Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн
32 дугаар зарлигийн хавсралт

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ
ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ЖУРАМ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нэг.Нийтлэг үндэслэл

1.Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмын зорилго

1.1.Энэхүү журмаар Богдхан хайрхан уул, Бурхан халдун уул, Суврага хайрхан уул, Хан Хөхий уул, Сутай хайрхан уул, Алтан Хөхий уул, Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх, Дарьгангын Дарь овоо зэрэг тахих төрийн тахилгатай уулсын тайлга тахилгын /цаашид “ёслол” гэх/ ёслолд төрийн оролцоо, ёслолыг үйлдэх газар, санхүүжилт болон бусад зүйлсийг журамлан тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Ёслолд төрийг төлөөлөн оролцох тухай ба
ёслолыг үйлдэх газар

2.Ёслолд албан ёсоор оролцох бүрэлдэхүүн

2.1.Уг ёслолын ажиллагаанд төрөөс албан ёсоор дараахь бүрэлдэхүүнтэйгээр оролцоно:

- Монгол Улсын төрийг төлөөлж элч төлөөлөгчийг /цаашид “төрийн элч төлөөлөгч” гэх/ Монгол Улсын Ерөнхийлөгч томилох бөгөөд төрийн элч төлөөлөгч нь сайдаас доошгүй албан тушаалтан байх буюу төрийн өндөр албанд ажиллаж байсан зүтгэлтэн байж болно.
- Ёслолд төрийн элч төлөөлөгчийг тухайн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон бусад бараа бологсод дагалдана.
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь өөрийн тааллаар оролцох бол тухайн ёслолд Монгол Улсын төрийг төлөөлнө.
- Төрийн элч төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон төрөөс илгээдэг бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс өргөн барих үүрэг гүйцэтгэнэ.

2.2.Ёслолын ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулна.


3.Ёслол үйлдэх газар

3.1.Ёслолыг тухайн нутгийн тахилгын овооны тус газарт /эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт/ нь үйлдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

4.Бусад зүйл

4.1.Ёслолын үеийн дэг журмыг тухайн аймгийн Засаг даргын боловсруулсан тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Үүнд ёслолд оролцогсдын байр орчин, хоол, унаа, зам, тэдгээрийн аюулгүй байдал бүгд багтана. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд ёслолд оролцох тохиолдолд тэдний аюулгүй байдал ба ёслолын асуудлыг төрийн тусгай хамгаалалтын болон ёслолын алба хариуцан ёслолын ажиллагааг зохион байгуулах комисстой хамтран гүйцэтгэнэ. Чингэхдээ ёслолын батлагдсан дэг дарааллыг баримтлана.

4.2.Төрийн тахилгатай уул, овооны тухай түүх домог, тахилгын дэг жаяг, зан заншил, тухайн орон нутгийн байгаль цаг уур, ургамал, амьтан, биологийн төрөл зүйл, экологийн тогтоц зэргийн талаар шинжлэх ухаан-эрдэм шинжилгээний уулзалт-семинар, сургалт, судалгааны арга хэмжээ зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнд эрдэмтэн судлаачдаас гадна нутгийн ахмад буурал, иргэдийг өргөнөөр татан оролцуулж байвал зохино.

4.3.Хүүхэд, залуучуудыг багаасаа төрж өссөн газар шороо, байгаль дэлхийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэж, хайрлан хамгаалах үзэл санаа, үнэмлэмжээ төлөвшүүлэхэд нь туслах зорилгоор Төрийн тахилгатай уул, овоог Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хичээл, судалгааны сэдэв болгож хэвшүүлнэ.

4.4.Ёслолын үеэр төрөө дээдлэхийн билэгдлээр төрийн элч төлөөлөгчдийг эрхэмлэн хүндэтгэнэ. Энэ нь шашны эрхэм хуврагуудад хамаарна.

4.5.Тахилгын ёслолд оролцох лам хуврагууд нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай сургаалийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна.

4.6.Ёслолын үеэр шашны хуврагуудын унших ном, үйлдлийг уул, овоо тус бүрийн тайлгын нь онцлогийг харгалзан үзэж, тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /түүний тэргүүлэгчид, дарга/ зохицуулна.

4.7.Ёслолын ажиллагааг Зохион байгуулах комисс арга хэмжээнд оролцогчдын унаа хөсгийн зөвшөөрөл, зам, жимийг тогтооно.

4.8.Ёслолын ажиллагааг Зохион байгуулах комисс нь Тахилгын ёслолын ажиллагааг байгаль дэлхий, хүн зоныг нь баясгахад чиглүүлж, газар шороог талхлах, гол горхийг бохирдуулах явдлыг гаргуулахгүй байх арга хэмжээг авна.

4.9.Ёслолын ажиллагааг Зохион байгуулах комисс нь Тахилгын ёслолын дараа 3 хоногийн дотор байгаль орчны унаган төрхийг сэргээж, ойр орчных нь хог буртагийг цэвэрлэж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

4.10.Ёслолын ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж болно.

4.11.Ёслолын үйл ажиллагааг баримтжуулан Монгол Улсын Үндэсний архивын сан хөмрөгт хадгалуулахыг төр хариуцна.

5.Уул, овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр цээрлэх зүйл

5.1.Ёслолын үеэр амьтны амийг тэвчиж, цус гаргах, архи уух, маргалдаж сөргөлдөх, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах болон ёслолын дэг, дарааллыг зөрчихийг цээрлэнэ.