Тор шидэгчийг өөрийн ухаангүй болсон /их согтолтын улмаас гэх мэт/ болон сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсон этгээд гаалийн улсын байцаагчид халдаж, хяналт, шалгалтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэсэн тохиолдолд түүнийг таслан зогсоох боломж бололцоо хязгаарлагдсан үед хэрэглэнэ.
                        3.6.2. Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч баллоныг хэрэглэхдээ салхины дээд талаас өөрт болон хөндлөнгийн этгээдэд аюулгүй байдлаар хэрэглэх бөгөөд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулах хийг олон хүнтэй, битүү танхимд хэрэглэхийг хориглоно.
3.6.3. Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч бууг эрх бүхий гаалийн улсын байцаагч хэрэглэх бөгөөд бууны сумыг сонгохдоо байлдааны болон өөр стандарт бус сум андуурагдаж хэрэглэгдэхээс сэргийлэх, нэг метрээс ойр зайд хүний толгой, нүүр хэсэгт чиглүүлэн буудах,                      
             3.6.4. Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч бууг хэрэглэсэн тохиолдолд түүнийг хэрэглэх болсон үндэслэл, хэрэглэсэн байдал, үр дагаварын тухай акт үйлдэж байгууллагын удирдлагад танилцуулах бөгөөд удирдлага нэн даруй харъяалах прокурорт мэдэгдэнэ.
                        3.6.5. Хүлэг нь хүний гар биед шигдэхээргүй, сунадаггүй, үрж гэмтэл учруулахгүй эдлэлээр хийгдсэн байх бөгөөд нэг бүрийн хамгаалах хэрэгсэлийг хэрэглэж болох бүх тохиолдолд хэрэглэж болно.
3.6.6. Зориулалтын хүлэггүй бол хоёр гарыг урд нь ба ард нь зөөлөн эдээр холбон тугалчилж үзүүрийг хөврөхөөр уяна. Хүлгийг хоёр гарын бугуйгаар, эсхүл эрхий хуруунуудыг холбон хүлнэ. Энэ үед уг этгээд хүлгийг өөрөө тайлах боломжгүй, холбож хүлсэн зүйл нь унах, дарагдах, цохигдохооргүй байх ба хүлэгтэй хүнийг байнгын хяналтанд байлгана.
 
3.7. Зэвсэггүйгээр тулалдах гар тулааны мэхийг хэрэглэх:
3.7.1. Самбо, карате, гардан тулаан зэрэг зэвсэггүйгээр тулалдах бие хамгаалах мэхийг гаалийн улсын байцаагч бүр эзэмшсэн байж болох бөгөөд тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл бий болсон боловч тэдгээрийг хэрэглэх боломжгүй аюултай нөхцөл байдлын үед хэрэглэж болно. Мэх хийх үндэслэл арилсаны дараа давтан хийхийг хориглоно
3.7.2. Боох мэхийг илт хүчинд автсан буюу эсэргүүцэгч тал давамгайлсан үед амь насанд халгүйгээр хувцасны захаар, гарын шуугаар болон хоёр гарын сарвуугаар боох хэлбэрээр эсэргүүцлийг багасгах, нөгөө талын эрч хүчийг сулруулах үйлдлийг хийнэ.
3.7.3. Тонгорох мэхийг нөгөө талын дайралтын үед хүчийг дагуулан хийж болохоос гадна самбо, жудогийн тонгорох мэхийг ашиглаж болох ба хатуу хучилттай орчинд онцгой тохиолдолд хэрэглэнэ.
3.7.4. Өчих мэхийг халдагчийн гар, хөлд боломжтой бүх байрлалд хэрэглэж болох бөгөөд биед нь гэмтэл учруулан хэтрүүлж үл болно.
3.7.5. Хутга мэс хариулах мэхийг хэрэглэхдээ гардан тулааны хүчийг дагуулах, мушгих, хашилттай цохилт хийх аргуудыг ашиглан хийнэ.
3.7.6. Довтолсон талын аюулыг багасгах, таслан зогсоох болон аргагүй хамгаалалтын зорилгоор хариу цохилтыг ноцтой гэмтэл учруулахгүйгээр хийж болно.
 
3.8 Албаны нохойг ашиглах:
3.8.1. Албаны нохойг тусгай хэрэгслийн зориулалтаар ашиглаж болно.
3.8.2. Гаалийн улсын байцаагч болон бусдын амь насанд аюул учруулахаар хүйтэн мэс, түүнтэй адил хор уршиг учруулж болох эдээр зэвсэглэсэн этгээд дайрсан бол нохойны хүзүүвч, хошуувчийг авч дайрах команд өгнө.
3.8.3.  Албаны нохойг хүзүүвч, хошууны хамгаалалттай байлгана.
3.8.4.  Гэмт хэргийн холбогдогч хэргийн газраас зугтвал албаны нохойг ашиглаж болно.
 
Дөрөв.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхийг хориглох ерөнхий нөхцөл
 
4.1. Хүүхэд болон жирэмсэн болох нь илт мэдэгдэж байгаа эмэгтэйд
4.2. Ухаангүй согтуу болон ямар нэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнд
4.3. Хамгаалах хэрэгсэл хэрэглэх үндэслэл арилсан
4.4. Хууль, зааварт заасан хязгаар заалтыг хэтрүүлэх.
 
Тав.Тусгай хэрэгслийг хадгалах
 
5.1. Гаалийн удирдах төв байгууллагын тухайн чиглэл хариуцсан зохион байгуулалтын нэгжийн дарга, харьяа  газар, хорооны дарга нар тусгай хэрэгсэл хадгалах, хамгаалах асуудлыг хариуцах гаалийн улсын байцаагчийг томилж, хяналт тавиулна.
 
5.2. Тусгай хэрэгслийг шаардлагатай тохиолдолд хэрэглэж, бусад цагт хадгалалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн мэдэлд, зориулалтын байр саванд хадгална. Харин эзэмшигч арчилгааг байнга хийж байна.
5.3. Тусгай хэрэгсэл хадгалах зориулалтын байр сав нь:
      - битүүмжлэх боломжтой шүүгээ, сейф
      - тусгай хэрэгслийг хэрэглэх санамж байрлуулсан
      - тусгай хэрэгсэл бүрийн ашиглах хугацаа тодорхой заагдсан  
      - бүртгэлийн дэвтэр /авсан буюу хүлээлгэн өгсөн хүний мэдээллийн талаар/-тэй байна.
5.4. Тусгай хэрэгслийг гээгдүүлсэн, бусдад шилжүүлж үрэгдүүлсэн тохиолдолд гэм буруутай гаалийн улсын байцаагчаар үнийг дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлнэ.
 
5.5. Тусгай хэрэгслийн ашиглалт, бэлэн байдлын шаардлагыг  тухайн асуудал хариуцсан албан тушаалтан хянаж мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гаргаж гаалийн удирдах төв байгууллагын тухайн чиглэл хариуцсан зохион байгуулалтын нэгжид ирүүлж байна.
 
5.6. Тусгай хэрэгсэл, мэхийг үндэслэлгүйгээр болон буруу хэрэглэсэн гаалийн улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
---оОо---