Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн
363 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
"БИЕИЙН ТАМИР, СПОРТ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1.      Энэхүү журмын зорилго нь биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн төрийн ба төрийн бус байгууллага,  биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн өмчийн бүх хэлбэрийн байгууллагын үйл ажиллагааг ангилан зэрэглэж тэдний ажил, үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гарган магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.      Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэл нь /цаашид "магадлан итгэмжлэл" гэнэ/ тухайн байгууллагын биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн ажил, үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй шуурхай үзүүлэх чадамжийг  төрөөс хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл болно.
3.      Магадлан итгэмжлэл нь уг байгууллагын өрсөлдөх чадварын нотолгоо,  төрийн дэмжлэг авах баталгаа, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх итгэлцүүр болно.
4.      Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд "Биеийн тамир, спортын тухай хууль", болон холбогдох хууль тогтоомж, журам, стандарт болон бусад холбогдох эрхийн актыг дагаж мөрдөнө.
5.      Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагдаж, нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчимд тулгуурлана.
6.      Магадлан итгэмжлэх явуулах биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага нь магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж дараах үүргийг хүлээнэ:
6.1     Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн шинжээчдийн гаргасан нэгдсэн дүгнэлтэд санал өгөх;
6.2     Шинжээчээр ажиллах хүсэлт гаргасан, шаардлага хангасан хүмүүсийг сонгон шалгаруулах;
6.3     Шинжээчдийн шалгуур үзүүлэлтийн дагуу ажиллах журам үнэлгээ өгөх аргачлалыг боловсруулах;
6.4     Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны тайлан, мэдээллийг хэлэлцэн үнэлгээ өгөх;
6.5     Магадлан итгэмжлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, давтан магадлан шинжилгээ хийх шинжээчдийн шинэ баг томилох;
6.6     Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон төсөв санхүүгийн зарцуулалтад 6 сар тутам хяналт тавих;
6.7     Магадлан    итгэмжлэх  үйл  ажиллагаанд  оролцогч  байгууллага,   хүмүүст зөвлөмж, үүрэг өгөх, шаардлага тавих, шагнаж урамшуулах;
6.8     Ижил  төрлийн   үйл   ажиллагаа  эрхэлдэг   олон  улсын     байгууллагуудтай хамтран ажиллах, гишүүнээр элсэх.
7.      Улсын  бүртгэлд бүртгүүлсэн 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь  магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргаж болно.
8.      Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллага нь үйлчилгээний төлбөр төлнө.
9.      Магадлан итгэмжлэлийн батламжийг магадлан итгэмжлэл хариуцсан биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгоно.
10.  Магадлан итгэмжлэх байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагын холбогдолтой мэдээллийг агуулсан мэдээний сан үүсгэн, тогтмол шинэчилж ажиллана. 
Хоёр. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
 
11.  Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийг үйл ажиллагааны  болон үйлчилгээний гэсэн 2 төрлөөр хийнэ.
 Үйл ажиллагааны магадлан итгэмжлэл гэж биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг спортын холбоод, биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагад тавих хөндлөнгийн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргахыг хэлнэ.
Үйлчилгээний магадлан итгэмжлэл гэж спортын төрөл, дасгал, идэвхитэй хөдөлгөөнөөр дамжуулан чийрэгжүүлэх, бялдаржуулах ажил, аж ахуйн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйлчилгээний чанарт тавих хөндлөнгийн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргахыг хэлнэ.
Үйл ажиллагааны магадлан итгэмжлэл: Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллага үйл ажиллагааны магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлж, магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ:
11.1     магадлан итгэмжлэх байгууллагаас батлагдсан маягтын дагуу гаргасан магадлан итгэмжлэлд хамрагдах тухай өргөдөл;
11.2     хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
11.3     байгууллагыг анх үүсгэн байгуулахад бүрдүүлсэн баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
11.4     байгууллагын үйл ажиллагааг Монголын үндэсний олимпийн хороо, Монголын паралимпийн хороо, Монголын сонсголын бэрхшээлтэй тамирчдын үндэсний хороодоос тус тусын чиглэлээр дэмжсэн албан бичиг;
11.5     байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлээр Олон улсын холбоог Монгол улсад төлөөлөх албан ёсны гишүүн болохыг баталгаажуулсан баримт бичиг нотариатаар гэрчлүүлсэн монгол орчуулгын хамт;
11.6     Олон улсын холбоонд төлсөн татварын баримт сүүлийн 2 жилээр;
11.7     Монгол улсыг төлөөлж олон улсын тэмцээнд оролцох, шигшээ баг бүрдүүлэх тухай байгууллагын журам;
11.8     магадлан итгэмжлэх шалгуурын дагуу өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, үнэлгээ;
11.9     байгууллагын сүүлийн 2 жилийн үйл ажиллагааны тайлан, чанарын үзүүлэлтийн хамт;
11.10     магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.
12.  Үйлчилгээний магадлан итгэмжлэл: Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллага үйлчилгээний магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлж, магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ:
12.1     магадлан итгэмжлэх байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан магадлан итгэмжлэлд хамрагдах өргөдөл;
12.2     Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон ажлын байрны дүгнэлт;
12.3     магадлан итгэмжлэх шалгуурын дагуу өөрийн үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, үнэлгээ;
12.4     байгууллагын сүүлийн 2 жилийн үйл ажиллагааны тайлан, чанарын үзүүлэлтийн хамт;
12.5     биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн сургалтын батлагдсан хөтөлбөр;
12.6     тухайн үйлчилгээний төрлөөр магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн холбооны тодорхойлолт;
12.7     магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт;
12.8     байгууллагын сүүлийн 2 жилийн татвар төлсөн татварын байгууллагын тодорхойлолт.
14.  Магадлан шинжилгээг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон шинжээч нар гүйцэтгэх ба магадлан итгэмжлэл хариуцсан биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага шинжээчидтэй гэрээ байгуулж ажиллана.
15.  Шинжээчид хүсэлт гаргасан байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний зэрэглэлээс хамааран магадлан шинжилгээ, дүгнэлтийг шинжээчид ажлын 1-3 хоногт газар дээр нь хийж дүнг тухайн байгууллагын удирдлага, хамт олонд урьдчилсан байдлаар танилцуулна.
16.  Шинжээчид магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг 80 ба түүнээс дээш хувь хангасан байгууллагын дүнг магадлан шинжилгээг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ. Шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй байгууллагад магадлан итгэмжлэх явуулах биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагаас тэнцээгүй болохыг албан бичгээр мэдэгдэнэ.
18.  Үйл ажиллагааны магадлан итгэмжлэлийн батламжийг шалгуур үзүүлэлтийг 70-аас дээш хувь хангасан бол 4 жилийн хугацаатай олгоно.
19.  Үйлчилгээний магадлан итгэмжлэлийн батламжийг шалгуур үзүүлэлтийг хангасан хувийг харгалзан 80-84 хувьд  3 дугаар зэрэглэлийн 2 жилийн, 85-94 хувьд 2 дугаар зэрэглэлийн 3 жилийн,  95-100 хувьд 1 дүгээр зэрэглэлийн 4 жилийн хугацаагаар тус тус олгоно.
20.  Магадлан итгэмжлэгдсэн байгууллагад батлагдсан загварын дагуу батламж олгож, алдаршуулах хаяг хэрэглүүлж болно.
21.  Магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан байгууллага дахин магадлан итгэмжлүүлэхдээ энэ журмын 1 дүгээр хавсралтын 12, 13-т заасны дагуу хүсэлтээ гаргана.
22.  Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт магадлан итгэмжлэх байгууллага хяналт-шинжилгээ хийнэ.
 
Гурав. Магадлан итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох 
 
23.1     магадлан итгэмжлэгдсэн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагын үйлчилгээний чанар, эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэм, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон,
24.  Магадлан итгэмжлэлийн хүчин төгөлдөр үйлчлэлийг тодорхой хугацаагаар зогсоох нь түүний үйлчлэх хугацааг нөхөн олгох, сунгах нөхцөл болохгүй.
25.  Магадлан итгэмжлэлийн хүчин төгөлдөр үйлчлэлийг түр түдгэлзүүлэх  шийдвэрт зөрчил, дутагдлыг арилгах хугацааг 3 сараас илүүгүй байхаар тогтооно.
26.  Магадлан итгэмжлэлийг дор дурдсан нөхцөлд хүчингүй болгоно:
26.1    хүний эрүүл мэнд хохирсон, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ явуулах хөтөлбөр, стандартыг зөрчсөнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон;
26.2    магадлан итгэмжлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон зөрчил, дутагдлыг арилгаагүй бол;
26.3    магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан;
26.4    хуурамч бичиг баримт бүрдүүлж магадлан итгэмжлэл авсан нь тогтоогдсон;
26.5    магадлан итгэмжлэгдсэн байгууллага татан буугдсан;
26.6    6 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа эрхлээгүй.
28.  Энэ журмын 26.3, 26.5-д зааснаас бусад тохиолдолд магадлан итгэмжлэл нь хүчингүй болсон биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллага нь илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгасны дараа шинээр хүсэлт гаргана.
 
Дөрөв. Маргааныг шийдвэрлэх  
 
29.  Магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлт гаргасан байгууллага шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж шинжээчдийн шинэ баг томилуулан давтан магадлан шинжилгээ хийлгэж болох ба журмын гуравдугаар хавсралтаар батлагдсан зардлын жишгийн 3, 4-т заасан зардлыг хүсэлт тавьсан байгууллага гаргана.
30.  Магадлан итгэмжлэлтэй холбоотой маргааныг эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.