Хэвлэх DOC Татаж авах
 
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/44-р тушаалаар хүчингүй болсон/
 
ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ЖУРАМ               
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл                               
 
            1.1.   Гаалийн хяналтын бүс, түүний хил, дэглэм тогтоох, гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд  энэхүү журмыг мөрдөнө.
 
            1.2.   Гаалийн газар, хороо, салбар (цаашид “Гаалийн байгууллага” гэнэ)-ын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын бүсийг Гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаатайгаар  тогтооно. 
 
            1.3.   Энэ журмын 1.2-т  заасан хугацааг Гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаагаар хэдэн ч удаа сунгаж болно.
 
Хоёр. Гаалийн хяналтын бүсэд тавигдах нөхцөл шаардлага, бүрдүүлэх баримт
 
2.1 Гаалийн хяналтын бүс тогтооход  дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.1.1.  гаалийн хяналтын бүсэд орох, гарах хаалганаас бусад газраар бараа, тээврийн хэрэгсэл, бие хүн нэвтрэх боломжийг хаасан хашаа  татсан байх;
2.1.2гаалийн хяналтын бүс нь Монгол Улсын стандарт /MNS 5832:2007/-д нийцсэн байх;
2.1.3.  чингэлгээр тээвэрлэгдсэн бараа, тээврийн хэрэгслийг шалгах гаалийн  хяналтын бүсийн хэмжээ нь гаалийн хяналт, шалгалт явуулах шаардлага хангасан байх;                                                                        
2.1.4.  төмөр замын дагуу байрлах гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах барааны хэмжээ, нэр төрөл, тээврийн хэрэгслийн тоог улирал бүрийн эхний сарын 10-ны дотор харьяалах гаалийн байгууллагад өгч, сараар тодотгол хийж байх;
2.1.5.  гаалийн байгууллагатай мэдээллийн  сүлжээнд холбогдон гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт тавихад шаардагдах техник, тоног төхөөрөмж суурилуулсан байх;
2.1.6.  гаалийн хяналтын бүс нь олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэгтэй байх бөгөөд таних тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн хяналтын бүс” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг байх;
2.1.7.  гаалийн хяналтын бүсэд болон гадна талд нь цэвэр үзэмжтэй самбарт тарифийн бус хязгаарлалттай  бараатай холбогдол бүхий хууль тогтоомж, бүсийн дэглэмийг олон нийтэд харагдахуйцаар бичиж, байрлуулсан байх;
2.1.8.  гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч гаалийн хяналтын бүсэд оруулсан, гаргасан бараа, тээврийн хэрэгслийн мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 5-ны дотор хяналт тавьж буй гаалийн байгууллагад энэ журмын хоёрдугаар хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж өгөх.
 
2.2. Гаалийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллага гаалийн хяналтын бүс  тогтоолгох тохиолдолд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна:
2.2.1.  аж ахуйн нэгж, байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 
/ нотариатаар баталгаажуулсан/;
2.2.2.  гаалийн хяналтын бүс тогтоолгох тухай өргөдөл;
2.2.3.  үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээлэл;
2.2.4.  барилга байгууламж, талбайн бүдүүвч зураг;
2.2.5.  холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
2.2.6.  гаалийн хяналт тавих нөхцлийг хангасан тухай мэдээлэл;
2.2.7.  тухайн үйл ажиллагаанаас  эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татварыг барагдуулах санхүүгийн чадавхитай болохыг нотолсон  бичиг баримт  /Санхүүгийн тайлан баланс, банкны байгууллагын тодорхойлолт, даатгалтай бол даатгалын гэрээ гэх мэт/;
2.2.8.  гаалийн хяналтын бүсэд тавих нөхцөл шаардлагыг хангасан эсэх талаар  харьяалах гаалийн байгууллагын тодорхойлолт.
 
Гурав. Гаалийн хяналтын бүсийн хил
 
            3.1.   Гаалийн хяналтын бүсийн хилийг Гаалийн удирдах төв байгууллага  тогтооно. Шаардлагатай бол гаалийн хяналтын бүсийн хилийг хилийн хяналтын  холбогдох алба, эсвэл аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон тогтоож болно.
 
            3.2.   Гаалийн хяналтын бүсэд дараахь барилга, байгууламж, талбайг багтаан хамааруулж болно:
                        3.2.1. шалган нэвтрүүлэх боомт болон хилийн хяналтын бусад албадын ажлын байр;
                        3.2.2.  тээвэр зуучийн болон холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагын бараа, тээврийн хэрэгсэл хадгалах, ачих, буулгах, бараа ялгах ангилах талбай, агуулах;
                        3.2.3. шаардлагатай бол гаалийн байгууллагатай гэрээ хийсний үндсэн дээр гаалийн хяналтын бүсэд ажиллах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагын байр, талбай, бусад байгууламж.
 
            3.3.   Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсээс өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байрыг  гаалийн хяналтын түр бүс гэж тооцно.
 
3.4.   Гаалийн бичиг баримтын болон гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд өөр өөр газарт шалгалт хийх бол тэдгээрийг гаалийн нэг хяналтын бүс гэж ойлгоно.
 
3.5.   Гаалийн хяналтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хэрэгжүүлэх тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын түр бүс болно.
 
Дөрөв. Гаалийн хяналтын бүсийн дэглэм
 
4.1. Гаалийн хяналтын бүсэд нэвтрэхэд гаалийн  байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ. Уг зөвшөөрөл нь байнгын болон түр хугацаатай байна.
 
4.2. Байнгын зөвшөөрөл нь тухайн хяналтын бүсэд тогтмол ажил, үүрэг  гүйцэтгэдэг ажилтанд олгогдоно. Тухайн гаалийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дээрх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын үнэмлэх орлож болно.
 
4.3. Шаардлагатай бол түр хугацааны зөвшөөрлийг дараахь ажилтан, албан тушаалтанд олгоно:
4.3.1. мэргэжлийн хяналтын ажилтан;
4.3.2. засвар үйлчилгээ-техникийн ажилтан;
4.3.3. нийгмийн дэг журам сахиулах ажилтан;
4.3.4. хүн эмнэлгийн ажилтан;
4.3.5. онцгой байдлын албаны ажилтан;
4.3.6. эрх бүхий бусад ажилтан.
 
4.4.   Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх зорилгоор хяналтын бүсэд нэвтрүүлэхдээ биеийн байцаалтын баримт бичиг (үнэмлэх, паспорт), зорчигчийн тийзийг үндэслэн нэвтрүүлнэ.
 
4.5.   Бараа эзэмшигч, тээвэрлэгч гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгслийг оруулснаас хойш 30 минутын дотор гаалийн байгууллагад бүртгүүлсэн байна.
 
4.6.   Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн хяналтын бүсийн эзэмшигч барааг гаалийн хяналтан дор  гаалийн түр агуулахад оруулна.
 
4.7.   Хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн барааг шилжүүлэх түр агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнээр тооцож гаалийн хяналтын бүсэд хадгална.
 
4.8.   Гаалийн хяналтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
4.8.1.  гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөгдсөнөөс бусад газраар нэвтрэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
4.8.2.  гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бараа,   тээврийн  хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
4.8.3.  гаалийн байгууллагаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулах;
4.8.4.  гаалийн хяналтын бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулга, тэмдгийг эвдэх, гэмтээх, өөрчлөх, хяналтын бүсэд  нийгмийн хэв журам алдагдуулах;
                        4.8.5.  гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр  аж ахуйн зориулалтаар байр талбай түрээслүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах.
                         
Тав. Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх
 
5.1.   Мэдүүлэгч (цаашид “захиалагч” гэнэ)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх, соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчдийн газар  болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа, тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг Гаалийн тухай хуулийн 236.5-т  заасны дагуу  өөр газарт мэдүүлэгчийн хүссэн газарт  зардлаар нь хийж болно.
 
5.2.   Захиалагч гаалийн хяналт, шалгалтад шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний эцэст бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийлгэхээс 1-3 хоногийн өмнө захиалгыг харъяа гаалийн байгууллагад  тухай бүр энэ журмын Нэгдүгээр хавсралтаар баталсан захиалгын хуудсаар өгнө.
 
5.3.   Гаалийн хяналтын түр бүсэд захиалгаар  үйлчлэхэд  үйлчилгээний төлбөрийг Гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар батлагдсан хэмжээгээр тооцож авна.
 
5.4.   Гаалийн байгууллага захиалагчаас төлбөртэй  ажиллуулах захиалга хүлээн авахдаа тухайн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлтийг гаалийн хяналтын түр бүсэд хийх шаардлагатай эсэхийг нягтлан шалгасны эцэст шийдвэр гаргана.
5.5.   Тухайн харьяалах гаалийн байгууллагын дарга, эрхлэгч нар ажлын ачаалал, үргэлжлэх хугацаа, гаалийн хяналт шалгалтын арга, хэлбэр, онцлогийг харгалзан 2-оос доошгүй гаалийн улсын байцаагчийг томилж, ажлын заавар, чиглэл өгнө.
5.6.   Захиалагч гаалийн хяналт, шалгалтыг хийх ажлын байр, гаалийн улсын байцаагчийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гаалийн улсын байцаагчийг унаагаар хангах бөгөөд ажлын өдрийн үргэлжлэх хугацаа Монгол Улсын Хөдөлмөрийн хуулинд заасан цагаас илүүгүй байна. Зайлшгүй тохиолдолд зөвхөн томилсон албан тушаалтны зөвшөөрлөөр илүү цагаар ажиллана.
5.7.   Захиалагч гаалийн улсын байцаагчийн тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу удаа дараа зөрчиж байгаа захиалагчид гаалийн байгууллага захиалгаар үйлчлэхээс татгалзаж болно.
5.8.   Захиалагч нь гаалийн улсын байцаагчийн албан үүрэгтэйгээ холбогдолгүй тавьсан хүсэлт, шаардлагын тухай гаалийн байгууллагад мэдэгдэх эрх, үүрэгтэй.
5.9.   Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийн ажилласан хугацааг тооцохдоо эхэлсэн цагийг гаалийн байгууллагаас гарсан цагаар, дууссан цагийг гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тухай баримт үйлдэж төлбөр хийгдсэн, эсхүл нэхэмжлэл бичсэн цагаар тогтооно.
5.10.   Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсний хураамжийг 60 минут бүрээр тооцож, ажил дуусахад дараагийн цаг эхэлсэн бол 30 минут хүртэл хагас цагаар, 30-аас дээш  минутыг нэг цаг гэж тооцно.
5.11.   Гаалийн тэмдэглэгээ (лац, ломбо, битүүмжлэл)-ний бүрэн бүтэн байдлыг захиалагч хариуцна.
5.12.   Гаалийн улсын байцаагчийн тавьсан тэмдэглэгээнд өөрчлөлт орсон тохиолдолд дахин шалгалт хийх бөгөөд анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийг заавал байлцуулна.
5.13.   Захиалагч зөрчил гаргасан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
5.14.   Гаалийн улсын байцаагч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
5.15.   Гаалийн улсын байцаагч захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсэн тухайгаа томилж явуулсан албан тушаалтанд 24 цагийн дотор мэдэгдэж, захиалгын хуудсаа хаалгана. Захиалгын хуудсыг “Татвар, хураамжийн орлогын  хуудас” (Маягт №1)-тай хамт үдэж хавсаргана.
 
Зургаа. Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
 
            6.1.   Гаалийн хяналтын бүс нь энэ журмын 2.1-д  заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон, эсхүл эзэмшигч энэ журмын 4-д заасан гаалийн хяналтын бүсийн дэглэмийг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн бол зөрчлийг арилгуулах зорилгоор Гаалийн удирдах төв байгууллагаас гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
 
            6.2.   Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хяналтын бүс тогтоосон шийдвэрийг дараахь тохиолдолд хүчингүй болгож үйл ажиллагааг зогсооно:
6.2.1.  эзэмшигч хүсэлт гаргасан;
6.2.2.  энэ журмын 6.1-д заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй;
6.2.3.  эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, эсхүл гаалийн хяналтын бүсийг бусдад  шилжүүлсэн;
6.2.4.  гаалийн хяналтын бүс тогтоох шийдвэр гарсанаас хойш 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй;
6.2.5. гаалийн хяналтын бүс ажиллуулах хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт гаргаагүй.
 
6.3. Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоосон тухай  шийдвэрийг Гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гаргаж,  нийтэд мэдээлнэ.
 
Долоо. Бусад
 
            7.1.   Гаалийн хяналтын бүсэд хадгалагдаж буй бараа алдагдсан,  гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгогдсон, устгагдсан бол тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварыг гаалийн хяналтын бүс тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллага төлнө.
 
           7.2.    Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
            7.3.  Гаалийн хяналтын бүсэд гаалийн түр агуулах байгуулж болно.
 
           7.4.    Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
  
 
---оОо---
 
 
 
  
 
 
                                                                                           Гаалийн ерөнхий газрын даргын
                                                                                            2008оны 619 дүгээр тушаалаар
                                                                                            батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
 
 
 
ЗАХИАЛГЫН ХУУДАС
 
_____он ___сар ___өдөр
 
 
                                               /гаалийн байгууллагын нэр/
 
 
                                               /аж ахуйн нэгж, байгууллагын нэр/
 
                                                Гаалийн шалгалт хийх талбай
____________________________________________________________________________
 
 
         Бараа, тээврийн хэрэгслийн нэр, төрөл, тоо хэмжээ, баглаа боодлын төрөл
 
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Гаалийн шалгалт эхэлсэн цаг:
Гаалийн шалгалт дууссан цаг:
 
Сунгалт хийх болсон шалтгаан
                                                                                                                                                                  
 
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Захиалга хүлээн авсан албан тушаалтан:
________________________________________________________________
 
Гаалийн улсын байцаагчийн нэр:-------------------------------------------------------------------------------
 
Ажлын гүйцэтгэл /гаалийн улсын байцаагчийн тодорхойлолт/
________________________________________________________________________________________________________________________________________________________
 
Гаалийн улсын байцаагчийн гарын үсэг, тамга __________________________________
 
Ажлын гүйцэтгэлтэй танилцсан албан тушаалтны  тэмдэглэл
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
 
  Гарын үсэг _______________________
 
          
 
 
                                                                            
                                                                                      Гаалийн ерөнхий газрын даргын
                                                                                       2008оны 619 дүгээр тушаалаар
                                                                                батлагдсан журмын 2 дугаар хавсралт
  
 
___________________ ДАХЬ ГААЛИЙН ХЯНАЛТЫН
БҮСЭД НЭВТЭРСЭН  БАРАА, ТЭЭВРИЙН
ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭ
 
 
 _____ он____ сар____ өдөр
 
Д/д
Манифестийн дугаар
Тээврийн хэрэгслийн дугаар
Тээврийн баримтын дугаар
Чингэлэг №
Буусан он, сар, өдөр
Бараа хүлээн авагч
Барааны нэр
Гаалийн мэдүүлэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээ гаргасан: _________________________
/ Байгууллагын тэмдэг дарсан байна/