Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны
 627 дугаар тушаалын хавсралт
 
БАНКНЫ ТАТАН БУУЛГАХ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх татан буулгахаар зааснаас бусад үндэслэлээр Монголбанкнаас банк байгуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгосон банкинд татан буулгах комисс  /цаашид комисс гэх/ томилох, комиссын үйл ажиллагаанд Монголбанкнаас хяналт тавихад энэхүү журмыг баримтлана.
2.Комиссын үйл ажиллагаанд хувь нийлүүлэгчид, Монголбанк, хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдүүлэгчид хяналт тавина.
3.Татан буулгах шийдвэрт дараахь зүйлийг заавал тусгасан байна. Үүнд:
1/Татан буулгаж байгаа огноо, үндэслэл;
2/Комиссын бүтэц, бүрэлдэхүүн;
3/Хувь нийлүүлэгчдийн хуралд тайлан тавих хугацаа;
4/Комиссын үйл ажиллагаанд хяналт тавих этгээдийн нэр, албан тушаал.
4.Комисс нь өөрийн албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
5. Комисст банкны нэрийг дангаар нь хэрэглэхийг хориглох бөгөөд татан буугдаж байгаа ".......... банкны Татан буулгах комисс" гэсэн нэрийг хэрэглэнэ.
6. Банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон Монголбанкны шийдвэрийг үндэслэн банкны Төлөөлөн удирдах зөвлөл хувь нийлүүлэгчдийн хурлыг Монголбанкны шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
7. Төлөөлөн удирдах зөвлөл банкийг татан буулгах, татан буулгах комисс байгуулах асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлж, хурлын шийдвэрийг шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.
ХОЁР. Монголбанкнаас комиссын үйл ажиллагаан хяналт тавих
1.Комисс нь хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан тооллогын комисс байгуулж, банкны бүх хөрөнгөнд тооллого явуулна.
2.Комисс нь тооллогын комиссын акт, материал, санхүүгийн тайлан мэдээг тайлбарын хамт тооллогын үр дүн гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ. Үүнд:
1/Дэлгэрэнгүй болон хураангуй тэнцэл;
2/Төлбөр барагдуулах дарааллын дагуу бүх өглөг, авлагыг байгууллага, иргэний нэр, регистрийн дугаар, нэрийн дансны үлдэгдэл болон мөнгөн дүнгээр гаргасан жагсаалт;
3/Бусдад олгосон зээлийн дансдын дэлгэрэнгүй тайлан /1 дүгээр хавсралт/;
4/Харилцах, хадгаламжийн дансдын дэлгэрэнгүй тайлан /2, 3 дугаар хавсралт/;
5/Бусад  авлага, өглөгийн дэлгэрэнгүй  тайлан /4, 5 дугаар хавсралт/.
3. Комисс хадгаламжийг барагдуулж дуустал сар бүр, хадгаламжийг  барагдуулж дууссанаас хойш улирал бүр дараахь тайлан мэдээг гаргаж, Монголбанкинд дараа сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ.  Үүнд:
1/Төлөгдсөн зээл, бусад авлагын мэдээ;
2/Төлөгдсөн харилцах, хадгаламж, бусад өглөгийн мэдээ;
3/Борлуулсан хөрөнгийн мэдээ.
4.Монголбанк нь энэ бүлгийн 2, 3-т заасан  тайлан мэдээг комиссоос хүлээн авч хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгчдийн шаардлагыг хууль тогтоомжийн дагуу барагдуулж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж, холбогдох арга хэмжээг авна.
5.Комисс дараахь тохиолдолд үйл ажиллагаагаа дуусгавар болгож дуусгалтын тэнцлийг гаргана:
1/Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүрэн, эсхүл банкны эд хөрөнгийн хэмжээнд бүрэн хангасан бөгөөд цаашид хуваарилагдах эд хөрөнгө үлдээгүй;
2/Зээл болон бусад авлага бүрэн төлөгдөөгүй, эд хөрөнгийг бүрэн худалдаагүй боловч төлөгдсөн, худалдсан хэсгээс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.
6.Комисс үйл ажиллагаагаа дуусгавар болгосон тухай Монголбанкинд мэдээлж тайланг хүргүүлнэ.
7.Монголбанкнаас тухайн банкийг улсын бүртгэлээс хасуулах шийдвэр гаргана.
8.Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанаас банкийг татан буугдсан тухай улсын бүртгэлд бүртгэж, нийтэд зарласнаар татан буулгах үйл ажиллагаа дуусгавар болно.
ГУРАВ. Хариуцлага
1.Комисс нь журамд заасан тайлан мэдээг тогтоосон хугацаанд үнэн зөв гарган Монголбанкинд ирүүлээгүй бол Монголбанкны улсын байцаагч комиссын дарга, гишүүдэд Банкны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 
            2.Комиссын дарга, гишүүд нь өөрийн хариуцлагагүйгээс татан буугдсан банкийг хохироосон бол түүнийг томилсон этгээд болон Монголбанкнаас хууль тогтоомжийн дагуу холбогдох  арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэнэ.