Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны
23 тоот тушаалын хавсралт

БАНКНЫ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ,
Т
ӨЛБӨР ТООЦООНЫ  ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.Банк, Монголбанкнаас зөвшөөрөл авсан банк бус санхүүгийн байгууллага /цаашид банкны байгууллага гэх/-ын нягтлан бодох бүртгэл, аудит, төлбөр  тооцооны асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, зорилго бүхий Банкны  нягтлан  бодох  бүртгэл, төлбөр тооцооны зөвлөл /цаашид зөвлөл гэх/ -ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
 2.Зөвлөл нь Төв банк / Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Аудитын тухай хууль болон бусад хуулиудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
3.Зөвлөл нь Монголбанкнаас зөвшөөрөл олгосон банкны байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудит, төлбөр  тооцооны асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргана.   
4.Зөвлөл нь 11-ээс доошгүй гишүүнтэй байх бөгөөд Монголбанк болон банкны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлд Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл /цаашид НББМЗ гэх/-ийн  төлөөллийг оролцуулж болно. Зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална. Үүнд:
 1/Зөвлөлийн дарга нь мэргэшсэн нягтлан бодогч, банкны ажилтан байх бөгөөд 2 жилийн хугацаагаар томилогдоно.
 2/Зөвлөлийн 2 орлогч даргыг Монголбанкны Хяналт шалгалтын газрын /цаашид ХШГ гэх/ захирал, Мөнгөний бодлого, судалгааны газрын захирлын алба хашиж байгаа албан тушаалтан гүйцэтгэнэ.
 3/Гишүүдийг Монголбанк, Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх НББМЗ, банкны байгууллагын гишүүдээ оролцуулах саналыг үндэслэн томилно.
5.Зөвлөл нь орон тооны бус нэгжийн хэлбэрээр ажиллана.
ХОЁР. Зөвлөлийн ажиллах үндсэн чиглэл
6.Зөвлөл нь энэ журамд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд банкны байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудит, төлбөр тооцооны талаар дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:
1/Холбогдох газар хэлтэс, мэргэжлийн болон ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж санал дүгнэлтээ илэрхийлэх,
2/Мэргэжлийн болон арга зүйн зөвлөмж, дүгнэлт, санал гаргах,
3/Хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, стандарт, аргачлал боловсруулах ажиллагаанд оролцох,
4/Банкны байгууллагаас гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч холбогдох газар, хэлтэс, Монголбанкны Захирлуудын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх,
5/Банкны байгууллагаас нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоог автоматжуулах, боловсронгуй болгох, бэлэн бус төлбөр тооцооны шинэ хэлбэр нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх талаар санал,  дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх,
6/Банкинд аудит хийх байгууллагад зөвшөөрөл олгох, сунгах талаарх ХШГ-ын санал, дүгнэлтэд үндэслэн зөвлөлийн санал,  дүгнэлтийг  гаргах,
7/Төлбөр тооцооны шуурхай, найдвартай байдлыг хангуулах, банк хоорондын төлбөр тооцоог боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргах,
8/Банкны байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах,
9/Банкны байгууллагын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын асуудлаар холбогдох байгууллагад саналаа илэрхийлэх,
10/Монголбанкны холбогдох газар, хэлтсүүд, банкны байгууллага, банкинд аудит хийх зөвшөөрөл авсан аудитын байгууллагаас нягтлан бодох  бүртгэл, аудит, төлбөр тооцоотой холбоотой шаардлагатай мэдээ материалыг гаргуулан авч судалгаа хийх.
ГУРАВ. Зөвлөлийн дарга, гишүүдэд тавих шаардлага
7. Зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүд нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
1/Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх НББМЗ-ийн төлөөлөгч болон албан үүргийнхээ дагуу гишүүн болсноос бусад нь банкны байгууллага, их, дээд сургууль, коллежид банк, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх,
2/Ял шийтгэлгүй байх,
3/Эрх зүйн чадамж, хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай байх,
4/Мэргэжлийн ёс зүйн шаардлагыг хангасан байх.
ДӨРӨВ. Зөвлөлийн зохион байгуулалт
8.Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна. Зөвлөлийн хурал 75 хувиас доошгүй ирцтэй нөхцөлд хүчин төгөлдөр болно.
9.Хурлыг улиралд нэг удаа, шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн даргын санаачилгаар буюу гишүүдийн олонхийн саналаар тухай бүр  зарлан явуулна.
10.Зөвлөлийн дарга нь зөвлөлийг удирдаж, түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга орлон гүйцэтгэнэ.
11.Зөвлөл жилээр ажлаа төлөвлөж, цаг үеийн шаардлагатай ажлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж ажлын тайлангаа Монголбанкны Захирлуудын Зөвлөлд жил бүр тайлагнаж байна.
12.Зөвлөлийн хурлаас нэг гишүүнийг  нарийн бичгийн даргаар сонгон ажиллуулна. Нарийн бичгийн дарга нь цаг үеийн ажил, хурлын бэлтгэл ажлыг хангагч, гишүүдийг холбогч байна.  
13.Зөвлөлийн  дарга нь хурлыг удирдаж явуулах бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааг удирдлагаар ханган, нарийн бичгийн даргын ажилд зааварчлах, хурлаар шийдвэрлэсэн асуудлыг Монголбанкны Ерөнхийлөгч болон Захирлуудын зөвлөлд  танилцуулах, банк болон аудитын байгууллага, мэргэжлийн газар, хэлтэст мэдээлэх ажлыг зохион байгуулна.
14.Монголбанк нь зөвлөлийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, зөвлөлийн ажилд идэвх зүтгэлтэй оролцсон, мэргэжлийн зүгээс ач холбогдолтой санал, дүгнэлт, зөвлөмж гаргасан дарга, гишүүдэд урамшуулал, дэмжлэг үзүүлж болно.
ТАВ. Бусад
15. Зөвлөлийн дарга, гишүүдээс зөвлөлийн нэрээр аливаа хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.