Хэвлэх DOC Татаж авах
Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигийн хавсралт

ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫГ АЖ АХУЙН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл
1. “Батлан хамгаалах тухай Монгол Улсын хууль”-ийн 20 дугаар зүйлийн 3-т заасны дагуу цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуйн бүтээн байгуулалтын ажилд оролцуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлж буй төрийн болон хувийн аж ахуйн байгууллагаас цэргийн зарим анги, байгууллагыг гэрээгээр ангийн байнгын байрлалаас гадна ажиллуулахыг цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажил /цаашид аж ахуйн ажил гэх/-д оролцуулах гэнэ.
3. Аж ахуйн ажилд оролцуулахдаа цэргийн анги, байгууллагын байлдааны бэлэн байдлыг хангуулах болон тайван цагийн орон тооны зохион байгуулалтыг алдагдуулахгүй байхыг тухайн анги, байгууллагын захирагч /дарга/ хариуцна.
4. Аж ахуйн ажилд оролцуулах үйл ажиллагаа нь тухайн анги, байгууллага болон тэдгээрийг аж ахуйн ажилд оролцуулах хүсэлт тавьсан аж ахуйн нэгжийн хооронд харилцан зөвшөөрөлцсөн хоёр талын гэрээнд тулгуурлана.
5. Рот түүнээс дээшхи бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олгоно. Ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Батлан хамгаалахын сайдтай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

Хоёр. Аж ахуйн ажилд оролцуулах зөвшөөрөл авах
6. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг хүссэн байгууллагын хүсэлтийг Батлан хамгаалахын сайдад танилцуулж, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх саналаа боловсруулна.
7. Цэргийн анги, салбар, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг хүссэн байгууллагын хүсэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга өөрийн саналын хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид бичгээр өргөн мэдүүлнэ.
8. Зэвсэгт хүчний Жанжин штабаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх албан бичигт дараахь зүйлийг тусгасан байна. Үүнд:
1/ гүйцэтгэх ажлын агуулга;
2/ хамтран гүйцэтгэгчид;
3/ ажлын цар хэмжээ;
4/ ажлын үнэлгээ;
5/ ажлыг гүйцэтгэх хугацаа;
6/ ажлыг гүйцэтгэхэд оролцох бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслэлийн тоо;
7/ зарлагын тооцоо;
8/ олох ашгийн тооцоо;
9/ олох ашгийг юунд зарцуулах;
10/ шаардлагатай бусад зүйл;

Гурав. Аж ахуйн ажилд оролцуулахад бэлтгэх
9. Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрлийг үндэслэн Батлан хамгаалахын сайд тушаал гаргаж Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хүргүүлнэ.
10. Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах тухай Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга тушаал гаргана. Энэхүү тушаалаар дараах зүйлийг тогтоон батална. Үүнд:
1/ аж ахуйн ажилд оролцуулах цэргийн анги, салбар, байгууллага;
2/ бие бүрэлдэхүүний тоо;
3/ техник, хэрэгслийн тоо;
4/ хариуцах албан тушаалтан;
5/ ажил эхлэх, дуусах хугацаа;
6/ бусад зүйл.
11. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар аж ахуйн ажилд оролцохоор томилогдсон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ аж ахуйн ажилд оролцуулахаар хүсэлт гаргасан байгууллагын дарга /захирал/-тай хоёр талын гэрээ байгуулна.
12. Хоёр талын гэрээ нь дараах зарчимд үндэслэсэн байна. Үүнд:
1/ холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх;
2/ талуудын эрх ашгийг хангасан байх;
3/ төлбөртэй байх;
4/гэрээг нотариатаар бичиглүүлсэн байх.
13. Дээрх шаардлагыг бүрэн хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
14. Гэрээг байгуулсан талуудын дарга /захирал/ нар гэрээнд гарын үсгээ зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулсан байна.
15. Цэргийн анги, байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан хоёр талын гэрээтэй Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга танилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болно.

Дөрөв. Аж ахуйн ажилд оролцуулах
16. Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа цэргийн анги, байгууллагыг аж ахуй ажилд оролцуулна.
17. Аж ахуйн ажилд оролцож байгаа цэргийн анги, байгууллагын үйл ажиллагааг тухайн анги, байгууллагын захирагч /дарга/ болон тушаалаар үүрэг хүлээсэн албан тушаалтан удирдана.
18. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага аж ахуйн ажилд оролцож байгаа цэргийн анги, салбар байгууллагын ажилтай танилцан хяналт тавьж, явц, дүнг Батлан хамгаалахын сайдад тогтмол илтгэж байна.
19. Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, уг ажлыг хугацаанд нь хийж дуусгахыг аж ахуйн ажилд оролцож байгаа анги, байгууллагын захирагч /дарга/ хариуцна.
20. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр тухайн аж ахуйн ажлыг дууссан гэж үзнэ.

Тав. Аж ахуйн ажилд оролцсон дүн гаргах
21. Гэрээ байгуулагч талууд ажлын гүйцэтгэлийг тооцон гэрээгээ дүгнэсний үндсэн дээр тухайн анги, байгууллагын захирагч /дарга/ ажлын дүнгийн талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад илтгэнэ.
22. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага ажлын гүйцэтгэлийг нягтлан үзэж, дүнг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Батлан хамгаалахын сайдад илтгэх хуудсаар хүргүүлнэ. Ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулсан тухай дүнг Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид сар бүр танилцуулдаг Зэвсэгт хүчний үйл ажиллагааны мэдээнд тусгаж байна.

Зургаа. Бусад зүйл
23. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
24. Аж ахуйн ажлын явцад гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал энэ тухай асуудлыг гэрээг хүлээн зөвшөөрөх эрх бүхий албан тушаалтанд уламжилж, түүний зөвшөөрснөөр зохих өөрчлөлт оруулж болно.
25. Барилгын цэрэг, аж ахуйн зориулалттай цэргийн анги, байгууллагыг тухайн үүрэг, зориулалтаар нь аж ахуйн ажилд оролцуулах, мөн байгалийн гамшиг, ослын үед болон түүний хор хөнөөлийг арилгах ажилд оролцуулах үед энэ журам хамаарахгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 127 дугаар зарлигаар оруулсан өөрчлөлт тусгагдсан./