Хэвлэх DOC Татаж авах
2002 оны 612 дугаар тушаалын хавсралт
 
БАНКНЫ ДҮРМИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрэм нь . . . . . . банкны үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх, үүрэг, дүрмийн сан, хяналтын зарчим, банкыг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. . . . . . . . . банк (цаашид "Банк" гэх) нь Монгол Улсын "Банкны тухай хууль", "Иргэний хууль", "Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль", "Компанийн тухай хууль" болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа удирдлага болгон Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн энэ дүрмийн хүрээнд бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө компани (ХХК) байна. (МБЕ-ийн 2003.4.22-ны өдрийн 192 тоот  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан)
ХОЁР.Банкны оноосон нэр, хаяг
2.1.Банкны оноосон нэрийг монгол хэлээр . . . . . . . . банк ХХК, англи хэлээр . . . . . . . . .   Bank, CoLtd гэнэ.
2.2.      Банкны хаяг:  . . . . . . . . . . . . . . . . . . . . .  Утас: . . . . . Факс: . . . . . . Телекс: . . . . . . .  Электрон шуудангийн хаяг: . . . . . . .
2.3. Банкны салбар, тооцооны төв, хадгаламжийн касс, валютын цэг, төлөөлөгчийн газар нь тус бүрийн хаягтай байна.
ГУРАВ.Банкны эрхлэх ажил, үйлчилгээ
3.1. Банк нь "Банкны тухай хууль"-д заасан дараахь ажил, үйлчилгээг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ. Үүнд:
3.1.1. мөнгөн хадгаламж;
3.1.2. зээл;
3.1.3. төлбөр тооцоо;
3.1.4. өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах;
3.1.5. гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;
3.1.6. үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах;
3.1.7. үнэт зүйлс хадгалах;
3.1.8. гадаад төлбөр тооцоо хийх;
3.1.9. үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;
3.1.10. санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх;
3.1.11. хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх;
3.1.12. хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил үйлчилгээ үзүүлэх.
3.2. Банкны нэгжид салбар, тооцооны төв, хадгаламжийн касс, валютын цэг, төлөөлөгчийн газрыг хамааруулах бөгөөд салбар нээхдээ Монголбанкнаас зөвшөөрөл авна. Салбараас бусад нэгж нээх, татан буулгах, үйл ажиллагааг хязгаарлах, өөрчлөн байгуулах, байршлыг нь өөрчлөх тухай бүрт банк шийдвэр гаргаж, уг шийдвэрийг гаргасан өдрөөс хойш 3 хоногийн дотор харилцагчид мэдээлэх ба Монголбанкинд бүртгүүлнэ.
3.2.1. "Банкны салбар" гэж Банкны оршин байгаа газраас өөр газар байрлаж, Монголбанкнаас тухайн банкинд зөвшөөрсөн бүх төрлийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэн явуулах эрхтэй, Монголбанкнаас зөвшөөрөл авсан нэгжийг хэлнэ.
3.2.2. "Банкны тооцооны төв" гэж зээлийн үйл ажиллагаа болон Төв банкнаас тухайн банкинд зөвшөөрсөн тодорхой төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг хязгаарлагдмал эрхтэй нэгжийг хэлнэ.
3.2.3. "Банкны хадгаламжийн касс" гэж иргэний хадгаламж, түүнтэй адилтгах бүх төрлийн үйлчилгээ, мөн бэлэн бус тооцооны хязгаарлагдмал үйлчилгээг эрхэлдэг боловч зээл олгох болон хуулийн этгээдийн харилцах дансны ажил үйлчилгээ эрхэлдэггүй нэгжийг хэлнэ.
3.2.4. "Банкны валютын цэг" гэж гадаад валют худалдан авах, худалдах үйл ажиллагааг эрхэлдэг нэгжийг хэлнэ.
3.2.5. "Банкны төлөөлөгчийн газар" гэж Банкны оршин байгаа газраас өөр газар байрладаг бөгөөд банкны аливаа үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн банкны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулдаг нэгжийг хэлнэ.
3.3. Салбар, тооцооны төв, хадгаламжийн касс, валютын цэг байгуулах, татан буулгах, тэдгээрийн захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх асуудлыг Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
3.4.Банк нь хилийн чанадад үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, түүнчлэн банкны үйл ажиллагааг зохицуулсан олон улсын гэрээ, эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудыг мөрдөж ажиллана.
ДӨРӨВ.Банкны үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хориглох зүйл
4.1. Банк нь Монгол улсын Банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн, дор дурдсан шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулна:
4.1.1.иргэд, хуулийн этгээдийн тус банкин дахь хөрөнгийн найдвартай байдлыг хангаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;
4.1.2.төлбөр тооцоог хөнгөн шуурхай, үнэн зөв явуулах;
4.1.3.харилцагчийн данс, хадгаламж, гүйлгээ, мөнгөн хөрөнгийн төрөл, хэмжээтэй холбогдсон нууцыг хадгалах, түүнтэй холбогдсон мэдээллийг гагцхүү тэдний өөрийнх нь бичгээр зөвшөөрснөөр буюу хуульд заасан үндэслэл, журмаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх;
4.1.4.хуулиар өөр этгээдэд тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвхөн банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийнэ. Шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргалдах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно;
4.1.5. хуулийн дагуу албан татвар төлөх;
4.1.6. нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, батлан даалтын нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх;
4.1.7.банкнаас гаргах батлан даалтын нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх;
4.1.8. банкны хувь нийлүүлэгч, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээл, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтрэхгүй байх;
4.1.9. банкны худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна;
4.1.10. Монголбанкнаас тогтоосон заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах;
4.1.11.үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор банкны ажилтнуудыг сургаж бэлтгэх, давтан сургах, тэдгээрийг тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллуулах нөхцлийг бүрдүүлж, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах.
4.2. Банкны өмчлөл болон банкны ажилтнуудын хоорондын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хууль тогтоомж, тус банкны хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
4.3. Банкны ажилтнууд дараахь шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:
4.3.1. аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй байх;
4.3.2. албан үүрэгтээ үнэнч шударга хандаж, банкны үйл ажиллагаа, тогтоосон горимд харш байдлаар өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон хувийн харьцаатай хүмүүст хуулиас гадуур давуу байдал олгохгүй байх;
4.3.3. харилцагчийн данс, зээл, төлбөр тооцоо, бизнесийн ажиллагаатай холбоотой албан материал, тоон үзүүлэлт, дотоод дүрэм, журам, заавар нөхцөлүүдийг хууль тогтоомж, дотоод заавар, журамд зааснаас бусад тохиолдолд бусдад танилцуулах, ашиглуулах, нууцлалыг алдагдуулах буюу хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;
4.3.4. мэргэжлийн ур чадварын шаардлагуудыг хангасан байх, бие даан мэдлэг боловсролоо тогтмол дээшлүүлэх.
 
4.4. Банк нь дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Үүнд:
4.4.1.ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэх. (Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй)
4.4.2.дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр хууль бусаар ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд хууль бусаар оролцох;
4.4.3.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;
4.4.4.хуульд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийх;
4.4.5.улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх;
4.4.6. хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
ТАВ. Банкны дүрмийн сан
5.1. Банк нь хувь нийлүүлэгчдээс оруулсан мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн дүрмийн сантай байна.
5.2. Банкны дүрмийн санг гагцхүү мөнгөн хөрөнгөөр бүрдүүлнэ.
5.3. Банкны дүрмийн сангийн доод хэмжээ нь Монголбанкнаас тогтоосон дүнг хангасан байна. Дүрмийн сан нь нэрлэсэн үнэтэй хувьцаагаар илэрхийлэгдэж болох бөгөөд нэрлэсэн үнийг банкны дүрэмд зааж болно. Нэрлэсэн үнэтэй хувьцааг түүнээс доош үнээр гаргахыг хориглоно.
5.4. Хувьцаа нь тус банкинд хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, банкыг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос дарааллын дагуу хувь хүртэх эрхийг гэрчилнэ.
5.5. Хувьцаа нь хуваагдахгүй бөгөөд тус бүр нь саналын нэг эрхтэй байна.
5.6. Банкны хувь нийлүүлэгчдийн эзэмшиж буй хувьцааг захиран зарцуулах эрх нь энэхүү дүрмээр хязгаарлагдана. Хувь нийлүүлэгч нь банкны дүрмийн санд оруулсан хөрөнгө буюу эзэмшиж байгаа хувьцаагаа Монголбанкны зөвшөөрлөөр бусдад худалдах, бэлэглэх, өв залгамжлуулахаас өөр байдлаар буцааж авахыг хориглоно.
5.7. Банкны хувь нийлүүлэгч өөрийн эзэмшиж буй хувь хөрөнгө буюу хувьцаагаа дор дурьдсан нөхцөлд худалдаж, бэлэглэж болно. Үүнд:
5.7.1. санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч (хувь нийлүүлэгч) нь саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар дамжуулан хувь нийлүүлэгчдэд тодорхой хугацааны өмнө бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд хувьцааны төрөл тоо, худалдах үнэ, төлбөр хийх хугацааг тодорхойлсон байна.
5.7.2.мэдэгдэх үйл ажиллагааг Банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлах журмын дагуу гүйцэтгүүлнэ.
5.7.3.мэдэгдэл хүлээн авсан хувь нийлүүлэгч худалдан авах хувьцааны тоо, төлбөр хийх хугацааны талаарх саналаа хувьцааг худалдахаас . . . хоногийн өмнө Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад бичгээр ирүүлнэ.
5.8. Банкны хувь нийлүүлэгч нь эзэмшиж буй хувьцаагаа өөрийн хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэхэд энэхүү дүрмийн 5.7-д заасан журам хамаарахгүй.
5.9. Банк нь зарласан энгийн болон давуу эрхийн хувьцаа, тэдгээрт хөрвөх үнэт цаасыг нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр гаргана. Гаргах энгийн болон давуу эрхийн хувьцаа, тэдгээрт хөрвөх үнэт цаасыг хувь нийлүүлэгчид өөрсдийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлсэн хэмжээгээр тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байж болно.
ЗУРГАА. Банкны тэмдэг
6.1. Банк нь өөрийн оноосон нэр, бэлгэдэл бүхий тэмдэгтэй байх бөгөөд өөрийн тэмдэг, албан ёсны хаяг бүхий албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6.2. Тэмдэг нь Банкны албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлүүдийг баталгаажуулах зорилготой.
6.3. Тэмдгийг Банкны захиргаанаас итгэмжлэн хариуцсан этгээд хадгална.
ДОЛОО. Үйл ажиллагаа явуулах хугацаа
7.1.Монголбанкнаас банкны зөвшөөрлийг цуцалсан, Банкны хувь нийлүүлэгчдийн хурлаас банкийг өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэсэн, шүүх дампуурлыг зарласанаас банк үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах үндэслэлгүй болсноос бусад тохиолдолд банкны үйл ажиллагаа хугацаагүй үргэлжилнэ.
НАЙМ. Банкны хувь нийлүүлэгчид
8.1.Банкны гаргасан хувьцаанаас худалдан авч, дүрмийн санд мөнгөн хөрөнгө оруулсан бөгөөд уг эрхийг нь батламжлан Банкнаас олгосон гэрчилгээ бүхий этгээдийг Банкны хувь нийлүүлэгч гэнэ.
8.2.Банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хөрөнгөө худалдсанаас хувь нийлүүлэгчдийн бүтцэд орсон өөрчлөлт нь Банкны тухай хууль тогтоомжид харшилж байвал Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдан уг өөрчлөлтийн талаар дахин хэлэлцэж, Монголбанкны шаардлагад нийцүүлэн бүтцийг дахин өөрчлөх арга хэмжээг . . . хоногийн дотор авна.
8.3.Банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө.
8.4. Хувь нийлүүлэгчид нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
8.4.1. Дүрмийн санд хувь хөрөнгө (хувьцааны төлбөр) зөвхөн мөнгөн хэлбэрээр оруулах ;
8.4.2. Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, эзэмшиж буй хувь хөрөнгө буюу хувьцааныхаа тоотой хувь тэнцүүлсэн хэмжээгээр саналаа өгөх;
8.4.3. Хувь нийлүүлэгчдийн хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй тохиолдолд Иргэний хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах, ингэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө талаар хурал эхлэхээс . . . хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэх;
8.4.4 Банкны ТУЗ, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг сонгох, тэдгээрт сонгогдох;
8.4.5. Эзэмшиж буй хувь хөрөнгө буюу хувьцааныхаа тоотой хувь тэнцүүлсэн хэмжээний ногдол ашиг авах;
8.4.6. Банк үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд Монгол улсын хуулийн дагуу түүний бүх өглөгийг барагдуулж, бусдын өмнө хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлсний дараа үлдэж буй хөрөнгөөс эзэмшиж буй хувь хөрөнгө буюу хувьцааныхаа хэмжээгээр хувь тэнцүүлэн өөрт ногдох хэсгийг авах;
8.4.7. Банкны дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн хурлын шийдвэр, санхүү төлбөрийн чадвартай холбоотой бүхэл төрлийн санхүүгийн тайлан мэдээтэй танилцах;
8.4.8. Банкнаас шинээр хувьцаа, тэдгээрт хөрвөх үнэт цаас гаргах тохиолдолд өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлсэн хэмжээгээр тэргүүн ээлжинд худалдан авах;
8.4.9. Банкны өөрчлөн байгуулалттай холбогдуулан хувьцааг хөрвүүлэх тохиолдолд шинээр байгуулагдах банк, компанийн хувьцааг өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлсэн тоо хэмжээгээр хөрвүүлэн эзэмших;
8.4.10. Банкны ашиг орлогыг нэмэгдүүлэх, өмч хөрөнгийн үр дүнтэй ашиглалтыг сайжруулах талаар санал, шүүмжлэл гаргах;
8.4.11. Энгийн хувьцааны 1 ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь ТУЗ, Хянан шалгах зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргах. Үүнтэй холбогдон гарах зардлыг өөрөө хариуцах бөгөөд гаргасан гомдол нь үндэслэлтэй болох нь зохих журмаар тогтоогдвол гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүүлэх;
8.4.12. Нийт саналын эрхийн 10 ба түүнээс дээш хувийн хувьцаа (эзэмшигч) эзэмшигчид нь Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай хүсэлтээ ТУЗ-д бичгээр гаргана. Уг хүсэлтийг ТУЗ хүлээн аваагүй тохиолдолд ээлжит бус хурлыг энэхүү дүрмийн 9.7 дахь зүйлд заасан журмын дагуу зарлан хуралдуулах;
8.4.13. Хувь нийлүүлэгчид олгох зээлийн хүү, зээлийн бусад нөхцөл нь ердийн нөхцлөөс хөнгөлөлттэй байж болохгүй бөгөөд Банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийг барьцаалж аливаа зээл авах эрхгүй. Банкны хувь нийлүүлэгчийн өөрийн банкнаас авсан зээлийн төлөгдөх хугацаа 6 сараас дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд тухайн этгээд банкны удирдах үйл ажиллагаанд оролцохгүй;
8.4.14. Бусад хувь нийлүүлэгчийн худалдах хувьцаа, тэдгээрт хөрвөх үнэт цаасыг эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд худалдан авах;
8.4.15. Банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх, их хэмжээний үнийн дүнтэй хэлцэл буюу ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх, банкны зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх зэрэг асуудлаар хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар эсрэг саналтай байсан, эсхүл саналаа өгөөгүй хувь нийлүүлэгч нь эзэмшиж байгаа хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг Компанийн тухай хуулийн дагуу шаардах;
8.4.16. Гаргасан нийт хувьцааны тодорхой хувиас дээш хувийг эзэмшиж буй хувь нийлүүлэгч нь банкны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэх;
8.4.17. Энгийн хувьцаа эзэмшигчдийн нэр, хаяг, эзэмшиж буй хувьцааны тоо зэргийг агуулсан бүртгэлийг шаардан гаргуулах эрхтэй. Шаардлагыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор багтаан банкны нарийн бичгийн дарга уг мэдээллийг гарган өгөх үүрэгтэй.
8.4.18. Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 20 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах эрхтэй.
Банкны гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг хяналтын багц гэнэ.
8.5.Банкны хувьд дор дурьдсан этгээдүүдийг нэгдмэл сонирхолтой этгээдэд тооцно. Үүнд:
 
8.5.1. Хувь нийлүүлэгч;
8.5.2. ТУЗ-ийн гишүүн;
8.5.3. Гүйцэтгэх захирал;
8.5.4. Захирлын зөвлөлийн гишүүд;
8.5.5. Толгойлох болон хараат компаниуд;
8.5.6. Гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр;
8.5.7. Эцэг, эх болон хамт амьдардаг 18-аас дээш насны хүүхэд.
 
8.6.Нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрсдийн эзэмшиж байгаа хувьцааны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор банкны нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
Нэгдмэл сонирхолтой этгээд нь дээр дурдсан мэдээллийг өгөөгүй буюу хугацаа хэтрүүлж өгснөөс банкинд учирсан хохирлыг уг нэгдмэл сонирхолтой этгээд хариуцна.
ЕС. Хувь нийлүүлэгчдийн хурал
9.1.Банкны эрх барих дээд байгууллага нь Хувь нийлүүлэгчдийн хурал байна. Хувь нийлүүлэгчдийн хурал нь ээлжит, ээлжит бус байна.
9.2.Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа, банкны санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна.
9.3.Хувь нийлүүлэгчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
9.4.1. Банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;
9.4.2. Өөрийн хөрөнгийн (зарласан хувьцаа) бүтэц, хэмжээг тогтоох, өөрчлөх;
9.4.3. Банкийг өөрчлөн байгуулах (нэгдэх, нийлэх, салах, тусгаарлах), татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;
9.4.4. Аудитын байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулсан банкны санхүүгийн тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах;
9.4.5. ТУЗ-ийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
9.4.6. ТУЗ-ийн гишүүдийн эрх хэмжээ, хариуцлага, ажлын хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх;
9.4.7. Банкны Хянан шалгах зөвлөлийг сонгох, тэдэнд олгох ажлын хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
9.4.8. Монголбанкны зөвшөөрсний дагуу үнэт цаас гаргахад зөвшөөрөл олгох;
9.4.9. Энгийн болон давуу эрхийн хувьцаа, тэдгээрт хөрвөх үнэт цаас гаргах;
9.4.10. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох;
Сүүлийн тайлан тэнцлийн активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж үзнэ.
9.5. Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хуралд оролцож буй хувь нийлүүлэгчдийн . . .-аас дээш хувийн саналаар хэлэлцэж болно.
9.6.      Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал: Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа, санхүүгийн жил дууссанаас хойш эхний улиралд багтаан хуралдуулна.
Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагүй тохиолдолд банкны энгийн хувьцааны нэгээс дээш хувийг эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлахыг шаардаж, шүүхэд хандах эсхүл өөрөө зарлан хуралдуулж болно. Энэ тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлах хуралдуулах зардлыг банк гаргана.
9.7.      Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал:
9.7.1.  Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн Удирдах Зөвлөл зарлан хуралдуулна.
9.7.2.  Саналын эрхийн 10 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч (хувь нийлүүлэгчид) нь ТУЗ, ХШЗ-д хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргах эрхтэй. Шаардлагыг бичгээр гаргана.
Шаардлагад уг хувь нийлүүлэгчийн овог, нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, шаардлага гаргасан этгээдийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана.
ТУЗ нь ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хурал хуралдуулах талаар шийдвэр гаргана.
9.7.3.  Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулж болно.
9.7.4.  Гагцхүү дараахь тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд энэ шийдвэр, татгалзсан үндэслэлийн талаар шаардлага гаргасан хувь нийлүүлэгч (хувь нийлүүлэгчид)-д даруй мэдэгдэнэ:
а/ээлжит бус хурал хуралдуулах шаардлага гаргасан хувь нийлүүлэгч (хувь нийлүүлэгчид)-ийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй;
б/ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй.
9.7.5.  Ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлага гаргасан хувь нийлүүлэгч (хувь нийлүүлэгчид) нь энэхүү шийдвэрийн талаарх гомдлыг шүүхэд гаргаж болно.
9.7.6.  Ээлжит бус хурлыг хуралдуулах тухай зарлалыг хурал хуралдах өдрөөс . . . -аас доошгүй хоногийн өмнө хувь нийлүүлэгчдэд мэдэгдэхээр хүргүүлнэ.
9.8.      Хувь нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурал зарлах тухай бичгээр хийсэн мэдэгдэлд хурал хийх газар, он, сар, өдөр, цагийг зааж, хурлаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг үйлдэж, Банкны бүртгэлд бүртгэгдсэн хаягийн дагуу баталгаат шуудангаар буюу банкны итгэмжлэгдсэн зарлагаар (тусгай бүртгэл, эсхүл хүлээн авсан буюу хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдэж) хүргүүлнэ.
9.9.      Хурлын дарга: Хувь нийлүүлэгчдийн хурлыг ТУЗ-ийн дарга удирдана.
9.10.   Итгэмжлэл: Хувь нийлүүлэгч нь хурлаас гарах шийдвэрт өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан саналаа өгч болно.
Итгэмжлэл нь бичгээр үйлдэгдэж, нотариатаар гэрчлэгдсэн, итгэмжлэгч, итгэмжлэгдэгчийн овог нэр, паспорт, регистрийн дугаар, итгэмжлэлээр олгож байгаа эрх буюу итгэмжлэлээр төлөөлж санал өгөх хувьцааны тоо, хүчинтэй байх хугацааг заах зэргээр Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан байна.
9.11.   Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн хурал эхлэхээс өмнө итгэмжлэлийг ТУЗ-д мэдэгдэж, итгэмжлэлийг санал хураалт эхлэхээс өмнө хурлын нарийн бичгийн даргад өгсөн байх бөгөөд түүнийг тухайн хурлын холбогдох баримт бичгүүдийн хамт хадгална.
9.12.   Төлөөлөх итгэмжлэл нь зөвхөн тухайн хуралд хүчинтэй. Хувь нийлүүлэгчдийн хурал хойшилсон боловч хэлэлцэхээр товлосон асуудал өөрчлөгдөөгүй тохиолдолд итгэмжлэл дараагийн хуралд хүчинтэй байна.
9.13.   Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Хянан шалгах зөвлөлийн гишүүд өөр хувь нийлүүлэгчийн итгэмжлэлээр төлөөлөн оролцохыг хориглоно.
9.14.   Ирц бүрдүүлэлт: Саналын эрхтэй нийт хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж буй хувь нийлүүлэгч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
9.15.   Энэ дүрмийн 9.14 дэхь хэсэгт заасан ирц бүрдээгүй тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдах өдрийг товлоно. Хойшлогдсон хурал хуралдуулах асуудлыг дараахь журмаар зохицуулна:
9.15.1. хойшлогдсон хурлыг ажлын 20 (хорь) хоногийн дотор хуралдуулах бөгөөд хурал болох газар, өдөр, цагийг хурал хуралдахаас 7 (долоо) ба түүнээс доошгүй хоногийн өмнө дахин мэдээлнэ. Харин хойшлогдсон хурлаар хэлэлцэхээр товлосон асуудлыг өөрчилж үл болно;
9.15.2. түрүүчийн хуралд бичгээр ирүүлсэн саналыг хойшлогдсон хурлын тухайн хэлэлцэх асуудлын санал хураалтын дүнд оруулж болно;
9.15.3. хойшлогдсон хурал нь ажлын 20 (хорь) хоногийн дотор хуралдаж чадахгүй бол шинээр хурал зарлах бөгөөд ийнхүү шинээр зарласан хурлын ирц (кворум)-ийг энэ дүрмийн 9.14 дэх хэсэгт зааснаар тооцно.
9.16.   ТУЗ болон ХШЗ-д бусад хувь нийлүүлэгчдийг төлөөлөх гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно:
Хэрэв хамгийн олон санал авсан этгээд ТУЗ болон ХШЗ-ийн гишүүнээр сонгогдохоос татгалзвал дараагийн санал авсан этгээдийг сонгогдсонд тооцно. Үүнээс бусад тохиолдлоор буюу ТУЗ, ХШЗ-ийн гишүүнийг өөрчлөх бол дахин шинээр нэр дэвшүүлж, энэ дүрэмд заасан журмын дагуу сонгоно.
9.17.   Хувь нийлүүлэгчдийн бүртгэлийг хувь нийлүүлэгчдийн хурал хуралдах өдрөөр тасалбар болгож, уг хуралд оролцож, санал өгөх эрх бүхий хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг гэрийн хаяг, эзэмшиж буй хувьцааны тооны хамтаар гаргана.
9.18.   Тооллогын комисс, хурлын нарийн бичгийн дарга: Тооллогын комисс, хурлын нарийн бичгийн даргыг ТУЗ буюу Хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж буй этгээд хурал зарласан өдрөөс томилон ажиллуулна. Хурлын нарийн бичгийн дарга нь хурал зарласан мэдэгдлийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргүүлэх зэрэг хурлын бэлтгэлийг хангуулах ажлыг хариуцна.
9.19.   Тооллогын комисс дараахь үүргийг хүлээнэ:
9.19.1. хурлын ирцийг тогтоож, хурлын даргад мэдээлэх;
9.19.2. тухайн хуралд оролцож буй этгээдийн саналын эрхийн хэмжээг хэлэлцэж буй асуудал бүрээр тогтоох;
9.19.3. санал хураалтын дүнг тоолж, энэ тухай тэмдэглэл хөтлөх;
9.19.4. санал хураалтын дүнг нэгтгэж дүнгийн тухай шийдвэр гарган тооллогын комиссын даргаар гарын үсэг зуруулж хуралд танилцуулах;
9.19.5. тооллогын үр дүн үнэн зөв эсэхийг тооллогын комиссын дарга хариуцна;
9.19.6. Санал авсан хуудсыг хурлын дараа . . . хоногийн дотор архивт шилжүүлж хадгалуулах.
АРАВ. Төлөөлөн Удирдах  Зөвлөл
10.1.Хувь нийлүүлэгчдийн хурлын чөлөөт цагт Банкны эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид "ТУЗ" гэх) байна.
(Энэ заалт нь нэг гишүүнтэй буюу ТУЗ-гүй байхаар ХНХ-аас шийдвэрлэсэн банкны хувьд хамаарахгүй.)
ТУЗ-ийн үйл ажиллагаагаа явуулах хэлбэр нь ТУЗ-ийн хурал байна.
10.2.   ТУЗ-ийн гишүүдийг хувь нийлүүлэгчдийн хурлаас сонгож, томилно.
10.3.   ТУЗ-ийн дарга, гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
10.3.1. зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
10.3.2. ял шийтгэлгүй;
10.3.3. ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкыг удирдахад харшлахгүй.
10.4.   ТУЗ-ийн даргыг ТУЗ-ийн гишүүдээс дийлэнх олонхийн саналаар сонгоно.
10.5.   ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосон, удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлж чадахгүй болсон, эсхүл нас барсан тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлаар нөхөн сонгоно.
10.6.   ТУЗ-ийн гишүүн нь банкны хувь нийлүүлэгч байна.
10.7.   Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь банк, санхүүгийн бусад байгууллагын удирдлагад ажиллаж болохгүй.
10.8.   ТУЗ-ийн ээлжит хурал: ТУЗ-ийн ээлжит хурлыг улиралд 1 (нэг)-ээс доошгүй удаа хийнэ. Хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдох материалыг ТУЗ-ийн гишүүдэд ажлын 2 (хоёр)-оос доошгүй хоногийн өмнө баталгаат шуудан, факс, электрон шуудангаар банкны нарийн бичгийн дарга хүргүүлнэ.
10.9.   ТУЗ-ийн ээлжит бус хурал: Ээлжит бус хурлыг ТУЗ-ийн дарга зарлан хуралдуулна.
10.10. Ирц бүрдэлт: ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор ТУЗ-ийн хурал хүчин төгөлдөр болж, оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
10.11. Хэрэв ТУЗ-ийн гишүүдийн санал тэнцвэл ТУЗ-ийн даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
10.12. ТУЗ-ийн ээлжит бус хурал гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болж, оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
10.13. ТУЗ-ийн шийдвэр нь тогтоол байна. Тогтоолд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурж Банкны тэмдгийг дарна.
10.14. Телефон утсаар хуралд оролцох: ТУЗ-ийн хуралд нэгээс дээшгүй гишүүн телефон утас, түүнтэй адилтгах холбооны хэрэгслийн тусламжтайгаар оролцож болно. Гэхдээ хуралд оролцож буй бүх хүмүүс яриаг сонсох, түүнтэй ярих боломжтой байна. Ийм хэлбэрийг хуралд биеэр оролцсонд тооцно. ТУЗ-ийн гишүүн телефон утсаар хуралд оролцсон тохиолдолд түүний яриа, саналыг дуу бичлэгийн хальсанд буулгаж бэхжүүлэх буюу хурлын тэмдэглэлийг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулна.
10.15. ТУЗ-ийн гишүүн нь хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх асуудлын талаар саналаа бичгээр ирүүлэх замаар хуралд оролцож болно. ТУЗ-ийн гишүүнээс бичгээр ирүүлсэн саналыг хурлын протоколд хавсаргаж, зохих журмын дагуу хадгална. Ийм хэлбэрийг хуралд биеэр оролцсонд тооцно.
10.16. Цалин: ТУЗ-ийн гишүүдэд хувь нийлүүлэгчдийн хурлаас баталсан хэмжээгээр цалин, урамшуулал олгоно.
10.17. ТУЗ нь дараахь эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
10.17.1. Хэтийн чиглэл, стратегийн хүрээнд удирдлагын болон бизнес төлөвлөгөөг батлах;
10.17.2. Банкны удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, захиргааны зардлын хэмжээг тогтоох;
10.17.3.Банкны Гүйцэтгэх захирлыг Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилох, түүний ажлаас түдгэлзүүлэх, чөлөөлөх, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
10.17.4. Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;
10.17.5. Хувь нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
10.17.6. Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийг тодорхойлох, хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;
10.17.7. Банкны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;
10.17.8. Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох;
10.17.9. Өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах;
10.17.10. Аудиторыг сонгох, түүнтэй хийх гэрээний нөхцлийг тогтоох;
10.17.11. Ногдол ашгийн хэмжээ болон түүнийг төлөх журам, хугацааг тогтоох;
10.17.12. Хилийн чанадад салбар болон тооцооны төв, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг шийдвэрлэх;
10.17.13. Банкийг өөрчлөн байгуулах талаар хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн төсөл бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
10.17.14. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг ТУЗ-ийн бүх гишүүд санал нэгтэй олгох; ТУЗ-ийн бүх гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэж чадаагүй тохиолдолд уг асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
10.17.15. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрлийг ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэх;
10.17.16. Дотоод хяналтын нэгжийг байгуулах;
10.17.17. Бусад асуудал.
10.18. ТУЗ нь жилд нэгээс доошгүй удаа Хувь нийлүүлэгчдийн хуралд ажлаа тайлагнана.
АРВАН НЭГ. ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА
11.1.Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
11.2.Гүйцэтгэх захирал нь дараахь шалгуурыг хангасан байна:
11.2.1. банк, санхүүгийн салбарт 3 (гурав)-аас доошгүй жил ажилласан, энэ салбарын удирдлага менежментийн ур чадвар, туршлагатай;
11.2.2. зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
11.2.3. ял шийтгэлгүй;
11.2.4. ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкыг удирдахад харшлахгүй байх.
11.3.Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, банкны дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд Банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.
11.4.Өдөр тутмын болон шуурхай үйл ажиллагааны талаар Гүйцэтгэх захиралд туслах үүрэгтэй Захирлын зөвлөл ажиллана. Захирлын зөвлөлийн ажиллах журмыг Гүйцэтгэх захирал тогтооно.
11.5.Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал, нөхөн олговор, ногдох хариуцлага зэрэг асуудлыг гэрээнд тусган ТУЗ-өөс тогтооно.
11.6. Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн хурал хуралдуулах тухай саналыг ТУЗ-ийн дарга болон гишүүнд гаргаж болно. Энэхүү саналыг хүлээж аваагүй нөхцөлд Хянан шалгах зөвлөлд хандах эрхтэй.
11.7.Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд ТУЗ-өөс томилсон ТУЗ-ийн гишүүн Банкыг төлөөлөн оролцоно.
11.8.Гүйцэтгэх захирлын эдлэх эрх хэмжээг түүнтэй байгуулсан гэрээнд тодорхой тусгах бөгөөд Гүйцэтгэх захирал нь дор дурьдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ. Үүнд:
11.8.1. энэхүү дүрэм болон холбогдох хууль тогтоомж, Банкны хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгавар болон ТУЗ-ийн шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;
11.8.2. хувь нийлүүлэгчид, үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх, өөрийн банкны санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;
11.8.3. Банк, банкны хадгаламж эзэмшигчид, харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаасаа илүүд тавьж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан банк, түүний салбар, тооцооны төв, кассуудын үйл ажиллагааг зохицуулан удирдах;
11.8.4. үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаарх мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;
11.8.5. ТУЗ-өөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт, урамшууллын хэмжээг тогтоох;
11.8.6. ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх;
11.8.7. Банкны газар, нэгж, салбар банк, тооцооны төв, касс төлөөлөгчийн газар байгуулах, татан буулгах, тэдгээрийн удирдлага, ажилтнуудыг томилох, ажлаас чөлөөлөх;
11.8.8. олгогдсон эрх хэмжээний хүрээнд Банкны нэрийн өмнөөс баталгаа, батлан даалт гаргах, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах;
11.8.9. Банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
11.8.10. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах;
11.8.11. Удирдлагын хороо, Захирлын зөвлөлийг удирдаж, тулгамдсан чухал асуудлуудаар санал авах;
11.8.12. энэхүү дүрэмд болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан үүргээ биечлэн гүйцэтгэх, эсхүл тэргүүн дэд захирал, дэд захирал зэрэг албан тушаалтнуудад эрхээ шилжүүлэх замаар гүйцэтгүүлэх;
11.8.13. Банктай хийх хэлэлцээрт оролцож байгаа этгээд нь энэхүү дүрмийн 8.5-д тодорхойлсон нэгдмэл сонирхолтой этгээд байгаа бол энэ тухайгаа нэн даруй ТУЗ-д бичгээр мэдэгдэх;
11.8.14. Гүйцэтгэх захиралд энэхүү дүрэмд заагдсан банкны ажилтанд тавигдах ёс зүйн шаардлагууд нэн түрүүнд хамаарна;
11.8.15. санхүүжилт, зээлжүүлэлттэй холбогдсон хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаанд авах, дансны гүйлгээг түр хаах;
11.8.16. Банкинд учруулсан хохирлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, банкинд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон оролцуулах;
11.8.17. хувийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх;
11.8.18. банк, түүний салбар, нэгжийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээ, нэг этгээдэд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох, зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийж, хяналт тавих;
11.8.19. шаардлагатай гэж үзвэл хадгаламж эзэмшигч, харилцагчдын болон хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн салбар, нэгжийн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон тусгай дүрэм, журам гаргах, салбар, нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
11.8.20. Банкнаас хөрөнгө захиран зарцуулах төлбөрийн баримтад гарын үсэг зурах;
11.8.21. ТУЗ-тэй зөвшилцсөний үндсэн дээр дотоод хяналтын нэгжийн дарга, захирлыг томилж, чөлөөлөх;
11.8.22. гэрээнд заасан бусад эрх, үүрэг.
11.9.Гүйцэтгэх захирал ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчлөх тохиолдолд өөрийн эрх, үүргийг бүхэлд нь Банкны Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу эрх бүхий этгээдэд шилжүүлнэ. Түүнчлэн Гүйцэтгэх захирал тодорхой бүрэн эрхээ банкны албан тушаалтнууд болон ажилтнуудад итгэмжлэн хариуцуулж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
11.10. Банкны зээл, хадгаламжийн хүү, үйлчилгээний комисс, шимтгэлийн хэмжээг Актив Пассивын Хороогоор хэлэлцүүлж, Гүйцэтгэх захирал тогтооно.
11.11. Гүйцэтгэх захирал нь Банкны тухай хуульд заасан болон Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах талаар хүлээсэн үүргээ санаатай тасалдуулсан, түүнчлэн энэхүү дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй, тэдгээрийг ноцтой зөрчсөн тохиолдолд ТУЗ нь Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
11.12. ТУЗ-ийн дарга, гишүүн, Гүйцэтгэх захирал, Салбар, Газрын захирлыг банкны удирдах албан тушаалтанд тооцно.
11.13. Эрх бүхий албан тушаалтан нь Банкны дүрэм, ТУЗ-өөс баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, банкны ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана.
11.14. Эрх бүхий албан тушаалтан нь дараах хууль бус үйл ажиллагаа явуулсан бол хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна. Үүнд:
11.14.1. хувийн ашиг сонирхлын үүднээс банкны нэрийг ашиглан аж ахуйн үйл ажиллагаа явуулсан;
11.14.2. хувь нийлүүлэгчид, зээлдүүлэгч болон бусад харилцагчдад хуурамч мэдээлэл өгснөөс тэдэнд хохирол учирсан;
11.14.3. нэгдмэл сонирхолтой этгээд болохоо энэ дүрмийн 8.6 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдээгүй;
11.14.4. Банкны бичиг баримтыг энэ дүрмийн 12.4, 12,5 дахь хэсэгт заасан журмын дагуу хадгалаагүй;
11.14.5. Банкны дүрэм, ТУЗ-өөс баталсан дотоод журмыг биелүүлээгүй, банкны нууц мэдээг гуравдахь этгээдэд дамжуулсан, эсхүл хувийн зорилгод ашигласан;
11.14.6. ТУЗ-тэй байгуулсан гэрээ, банкны дүрмээр тогтоосон эд хөрөнгө захиран зарцуулах эрх хэмжээг хэтрүүлсэн.
11.15. Эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, түүний хэмжээг тогтоох асуудлыг ТУЗ-тэй байгуулсан гэрээ, банкны дотоод журмаар зохицуулах бөгөөд хэрэв тэдгээрийн дагуу шийдвэрлэх боломжгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.
АРВАН ХОЁР. Банкны нарийн бичгийн дарга
12.1.   Банкны нарийн бичгийн даргыг ТУЗ-ийн хурлаас томилно.
12.2.   Банкны нарийн бичгийн дарга нь хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн бүх хуралд оролцож протокол хөтлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн хурлын мэдэгдлийг хийх ба Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн үүргийг биелүүлнэ.
12.3.   Банкны нарийн бичгийн дарга нь энэ дүрмийн 12.4-т заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.
12.4.   Банкны нарийн бичгийн дарга дараах бүртгэлийг хөтөлж, холбогдох баримт бичгийг хадгална:
12.4.1.банкны дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, банкны бүртгэлийн гэрчилгээ;
12.4.2.хувь нийлүүлэгчдийн хурал, ТУЗ, хянан шалгах зөвлөлөөс баталсан банкны дотоод бичиг баримт;
12.4.3.нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;
12.4.4.хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, шийдвэрүүд;
12.4.5.хянан шалгах зөвлөлийн хурлын тэмдэглэл, хянан шалгах зөвлөлийн болон аудиторын дүгнэлт;
12.4.6.хувь нийлүүлэгчдийн хурлаар батлагдсан санхүүгийн тайлан;
12.4.7.хувьцаа болон үнэт цаас гаргах журам;
12.4.8.хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, хэмжээ.
12.5.Банкны нарийн бичгийн дарга нь банкны бүртгэлд дараах зүйлсийг заавал тусган бүртгэнэ:
12.5.1. хувь нийлүүлэгч тус бүрийн овог, нэр, эзэмшиж буй хувьцааны тоо, тэдгээрийн нийт үнийн дүн, олгосон ногдол ашиг;
12.5.2. хувь нийлүүлэгчдийн хурлыг товлосон он, сар, өдөр, газар, цаг болон хурлын дарга, нарийн бичгийн даргын овог нэр, хуралд оролцсон хувь нийлүүлэгчдийн тоо, хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, тогтоол тус бүрт хувь нийлүүлэгчдийн өгсөн санал.
12.6. Банкны нарийн бичгийн дарга нь банкны бичиг баримтыг дараах журмын дагуу хадгална:
12.6.1. энэ дүрмийн 12.4-т заасан баримтыг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувь нийлүүлэгчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгалах;
12.6.2. дүрэм, түүний нэмэлт, өөрчлөлтийг байнга хадгалах. Энэ дүрмийн 12.4-т заасан бусад бичиг баримтыг нарийн бичгийн дарга нь 5 (тав) жилийн хугацаагаар хадгалах бөгөөд энэ хугацаа дууссаны дараа эдгээр бичиг баримтыг архивт шилжүүлэх.
АРВАН ГУРАВ. Хянан шалгах зөвлөл
13.1.Банкны Хянан шалгах зөвлөл (цаашид "ХШЗ" гэх)-ийг Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцогчдын олонхийн саналаар . . . бүрэлдэхүүнтэй сонгоно.
13.2.Дор дурдсан этгээдийг ХШЗ-д байхыг хориглоно:
13.2.1.эрх зүйн чадамжгүй;
13.2.2.урьд нь дампуурсан банк, компанийн удирдлагад ажиллаж байсан;
13.2.3.банкны удирдлагын төрөл садан, ТУЗ-ийн гишүүдийн болон Гүйцэтгэх захирлын нөлөөнд автсан;
13.2.4.банк болон харъяа салбарт ажилладаг;
13.2.5.банкны журам зөрчсөн буюу ёс зүйн ноцтой алдаа гаргасан;
13.2.6.банкны эрх бүхий албан тушаалтан.
13.3.Үүрэг хариуцлага: Хянан шалгагчид дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ:
13.3.1. удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих;
13.3.2. банкны үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль болон Банкны дүрэмд нийцэж буй эсэхийг хянах;
13.3.3. нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцэл гаргалт, татвар төлөлт хууль тогтоомжийн дагуу хийгдсэн эсэхийг хянах;
13.3.4. энэхүү дүрмийн 14.2-т заасан санхүүгийн тайлангуудыг гаргасан эсэхийг хянах;
13.3.5.бэлэн мөнгө, үнэт цаас, барьцаалсан зүйлийг шаардлагатай гэж үзвэл шалгах;
13.3.6. хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хохироох үндэслэлтэй гэж үзвэл холбогдох гэрээ хэлэлцээрийг хянах;
13.3.7.хувь нийлүүлэгчдийн гомдлыг яаралтай шалгаж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж мэдээлэх;
13.3.8. шалгасан баримт бичиг, тайлан тэнцлийн нууцыг хадгалах;
13.3.9. шалгасан баримт бичиг, түүнтэй холбогдон гарсан шийдвэрийг Банкны бүртгэлд бүртгүүлэх.
13.4.   ХШЗ жилд . . . доошгүй удаа хувь нийлүүлэгчдийн хуралд ажлаа тай-лагнана.
13.5.   ХШЗ-ийн гишүүд нь хувь нийлүүлэгчдийн хуралд ажиглагчаар оролцож болно.
13.6.   ХШЗ нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцүүлэхээр хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг ТУЗ-өөс шаардах, уг шаардлагыг ТУЗ хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрхтэй.
13.7.   ХШЗ-өөс гаргасан шийдвэр, бусад баримтыг банкны нарийн бичгийн дарга бүртгэж хадгална.
13.8.   Хурлын ирц: ХШЗ-ийн гишүүдийн олонхи хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Хурлаас гарах шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батална. Хянан шалгагч бүрийн саналыг банкны нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэлд бичиж баримтжуулна.
13.9.   Энэхүү дүрэмд заасан үүрэг хариуцлагыг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хянан шалгагчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
АРВАН ДӨРӨВ. Банкны бүртгэл хяналт, санхүүгийн тайлан
14.1.Банкны санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу улирал болгон гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан хэвлүүлнэ.
14.2.Санхүүгийн тайлан нь тайлан тэнцэл, орлого, үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тайлбар, тодруулгаас бүрдэнэ.
14.3.Санхүүгийн тайлангуудын үнэн зөвийг ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогч хариуцна.
14.4.Банк нь дотоод хяналтын нэгжтэй байх бөгөөд дотоод хяналтын нэгж нь банкны өдөр тутмын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажиллагаа холбогдох заавар журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж, банкны хүлээж болзошгүй эрсдэлүүдийг илрүүлж тооцон, ажлаа ТУЗ болон Гүйцэтгэх захиралд шууд тайлагнана.
14.5.Дотоод хяналтын нэгж нь Банкны төв болон салбар нэгжүүдийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэл, төсөв, орон тоо, цалингийн сан, тайлан гаргалт, татвар төлөлт зэргийг хууль тогтоомж, Банкны эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлсэн эсэхийг хянана.
14.6.   Дотоод хянан шалгагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.6.1. батлагдсан хуваарийн дагуу ээлжит болон гэнэтийн шалгалтыг салбар, нэгжүүдэд явуулах;
14.6.2. үйл ажиллагаагаа явуулах зорилгоор салбар, нэгжүүдэд чөлөөтэй нэвтрэн орох;
14.6.3. салбар, нэгжүүдийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх, тайлбар лавлагаа гаргуулж авах, асуулт тавьж хариулт авах;
14.6.4. шаардлагатай гэж үзсэн баримт материалын хуулбарыг салбар, нэгжүүд, харилцагч иргэд, хуулийн этгээдээс гаргуулан авах.
14.65. шаардлагатай асуудлаар шууд ТУЗ, ХШЗ-д хандаж, мэдээллээр хангах,
14.7.   Банкны санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг сонгон ажиллуулж болно.
14.8.   Аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээг ТУЗ батална. Гэрээнд банкны болон аудиторын эрх, хүлээх үүрэг, хариуцлага, аудиторд төлөх хөлсний хэмжээг заана.
14.9.   Аудитор нь хувь нийлүүлэгчдийн хуралд зөвхөн тайлбар өгөх үүрэгтэй оролцож болно.
14.10. Нэгдмэл сонирхолтой этгээд, банкны эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд, банкны буюу нэгдмэл сонирхолтой компанийн хөлсний ажилтныг аудитороор сонгон ажиллуулахыг хориглоно.
АРВАНТАВ. Банкны хувь нийлүүлэгчдийн бүртгэл
15.1.Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, санал өгөх, ногдол ашиг авах, санал хүсэлт гаргах зэрэг эрхийг эдлүүлэхэд баримтлах гол баримт нь банкны хувь нийлүүлэгчдийн бүртгэл болно.
15.2.   Энгийн болон давуу эрхийн хувьцаа, тэдгээрт хөрвөх үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг Банкны нарийн бичгийн дарга хөтөлнө.
15.3.   Хувь нийлүүлэгч ажлын цагаар Банкны нарийн бичгийн даргад бүртгэгдэн хадгалагдаж буй баримт бичигтэй танилцаж хуулбар, тэмдэглэл хийх эрхтэй.
15.4.   Хувь нийлүүлэгч нь банкны баримт бичигтэй танилцах хүсэлтээ бичгээр илэрхийлнэ. Уг хүсэлтээ зохих журмаар гаргасан нууцын баталгааны хамт Банкны хаягаар ирүүлнэ.
15.5.   Энгийн болон давуу эрхийн хувьцаа, тэдгээрт хөрвөх үнэт цаас эзэмшигч нь өөрийн хаяг, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тухай бүрт ажлын 5 (тав) хоногийн дотор Банкны нарийн бичгийн даргад мэдэгдэж бүртгэлд өөрчлөлт оруулах үүрэгтэй.
АРВАН ЗУРГАА. Банкны хувь нийлүүлэгчдийн гэрчилгээ, ногдол ашиг хуваарилалт
16.1.   Гэрчилгээ: Хувь нийлүүлэгчийн эзэмшиж буй хувьцааны тоог гэрчилж Банкнаас олгосон бичгийг эрхийн гэрчилгээ гэнэ.
16.2.   Хувь нийлүүлэгчдийн эрхийн гэрчилгээг Банкны бүртгэлд бүртгэнэ.
16.3.   Гэрчилгээ тус бүрт ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, Банкны тэмдэг дарж баталгаажуулан олгоно. Хувь худалдан авсан, хувьцааг шилжүүлсэн болон ногдол ашиг хуваарилан олгосон тухай гэрчилгээнд хийх тэмдэглэлийг Банкны нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
16.4.   Хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх: Хувь нийлүүлэгчдийн эрхийг шилжүүлсэн тухай бүртгэлийг эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч буй этгээдэд хүлээлгэн өгөх үед хөтөлнө. Эрхийн гэрчилгээнд бичилт хийлгэснээр эрх шилжсэнд тооцно. Эрх шилжүүлэх ажиллагааг хууль тогтоомж болон энэхүү дүрмийн дагуу хийгээгүй бол эрх шилжүүлсэнд тооцохгүй.
16.5.   Үрэгдүүлсэн гэрчилгээ: Гээгдүүлсэн, хулгайд алдсан, устгагдсан гэрчилгээний оронд банкнаас шинэ гэрчилгээ олгоно. Банк нь үрэгдүүлсэн эрхийн бичгийн эзэн буюу түүний хуулийн эрх бүхий төлөөлөгчөөс уг эрхийн бичигтэй холбогдон гарч болох аливаа хариуцлагыг банк хүлээхгүй гэсэн баталгааг гаргуулж авна. Түүнчлэн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгохтой холбогдон гарах зардлыг эзэмшигч хариуцна.
16.6.   Ногдол ашиг: ТУЗ-ийн шийдвэрээр хувьцаа тус бүрт хуваарилан олгох ногдол ашгийн хэмжээг тогтооно. Ногдол ашиг хуваарилан олгох, эсэх асуудлыг ТУЗ нь хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал хуралдахаас өмнө хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг хуваарилан олгох ажлыг ТУЗ-өөс тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.
16.7.   Ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн хувь нийлүүлэгч нь хуваарилагдсан ногдол ашгаа авах эрх үүснэ.
16.8.   Дор дурьдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй байж болно:
16.8.1. хуваарилагдах ашиг үлдээгүй;
16.8.2. Банкны үйл ажиллагааг цаашид өргөтгөх, хэвийн явуулах үүднээс ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн,
16.8.3. Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг бүрэн байгуулаагүй,
16.8.4 Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг хангасан ч ноогдол ашгийг хуваарилсны дараа эдгээр үзүүлэлт хангахдахгүй,
16.9. Нөөцийн сан: Ногдол ашиг хуваарилахаас өмнө ашгаас нөөцийн сан байгуулж болно.
АРВАН ДОЛОО. Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах
17.1.Банкийг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, Монголбанкны зөвшөөрлөөр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.
17.2. Өөрчлөн байгуулах, татан буулгах үйл ажиллагааг Банкны тухай болон Компанийн тухай хуулиудад заасны дагуу хэрэгжүүлнэ.
17.3.Банкийг зөвхөн дараахь үндэслэлээр татан буулгаж болно:
17.3.1. Хувь нийлүүлэгчдийн хурлаас татан буулгахаар саналын эрхийн . . . -аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэсэн;
17.3.2. Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон.
17.4.   Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр банкыг татан буулгах тохиолдолд татан буулгах комисс томилж, татан буулгах журам, хугацаа болон нэхэмжлэгчдийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдэж байгаа эд хөрөнгийг хувь нийлүүлэгчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төсөл боловсруулж, хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
17.5.   Татан буулгах комисс томилсноор гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж, татан буулгах комисст шилжинэ. Уг комисс нь банкыг бүрэн төлөөлж, шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч байх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
АРВАН НАЙМ. Банк татан буулгах тохиолдолд эд хөрөнгийг хувь нийлүүлэгчдэд хуваарилах
18.1.Банкийг татан буулгах тохиолдолд нэхэмжлэгчдийн өр төлбөрийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлан барагдуулсны дараа үлдэж байгаа эд хөрөнгийг хувь нийлүүлэгчдэд хуваарилах зарчим баримтлана. (МБЕ-ийн 2003.4.22-ны өдрийн 192 тоот  тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан)
18.2. Татан буулгах комисс банкийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
18.3.Татан буулгах комисс нь нэхэмжлэгчдийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдэж байгаа эд хөрөнгийг хувь нийлүүлэгчдэд доорх дарааллын дагуу хуваарилна:
18.3.1. давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашиг болон татан буулгалтын үнэ, түүнчлэн банкнаас гаргасан буцаан худалдаж авах давуу эрхийн хувьцааны төлбөр;
18.3.2. Банкнаас гаргасан буцаан худалдаж авах энгийн хувьцааны төлбөр;
18.3.3. үндсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогыг банкны энгийн хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн олгоно.
ХОРЬ. Бусад зүйл
20.1.   Санхүүгийн жил: Банкны санхүүгийн жил нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, тухайн жилийн 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.
20.2.   Банк нь эд хөрөнгөө даатгуулж болно.
20.3.   Энэ дүрмийг . . . хувь монгол хэлээр үйлдэн, Банкны тэмдэг дарж, бүртгэх байгууллага, ТУЗ, Гүйцэтгэх захирал, Монголбанк, Банкны нарийн бичгийн даргад тус бүр нэг хувийг хадгалуулна. Дүрмийн эх хувиудын хооронд зөрүүтэй зүйл гарвал Банкны нарийн бичгийн дарга, эсхүл бүртгэх байгууллагад хадгалагдаж буй хувийг эх хувь болгоно.
Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү дүрэмд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт, өөрчлөлт нь бүртгэх байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэ дүрмийн нэгэн адил хүчинтэй байна.