Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны
482 дугаар тушаалын хавсралт
 БАНКНААС БАТЛАН ДААЛТ ГАРГАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу банк гуравдагч этгээдэд төлбөр гүйцэтгэхээр батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэхэд энэхүү журмыг мөрдөж ажиллана.
1.2.Банк өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан олон улсын практикт хэрэглэгдэж байгаа стандарт, эрх зүйн баримт бичигт тодорхойлогдсон батлан даалтын төрөл хэлбэр /шаардлагын, тендерийн, гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийг буцаах гэх мэт/-ийг хэрэглэж болно. Банк нь эрхлэх төрөл хэлбэрийнхээ онцлогийг тусгаж зохицуулсан өөрийн дотоод журам баталж, Монголбанкинд бүртгүүлсэн байна.
1.3.Энэ журамд  дурьдсан дараахь  нэр томъёог дор дурьдсанаар ойлгож хэрэглэнэ: 
1.3.1.Батлан даагч нь үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж чадахыг баталж,  гуравдагч этгээдийн өмнөөс хэрвээ тухайн этгээд өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэхгүй тохиолдолд уг төлбөр тооцоог өөрөө хариуцан  гүйцэтгэхээр үүрэг   хүлээхээр  хийсэн гэрээг батлан даалтын гэрээ гэнэ. 
1.3.2.Батлан даалт гаргуулахыг хүссэн өргөдөл бичгийг үндэслэн үүрэг гүйцэтгэгчтэй батлан даалтын гэрээ байгуулж байгаа   банкийг батлан даагч  гэнэ. 
1.3.3.Батлан даалтын гэрээний дагуу банкны хүлээсэн үүрэг,  гүйцэтгэсэн төлбөрийг тодорхой хугацааны дараа банкинд буцаан төлж барагдуулах аж  ахуйн нэгж, байгууллага, иргэнийг үүрэг хүлээгч гэнэ.
1.3.4.Үүрэг хүлээгчээс гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр тооцоо гүйцэтгэхийг шаардах эрх бүхий этгээдийг үүрэг гүйцэтгүүлэгч гэнэ. 
1.4.Батлан даалтын гэрээг бичгээр байгуулна. Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан батлан даалтын гэрээг монгол болон тухайн орных нь хэл дээр буюу англи хэлээр үйлдэх бөгөөд гарын үсэг зурсан эх бичвэр нь хуулийн хүчин төгөлдөр байна.
1.5.Батлан даалтын гэрээнд дараах зүйлүүдийг зайлшгүй тусгасан байна:
1/Батлан даалтын дугаар,
2/Батлан дааж гүйцэтгэх төлбөрийн  мөнгөн дүн,
3/Батлан даалтын хүчинтэй байх хугацаа,
4/Батлан даагч, үүрэг хүлээгчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, дансны дугаар, тэдгээрийн гарын үсэг,
5/Үүрэг гүйцэтгүүлэгчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, дансны дугаар,
6/Батлан даалт гаргасан он, сар, өдөр,
7/Батлан даалт гаргуулсан төлбөрийн зориулалт, төлбөрийг гүйцэтгэх дэс дараалал, хугацаа үүрэг хүлээгч, үүрэг гүйцэтгүүлэгч хоёр талын хүлээх бусад үүрэг,  хариуцлага.
ХОЁР.  Банкинд батлан даалт гаргах зөвшөөрөл олгох, цуцлах
2.1.Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрлийн дагуу эрхлэнэ.
2.2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000.8.7-ны өдрийн 375 тоот тушаалаар батлагдсан Банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журмын 6.1-д заасан  шаардлагыг хангасан банкинд батлан даалт гаргах зөвшөөрөл олгоно.
2.3.Олгосон зөвшөөрлийг мөн  журмын  6.7-д заасан үндэслэлээр  түдгэлзүүлэх буюу хүчингүй болгож болно. 
ГУРАВ. Банкнаас  батлан даалт гаргахад тавих шаардлага
3.1.Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, батлан даалтын нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.
3.2.Банкнаас гаргах батлан даалтын нийт дүн нь батлан даагч гаргагч банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.
3.3.Тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, батлан даалтын дээд хэмжээ нь өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.
3.4.Банк нь батлан даалт гаргахдаа батлан даалтын гэрээгээр хүлээх үүргээ үүрэг хүлээгч  хугацаандаа  биелүүлээгүй нөхцөлд гэрээнд заасны дагуу уг үүргийг хүлээж, гүйцэтгэсэн төлбөрийн дүнгээр үүрэг хүлээгчээс зохих журмын дагуу нэхэмжилж авна.
3.5.Батлан даалт гаргахдаа тухайн этгээдийн эзэмшиж байгаа үнэт цаасыг  барьцаанд авч болно. Санхүүгийн бус байгууллагаас үнэт цаас барьцаанд авах нөхцөлд барьцаанд авах, худалдан авах үнэт цаасны нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь тухайн этгээдийн гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээшгүй байна.
 ДӨРӨВ. Батлан даалт гаргах
4.1 Банк батлан даалт гаргахдаа дараахь зүйлийг заавал судлаж, тооцон Зээлийн хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ:
 4.1.1 Батлан даалт гаргуулахыг хүссэн харилцагч хуулийн этгээд, иргэний үйл ажиллагаа санхүү төлбөрийн чадварт дүн шинжилгээ хийх;
 4.1.2 Үүрэг хүлээгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийн хэмжээ, хугацааг харгалзан үзэх, уг үүргийг банк гүйцэтгэснээр банкны санхүү төлбөрийн чадвар, зохистой харьцааны үзүүлэлтүүдэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөлөл;
4.1.3 Батлан даалтын гэрээг Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлж банкинд учирах эрсдэлийг тооцож, эрсдэлээс хамгаалж чадах эсэхийг тогтоосны үндсэн дээр байгуулах;
4.1.4 Банк олон улсын практикт хэрэглэгдэж байгаа батлан даалтыг гаргахдаа тухайн батлан даалтынхаа төрөл, хэлбэр тус бүрийн ялгааг харгалзан үзэж, төлбөр гүйцэтгэх нөхцлийг энэ талаар мөрдөж байгаа олон улсын гэрээ хэлэлцээр бусад баримт бичгийн дагуу тусгаж байх.
ТАВ. Батлан даалтын бүртгэл, тайлан
5.1.Батлан даагч банк нь батлан даалтын гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд уг гэрээгээр банкны хүлээсэн үүргийн дүнгээр тэнцлийн гадуурхи 9901 дүгээр /Батлан даалт/ дансанд батлан даалт  нэг бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ. Гэрээг талууд нэг, нэг хувийг хадгална.
5.2.Банк батлан даалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг огноо, дугаараар Монголбанкны Бүртгэл тооцооны газарт ажлын  нэг  хоногийн дотор бүртгүүлнэ.
5.3.Банк нь гаргасан батлан даалтынхаа тайланг Монголбанкнаас баталсан банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох журмын дагуу сар бүрийн 10-ны дотор Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлнэ.
5.4.Батлан даагч нь батлан даалтын гэрээний хугацаа дуусмагц, батлан даалтын  төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн хийсэн, эсвэл хугацааг нь  сунгасан алин болох талаар Монголбанкинд ажлын нэг хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
5.5.Монголбанк нь дээрх бичгийг үндэслэн бүртгэлээс хасах, эсвэл хугацааг сунгасан тухай бүртгэнэ. 
5.6.Монголбанкны Бүртгэл тооцооны газар бүртгэсэн батлан даалтын нийлбэр дүнг сар бүрийн эцэст Хяналт шалгалтын газарт банк тус бүрийн үлдэгдлээр мэдэгдэж байна.
5.7.Банк нь Зээлийн мэдээллийн сангийн журмын дагуу батлан даалтынхаа мэдээг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ирүүлнэ.
ЗУРГАА. Хяналт
6.1.Банкны батлан даалтын үйл ажиллагаанд Дотоод хяналтын алба нь хяналт тавих бөгөөд хяналт шалгалтын дүнг Төлөөлөн удирдах зөвлөл, бүх гишүүдийн хуралд жил бүр тайлагнаж байна.
6.2.Банкны гаргасан батлан даалтад тэдгээрийн ирүүлсэн тайлан мэдээллийн дагуу Монголбанк хяналт тавина.
6.3.Монголбанкны Хяналт шалгалтын газар, банкны Дотоод хяналтын алба нь батлан даалтын гэрээ, тайлан мэдээ холбогдох материалыг хянахдаа харилцагч банк, байгууллага, иргэдээс  мэдээлэл авах, тулгалт хийх замаар хэсэгчлэн буюу иж бүрнээр газар дээр нь шалгаж болно.
ДОЛОО. Хариуцлага
7.1.Батлан даагч нь батлан даалт гаргасан, батлан даалтын гэрээ биелэгдсэн, хугацааг сунгасан тухайгаа   Монголбанкны Бүртгэл тооцооны газарт тухай бүр мэдэгдээгүй, Монголбанкны Хяналт шалгалтын газарт сар бүр ирүүлбэл зохих  банкны тэнцлийн гадуур бүртгэлтэй  батлан даалтын дансдын тайланг буруу гаргаж ирүүлсэн, батлан даалтад тавих шаардлагыг хангаагүй нь шалгалтаар тогтоогдсон нөхцөлд  холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 
 7.2.Банкнаас батлан даалттай холбоотой аливаа маргааныг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлэнэ.