Хэвлэх DOC Татаж авах
Монгол банкны Ерөнхийлөгчийн 1997 оны
129 дүгээр тушаалын хавсралт
 
БАНКНЫ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ
ХЯНАЖ БҮРТГЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Банкнаас гаргасан эрх зүйн нийтлэг баримт бичиг / тушаал, журам, заавар, дүрэм/-ийн хууль зүйн үндэслэлийг хянаж түүнийг Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Монголбанкны эрх зүйн акт /цаашид эрх зүйн актын бүртгэл гэх/-ын бүртгэлд бүртгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2. Банкны эрх зүйн баримт бичиг нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан Монголбанкны эрхийн актыг заалтанд хэрхэн нийцэж байгааг Монголбанкны Хуулийн хэлтэс хянан үзэж зөрчилгүй гэж үзвэл эрх зүйн актын бүртгэлд бүртгэж авна.
Хоёр. Эрх зүйн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх
3. Банк нь нэгдүгээр хавсралтад заасан эрх зүйн актын жагсаалтад орсон эрх зүйн баримт бичгийн албан ёсны эх хувийг эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлэхээр Монголбанкны Хуулийн хэлтэст ирүүлнэ.
4. Дээр дурдсан эрх зүйн баримт бичгийг ажлын 10 өдрийн дотор, хэрвээ хоёр буюу түүнээс дээш банк, өөр байгууллагатай хамтарч уг эрх зүйн баримт бичгийг гаргасан бол тухайн баримт бичигт нэр эхлэн бичигдсэн банк, байгууллага хариуцан мөн хугацааны дотор Хуулийн хэлтэст ирүүлнэ.
5. Эрх зүйн баримт бичгийг Хуулийн хэлтэс хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн мэргэжлийн газар, хэлтсийн санал, дүгнэлт, хууль тогтоомжтой нийцүүлэн хянаж, хариуг дор дурдсан хэлбэрээр албан ёсоор мэдэгдэнэ.
а/ уг баримт бичиг нь хууль тогтоомжид нийцэж байна гэж үзвэл түүнийг эрх зүйн актын бүртгэлд бүртгэж дугаар олгоод энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэнэ.
б/ хянах явцад тухайн баримт бичиг нь бүхэлдээ буюу түүний аль нэг заалт нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан Монголбанкны эрх зүйн актыг зөрчсөн байвал Хуулийн хэлтэс энэ тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж тухайн банкинд хүргүүлнэ.
в/ 2 буюу түүнээс дээш банк, эсвэл өөр байгууллагатай хамтарч гаргасан баримт бичгийг хянасан тухайгаа уг баримт бичигт нэр эхлэн бичигдсэн банк, байгууллагад мэдэгдэнэ.
6.Тухайн баримт бичиг холбогдох хууль тогтоомжид харшилж байгаа тухай Хуулийн хэлтсийн дүгнэлтийг хүлээн аваад банк нь өөрийн эрх зүйн баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг ажлын 7 хоногийн дотор дахин хянаж үзэж, хууль тогтоомжид нийцүүлээд ирүүлнэ.
Хуулийн хэлтсийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухайгаа Хуулийн хэлтэст мөн хугацаанд мэдэгдэнэ.
Банкны энэ хариуг үндэслэлгүй гэж үзвэл Хуулийн хэлтэс өөрийн дүгнэлтээ Монголбанкны Бодлогын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
7. Уг баримт бичиг нь хууль тогтоомжид харшилж байгаа нь нотлогдвол Монголбанкны Ерөнхийлөгч Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын дагуу хүчингүй болгоно.
Гурав. Эрх зүйн баримт бичгийг мэдээлэх, ашиглуулах
8.Энэ журмын дагуу бүртгүүлсэн банкны эрх зүйн баримт бичиг болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг Хуулийн хэлтэс Монголбанкны холбогдох бусад газар, хэлтэст өгч байна.
9.Банкны эрх зүйн баримт бичгийн бүртгэл, мэдээллийн санг Хуулийн хэлтсээс эрхлэн Монголбанкны газар, хэлтэс банкинд мэдээллээр үйлчилнэ.
Дөрөв. Хариуцлага
10. Банк нь өөрийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа Монголбанкнаас баталсан жагсаалтад орсон эрх зүйн баримт бичгээ тогтоосон хугацаанд хянуулж бүртгүүлээгүй буюу зөрчилтөй акт мөрдөж байгаа нь шалгалтаар тогтоовол Монголбанкны хянан шалгагчид хуульд заасан эрхийнхээ хүрээнд хариуцлага хүлээлгэж уг эрхийн актыг Хуулийн хэлтэст хүргүүлнэ.
11.Хуулийн хэлтэс уг актыг хянан үзээд Монголбанкны Бодлогын зөвлөлийн хуралд танилцуулж хүчингүй болгуулах буюу бүртгэж цаашид мөрдүүлэх эсэх талаар санал оруулна.
12.Банкны эрх зүйн баримт бичиг нь хуулийн хэлтэст бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд үүний дараа салбарууд болон холбогдох нэгжүүдэд хүргүүлж мөрдүүлнэ.