Хэвлэх DOC Татаж авах

Түлш эрчим хүчний сайдын 2005  оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар тушаалын хавсралт

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН УГСРАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1.Түлш, эрчим хүчний салбарын эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын нормативын баримт бичгийн төслийг боловсруулах, хянан  тохиолдуулах, шүүмж гаргах, салбарын шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, төрийн захиргааны төв байгууллагад оруулж баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ ажилд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодруулан тогтоож үр дүнг тооцох болон санхүүжүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2.Түлш, эрчим хүчний барилга байгууламжийн угсралт, засвар, шинэчлэл, судалгаа, туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил, тоног төхөөрөмж, сэлбэг, материалын үйлдвэрлэл, түүний зохион байгуулалт, удирдлагын бүх шатны түлш, эрчим хүчний норм, дүрэм, стандарт, тэдгээрт дагалдах заавар, зөвлөмж, журам зэрэг нь түлш, эрчим хүчний нормативын баримт бичигт хамаарна. Цаашид "Нормативын баримт бичиг" гэнэ.     

Хоёр. Нормативын баримт бичиг боловсруулах

2.1.Салбарын нормативын баримт бичгийг боловсруулах ажлын зохион бай-гуулагч нь тус яамны харьяа Эрчим Хүчний Эдийн засгийн хүрээлэн байх ба төслийг баталгаажуулагчийн өмнө ажлын үр дүнг хариуцна.

/Энэ хэсэгт 2015 оны 70 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.2.Түлш, эрчим хүчний салбарт ойрын болон дунд хугацаанд боловсруулах нормативын баримт бичгийн төлөвлөгөө (жагсаалт)-г салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын газрын дарга батална.

2.3.Эрчим Хүчний Эдийн засгийн хүрээлэн нь төслийг хариуцан гүйцэтгэгч болох итгэмжлэл бүхий байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн хамтлагтай аж ахуйн гэрээ байгуулах замаар гүйцэтгүүлнэ. Аж ахуйн гэрээнд оролцогч талууд гэрээг бүрэн үзэглэн баталгаажуулсан огноо нь ажил эхэлсэн хугацаа болно.

/Энэ хэсэгт 2015 оны 70 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.4.Нормативын баримт бичгийн хариуцан гүйцэтгэгч батлагдсан техникийн даалгаврыг удирдамж болгон зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу чанартай боловсруулж тухайн үед мөрдөгдөж буй хэв, загвар, маягтад нийцүүлэн бэлтгэнэ.

2.5.Хариуцан гүйцэтгэгч нь нормативын баримт бичиг боловсруулахдаа бусад орны ижил төстэй баримт бичгийг ашиглаж болох ба энэ тохиолдолд өөрийн орны нөхцөлд тохирсон итгэлцүүрийг үндэслэлтэй тогтоосон байна.

2.6.Төслийн техникийн даалгаврыг түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн хянаж, газрын дарга батална.

2.7.Нормативын баримт бичиг боловсруулахдаа салбарын нэгдсэн аргачлалыг удирдлага болгох бөгөөд тухайн төслийн хувьд шаардлагатай бол тусгай аргачлал боловсруулан зохион байгуулагч Эрчим Хүчний Эдийн засгийн хүрээлэнгийн холбогдох хэлтэс болон захиалагч, аж ахуйн нэгжийн эрх баригч нараар хянуулан зөвшөөрөл авна.

/Энэ хэсэгт 2015 оны 70 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.8.Төслийн боловсруулалтанд оновчтой нэр томьёо хэрэглэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хадмал орчуулга хийж төсөлд хавсаргана. Энэ хадмал орчуулга нь төслийн бүрэлдэхүүн хэсэг болно.

2.9.Хариуцан гүйцэтгэгч нь нормативын баримт бичгийг боловсруулахад ашигласан өгөгдөл, үндэслэл, ишлэл, ном хэвлэл, судалгааны ажлын тайланг ШУА-ын техникийн шинжлэх ухааны салбарын эрдмийн зөвлөлийн 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор батлагдсан "Судалгааны техник, технологи, төслийн эрдэм шинжилгээний тайлан бичих, хүлээн авах журам"-ын дагуу боловсруулж захиалагч буюу зохион байгуулагч байгууллагад өгөх үүргийг хүлээнэ.

2.10.Төслийн удирдагч, хянан тохиолдуулагч (редактор)-ийг хариуцан гүйцэтгэгч гэрээний үндсэн дээр сонгон, зохион байгуулагч байгууллагын эрх баригчийн тушаалаар томилуулна. Хянан тохиолдуулагч нь төсөл боловсруулах бүх үе шатанд ажиллана. Хянан тохиолдуулагчийн хүлээх үүрэг хариуцлагыг гэрээгээр тодорхойлно.

2.11.Хянан тохиолдуулагч нэгдүгээр редакцийн ажлыг гүйцэтгэн тайлан бичиж, өөрийн дүгнэлтээ гаргах бөгөөд эдгээр нь нэгдүгээр редакцийн материалын хамт зохион байгуулагчид хүргэгдэнэ. Хариуцан гүйцэтгэгч нэгдүгээр редакцийн материалыг хоёр хувь үйлдэж ирүүлнэ. Хянан тохиолдуулагчийн тайланд хариуцан гүйцэтгэгчид өгсөн заавар, чиглэл, зөвлөмжийг огноотой бичиж биелэлтийг гаргасан байна.

2.12.Зохион байгуулагчид ирүүлэх шүүмж дүгнэлтийн дагуу хянан засварлах, салбарын шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралд танилцуулах, зохих байгууллагад оруулж баталгаажуулах шатанд тайлбар, нэмэлт хийх, эцэслэн засварлаж сайжруулах, төслийн эх бэлтгэхтэй холбогдсон баримт бичиг бүрдүүлж тушаах ажлыг бүхэлд нь удирдагч хариуцна.

Гурав. Шүүмж дүгнэлт гаргах.

Боловсруулсан баримт бичгийн төслийн ач холбогдол, хэрэглэх хүрээ, тогтоосон үндэслэл, тэдгээрт өгөх ерөнхий дүгнэлтийг тусгайлан томилогдсон шүүмжичдийн хэсэг гаргана.

Шүүмжичдийн хэсгийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилох бөгөөд тушаалд шүүмж-дүгнэлт гаргах хугацааг тодорхой заана.

Дөрөв. Нормативын баримт бичгийг баталгаажуулах

4.1.Нормативын баримт бичгүүдийн заалт нь техник хяналтын байгууллагуудын эрх мэдэлд хамаарах асуудлуудыг хөндсөн байвал тэдгээр байгууллагуудтай харилцан зөвшөөрөлцөнө.

4.2.Түлш, эрчим хүчний тогтолцоонд хамаарагдах түлш, эрчим хүчний норм, дүрэм, заавар, зөвлөмжийг түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагын шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

4.3.Нормативын баримт бичгийн ерөнхий гүйцэтгэгч нь төсөл боловсруулах техникийн даалгаварт заагдсан ёсоор улсын техник хяналтын байгууллага болон холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөх ажлыг уг төслийг батлуулахаас өмнө гүйцэтгэнэ.

4.4.Ерөнхий гүйцэтгэгч нь нормативын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулсны дараа хувийг зөвшөөрөлцөх байгууллагад илгээх бөгөөд хүлээн авсан байгууллага 10 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг албан тоотоор бичгийн хэлбэрээр ирүүлнэ.

"Засвартайгаар зөвшөөрөв" гэсэн утга бүхий зөвшөөрсөн бичиг байж болохгүй. Нормативын баримт бичгийн төслийг зөвшилцөхтэй холбогдон үүссэн санал зөрөлдөөнийг хамтарсан хуралдааны тэмдэглэлд тэмдэглэх бөгөөд уг асуудлаар харилцан зөвшилцөлд үл хүрвэл эцсийн шийдвэрийг Түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.Ерөнхий гүйцэтгэгч нь Захиалагчийн оролцоотойгоор нормативын баримт   бичгийн нэг хувийг дор дурдсан баримт бичгийн хамт бэлтгэж салбарын төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар албан ёсоор илгээнэ.

- Баримт бичгийн боловсруулсан үндэслэл, өгөгдлүүд, түүнд ашигласан эрдэм шинжилгээний ажлын болон боловсруулж буй баримт бичгийг олон улсын болон гадаад орнуудын стандарттай харьцуулсан үр дүнгийн тухай танилцуулга, тайлбар бичиг,

-Санал авахаар илгээсэн баримт бичгийн эхний төсөл, илгээсэн байгууллагуудын жагсаалт,

-Ирүүлсэн санал, дүгнэлтийн эх хувиуд ба санал, дүгнэлтийн товчоолол,

-Батлуулахаар оруулж буй нормативын баримт бичгийн төслийн өнгөн хувийн эхний нүүр хуудас, ерөнхий гүйцэтгэгч, хянан тохиолдуулагч, хариуцан гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагууд болон уг төслийг хянасан байгууллагын удирдах ажилтнууд гарын үсэг зурсан байна.

-Зохих шатны шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн болон зөвшилцөх хурлаар тухайн баримт бичгийн төслийг хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлүүд,

-Мөрдөж буй баримт бичигт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай шийдвэрийн төсөл.

4.5.Нормативын баримт бичгийн төслийг батлах асуудлыг шийдвэрлэхдээ уг төсөл нь холбогдох хууль тогтоомжийн заалт, нормчлол, стандартчлалын ерөнхий зарчим, аргачлалын мөрдөж буй норм ба дүрмийн шаардлага, стандарт болон техникийн даалгавартай тохирч буйг хянана. Ерөнхий гүйцэтгэгч нь баримт бичгийн төслийг хэлэлцсний дараа холбогдох өөрчлөлт, тодруулгыг хийнэ.

4.6.Түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түлш, эрчим хүчний салбар дахь норм, дүрмүүдийг тогтоосон журмын дагуу баталгаажуулж хүчин төгөлдөр болгоно.

4.7.Нормативын баримт бичгүүдэд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг шинээр боловсруулж батлуулахтай нэгэн адил үе шатаар гүйцэтгэх бөгөөд хийх ажлыг хялбарчлан үе шатыг цөөрүүлэх заалт, арга хэмжээг техникийн даалгаварт тусгасан байвал түүний дагуу гүйцэтгэнэ.

4.8.Байгууллагын хэмжээнд мөрдөх дүрэм, зааврыг боловсруулсан байгууллага зохих журмын дагуу өөрөө батална.

4.9.Удирдамжийн чанартай баримт бичгийг түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоосон журмын дагуу баталгаажуулна.

4.10.Түлш, эрчим хүчний норм ба дүрэм, улсын стандартууд, дүрмийн цомог, нормативын баримт бичгийн нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэх, тооцох ба хэвлэн нийтлэх ажиллагааг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллага зохих журмын дагуу гүйцэтгэнэ. Харин түлш, эрчим хүчний салбарт ашиглагдах улсын стандартууд, түүнд оруулсан өөрчлөлтүүдийг Монгол улсын стандартчлалын байгууллагын улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Тав. Нормативын баримт бичгийг боловсруулах ажлыг санхүүжүүлэх

5.1.Түлш, эрчим хүчний барилга байгууламж, засвар, шинэчлэлийн ажил эрхэлдэг компани, байгууллага, аж ахуйн нэгжээс их засвар, шинэчлэл, хөрөнгө оруулалт, барилга угсралт, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажил гүйцэтгэхтэй холбогдуулан зохиосон төсөвт өртгийн 0.18 хувийг салбарын нормативын баримт бичиг бүрдүүлэхтэй холбогдсон төсөл хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөх ба уг ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохиолдолд түүний 30 хувийг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх барилгын салбарын норм, нормативын баазыг боловсронгуй болгоход чиглэгдсэн нэгдсэн санд шилжүүлнэ.

5.2.Компани, аж ахуйн нэгжүүд дээрх шимтгэлийг Түлш, эрчим хүчний нормативын баримт бичгийг боловсруулах ажлын зохион байгуулагч болох Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвд оны эхний хагас жилд багтаан төвлөрүүлж дараахь ажил, үйлчилгээнд зарцуулна.

-Түлш, эрчим хүчний салбарын байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, шинэчлэл, туршилт, зүгшрүүлэлтийн ажилд мөрдөх норм, норматив, дүрэм, зааврыг шинээр буюу шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, тулгамдсан асуудлаар судалгаа хийх, стандарт боловсруулах, худалдан авах, төсөл хэрэгжүүлэх, баримт бичгийг баталгаажуулах, сурталчлах, мэдээлэх, түгээх,

-Түлш, эрчим хүчний нормативын баримт бичгийг боловсронгуй болгоход шаардагдах гадаад, дотоодын ном, хэвлэл, аргачлал худалдан авах, энэ асуудлаар олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, семинарт оролцох, сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллах.

5.3.Нормативын баримт бичгийг боловсронгуй болгоход зориулан шимтгэсэн болон төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайланг Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэнд хагас, бүтэн жилээр гаргаж түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж байна.

/Энэ хэсэгт 2015 оны 70 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/