Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны
142 дугаар
зарлигийн хавсралт


ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН
БАЙГУУЛЛАГА, ХИЛИЙН ТАГНУУЛЫН АЛБА, ТЭДГЭЭРИЙН
САЛБАР, НЭГЖИЙН ТАГНУУЛЫН АЖИЛТНЫ ТАНГАРАГ
ӨРГӨХ ЖУРАМ


1. Монгол Улсын иргэн Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн тагнуулын алба /цаашид “Тагнуулын байгууллага” гэх/, тэдгээрийн салбар, нэгжид тагнуулын ажилтнаар анх томилогдон орохдоо Тагнуулын байгууллагын тухай хуулийн 18.1-д заасан тагнуулын ажилтны тангараг /цаашид тангараг гэх/-ыг ёс төртэй өргөнө.
2. Тангараг өргөх ёслолыг Тагнуулын байгууллага зохион байгуулна.
3. Тангаргийг тагнуулын ажилтнууд хамтаараа болон ганцаар өргөж болно.
4. Тангараг өргөх ажилтнуудын нэрсийн жагсаалт, тангараг өргөх хугацааг Тагнуулын байгууллагын дарга батална.
5. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Тагнуулын байгууллагын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан, тангараг өргөж байгаа ажилтны харъяалагдах салбар, нэгжийн дарга болон бусад албан тушаалтнууд оролцоно.
6. Тангараг өргөх ёслолын байр /газар/-ыг Тагнуулын байгууллагын дарга тогтоож, хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан, эсхүл Тагнуулын байгууллагын даргын тусгайлан томилсон албан тушаалтан бэлтгэл ажлыг зохион байгуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдана. Тангараг өргөх ёслолын байр /газар/-ыг ёслол төгөлдөр тусгайлан бэлтгэж, Монгол Улсын Төрийн сүлд, Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.
7. Тагнуулын ажилтнаар томилогдсон тангараг өргөн ажилтан ёслолын байр /газар/-нд тогтоосон цагт ирж, Монгол Улсын Төрийн сүлд рүү харж цэх зогсоно. Хамтаар өргөх бол жагсана.
8. Ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж, тагнуулын ажилтнаар томилогдсон ажилтнуудыг Тагнуулын байгууллагын даргад танилцуулан, тангаргийн бичгийг тангараг өргөгч бүрт гардуулна.
9. Тангаргийг хамтаар өргөж байгаа үед тангараг өргөгчийн насаар ахмад нь тагнуулын ажилтны тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, бусад нь дагалдана. Тангаргийг ганцаар өргөгч тангаргийг цээжээр дээдлэн дуудна. Тангараг өргөж байх үед уг ёслолд оролцогчид босож хүндэтгэнэ.
10. Тангаргийг дээдлэн дуудаж дуусаад тангараг өргөгч Төрийн сүлдэнд ёсолж хүндэтгээд, Төрийн далбааны өмнө очиж зүүн өвдөг сөхрөн адис авна.
11. Тангараг өргөсөн ажилтан Тангаргийн бичигт тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ бичиж, гарын үсэг зурна.
12. Тангараг өргөсөн ажилтнууд тангаргийн бичигт гарын үсэг зурж дууссаны дараа Төрийн дуулал эгшиглэнэ.
13. Төрийн дуулал эгшиглэж дуусмагц Тагнуулын байгууллагын дарга тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэнэ. Үг хэлж дууссаны дараа хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан ёслолын ажиллагааг хаасныг мэдэгдэнэ.
14. Тангаргийн бичгийг тухайн ажилтны хувийн хэрэгт хадгална.
15. Тангараг өргөх ёслолын ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлнө.
16. Тагнуулын байгууллагын тагнуулын ажилтан төрийн бусад байгууллагад шилжин ажилласны дараа тагнуулын ажилтнаар эргэж томилогдвол дахин тангараг өргөхгүй.