Хэвлэх DOC Татаж авах
Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны
 468 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралт
 
ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх, зорчигчоос гаалийн болон бусад татваргүй нэвтрүүлэх хувийн хэрэглээний эд зүйл, тоо хэмжээ, үнийн дүнг тогтооход энэ журмын зорилго оршино.
1.2. Зорчигчийн аяллын зорилго, хугацаа, жилд хэдэн удаа улсын хил нэвтэрсэн зэргээс шалтгаалан хувийн хэрэглээний эд зүйл, үнийн дүн, тоо хэмжээг тогтооно.
1.3. Зорчигчийн гар тээш болон аялж буй тухайн тээврийн хэрэгслийн ачаа тээшин дэх барааг дагалдах ачаанд, зорчигчоос өөр тээврийн хэрэгсэл болон чингэлгээр ирүүлсэн /явуулсан/ барааг биеэс тусдаа ачаанд хамааруулна.
 
Хоёр. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх
 
2.1. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний барааг болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна.  Үүнд:
2.1.1.  хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/;
2.1.2.  гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн   
           тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл;
2.1.3.   зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний   
            слайд болон хальс;
2.1.4.  дуран;
2.1.5.  зөөврийн хөгжмийн зэмсэг;
2.1.6.  зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, СД тоглуулагч, дуу хураагч хальс,          
           бичлэг болон дискний хамт;
2.1.7.  зөөврийн радио хүлээн авагч;
2.1.8.  гар утас, эсвэл үүрэн телефон;
2.1.9.  зөөврийн телевизор;
2.1.10.  зөөврийн бичгийн машин;
2.1.11.  зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл;
2.1.12.  зөөврийн тооны машин;
2.1.13.  хүүхдийн тэрэг болон тэргэнцэр;
2.1.14.  тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр;
2.1.15.  спортын хэрэглэл.
Дээр дурьдсан эд зүйл болон гэр ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүй. 
2.2. Зорчигч нь дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.
2.2.1. Архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй/.
2.2.2. Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй.
2.2.3. Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.
2.3. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана.
2.4. Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.
 
 
Гурав. Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх
 
3.1. Зорчигчийн аялалын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ.
 
 
Дөрөв. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх
         
          4.1. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.
          4.2. Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэгт тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг ойлгоно. 
          4.3. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавина.
          4.4. Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл Монгол Улсад оруулснаас хойш тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвар ногдуулна.
  
Тав. Гаалийн бүрдүүлэлт
 
5.1. Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлгээр явуулсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно.
5.2. Зорчигч гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж гарын үсэг зурж гаалийн улсын байцаагчид өгнө. Зорчигч биеэс тусдаа явуулсан ачаанд гаалийн мэдүүлгийг  2 хувь бичих ба нэгдүгээр хувийг хилийн гаалийн байгууллага авч, хоёрдугаар хувийг биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад хүргүүлэхээр эзэнд нь өгнө.
5.3. 16 насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг, эхийн эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэгт бичнэ.
5.4. Зорчигчийн бусдад дамжуулах барааг тухайн зорчигчийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.
5.5. Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлгийг хүлээн авсан үеэс зорчигч гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ.
5.6. Гаалийн улсын байцаагч зорчигчийн мэдүүлсэн гаалийн мэдүүлгийг хүлээн авч, шаардлагатай бол холбогдох бичиг баримтыг гаргуулан авна.  Эдгээр бичиг баримт байхгүй тохиолдолд мэдүүлэгчээр тодорхойлолт бичүүлж авна.
5.7. Гаалийн улсын байцаагч нь зорчигчийн барааг гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай тулган шалгаж, гаалийн болон бусад албан татвар ногдох барааг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
5.8. Шалгалтаар гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй бол гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүлэгт гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулна.
5.9. Гаалийн шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлгийг зөрчлийн тэмдэглэлд хавсаргана.
5.10. Дамжин өнгөрөх зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэсэн бараа нь Монгол Улсад орсон үеэс гарах хүртэлх хугацаанд гаалийн хяналтанд байна.
 
Зургаа. Гаалийн хяналт
 
6.1. Зорчигч гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг сонгож болно.
6.2. Гаалийн байгууллага зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн бүрдүүлэлт хийх танхимд улаан, ногоон гарцын таних тэмдэг, танилцуулгыг зорчигчдод харагдахаар газар байрлуулсан байна.
6.3. Зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно.
6.4. Дараах тохиолдолд зорчигч гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ.
              6.4.1. Гаалийн болон бусад татвар төлөх бараатай;
              6.4.3. биеэс тусдаа явуулсан ачаатай;
              6.4.4. гуравдагч этгээдэд дамжуулах бараатай;
              6.5.5. Таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй.
6.5. Зорчигчийн бараанд холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
6.6. Энэ журмын 5.4-т заасан бараагүй зорчигч ногоон гарцаар нэвтэрч болно.
6.7. Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлэг бичихгүй байж болно.
6.8. Зорчигч ногоон гарцыг сонгосон бол энэ журмын 5.4-т заасан бараа байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ.
6.9. Ногоон гарцаар нэвтрэх зорчигч, тэдгээрийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ.
6.10. Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигч энэ журам болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн нь гаалийн хяналтаар илэрсэн, эсхүл гаалийн байгууллага энэ талаар мэдээлэл авсан бол гаалийн шалгалт хийнэ.
6.11. Гаалийн шалгалтаар зорчигч хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
6.12.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.