Хэвлэх DOC Татаж авах

Хилийн цэргийн удирдах газрын дарга, ГЕГ-ын дарга

нарын 2001 оны 599/583 тоот хамтарсан

тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Ерөнхий зүйл

1.Монгол Улсын хилийн тухай болон гаалийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааг энэ журмаар зохицуулна.

2.Хамтын ажиллагааг зохион байгуулахдаа Монгол Улсын хилийн болон гаалийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрхийн актууд, энэ журмыг удирдлага болгоно.

Хоёрилийн цэргийн удирдах газар, Гаалийн ерөнхий газрын хооронд

1.Хилийн боомтын холбогдолтой асуудлаар харилцан мэдээлэл солилцож хил, гаалийн хяналт шалгалт явуулах ерөнхий ажиллагааг зохицуулж өгөх.

2.Хилийн боомтыг ажиллуулах, түүний дэд бүтцийг бүрдүүлэх; төхөөрөмжлөн тохижуулах асуудлаар нэгдсэн бодлого, чиглэл баримталж шийдвэрлэх.

3.Холбогдох асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх, хөрөнгө төсөв хэмнэх үүднээс хилийн боомт газруудад шалгалт үзлэгийг хамтран явуулах.

4.Улсын хилээр зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх үйлдэлтэй холбогдсон мэдээллийг шаардлагатай гэж үзвэл хоёр талаас бүлэг томилон шалгаж байх.

5.Анхаарал татаж буй чиглэлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хамтарсан арга хэмжээ /операци/ төлөвлөн хэрэгжүүлэх.

6. Шаардлагатай асуудлыг хамтарсан хурал, зөвлөлгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх.

7.Хоёр байгууллагын ажилтнуудаас хилийн болон гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн баримт илэрсэн, энэ тухай мэдээлэл авагдсан тохиолдолд шуурхай харилцан мэдэгдэх.

8.Гаалийн байцаагчгүй боомтод хил хамгаалах байгууллагын ажилтнуудыг гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулах.

Гурав.Хилийн хороо, орон нутгийн Гаалийн газрын хооронд

1.Хилийн боомтыг ажиллуулах, хяналт шалгалтын горимыг сахиулах, боомтын барилга, байгууламж, өрөө тасалгааг оновчтой хувилбараар ашиглах талаар хамтран ажиллах.

2.Шаардлагатай цэг, газар, хугацаанд хүч хэрэгслийг төвлөрүүлж хамтарсан ажиллагаа явуулах.

3.Хилийн хяналт шалгалт, боомтын-үйл ажиллагаанд хүндрэл учруулж болох цагийн байдлын үед ажиллах журмыг урьдчилан тохиролцож тогтоох.

4.Хилийн эрэл явуулах, хил гаалийн хууль тогтоомж ноцтойгоор зөрчсөн этгээдийг саатуулах үед харилцан ажиллах.

5.Боомт газар ажиллаж, амьдрах явцад үүдэн гарч болох бүхий л асуудлаар бололцоотой дэмжлэг тусламжийг харилцан үзүүлэх.

Дөрөв.Солилцох мэдээ, мэдээллийн талаар

1.Мэдээ, мэдээллийг:

а/талуудын ашиг сонирхлыг хөндсөн бүхий л асуудлаар ХЦУГ, ГЕГ-ын дарга нарын хооронд;

б/хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа, хилийн боомтуудыг ажиллуулах талаар холбогдох хэлтсийн хооронд;

в/хилийн боомтод цаг алдалгүй шуурхай шийдвэрлэвэл зохих асуудлаар хилийн хороо, орон нутгийн гаалийн байгууллагын удирдлагын хооронд тус тус солилцоно

 

 

                                                                                          ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР

 

                                                                                                    ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР