Хэвлэх DOC Татаж авах
БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
 2010 оны 361 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
 
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН ЖУРНАЛ, СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ХЭРГИЙГ ХЭВЛЭХ, ТҮГЭЭХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1        Энэхүү журмын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын албан баримт бичиг болох багшийн журнал (цаашид "журнал" гэнэ), суралцагчийн хувийн хэрэг (цаашид "хувийн хэрэг" гэнэ)-ийг хэвлэх, түгээх, хадгалахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
 
1.2        Журнал, хувийн хэрэг нь улсын хэмжээнд нэгдсэн дугаартай байна.
 
Хоёр. Журнал, хувийн хэрэг захиалах
 
2.1        Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дараагийн хичээлийн жилд хэрэглэх журнал, хувийн хэргийн захиалгыг жил бүрийн 2 дугаар сард багтаан аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт ирүүлнэ.
 
2.2        Сургуулийн захирал нь журнал, хувийн хэргийн тоог үнэн бодитой захиалах үүргийг хүлээнэ.
 
2.3        Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар сургууль бүрээс ирүүлсэн захиалгыг нэгтгэн жил бүрийн 3 дүгээр сарын 10-ны дотор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "яам" гэнэ)-д хүргүүлнэ. 
 
2.4        Яам аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас ирүүлсэн захиалга, бага, дунд боловсролын статистикийн мэдээнд үндэслэн шинээр хэвлүүлэх журнал, хувийн хэргийн тоог жил бүрийн 3 дугаар сард багтаан гаргана.
 
2.5        Журнал, хувийн хэргийг тодорхой шалтгааны улмаас нэмж захиалах тохиолдолд тухайн сургуулийн албан хүсэлтийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын тодорхойлолтын хамт яаманд ирүүлнэ.
 
Гурав. Хувийн хэрэг, журналыг хэвлэх, түгээх
 
3.1        Журналыг хэвлэх, түгээх харилцааг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай" Монгол Улсын хуулиар зохицуулна.
 
3.2        Журнал, хувийн хэрэгт хөтлөх заавар, нэгдсэн дугаарыг хэвлэнэ.
 
3.3        Тухайн хичээлийн жилд журнал, хувийн хэргийг хэвлэх эрх бүхий этгээд нь жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлсэн байна.
 
3.4        Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар журнал, хувийн хэргийг нэгдсэн дугаарын дагуу бүртгэж, захиралд албан ёсоор хүлээлгэн өгнө.
 
Дөрөв. Хувийн хэрэг, журналын хөтлөлтөд тавих хяналт,
дахин олголт, хадгалалт
 
4.1        Сургалтын менежер журнал, хувийн хэргийн хөтлөлтөд байнгын хяналт тавьж, тэмдэглэл хөтөлнө.
 
4.2        Шинээр ажилд орсон багш нарт хувийн хэрэг, журналыг хөтлөх аргачлалыг сургалтын менежер өгнө.
 
4.3        Хувийн хэргийг сургалтын менежерийн өрөөнд хадгална.
 
4.4        Журнал, хувийн хэргийг зааврын дагуу хөтлөөгүй, суралцагчийн сурлагын үнэлгээ болон тодорхойлолтыг алдаатай бичсэн, хаясан, гээсэн, урсан, норгосон, алдсан зэрэг шалтгаанаар хүчингүй болгосон тохиолдолд дахин олгоно.
 
4.5        Боловсрол, соёлын газар дахин олгож буй журнал, хувийн хэргийг бүртгэнэ.
 
4.6        Хичээлийн жилийн төгсгөлд сургалтын менежер багш бүрээс журнал, хувийн хэргийг зохих зааврын дагуу хөтөлсөн эсэхийг нягтлан шалгаж, албан ёсоор хүлээн авна.
 
4.7        Тухайн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 9, 11 дүгээр ангийн төгсөгчдөд хувийн хэргийг зохих зааврын дагуу бичилт, тэмдэглэгээ хийж, сургуулийн захиргаагаар баталгаажуулсны дараа суралцагч бүрээр гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.
 
4.8        Төгсөх ангиас бусад ангийн суралцагчийн хувийн хэрэгт хичээлийн жилийн төгсгөлд анги удирдсан багш зохих зааврын дагуу бичилт, тэмдэглэгээ хийж, сургалтын менежерт хүлээлгэж өгнө.
 
4.9        Сургалтын менежер журналыг Монгол Улсын "Архивын тухай" хуульд заасны дагуу жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор сургуулийн архивт албан ёсоор хүлээлгэн өгнө.
 
4.10    Журналыг "Архивын тухай" хууль, "Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт батлах тухай" Үндэсний Архивын газрын даргын 2007 оны 160 дугаар  тушаалд заасны дагуу сургуулийн архивт 70 жил хадгална. 
 
Тав. Санхүүжилт
 
5.1        Журналыг улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлж түгээнэ.
 
5.2        Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас журнал, хувийн хэрэг ашиглах боломжгүй болсон тохиолдолд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
 
5.3        Энэхүү журмын 4.4-д заасны дагуу дахин олгох тохиолдолд буруутай этгээд зардлыг хариуцна.
 
 
----------000----------