Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2012 оны 171
дүгээр тогтоолын хавсралт

 

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР



Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага



“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”, “Барилгын материалын үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” болон “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тулгуурлан энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зэрэг төсөл, зорилтыг хэрэгжүүлэх асуудлууд  энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Дээрх зорилтыг хангахад манай улсын барилгын материалын үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал хүрэлцэхгүй, барилгын салбарт шаардлагатай материалын 60 гаруй хувийг импортоор хангаж байгаа нь барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх арга хэмжээ авч, хувийн хэвшлийн үүсгэл санаачлагыг дэмжихийн зэрэгцээ барилгын материалын үйлдвэрийн салбарт төрөөс хөрөнгө оруулалт хийж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна.

Барилгын материалын үйлдвэрийг дэмжих энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр үндэсний үйлдвэрийн зах зээлийг хамгаалж,   2015 онд цементийн хүчин чадал  жилд 4 сая тонн, арматурын хүчин чадал      300 мянган тонн-д хүрч дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ, сантехникийн хуванцар материал, дулаан тусгаарлах материалыг тодорхой хугацаагаар импортолж, цаашид эх орондоо бүрэн үйлдвэрлэх болно.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

2.1. Монгол Улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалт, барилгажилтын ажлыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн эх орны үйлдвэрийн, гол нэр төрлийн барилгын материалаар хангах, энэ зорилгоор материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, барилгын материал үйлдвэрлэлийг түрүүлж хөгжүүлэхэд хөтөлбөрийн үндсэн зорилго оршино.

2.2.  Хөтөлбөрийн үндсэн зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь зорилтуудыг тодорхойлж байна:

2.2.1 барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл   эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг  боловсронгуй болгох;

2.2.2. барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдэд  бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх;


2.2.3. барилгын материалын үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх;

2.2.4. барилгын бүтээц, материал, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах;

2.2.5. барилгын бүтээц, материал, түүхий эдийн тээвэр, ложистикийн сүлжээг боловсронгуй болгох;

2.2.6. шинэ, дэвшилтэт барилгын материал, бүтээгдэхүүний стандартыг барилгын зураг төсөвт тусгаж, нэвтрүүлэх;

2.2.7. барилгын материалын үйлдвэрлэлийг хүйтний улирлаас үл хамааран жилийн турш жигд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

2.2.8. барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэх.

 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

 

3.1. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

3.1.1. хувийн хэвшлийн бүтээлч идэвх, санаачлагад үндэслэсэн бодит төслийг хэрэгжүүлэх;

3.1.2.   “Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий схем”, “Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” зэрэг хөгжлийн стратегийн баримт бичиг, аймаг, орон нутгийн хөгжлийн хөтөлбөр болон хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялдуулах;

3.1.3. түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэх,  уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн болон барилгын хаягдал зэрэг хоёр дахь түүхий эдийг боловсруулж ашиглах;

3.1.4. бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлуулах;

3.1.5 барилгын жинг хөнгөрүүлэх, эрчим хүчний алдагдлыг багасгах чиглэлээр барилгын материалын үйлдвэрийн технологийг үе шаттайгаар шинэчлэх.

 

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

4.1. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл   эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1. барилгын материалын үйлдвэрлэлд ашигладаг түгээмэл тархацтай ашигт малтмалын  нэр томъёог тодорхой болгох, геологи хайгуулын болон олборлолт, ашиглалтад тавих шаардлага, нөхцөл, татварын орчныг боловсронгуй болгох чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

4.1.2. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан химийн хорт болон аюултай бодис импортлох, тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах талаар гарсан журамд барилгын материалын үйлдвэрийн импортын зарим түүхий эдийг хамааруулах;

4.1.3. хуучин барилга, зам, гүүрийг буулгах явцад гарах хатуу хог хаягдал болон уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн технологийн хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулж ашиглах үйл ажиллагаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах эдийн засгийн хөшүүргийг бий болгох чиглэлээр Хог хаягдлын тухай, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах;

4.1.4. барилга, барилгын материалын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд ажил олгогч, инженер, техникийн ажилтан, ажилчны хүлээх үүрэг, хариуцлагыг зааглан тодорхойлох чиглэлээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж мөрдөх;     

4.1.5. барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  нөхцөлийг  сайжруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьчилан сэргийлэх талаар цогц арга хэмжээ авах.

4.2. Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдэд  бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1. барилгын материалын үйлдвэрийг өргөтгөх болон шинээр барихтай холбогдсон төслийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

4.2.2. барилга, орон сууцны өртгийг бууруулах, үнийг тогтворжуулах арга хэмжээ авч, барилгын материалын үйлдвэрүүдэд бага хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох;

4.2.3. дэвшилтэт техник, технологи бүхий барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эдийг импортоор оруулахдаа холбогдох татвараас чөлөөлөх болон хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлэх;

4.2.4. улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга, байгууламжид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материалыг ашиглах талаар тендерийн нөхцөлд тусгаж байх арга хэмжээ авах;

4.2.5. үндэсний үйлдвэрийн барилгын зарим бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах арга хэмжээ авч, ижил төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх замаар импортын хэмжээг бууруулах;

4.2.6. дотоодын хөрөнгө оруулалттай дэвшилтэт техник, технологи бүхий барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч  аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллах.

4.3. Барилгын материалын үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.3.1. барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагддаг түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор ердийн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлож байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  зохистой тогтоох асуудлыг судалж шийдвэрлэх;

4.3.2. Улаанбаатар хот орчмоос барилгын чулуу (дайрга) бэлтгэх боломжийг судлан, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

4.3.3. уул уурхай, дэд бүтцийн томоохон төсөл болон хот, суурин газрын төлөвлөлттэй уялдуулан барилгын материалын хангамжийн асуудлыг урьдчилан төлөвлөж, геологийн хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх асуудлыг судлан шийдвэрлэх;

4.3.4. барилгын хатуу хог хаягдал, yул уурхайн үйлдвэрийн олборлолт, ашиглалтын болон эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад гарах үнс зэрэг хог хаягдлыг боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

4.3.5. цементийн үйлдвэрлэлийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулан төв, баруун, зүүн, говийн бүсэд бүсчлэн байгуулах;

4.3.6. аймгийн төвд чулуу олборлох, бутлан ангилах карьер, зуурмагийн узель бүхий бетон, төмөр бетон хийц, эдлэлийн үйлдвэрлэлийг шинээр барьж байгуулах,  өргөтгөл шинэчлэл хийх.

4.4. Барилгын бүтэц, материал, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.4.1. барилгын материал, бүтээгдэхүүний олон улсын стандартыг манай орны нөхцөлд тохируулан нутагшуулах ажлыг зохион байгуулж, барилгын материал, бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх арга хэмжээ авах;

4.4.2. барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, энэ чиглэлээр мэргэжлийн ажилтныг мэргэшүүлэх;

4.4.3. барилгын үйлдвэрлэлийн чанарын хяналт, баталгаажуулалтыг шинэ түвшинд гаргах зорилгоор барилгын үйлдвэрлэлд зөвхөн тохирлын гэрчилгээтэй материал, бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч, тохирлын баталгаажуулалт хийх байгууллагын тоог нэмэгдүүлэх;

4.4.4. стандарт, техникийн нөхцөлийг шинэчлэн боловсруулах, сайжруулах үйл ажиллагаанд мэргэжлийн холбоод болон зөвлөх үйлчилгээний эрх бүхий байгууллага, инженер, техникийн ажилтныг татан оролцуулах.
4.5. Барилгын бүтээц, материал, түүхий эдийн тээвэр, ложистикийн сүлжээг боловсронгуй болгох  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.5.1. Нийслэлийн Засаг даргатай тохиролцсоны үндсэн дээр дараахь асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авна:

4.5.1.1. “Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага” (MNS 6278:2011) стандартыг хянаж, барилгын материал тээвэрлэх хүнд даацын автомашин болон зуурмагийн машины маршрутыг шинэчлэх;

4.5.1.2. барилгын материалын тээвэрлэлт, хангамжийн сүлжээг боловсронгуй болгож, Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт төмөр замын болон авто тээврийн ачих, буулгах холимог терминал байгуулж, тэдгээрийг түшиглэн барилгын материалын бөөний худалдааны төв байгуулах.

4.5.2. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээтэй уялдуулан шинээр байгуулах аж үйлдвэрийн паркын бүрэлдэхүүнд барилгын материалын үйлдвэрийг хамруулах.

4.6. Шинэ, дэвшилтэт барилгын материал, бүтээгдэхүүний  стандартыг  барилгын зураг төсөвт тусгаж, нэвтрүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.6.1. эрчим хүчний хэмнэлттэй, угсармал, цутгамал хосолсон технологид ашиглах шинэ, дэвшилтэт барилгын материал, бүтээгдэхүүний стандарт боловсруулах, барилгын норм, дүрэмд тусган баталж мөрдүүлэх;

4.6.2. шинээр нэвтэрч байгаа барилгын материал, бүтээгдэхүүнийг барилгын зураг төсөл, төсөвт тусгах.

4.7. Барилгын материалын үйлдвэрлэлийг хүйтний улирлаас үл хамааран жилийн турш жигд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.7.1. хүйтний улиралд барилгын үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрийг хэвийн явуулах зорилгоор бетоны бүтцэд химийн нэмэлт хэрэглэх зэрэг шинэ технологи нэвтрүүлэх;

4.7.2. барилгын материалын бөөний худалдааны төв байгуулж, үйлдвэрийн гол нэрийн материалыг нөөцлөн хадгалах замаар үйлдвэрүүдийг жилийн турш тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

4.8. Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүний нөөц, мэргэжилтэй ажилчин бэлтгэх  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.8.1. барилгын материалын үйлдвэр болон лабораторид шаардлагатай байгаа мэргэжилтэй ажилчныг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж бэлтгэх арга хэмжээ авах;

4.8.2. шинээр байгуулагдаж байгаа томоохон үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтныг барилгын салбарын үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологитой уялдуулан нарийн мэргэжлээр мэргэшүүлж бэлтгэх зорилгоор их, дээд сургуулиудад түргэвчилсэн сургалт зохион байгуулах асуудлыг судалж  шийдвэрлэх;


4.8.3. барилгын салбарын ажиллагсдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;

4.8.4. барилгын салбарын мэргэжилтэй ажилтан сургаж бэлтгэх болон ажил эрхлэлт, шилжилт хөдөлгөөн зэрэг бүхий л мэдээллийг багтаасан хүний нөөцийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах;

4.8.5. барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа  компаниудын дэргэдэх үйлдвэрлэл сургалтын төвийн болон хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг дэмжих.

 

Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа,
      санхүүжилтийн эх үүсвэр



5.1.  Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг 2013-2016 онд хэрэгжүүлнэ.

5.2. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааг дараахь хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.2.1. аж ахуйн нэгж, байгууллагын  өөрийн хөрөнгө;

5.2.2. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

5.2.3. төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх хөрөнгө;

5.2.4. Хөгжлийн банкны зээлийн хөрөнгө;

5.2.5. арилжааны банкны зээлийн хөрөнгө;

5.2.6. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;

5.2.7. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө;

5.2.8. дотоод, гадаадын хөрөнгө оруулалт;

5.2.9. гадаадын зээл, тусламжийн хөрөнгө;

5.2.10. түрээс,  лизингийн үйлчилгээгээр хуримтлагдсан хөрөнгө;

5.2.11. бусад.

 

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион
       байгуулалт, мониторинг

 

6.1. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах "Зөвлөл"-ийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  ахалж,  бүрэлдэхүүнд нь холбогдох яам, Засгийн газрын агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллийг оруулна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.2. Аймагт салбар зөвлөл ажиллах бөгөөд аймгийн Засаг дарга зөвлөлийг ахалж, бүрэлдэхүүнд нь нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оруулна.

6.3. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан  зохицуулж ажиллахын зэрэгцээ хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт өгнө.

6.4. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаархи тайланг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.

6.5.  Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хүрээнд гадаадын хамтын ажиллагааг бэхжүүлж,  олон улсын байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө, дэмжлэг авч ажиллана.

 

Долоо. Хөтөлбөрийн хүрэх үр дүн

 

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2016 онд дараахь үр дүнд хүрсэн байна:

7.1.1. Монгол Улс цемент, арматур, бетон, төмөр бетон хийц эдлэл, дулаан тусгаарлах материал, ханын дүүргэгч болон өнгөлгөөний материал зэрэг  барилгын үндсэн нэр төрлийн  материалын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, барилгын материалын импортын 70-аас дээш хувийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр  хангах боломж бүрдсэн байна;

7.1.2. цементийн үйлдвэрлэл хуурай аргын технологид бүрэн шилжиж түлш, цахилгаан эрчим хүч, усны хэрэглээг багасгаж бүтээгдэхүүний үнийг 30-40 хувь бууруулсан байна;

7.1.3. цемент, бетон зуурмаг, хөнгөн бетоны үйлдвэрт эрчим хүчний үйлдвэрийн хаягдал үнсийг өргөнөөр ашиглан агаарын бохирдыг багасгах, байгалийн баялгийг хэмнэх замаар барилгын материалын үйлдвэрлэл экологид ээлтэй салбар болсон байна;

7.1.4. барилгын салбарт үйлдвэржилтийн түвшин нэмэгдэж, барилгын үйлдвэрлэл улирлын хамаарлаас гарах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна;

7.1.5. эх орны үйлдвэрийн болон импортын барилгын материалын чанар, стандартад хяналт тавих лабораторийн сорилт шинжилгээний үндэсний тогтолцоо бий болсон байна.


------ оОо ------