Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны
623 дугаар тушаалын хавсралт
 
БАНКНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү үлгэрчилсэн журмыг банк өөрийн дотоод хяналтын системийг боловсронгуй болгох, Дотоод хяналтын алба /цаашид ДХА гэх/-ны ажиллах зарчим, хяналт шалгалтын чиглэл, хэрэгжүүлэх арга хэлбэрийг тодорхойлох чиглэлээр үйл ажиллагаандаа мөрдөх журмыг баталж гаргахад загвар болгон ашиглана.  Журмын зорилго нь дотоод хяналтын бодлого, үйл ажиллагаанд зайлшгүй анхаарах асуудлыг банк өөрийн онцлог, тухайн үеийн байдал, хэтийн төлөвт тулгуурлан тодорхойлж мөрдөхөд тус дөхөм болоход оршино.
1.2.Дотоод хяналт гэж банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс томилогдон, тэдэнд тайлагнаж ажилладаг ДХА-аас дотоод хяналтын системд үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавих үйл ажиллагааг хэлнэ. 
1.3.Банкны дотоод хяналтыг Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр болон тухайн банкны ТУЗ, удирдлагын баталсан заавар, журам, зөвлөмж, чиглэлийг удирдлага болгон хэрэгжүүлнэ.
1.4 Дотоод хяналтыг дор дурьдсан зорилгоор хэрэгжүүлнэ.  Үүнд:
1.4.1.Үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх - Банкны актив хөрөнгө болон бусад эх үүсвэрийг үр ашигтай байршуулан, банкийг ашигтай ажиллуулах зорилгоор хяналт тавихад оршино. Энэ үндсэн дээр банкныхаас өөр бусад сонирхол, зорилгыг илүүд үзэж, үргүй зардал гаргах боломжийг гаргахгүйгээр ажиллуулахад хяналтыг чиглүүлнэ.
1.4.2.Мэдээлэл бэлтгэх - Банкны удирдлага шийдвэр гаргахад шаардлагатай болон хөндлөнгийн хянан шалгагч, бусад этгээдүүдэд өгөх тайлан мэдээ нь тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн, мөрдөж буй заавар, журмын дагуу үнэн зөв бэлтгэгдсэн эсэхийг баталгаажуулна.
1.4.3.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх - Банкны бүх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, журам заавар, хяналт шалгалтын байгууллагуудын зүгээс тавих шаардлага, өөрсдийн дотоод заавар журамтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулж тогтооно.
1.5.Дотоод хяналтын систем гэж банкны дотоод хяналтын бүтэц, хамрах хүрээ, үе шат, хяналтын чиглэлийг ойлгоно. Энэ нь харилцан хамааралтай 5 хэсгээс бүрдэнэ.  Үүнд:
1.Удирдлагаас тавих хяналт, хяналтын ёс зүй,
2.Эрсдэлийг тодорхойлох болон үнэлэх,
3.Банкны үйл ажиллагаанд тогтмол хэрэгжих хяналт, ажил үүргийн хуваарь ,
4.Мэдээллийн систем, түүнийг дамжуулах,
5.Дотоод хяналтын үйл ажиллагааг хянах, алдааг залруулах.
1.6.Банкны дотоод хяналтын систем нь банкнаас баталсан бодлого, бизнес төлөвлөгөө, бусад зорилтуудыг ажилтан албан тушаалтнуудаар хангуулан,  санхүүгийн тайлан мэдээг тэднээр үнэн зөв, найдвартай, цаг хугацаанд нь гаргуулж, мөрдөгдөж буй хууль тогтоомж, заавар журам, тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг  банкны үйл ажиллагаанд мөрдүүлэх зорилгоор банкны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих замаар ажиллана.
1.7.Банкны дотоод хяналтын систем нь банкны үйл ажиллагааны шат бүрт хэрэгжинэ.  Үүнд:
·    Банкны хувь нийлүүлэгчдийн хурал,
·    Банкны ТУЗ,
·    Банкны гүйцэтгэх захирал,
·    Дотоод хяналтын алба,
·    Банкны газар, хэлтэс, нэгжийн удирдлага,
·    Банкны бүх ажилтнууд.
ХОЁР. Удирдлагаас тавих хяналт, хяналтын ёс зүй
2.1.Банкны хувь нийлүүлэгчдийн хурал нь банкны дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн сангийн бүтэц хэмжээг өөрчлөх, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх, ТУЗ-ийн дарга, гишүүнийг сонгох, чөлөөлөх, түүний эрх хэмжээ, хариуцлага, ажлын хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх, банкны хянан шалгагчийг сонгож, тэдэнд олгох цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг хэлэлцэж батлах зэрэг үйл ажиллагааг явуулна.
2.2.Банкны ТУЗ нь банкны стратеги зорилт, бизнес төлөвлөгөөг баталж, биелэлтийг нь хангуулан, банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц, захиргааны зардлын хэмжээг тогтоох болон банкны гүйцэтгэх захирал, бусад газар хэлтэс, нэгжүүдийн удирдлага эрсдэлийг хэрхэн тодорхойлж, үнэлж бууруулж байгаа байдалд үе шаттайгаар хяналт тавьж дотоод хяналтыг шаардлага хангахуйц, үр дүнтэй байлгах талаар банкны гүйцэтгэх захирлын авч буй арга хэмжээ, ДХА-ны  хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд анхаарал тавьж ажиллана.
2.3.Банкны ТУЗ нь дотоод хяналтын ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр  дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.  Үүнд:
1/банкны дотоод хяналтын систем нь шаардлага хангаж, банкны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж байгаа эсэх талаар гүйцэтгэх захирал, бусад удирдлагуудтай  тогтмол уулзан, санал солилцож, шаардлага хангахгүй тохиолдолд энэ талаар өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг цаг тухайд нь гарган шуурхай арга хэмжээ авч байх,
2/ДХА, аудитын дүгнэлт болон Монголбанкны хянан шалгагчдын шалгалтын акт материал, үнэлэлт дүгнэлттэй тухай бүрд нь танилцаж шалгалтаас гаргасан шийдвэрийг банкны гүйцэтгэх захирал болон бусад газар хэлтэс, нэгжүүдийн удирдлага хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих,
3/Банкны гүйцэтгэх захирал нь Дотоод хяналтын системийг шаардлага хангахуйц хэлбэрээр зохион байгуулж, төлөвшүүлж чадаагүй, үүнээс банкинд ноцтой эрсдэл учирсан болон учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн бол гүйцэтгэх захирал, хуулиар ногдуулсан үүргээ биелүүлээгүй ДХА-ны ажилтанд хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авах. 
2.4.Банкны гүйцэтгэх захирал ТУЗ-ийн баталсан стратеги зорилт, бодлогыг хэрэгжүүлэн, учирч болох гол эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлж, бууруулан, бүтцийг удирдлагын болон хариуцлагын талаас нь тодорхой, харилцан уялдаатай байхаар зохион байгуулж, хяналтын системийг үр дүнтэй байлгах талаар байнга анхаарч ажиллана.
Банкны гүйцэтгэх захирал, холбогдох албан тушаалтнууд нь дотоод хяналтыг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр  дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.  Үүнд:
1/Банкны ажил гүйлгээ бүрийг давхар хяналттай байлгаж, ажилтан бүрийн хариуцах ажил, хүлээх хариуцлагыг тодорхой зааж өгч, шат бүрдээ хяналттай байхаар зохион байгуулах,
2/банкаа мэргэжлийн, туршлагатай, чадвартай боловсон хүчнээр хангах, тэднийг  давтан сургах, мэргэжлийн дадлага олгох ажлыг зохион байгуулж, дотоод хяналтыг сайн хэрэгжүүлсэн ажилтнуудыг шагнаж, урамшуулан, ажилдаа хариуцлагагүй хандаж, зөрчил дутагдал гаргавал холбогдох арга хэмжээг авч байх,
2.5.Банкны удирдах ажилтнууд нь бүх шатны ажилтан, албан тушаалтнуудад дотоод хяналтын үйл ажиллагааны ач холбогдлыг ойлгуулж, үйл ажиллагааны түвшин бүрт хяналт тавьж хэвшүүлэн, зарчимч, шударга байдлыг дэмжиж ажиллана. 
2.6.Банкны аливаа ажилтан, албан тушаалтан нь дотоод хяналтын системд өөрийн гүйцэтгэх үүргийг мэдэж, түүнийг хэрэгжүүлж ажиллана.
ГУРАВ. Эрсдэлийг тодорхойлох болон үнэлэх
3.1.Банкны гүйцэтгэх захирал, холбогдох албан тушаалтнууд нь үйл ажиллагаандаа учирсан буюу цаашид учирч болзошгүй эрсдэлүүд, түүнд нөлөөлсөн гадаад /эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд, үйлдвэрлэл, технологийн шинэчлэл г.м/ болон дотоод / дотоод зохион байгуулалт, түүний өөрчлөлт, банкны үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал, ажилтан, албан хаагчдын мэргэжил мэдлэгийн түвшин г.м/ хүчин зүйлсийг үйл ажиллагааны бүх түвшинд тодорхойлж, үнэлэн, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч байна.
3.2.Банкны гүйцэтгэх захирал, холбогдох албан тушаалтан, ажилтнууд нь үйл ажиллагаанд учирч болох дор дурьдсан эрсдэлүүдийн түвшинг тодорхойлно. Үүнд:
1/зээлийн эрсдэл буюу аливаа этгээдийн зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эрсдэл,
2/хүүгийн эрсдэл буюу хүүгийн түвшингийн хэлбэлзлээс үүсэх эрсдэл,
3/төлбөрийн чадварын эрсдэл буюу харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс үүсэх эрсдэл,
4/үнийн эрсдэл буюу банкны үйл ажиллагаанд ашиглаж буй санхүүгийн хэрэгслийн өртгийн хэлбэлзлээс үүсэх эрсдэл,
5/гадаад валютын эрсдэл буюу гадаад валютын ханшийн хэлбэлзлээс үүсэх эрсдэл,
6/ажил үйлчилгээний эрсдэл буюу ажил үйлчилгээ үзүүлснээс үүсэх эрсдэл,
7/хууль тогтоомжийг зөрчсөнөөс үүсэх эрсдэл буюу хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг буруу тогтоосон буюу, эсвэл түүнийг зөрчсөнөөс үүсэх эрсдэл,
8/бодлого, шийдвэрийн эрсдэл буюу буруу шийдвэр гаргасан, эсвэл түүнийг буруу хэрэгжүүлснээс үүсэх эрсдэл,
9/банкны нэр хүндийн эрсдэл буюу банкны талаарх олон нийтэд төрж болзошгүй буруу ойлголтоос үүсэх эрсдэл,
10/зах зээлийн эрсдэл буюу зах зээл дэх зээлийн үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлтөөс үүсэх эрсдэл,
11/аудитын эрсдэл буюу хяналт шалгалт, аудитын үйл ажиллагаанд үүсч болзошгүй алдааны эрсдэл,
12/бусад эрсдэл.
3.3.Банкны гүйцэтгэх захирал, холбогдох албан тушаалтан, ажилтнууд нь хэмжээг нь тогтоож болох болон боломжгүй, хянах боломжтой болон боломжгүй эрсдэлүүдийг ялган тогтоож, тэдгээрийн шалтгаан, нөхцлийг судлан, хэмжих болон хянах боломжгүй эрсдэлүүдийг бий болгож буй үйл ажиллагааг зогсоох, эсвэл цар хүрээг нь хумих болон цаашид хэвээр үргэлжлүүлэх зэргээр цаашид авах арга хэмжээг шийдэж байна.
3.4.Банк дотоод хяналтын системээрээ санхүүгийн шинэ үйлчилгээ болон зах зээлийн өөрчлөлттэй холбогдон бий болсон, өмнө нь байгаагүй, шинэ эрсдэлүүдийг таньж тогтооход онцгой анхаарч ажиллана.
ДӨРӨВ. Банкны үйл ажиллагаан тогтмол хэрэгжих хяналт, ажил үүргийн хуваарь
4.1.Банкны үйл ажиллагаанд тогтмол хэрэгжих хяналт удирдлагын түвшинд хийгдэх болон газар хэлтсүүдийн дотоод дахь хяналт, биет хөрөнгийн хяналт, шалгуур үзүүлэлтийн болон эрсдэлийн хяналт, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт зэргээс бүрдэнэ.
4.2.Удирдлагын түвшинд хийгдэх хяналт - тавьсан зорилт, төсөв, төлөвлөгөөнийхөө биелэлт, санхүүгийн үзүүлэлтийн үр дүнгийн талаар тухайн асуудлыг хариуцсан ажилтан, холбогдох албан тушаалтуудаас ТУЗ, банкны гүйцэтгэх захиралд байнга тайлагнаж, танилцуулж байх, үүнийг үндэслэн удирдлагаас тэдэнд асуулт тавих, тодруулга гаргуулах, тайлбар авах замаар бодит байдлыг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж байгаа явцыг хэлнэ.
4.3.Газар хэлтсүүдийн дотоод дахь хяналт - үйл ажиллагааныхаа биелэлтийг өдөр, 7 хоног, сар, улирлаар гаргаж, газар, хэлтэс, нэгжийн удирдлагын түвшинд хянах явцыг хэлнэ. Энэ нь дээд удирдлагын түвшинд хийгдэх хяналттай харьцуулахад илүү тогтмол, нарийвчилсан байна. 
4.4.Биет хөрөнгийн хяналт - банкны холбогдох албан тушаалтнууд нь касс дахь мөнгөн хөрөнгө, үнэт зүйлс, үндсэн хөрөнгө, эд хогшил зэрэг биет хөрөнгийг хамгаалалттай, давхар хяналттай байлгаж, байнгын тооллого явуулах замаар хянах явцыг хэлнэ.
4.5.Шалгуур үзүүлэлтийн болон эрсдэлийн хяналт - өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа, эрсдэлийн хязгаарыг тогтоосон үзүүлэлтүүдийн биелэлтийг хянаж, зөрчсөн шалтгааныг тогтоон, залруулахыг хэлнэ.
4.6.Бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт - бүртгэл, тооцооны үйл ажиллагаанд давхар хяналтыг нэвтрүүлж, зөрчил дутагдал гарсан тухай бүрд холбогдох удирдлагуудад мэдэгддэг тогтолцоог бий болгохыг хэлнэ.
4.7.Мэдээллийн үйл ажиллагаанд тавих хяналт - өдөр тутмын тайлан, мэдээ, бусад байгууллагуудад хүргүүлэх мэдээ тайланг цаг хугацаанд нь, үнэн зөв өгч байгаа эсэхэд хяналт тавина. Тухайлбал: Төв банк, татварын болон даатгалын байгууллагаас тайланг хүлээн авч өгсөн мэдээг тухай бүр баяжуулж байгаа эсэхэд хяналтаа чиглүүлж холбогдох арга хэмжээг авна.
4.8.Банкны гүйцэтгэх захирал, бусад газар хэлтэс, нэгжийн удирдлага нь ажилтнуудын ажил үүргийн хуваарийг нарийн тодорхой, давхардахгүй байхаар тогтоож, аливаа үйл ажиллагааг эхнээс нь дуустал нэг ажилтан гүйцэтгэхгүй, давхар хяналттай байхаар зохион байгуулна.  Ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хэсгүүдийг тодорхойлж, хяналт тавина.
4.9.Дараахь хоёр өөр ажилтны гүйцэтгэх үүрэгтэй ажлыг нэг ажилтан гүйцэтгэж байгаа тохиолдолд хяналт илүү хүчтэй байх шаардлагатай.  Үүнд:
1/нягтлан бодогч данснаас мөнгө гаргах зөвшөөрөл олгох болон холбогдох гүйлгээг хийх,
2/зээлийн ажилтан холбогдох материалыг нь хүлээн авч бүрдүүлэн, Зээлийн хороогоор хэлэлцүүлсэн зээлдэгчийн үйл ажиллагаанд зээл олгосны дараахь хяналт тавьж байгаа бол,
3/сурталчилгаа хариуцсан ажилтан ажил үүргийн хуваарийн дагуу харилцагчид сурталчилгаа хийж байхдаа албан ёсны бус мэдээлэл өгөх боломжтой бол,
4/ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй бусад үйл ажиллагаанууд,
ТАВ. Мэдээллийн систем, түүнийг дамжуулах нь
5.1.Банкны гүйцэтгэх захирал, холбогдох ажилтан, албан тушаалтнууд нь санхүүгийн, аж ахуйн болон бусад гол үйл ажиллагаануудыг хамарсан дотоод мэдээллийн систем, түүнд холбогдох программ хангамжийг бий болгох, банкны удирдлагаас шийдвэр гаргахад нөлөөлөх болон нөлөөлж болзошгүй, гадаад зах зээлийн талаархи мэдээллээр бүрэн хангах системийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
5.2.Мэдээллийн систем нь шаардлагатай мэдээллийг ажилтан, албан тушаалтнуудад цаг хугацаанд нь, шуурхай хүргэдэг, найдвартай, хэрэглэхэд хялбар, тогтсон хэв загвартай байхаар зохион   байгуулагдсан байна.   
5.3Дотоод хяналтын систем нь банкны бүх ажилтан, албан тушаалтнууд өөрсдийн үүрэг хариуцлагад хамаарах заавар, журмуудыг бүрэн ухамсарлаж, дагаж мөрдөж байгаа байдал болон шаардлагатай бусад мэдээллүүд холбогдох ажилтан, албан тушаалтнуудад оновчтой, цаг хугацаандаа хүрч байгаа эсэхийг хянах зорилготой мэдээлэл холбооны сувгуудтай байхыг шаардана.
ЗУРГАА. Дотоод хяналтын системийг хянах болон алдааг залруулах
6.1.Банкны хувь нийлүүлэгчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх захирал нь өөрсдийн үүргийн дагуу дотоод хяналт хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавина.
6.2.Банкны ДХА нь дотоод хяналтын системийг хянах үүрэг бүхий, хөндлөнгийн нөлөөнд байдаггүй, мэргэжлийн өндөр чадвартай ажилтнуудаас бүрдсэн байна.  Банкны ДХА-аас хийх шалгалт нь тогтмол хугацаанд хийгдэн, банкны бүх газар, хэлтэс, нэгж, үйл ажиллагааны бүх талбарыг шалгаж, ТУЗ болон гүйцэтгэх захиралд тайлагнах зарчмаар ажиллана. Шаардлагатай тохиолдолд гэнэтийн шалгалт хийж болно.
6.3.Дотоод хяналтын албаны болон хөндлөнгийн бусад хяналт шалгалтаар илэрсэн дотоод хяналтын үйл ажиллагаан дахь зөрчил дутагдлуудыг холбогдох удирдлагуудад шуурхай танилцуулж, зохих арга хэмжээг авсан байна.  Зөрчлийн талаар банкны ТУЗ, гүйцэтгэх захиралд заавал мэдээлсэн байх шаардлагатай.
ДОЛОО. Банкны дотоод хяналтын албанаас шалгалт явуулах аргачлал
7.1.Банкны ТУЗ-өөс томилогдсон ДХА нь дотоод хяналтын үйл ажиллагааны үндсэн зорилтууд хэрхэн хангагдаж байгааг шалгана.
7.2.. ДХА нь шалгалтад дараахь арга хэлбэрийн аль нэгийг буюу хослуулан ашиглаж болно:
1/Ажиглалтын арга:
Энэ нь ажлын зохион байгуулалт, ажилтнуудын зан харилцаа, ажлын идэвхи санаачилга, цаг ашиглалт, харилцагч байгууллага, иргэдийн санал гомдол зэрэгт тулгуурлан хийгдэнэ;
2/Баримтын шалгалт хийх арга:
Энэ нь банк, түүний нэгжийн касс, мемориалын болон харилцагч байгууллагын төлбөр тооцоо, зээл, хадгаламжийн үндсэн баримтыг банкны нябо журнал, гүйлгээ үлдэгдлийн баланс, холбогдох нэрийн дансны гүйлгээтэй тулган шалгах замаар Монголбанк болон банкны ТУЗ, гүйцэтгэх захирлын баталсан эрх зүйн акт, аливаа шийдвэрийн хэрэгжилтийг шалгахыг хэлнэ.
3/Шинжилгээ судалгааны  арга:
Энэ нь банк, түүний нэгжийн үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлтүүдэд тэдгээрийн тайлан, тэнцлийг үндэслэн судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиглэлээр хийгдэнэ.
4/Асуулгын арга:
Энэ нь тусгайлан бэлтгэсэн асуулгын хуудсаар банкны ажилтнууд болон харилцагчдын саналыг авч, нэгтгэн дүгнэлт хийхийг хэлнэ.
7.3.Шалгалтыг  хамрах хүрээгээр нь иж бүрэн ба хэсэгчилсэн гэж ангилна.
1/Хэсэгчилсэн шалгалт гэдэг нь тухайн банк, түүний нэгжийн үйл ажиллагааны  үндсэн чиглэл, санхүүгийн гол үзүүлэлт, касс, мемориалын болон зээл, хадгаламж, хоорондын тооцооны баримт материалаас тодорхой хугацааг хамруулан сонголт хийн шалгахыг хэлнэ.
2/Иж бүрэн шалгалт гэдэг нь ТУЗ-ийн шийдвэрээр, шаардлагатай тохиолдолд   банкны гүйцэтгэх захирлын тушаалаар /нууц/ батлагдсан нэгдсэн төлөвлөгөөний  дагуу банк, түүний  нэгжийн  шалгалтанд хамрагдах хугацааны бүх баримт материалыг нэгбүрчлэн шалгахыг хэлнэ.   
7.4.Шалгалтыг гэнэтийн ба ээлжит, мэдээллээр, захирлын нэрэмжит гэх зэрэг хэлбэрээр хийж болно.
7.5.Банкны нэгжид хийх шалгалт нь гэнэтийн байдлаар явагдах бөгөөд Банкны ТУЗ-өөр батлагдсан шалгалтын нэгдсэн төлөвлөгөө нь нууц байна.
7.6.Шалгалтыг ДХА-ны хянан шалгагч нар хийхээс гадна шалгалтанд тухайн банкны холбогдох албадын ажилтан, Монголбанк бусад мэргэжлийн хүмүүс оролцож болно.
7.7. Дотоод хяналтын албанаас хийх хяналт шалгалтыг дараахь чиглэлээр зохион байгуулсан байна:
1/Касс, мөнгөн гүйлгээ;
2/Нягтлан бодох бүртгэл, гадаад тооцоо;
3/Зээл;
4/Хадгаламж;
5/Хоорондын тооцоо;
6/Дотоод, гадаад мэдээллийн систем, программ хангамж;
7/Банкны шалгуур үзүүлэлтийн хангалт;
8/Бичиг хэрэг, дотоод ажил;
9/Бусад хяналтын системд хамрагдах холбогдох үзүүлэлт;
НАЙМ. ДХА-наас хийсэн шалгалтын акт материалыг бичиж бүрдүүлэх
8.1.Шалгалтын ажлын хэсэг нь энэхүү үлгэрчилсэн журмыг удирдлага болгон ТУЗ-өөс баталсан дотоод хяналтын холбогдох журам, шалгалтын удирдамжийн дагуу шалгасан ажлынхаа тухай шалгалтын танилцуулга материал бичиж, шаардлагатай бол зөрчлийн акт тогтоон, холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.
8.2.Шалгалтын танилцуулга, дүгнэлтэд шалгалтын явцад тавьсан акт, зөрчил дутагдлыг нотлох баримтуудыг хавсаргаж баталгаажуулсан байна:
1/шалгалт эхэлсэн өдрийн байдлаарх банк, түүний нэгжийн гүйлгээ үлдэгдлийн баланс, тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан, зээлийн ангилал, ЗТУБАХС-г байгуулсан байдал, өмчлөх бусад хөрөнгийн үлдэгдлийн жагсаалт, хуримтлуулж тооцсон хүүний авлагын жагсаалт;
2/шалгалтын явцад болон шалгалт хамрах хугацаанд харилцагч байгууллага, иргэдээс ирүүлсэн санал гомдол, түүний мөрөөр арга хэмжээ авсан бол түүнийг нотлох баримт бичиг;
3/шалгалтын явцад зээлийн багц болон бусад активуудад хийсэн ангилал, түүний дагуу нэмж байгуулсан санг тусгуулсан гүйлгээ баланс, тайлан тэнцэл, тэдгээрийн жагсаалт;
4/өмнөх шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хариуцлага хүлээлгэснийг нотлох  баримт бичиг.
8.3.Шалгалтын акт, материал нь тоо баримттай, илэрсэн зөрчил дутагдлыг хариуцах эзэнтэй байхаас гадна шалгалтын явцад засч залруулж болох дутагдлыг газар дээр нь шууд засуулах, илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгах талаар шуурхай арга хэмжээг авч, санаачилгатай ажилласан байна.  Шалгалтын хугацааг тухайн ажлын онцлогоос шалтгаалж, удирдамж баталсан эрх бүхий удирдах хүний зөвшөөрлөөр сунгаж болно.
8.4.Шалгалтын материалд үйл ажиллагааны чиглэл бүрээр мөрдөж буй хууль тогтоомж, заавар журмын хэрэгжилтийн байдал, илэрсэн зөрчил дутагдал, түүнийг хариуцах эзнийг тодорхой бичихээс гадна шалгагч өөрийн санал дүгнэлт, өгсөн зөвлөмжийг тусгасан байна.
8.5.Шалгалтын актыг мөрдөж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн нь илэрсэн тохиолдолд тавина.  Түүнд зөрчигдсөн хууль тогтоомжийн зүйл, заалт, түүнээс үүдэн  банк болон харилцагч байгууллага, иргэдэд учруулсан хохирлын хэмжээг тодорхой дурьдсан байна.  Актыг дараахь байдлаар үйлдэнэ:
1/тэмдэглэл хэсэгт ямар үйл ажиллагааг шалгасан болох талаар дэлгэрэнгүй бичсэн;
2/зөрчигдсөн хууль тогтоомжийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заасан;
3/зөрчлийн үр дагавар /хохирлийн хэмжээ/-ыг тодорхойлж, хариуцах эзнийг  олж тогтоосон;
4/авах арга хэмжээний төрөл /торгох, хохирол барагдуулах г.м/-ийг санал болгосон.
8.6.Өмч хөрөнгө шамшигдуулсан, ашигласан, дутагдуулсан тухай хянан шалгагчийн тавьсан акт, түүнд хавсаргасан баримт материал, дансны хуулга болон танилцуулгад шалгагч, хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
8.7.Шалгалтын ажлын хэсгийн ахлагч нь дараахь үүрэгтэй:
1/шалгалтын удирдамжийг банк, түүний нэгжийн захирал болон холбогдох  ажилтнуудад танилцуулж, шалгалтанд шаардагдах баримт материалыг хариуцсан ажилтнаар нь гаргуулан авах, шалгалтын чиглэл, удирдамжийн талаар мэдээлэл хийх;
2/хянан шалгагч нарын ажил үүргийн хуваарийг хийж, шалгалтын явцад хянан шалгагч нарын ажилтай танилцаж, заавар зөвлөлгөө өгч, шалгалтыг хугацаанд нь дуусгах талаар санаачилгатай ажиллах.
8.8.Хянан шалгагчид нь шалгалтын ажил дууссаны дараа тухайн банк, түүний нэгжийн үйл ажиллагааны ерөнхий байдал, ололт, дутагдал цаашид анхаарлаа хандуулбал зохих асуудал, энэ талаар өгсөн зөвлөмжийг тусгасан танилцуулга, материалыг удирдлагад танилцуулж, ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлсэн байна.
8.9.Шалгалтын дүн, шалгалтаар илэрсэн зөрчил /эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол /-ийг нотлох баримтанд үндэслэн гэм буруутай  ажилтанд банкны гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан байна.
8.10.Шалгалтын танилцуулга, материал, актанд шалгагч өөрөө гарын үсэг зурж батлахаас гадна шалгагдсан нэгжийн удирдлага, хариуцсан ажилтан гарын үсэг зурсан байна. Шалгуулагч шалгалтын дүнг зөвшөөрөөгүй бол энэ тухай тайлбарыг бичиж гарын үсэг зурсан байна.
8.11.ТУЗ шалгалтын  дүн, хянан шалгагчдын санал, дүгнэлтийг хэлэлцээд түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авах шийдвэр гаргана.  Шийдвэрээр гүйцэтгэх захирал болон холбогдох бусад ажилтнуудад  үүрэг даалгавар өгч, биелэлтийг шалгасан байна. ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврын дагуу гүйцэтгэх захирал, гэм буруутай ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж болно.
ЕС. ДХА-ны Хянан шалгагчид тавих шаардлага, хориглох үйл ажиллага, баримтлах зарчим, эрх үүрэг
9.1.Банк дараах шаардлагыг хангасан хянан шалгагчийг ДХА-д ажиллуулна:
1/банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжлээр дээд сургууль төгссөн байх;
2/банк, санхүүгийн системд 2-оос дээш жил ажилласан, ажил мэргэжилдээ дадлагажсан;
3/дотоод хяналтын ажил үүргийг гүйцэтгэх үйл ажиллагааны болон   техникийн ур чадвартай байх;
4/санал бодлоо бичгээр болон амаар илэрхийлэх чадвартай байх;
5/үнэнч, шударга, хариуцлага хүлээх чадвартай байх;
6/тухайн банкны хяналтын багцыг өмчлөх хувь нийлүүлэгч биш байх, банкны удирдлагатай төрөл садангийн холбоогүй байх.
9.2.Хянан шалгагч нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримталж ажиллана:
1/хууль тогтоомжийг чанд сахих;
2/ажлаа мэргэжлийн түвшинд үнэн зөв, шударгаар гүйцэтгэх;
3/хөндлөнгийн нөлөөнд үл автах;
4/ банк, түүний удирдлага, албан тушаалтан, ажилтан болон банкны харилцагчдын хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх.
9.3.Хянан шалгагч нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1/нууцын зэрэглэлтэй баримт бичиг, түүнтэй холбогдох мэдээллийг бусдад    тараах, дамжуулах, гаргаж өгөх;
2/хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэх, урвуулан ашиглах, авилгал авах;
3/тухайн банкны ердийн нөхцлөөс хөнгөлөлттэйгээр зээл авах, ажил үйлчилгээ хийлгүүлэх;
4/шалгалтын үр дүнг санаатайгаар буруу мэдээлэх, тайлагнах;
5/аливаа хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөх;
6/өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон хувийн холбоотой этгээдэд ашигтай давуу байдал бий болгох;
7/ажил үүргийн хуваариас гадуур зүйл шаардах;
8/хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.
9.4.Хянан шалгагч нь дараахь үүрэгтэй байна:
1/шалгалтыг хууль зүйд нийцүүлэн үнэн зөв явуулж, аливаа дүгнэлтийг баримтаар нотлох;
2/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулгын үнэн зөвийг бүрэн хариуцах.
9.5.Хянан шалгагч нь дараахь эрхтэй байна:
1/шалгалтад шаардлагатай бүх баримт материалыг холбогдох ажилтнуудаас гаргуулан авах, шаардлагатай гэж үзвэл бичгээр тодорхойлолт гаргуулах;
2/тухайн этгээдийн гаргасан зөрчил, дутагдлыг нотлох баримтыг бүрдүүлэх, хуулбарлан авах, баталгаажуулах, гэм буруутай ажилтанд сахилгын арга хэмжээ авахуулах /ажлаас халах, албан тушаал бууруулах, хохирлыг барагдуулах г.м/ болон сайн ажилласан ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, шагнах зэрэг асуудлаар ТУЗ болон банкны удирдлагад саналаа танилцуулах;
3/хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох баримт бичгийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх.
АРАВ. Хяналт шалгалт, хариуцлага
10.1.Банкны ТУЗ, гүйцэтгэх захирал шалгалтын удирдамжийг бүрэн хэрэгжүүлээгүй, шалгалт чанаргүй хийсэн, хянан шалгагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, банкны нэр хүндийг унагах, шалгах явцад хувийн бизнес хийх зэрэг дутагдал гаргасан хянан шалгагчид хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, ажлаас нь өөрчлөх хүртэл арга хэмжээ авна.
10.2.Банк нь дотоод хяналтын үйл ажиллагаандаа мөрдөх заавар журмыг энэхүү үлгэрчилсэн журмын загвараар боловсруулж, Монголбанкинд хянуулж бүртгүүлэн мөрдөж ажиллана. Монголбанкинд хянуулж бүртгүүлээгүй буюу зөрчилтэй акт мөрдөж байгаа нь шалгалтаар тогтоогдвол Монголбанкны хянан шалгагч хуульд заасан эрхийнхээ хүрээнд банк, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ.