Хэвлэх DOC Татаж авах
Сангийн сайдын 2010 оны
2 дугаар сарын 02-ны өдрийн
 24 дүгээр тушаалын хавсралт
 
 
 
 
ОРОН НУТГИЙН НӨӨЦ САНГ ТӨЛӨВЛӨХ, ЗАРЦУУЛАХ, ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТООЦОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан төсвийн жилийн явцад шаардагдаж болзошгүй төсвийн зардлыг нөхөн санхүүжүүлэх, тухайн шатны Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зориулалт бүхий Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах гүйцэтгэлийг тооцоход энэхүү нийтлэг журмыг мөрдөнө.
 
     Хоёр. Орон нутгийн нөөц сангийн төлөвлөлт, зориулалт
 
2. Орон нутгийн нөөц санг байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, цаашдын төлөв, орон нутгийн төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан төлөвлөнө:
 
2.1. хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;
 
2.2. үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;

2.3. алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;

 
2.4. төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал;
 
2.5. урьдчилан тооцох боломжгүй, цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал /төсөвт тусгагдаагүй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийг хүлээн авахтай холбогдсон зардал, олон улсын болон улс, орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх зардал гэх мэт/;

3. Орон нутгийн нөөц сангийн хэмжээ болон зориулалтыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар дүнгээр нь батална.

 

         4.Орон нутгийн нөөц санг дараах зориулалтаар ангилна.
 
                    4.1. Байгалийн гамшиг, ослын үр дагаврыг арилгах
                    4.2. Гоц халдварт өвчний голомтыг арилгах, тархалтыг хязгаарлах
                    4.3. Баяр, наадмын зардал
                    4.4. Уналга, цугларалт, бэлтгэл сургуулилт
                    4.5 . Мал тооллого
                    4.6. Хүн амын тооллого     
                    4.7. Болзошгүй зардлын нөөц 

            Гурав. Орон нутгийн нөөц санг зарцуулах шийдвэр
 
5. Орон нутгийн нөөц санг зарцуулах шийдвэр нь тухайн шатны Засаг даргын захирамж байна.
 
6. Орон нутгийн нөөц сангаас хөрөнгө гаргах тухай шийдвэрт заагдсан хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн жилийн орон нутгийн төсөвт батлагдсан орон нутгийн нөөц сангийн нийт дүнгээс хэтрэхгүй байна.
 
7. Энэхүү журмын 2.1-2.3 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдуулан эхний ээлжинд орон нутгийн нөөц сангаас хөрөнгө гаргана.
 
8. Энэ журмын 7 дахь заалттай холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргах шаардлагатай гэж үзвэл орон нутгийн нөөц сангаас гаргасан зардлын тайланг саналын хамт холбогдох байгууллагад ирүүлнэ.
 
            Дөрөв. Орон нутгийн нөөц санг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тооцох
 
9. Орон нутгийн нөөц сангаас зардал гаргах зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд хариуцан гүйцэтгэх байгууллага, ажилтан нь уг арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсвийг зардлын зүйлээр хийсэн дэлгэрэнгүй тооцооны хамт саналаа тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлнэ.
 
10. Санхүү, төрийн сангийн хэлтэс ирүүлсэн төслийг холбогдох хууль тогтоомж, заавар, журам болон тухайн үеийн зах зээлийн үнэ ханштай нийцэж байгаа эсэх, уг арга хэмжээ, төсөлд орон нутгийн нөөц сангаас хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай эсэхийг хянан үзэж, холбогдох газар, хэлтсээс санал авч хянуулан Засаг даргын захирамж гаргуулна.
 
11.Засаг дарга шаардлагатай гэж үзвэл орон нутгийн нөөц сангаас хөрөнгө гаргах асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болно.
 
12.Засаг даргын захирамжийг үндэслэн Санхүү, төрийн сангийн хэлтэс /тасаг/ санхүүжилтийг олгоно. Санхүүжилтийг уг арга хэмжээ, төслийн хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан бүрэн болон хэсэгчлэн олгож болно. Хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн онцлогоос шалтгаалан эхний ээлжинд зарим бэлтгэл ажил /материал, түүхий эд бэлтгэх гэх мэт/ хийгдэх бол урьдчилгаа олгож болох бөгөөд урьдчилгааны хэмжээ нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй.
 
13.Тухайн арга хэмжээ, төслийг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлнэ.
 
14.Зардлын тайланг гаргахдаа уг арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөвтэй зэрэгцүүлэн гаргаж, байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байхаас гадна үндсэн баримтын нэг хувийг  хавсаргана.
 
15. Орон нутгийн нөөц сангийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,  төслийг хариуцан гүйцэтгэх байгууллага нь зардлыг зохих шийдвэрт заасан  хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд тухайн төрийн сангаас нэмэлт санхүүжилт олгохгүй, харин хэмнэлт гарсан бол төсвийн холбогдох дансанд эргүүлэн шилжүүлнэ.
 
                                    Тав.Бусад зүйл
 
16.Орон нутгийн нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
 
17.Зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд тухайн байгууллага төсөвт байгууллага бол батлагдсан төсвөөс нь суутган тооцож, аж ахуйн байгууллага бол тухайн байгууллагын харилцах данснаас үл маргалдах журмаар нөхөн төлүүлэх асуудлыг ажил гүйцэтгэгч, захиалагч байгууллагын хоорондын гэрээ, хэлцэлд тусгасан байна.
 
18. Орон нутгийн нөөц сангаас эх үүсвэрийг нь гарган санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төслийг хэрэгжүүлэхдээ бараа,  материал, ажил, үйлчилгээг тухайн  үеийн зах зээлийн үнэ, ханшаас дээгүүр бэлтгэсэн буюу гүйцэтгэсэн, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үр ашиггүй зардал гаргасан зэргээр хөрөнгийн  ашиглалтад зүй бусаар хандсан тохиолдолд тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна. Хэрэв уг асуудал нь эрүүгийн шинжтэй байвал хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ.
 
19. Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/ тасаг/ орон нутгийн нөөц сангийн зарцуулалтад хяналт тавьж, зардлын гүйцэтгэл, эх үүсвэрийн үлдэгдлийн мэдээг тооцон гаргаж, дүнг улирал бүр Засаг даргад танилцуулж байна.