Хэвлэх DOC Татаж авах

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны
383 дугаар тушаалын хавсралт 2

 

ГҮЙЛГЭЭГ АНГИЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ
УРСГАЛ ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН


Бараа бүтээгдэхүүн. Энэ ангилалд оршин суугч ба оршин суугч бус-ын хооронд хийгдэх үл хөдлөх хөрөнгөнөөс бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт ба импортын үйл ажиллагаа буюу нэг эзэмшигчээс нөгөөд бүрмөсөн эсвэл шилжин эзэмшигдэх эрхээр хангагдах бараа, бүтээгдэхүүний гүйлгээ тусгагдана.
ҮЙЛЧИЛГЭЭ
Тээврийн үйлчилгээ. Бүх төрлийн тээврийн хэрэгсэлээр хийгдсэн зорчигч болон ачаа тээвэрлэлт, бараа материал ачиж буулгах, бусад туслах чанарын ажил үйлчилгээг хамруулна. Мөн тээврийн хэрэгсэлийг жолоодох багийн хамт түрээслэх үйлчилгээ хамрагдана.
Даатгалын үйлчилгээ. Оршин суугч бус-д оршин суугч /оршин суугчид оршин суугч бус/ даатгалын байгууллагын зүгээс үзүүлсэн бүх төрлийн даатгалын үйлчилгээ орно. Энэ ангилалд экспортлосон ба импортлосон ачаа барааг даатгасан үйлчилгээний хөлс, амь даатгал, эд хөрөнгө, давхар даатгал гэх мэт бүх төрлийн даатгалууд хамрагдана.
Аялал жуулчлал. Оршин суугч бус-аас Монгол улсад /Монгол улсын иргэд гадаад орнуудад/ байх хугацаандаа хувийн болон албан хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор худалдан авсан бараа, үйлчилгээнд /боловсрол, эрүүл мэнд/ төлсөн төлбөрүүд энэ ангилалд хамаарна. Оюутнууд, эмчилгээ сувилалын зорилгоор ирэгсэд нь тухайн оронд байх хугацаанаас хамаарахгүйгээр энэ бүлэгт орно.
Харилцаа холбооны үйлчилгээ. Харилцаа холбооны үйлчилгээнд оршин суугч ба оршин суугч бус-ын хооронд холбооны хэрэгсэлээр дамжин хийгдэж байгаа үйлчилгээнүүд орно. Үүнд, телефон, захидал, хэвлэл, илгээмж, электрон шуудан, бүх төрлийн агаарын шугам, сүлжээтэй холбоотой үйлчилгээнүүд багтана.
Барилгын үйлчилгээ. Барилгын үйлчилгээнд барилгын компани, тэдгээрийн ажиллагсдаас тухайн орны эдийн засгийн нутаг дэвсгэрт тодорхой хугацаанд барьж байгаа барилга байгууламж, тэдгээрийн монтаж засал чимэглэлтэй холбоотой хийгдсэн үйлчилгээнүүд хамрагдана. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын барилгын компаний салбар, охин компаний хийж гүйцэтгэсэн барилгын ажил энэ ангилалд орохгүй.
Компьютер ба мэдээллийн үйлчилгээ. Энэ төрлийн үйлчилгээнд оршин суугч ба оршин суугч бус-ын хооронд хийгдсэн компьютерын программ хангамж, мэдээлэл солилцоо, тооцоолон бодох техникийн зөвлөгөө, мэдээллийн сан байгуулах, компьютерын засвар зэрэг үйлчилгээ багтана.
Санхүүгийн үйлчилгээ. Энэ төрлийн үйлчилгээнд банкны зээлийн шугам, аккредетив, санхүүгийн болон үйл ажиллагааны лизинг, гадаад валютын гүйлгээ, брокерын үйлчилгээ зэрэг санхүүгийн зуучлалын үйлчилгээний төлбөр ба шимтгэл багтана.
Бусад үйлчилгээ. Оршин суугч ба оршин суугч бус-ын хооронд хийгдсэн дээр дурдснаас бусад төрлийн үйлчилгээ багтана.
ОРЛОГО /ЗАРЛАГА/
Санхүүгийн үйл ажиллагаагаар хүлээсэн үүрэгтэй холбоотой гарсан орлого, зарлагын гүйлгээ хамрагдана. Үүнд, шууд хөрөнгө оруулалттай холбоотой энгийн ба давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг, үнэт цаасны хүү, хямдруулалт, бүх төрлийн зээл ба хадгаламжийн хүүтэй холбоотой хийгдсэн гүйлгээнүүд багтана.
Мөн гадаадын ажиллагсдад төлсөн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогууд энэ бүлэгт багтана.
УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ
Оршин суугч ба оршин суугч бус-ын хооронд хөрөнгийн ба санхүүгийн хэрэгсэлүүдийг өмчлөх эрхтэйгээр шилжүүлж байгаа гүйлгээнүүд багтана. Урсгал шилжүүлэг нь албан ёсны ба хувийн гэж ангилагдана. 2 орны засгийн газар, түүний харьяаны байгууллагууд, олон улсын байгууллагуудын хооронд хийгдсэн бэлэн мөнгө ба бараа материалын тусламжийг албан ёсны, гадаад орнуудад ажиллаж байгаа ажиллагсдын мөнгөн гуйвуулга, бэлэг дурсгал, сугалааны ашиг, өв хөрөнгө шилжүүүлэг зэрэг нь хувийн гуйвуулгад багтана.
САНХҮҮГИЙН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ. ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Шууд хөрөнгө оруулалтанд хамтарсан болон гадаадын шууд хөрөнгө оруулалттай үйлдвэрийн газруудад тухайн аж ахуйн нэгжийн удирдлагад зохих нөлөө үзүүлэхүйц урт хугацаанд оруулсан хөрөнгүүдийг тооцно. Шууд хөрөнгө оруулалт нь тухайн улсаас гадагшаа хийсэн болон гадаадаас орж ирсэн хөрөнгийн урсгалыг багтаана. Шууд хөрөнгө оруулалтанд хувь нийлүүлсэн хөрөнгө, дахин хөрөнгө оруулалтанд тооцсон ашиг, бусад хөрөнгө оруулалтуудыг хамруулна.
Энгийн хувьцаа эсвэл санал өгөх эрхийн 10-аас дээш хувийг шууд хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа тохиолдолд шууд хөрөнгө оруулалттай үйлдвэрийн газарт тооцно.
САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Санхүүгийн хөрөнгө оруулалтанд хувьцаа, бонд, өрийн бичиг, мөнгөний захын хэрэгсэл, бусад үнэт цаасны хэлбэрээр оруулсан хөрөнгийг ойлгоно.
БУСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бусад хөрөнгө оруулалтад оршин суугч ба оршин суугч бусын хооронд хийгдсэн дараахь санхүүгийн гүйлгээ багтана:
1. Урт ба богино хугацаат зээл
2. Бэлэн мөнгө, харилцах ба хадгаламж
3. Бусад авлага ба өглөг
ТУСГАЙ ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ. БУЦСАН ГҮЙЛГЭЭ
Оршин суугч ба оршин суугч бусын хооронд банкаар дамжин хийгдсэн урсгал болон санхүүгийн дансны гүйлгээнүүдээс тодорхой шалтгааны улмаас буцсан гүйлгээнүүдийг бүртгэнэ.