Хэвлэх DOC Татаж авах
    Гаалийн ерөнхий газрын даргын 2003
оны 348 дугаар тушаалын хавсралт
 
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ТУСГАЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, хяналт тавих, хууль бусаар нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох, гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэхэд Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөнө.
 
Хоёр. Импортлогчид тавих шаардлага
 
        2.1. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” болох донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодис”-уудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд дараахь зарчмыг баримтлана. Үүнд:
2.1.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын олгосон тусгай зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талуудын байгуулсан гэрээг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага улсын хилээр нэвтрүүлнэ.
2.1.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг энэ журмын 2.1.1-т заасан тусгай зөвшөөрөл, гэрээг үндэслэн тусгайлан тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.
2.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь олгосон тусгай зөвшөөрлийн мэдээ болон нэмэлт өөрчлөлтийг тухай бүр Гаалийн ерөнхий газрын гаалийн хяналт, шалгалтын хэлтэст ирүүлэх, ГХШХэлтэс тухайн мэдээг харьяа гаалийн газар, хороодод хүргүүлнэ.
2.3. ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст ирүүлэх мэдээнд тусгай зөвшөөрлийн дугаар, сав баглаа боодлын жагсаалт, нэвтрүүлэх хилийн боомт, битүүмжлэлийн талаар тодорхой тусгасан байна.
 
Гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийх
 
1.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөлд авсан аж ахуйн нэгж байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэх гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна.
1.2.Гаалийн газар, хороо /цаашид гаалийн байгууллага гэнэ/ нь мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авч, Гаалийн мэдүүлгийг бусад бичиг баримттай хүснэгт бүрээр тулган шалгаж, гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, ангилал, зориулалт, жин, тоо, хэмжээнд нарийвчлан шалгалт хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
1.3.Тусгай зөвшөөрөлд бичигдсэн аж ахуйн нэгж, байгууллага, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн мэдээлэл нь гаалийн байгууллагад мэдүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын бичиг баримт болон бараатай зөрсөн тохиолдолд түүнийг зөрчилд тооцно.
1.4.Тусгай зөвшөөрлийн дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийсэн гаалийн байгууллага нь ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд ГАМАСистемээр ирүүлж мөн шуурхай холбоогоор дамжуулан мэдээлнэ. ГХШХ ирүүлсэн мэдээг нэгтгэн Улсын мэргэжлийн хяналтын газарт долоо хоногийн дотор хүргүүлнэ.
Дөрөв. Хориглох зүйл
 
4.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг шуудангийн илгээмжээр явуулах.
4.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын болон гадаадын иргэд, харьяалалгүй хүн, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх.
4.3. Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж 2 талын гэрээнд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг төстэй өөр зүйлээр орлуулах болон зөвшөөрсөн тоо, хэмжээг хэтрүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх.
4.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр нэвтрүүлэх.
4.5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх зорилгоор улсын хил нэвтрүүлэх.
 
Тав. Бусад
 
5.1. Мансууруулах эм, сэтгэцэнд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар гаалийн байгууллага нь монгол, орос, хятад, англи хэл дээр хэвлэмэлээр бичиж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд танилцуулж сурталчилна.
5.2. Улсын хилээр нэвтрүүлж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий төрийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл болон экспортлогч, импортлогч талуудын байгуулсан гэрээнд заасан нэр, төрөл, тоо хэмжээнээс илүү байвал хураамж, хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын орлого болгож, зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
5.3. Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг Гаалийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
 
 
                                                            ---о0о---