Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр
                                                                              тогтоолын хавсралт

 

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ,
АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ДҮРЭМ

/ЗГ-ын 2017 оны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү дүрмийг хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засвар хийх Барилгын тухай хуулийн 3.1.4-т заасан инженерийн хийцтэй бүх төрлийн байгууламж (цаашид “барилга байгууламж” гэх)-ийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад  мөрдөнө.

1.2. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “барилгын ажил эхлүүлэх” гэж Барилгын тухай хуулийн 13.2, 13.3-т заасны дагуу барилгын норм, нормативын баримт бичгийг баримтлан боловсруулж, магадлал хийсэн зураг төслөөр баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг;

1.2.2. “барилгын ажил үргэлжлүүлэх” гэж тухайн барилга байгууламжид   үүссэн тодорхой нөхцөл, шалтгааны улмаас (хөрөнгө оруулагч, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр, дүгнэлт гэх мэт) 1 сараас дээш хугацаагаар барилгын ажил зогссон шалтгаан болон зөрчил дутагдлыг арилгасан талаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосноор барилгын ажил үргэлжлэх үйл ажиллагааг;

1.2.3. “барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид “комисс” гэх)-ын бүх гишүүд уг комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулан, актын дугаар, барилга байгууламжийн паспорт олгосноор тухайн барилга байгууламжийг ашиглаж эхлэх үйл ажиллагааг.


Хоёр. Барилгын ажил эхлүүлэх үйл ажиллагаа

 

2.1. Барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтийг хөрөнгө оруулагч нь захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдох байгууллагад тавина.

2.2. Барилга байгууламжийн газар олголт, төлөвлөлт, инженерийн шугам сүлжээтэй холбогдсон зөвшөөрлийн энэхүү дүрмийн 5 дугаар хавсралтын 1.1, 1.2, 1.3-т заасан үйл ажиллагааг аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын барилгын асуудал хариуцсан агентлагийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан 30-35 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.3. Барилга байгууламжийн зориулалт, ач холбогдол, үйлчлэх хүрээ,  хийц бүтээцийн онцлогоос хамааруулан энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасан ангиллын дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага нь 3 хоногийн хугацаанд олгоно.

2.4. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “А” гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг мөн дүрмийн 3 дугаар хавсралтад заасан байгууллагын холбогдох албан тушаалтан хянасны үндсэн дээр дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан загварын дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд гарын үсэг зурж, баталгаажуулан хөрөнгө оруулагч болон захиалагчид эсхүл зөвлөх үйлчилгээ эрхлэгчид олгоно.

2.5. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг тухайн барилга байгууламж баригдаж дуусах хүртэл хугацаагаар олгоно. Зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд ажил эхлээгүй тохиолдолд тухайн зөвшөөрөл хүчингүй болсонд тооцогдоно. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдох байгууллагад дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

2.6. Зөвшөөрөл олгогч нь барилгын ажлыг эхлүүлэх шаардлага хангагдаагүй бол энэ талаар тодорхой үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргагчид ажлын 3 хоногт багтаан албан бичгээр өгнө.

 

Гурав. Барилгын ажлыг үргэлжлүүлэх үйл ажиллагаа

 

3.1. Дор дурдсан тохиолдолд барилгын ажлыг зогссонд тооцно:

3.1.1. барилга байгууламжийн ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд ажил нь эхлээгүй;

3.1.2. барилгын ажил 1 сараас дээш хугацаагаар дараахь шалтгаанаар зогссон:

3.1.2.1. барилгын ажлыг зогсоох талаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарснаар;

3.1.2.2. барилгын ажлыг зогсоох талаар салбарын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарснаар;

3.1.2.3. барилгын ажлыг захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн шийдвэрээр зогсоосон.

3.2. Энэ дүрмийн 3.1-д заасны дагуу барилгын ажил зогссон шалтгаан болон зөрчил дутагдлыг арилгасан талаар барилгын үйл ажиллагааг зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага 3 хоногт багтаан олгоно.


Дөрөв. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаа

 

4.1. Барилгын тухай хуулийн 3.1.4-т заасан инженерийн хийцтэй бүх төрлийн байгууламж (цаашид “барилга байгууламж” гэх)-ийг ашиглалтад  оруулах үйл ажиллагааны явцад барилга байгууламжийг ашиглалтад  оруулах комисс (цаашид “комисс” гэх)  ажиллана.

4.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс  нь энэ дүрмийн    3 дугаар хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна.

4.3. Барилга байгууламжийн зориулалт, онцлогоос хамааруулан тухайн барилгын үйлдвэрлэл, үйлчилгээ, техник технологитой нь холбоотой салбарын төрийн захиргааны болон мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг комиссын бүрэлдэхүүнд оруулна.

4.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасны дагуу комиссын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагад хүргүүлнэ.

4.5. Захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын “Б” гэсэн хэсэгт  заасан бичиг, баримт, холбогдох материалыг бүрдүүлсэн байна. Комиссын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага баримт бичгийн бүрдлийг хянаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулна.

4.6. Зураг төсөл зохиогч, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч талууд хамтран тухайн барилга байгууламжид техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж дотоодын хяналтын дүгнэлт гаргана. Энэхүү дүгнэлтийг энэ дүрмийн 4.5-д заасан материалд хавсаргасан байна.

4.7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуралдааны бэлтгэлийг комиссын нарийн бичгийн дарга, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч хамтран зохион байгуулна.

4.8. Комиссын нарийн бичгийн дарга комиссын хуралдааныг зохион байгуулах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдааны тэмдэглэл хөтөлж, баталгаажуулах, акт үйлдэх ажлыг хариуцна.

4.9. Комиссын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол комиссын даргад хуралдаан эхлэхээс 1 хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэн байна.

4.10. Комиссын хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг барилга байгууламжийн захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч гаргаж гүйцэтгэлийг холбогдох  байгууллагаар баталгаажуулсан байна.

4.11. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад дугаар олгох, мэдээллийн санг хөтлөх үйл ажиллагааг энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасан барилга ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

4.12. Комисс нь дараахь  эрх,  үүрэгтэй:

4.12.1. комисс нь Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын бичиг, баримтад заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ;

4.12.2. комиссын гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн эцсийн шийдвэр гаргана. Энэхүү  шийдвэр  нь  Барилгын  тухай  хууль   болон  бусад  хууль  тогтоомжид нийцсэн  байна;

4.12.3. комисс гишүүдийн 2/3-оос доошгүй нь ирснээр ажиллана. Комиссын гишүүд мэргэжлийн  чиглэлээрээ дараахь үүргийг гүйцэтгэж, санал дүгнэлтийг танилцуулж ажиллана: 

4.12.3.1. барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт,  барилга угсралтын ажлын чанар болон хүний ажиллаж амьдрах таатай орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэх талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргах;

4.12.3.2. барилга байгууламжийн техникийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийсэн   ажилтай уялдуулан үзэх;

4.12.3.3. барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээний ажил нь, зураг төсөл, барилга техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, галын норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан эсэхийг нарийвчлан шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргах;

4.12.3.4. өргөх байгууламж, суурилагдсан тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд сорилт туршилт, тохируулга, зүгшрүүлэлт  хийсэн байдал, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ явуулах, ашиглахад бэлэн эсэхийг шалгаж дүгнэх;

4.12.3.5. барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, засвар шинэчлэлтийн ажлыг  дутуу буюу чанаргүй хийсэн, хууль тогтоомж, норм, дүрмийн заалт,  стандартын шаардлага зөрчсөн бол комисс ажиллахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх.

4.12.4. шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулсан, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, барилгын норм, нормативын бичиг, баримтын заалтыг ноцтойгоор зөрчсөн гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлуулах  саналыг тусгай зөвшөөрөл олгогч байгууллагад тавина;

4.12.5. технологийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний харилцан уялдаагүй барилга  байгууламжийг хэсэгчлэн ашиглах шийдвэрийг гаргана;

4.12.6. барилга байгууламж,  тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, засварын ажлыг дутуу буюу чанаргүй хийсэн, хууль  тогтоомж,  норм, дүрэм, стандарт, техникийн  нөхцөлийн заалтын шаардлага  хангаагүй   болон барилгын ажлын явц, чанарт тавигдсан хяналтад байгаа, тусгай зөвшөөрөл олгосон байгууллага, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд, зураг төсөл зохиогч, хангагч байгууллагаас тавьсан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг хангаагүй  тохиолдолд комисс  ажиллахаас татгалзах;

4.12.7. комиссын гишүүд  мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан актад гарын үсэг зурж баталгаажуулна. Зөрчил дутагдлыг 14 хоногт бүрэн арилгасан байна. Комиссын актыг баталгаажуулаагүй тохиолдолд комисс дахин ажиллах бөгөөд үүнтэй холбогдож гарах зардлыг захиалагч хариуцна;

4.12.8. ашиглалтад оруулах барилга байгууламж нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, барилгын норм, нормативын бичиг, баримтын заалтыг ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгах боломжгүй тохиолдолд энэ тухай эрх бүхий байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санал хүргүүлэх.

4.12.9. ашиглалтад орсон тухайн барилга байгууламжийн зураг төсөл, бичиг, баримтыг архивт хүлээлгэж өгөх, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх.

4.13. Захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч,  гүйцэтгэгч нь дараахь эрх үүрэгтэй:

4.13.1. комисс ажиллах нөхцөлийг хангаж гарах зардлыг хариуцах, шаардлагатай бол комисс томилсон байгууллагын дэмжлэг туслалцаа авах;

4.13.2. барилга байгууламжийн угсралтын ажил дутуу, чанаргүйгээс болж дахин комисс ажиллуулах тохиолдолд түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцах;

4.13.3. комиссын хуралдааны тэмдэглэл, комиссын өгсөн санал, дүгнэлтийн биелэлтийг гаргаж  баталгаажуулах;

4.13.4. энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ил, далд ажлын гүйцэтгэлийн актууд (гарын үсэг, тамга тэмдэг бүрэн гүйцэд, бичилт бүрэн    байх)-ыг  холбогдох байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулан, фото зургийг материалд хавсарган бичиг, баримтын товъёог хийсэн байх;

4.13.5. барилгын ажилд хэрэглэсэн түүхий эд, материал, бүтээц эдэлхүүний үйлдвэрийн паспорт, гарал үүсэл, тохирлын болон техникийн гэрчилгээ, чанарын баталгааг холбогдох ил, далд ажлын актад хавсаргасан байх;

4.13.6. барилгын ажлын үе шатны хяналтын болон захиалагч, зураг төслийн байгууллагын гаргасан акт, албан шаардлага,  дүгнэлтийн биелэлтийг гүйцэтгэгчтэй хамтран гаргасан байх;

4.13.7. барилга байгууламжийн болон гадна, дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг гарган материалд хавсаргах;

4.13.8. барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх явцын барилгын ажлын тэмдэглэл (талбайн журнал)-ийг зохих ёсоор хөтөлж захиалагчид хүлээлгэн өгөх;

4.13.9. комисс ажиллах үед зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг зураг төслийн байгууллагын хамт гаргаж, биелэлтийг хангуулах;

4.13.10. Барилгын тухай хуулийн 12.4-т заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцсан талаархи баталгаа гаргах.

 

--------оОо-------