Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгч Сангийн сайдын
1998 оны 153/180 дугаар тушаалын хавсралт 1 
 
            ВЕКСЕЛИЙГ ТӨЛБӨР ТООЦООНД ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
НЭГ. Ерөнхий зүйл
1.Энэхүү журмын зорилго нь иргэд, аж ауйн нэгж, байгууллагын төлбөр тооцоонд бэлэн бус төлбөрийн хэрэгсэл-векселийг нэвтрүүлж, зөв хэрэглэхэд оршино.
2.Векселийг төлбөр тооцоонд хэрэглэхэд Векселийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
3.Векселийг төлбөр тооцоонд хэрэглэхдээ дараахь зарчмыг баримтлана.
1/ Векселийн төлбөрийг тогтоосон хугацаанд ямар нэг нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар төлнө.
2/ Вексель нь Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэгд  заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байна.
4.Төлбөр гүйцэтгэх мөнгөний дүнг тоо үсгээр засваргүй бичнэ. Тоо үсгээр бичсэн мөнгөний дүн зөрүүтэй буюу Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлээр векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
5.Векселиэр гүйцэтгэх төлбөр тооцоонд Монголбанкнаас баталсан энгийн болон шилжих векселийн маягтыг ашиглана.
6.Банкууд нь векселийн маягтыг Монголбанкинд захиалж, худалдан авна. Банк нь зөвхөн өөрийн харилцагч иргэд, хуулийн этгээдийн төлбөрийн чадвар, баталгаа хөрөнгийн байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тэдгээрт векселийн маягтыг худалдана.
 ХОЁР. Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх
7.Векселийг дараахь нөхцөлд бичиж, төлбөр тооцоонд хэрэглэнэ.
1/үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос хамааран орлого, зарлага нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх,
2/ түр хугацааны мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон,
3/ иргэн, хуулийн этгээдээс авлага, өглөгөтэй байгаа тохиолдол зэрэг болно.
            8.Векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр тооцоонд хэрэглэх бөгөөд бүрдүүлбэрийн дагуу бичигдсэн векселийг төлбөр нэхэмжлэгч зөвшөөрч, түүний эзэмшигч болсон нөхцөлд хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгслэл болно.
9.Векселийг зөвхөн нэг хувь үйлдэх бөгөөд нягтлан бодох бүртгэлд баримт болгох үүднээс хувилж болно.
10.Талууд харилцан тохиролцсон нөхцөлд вексельд хүү тооцож болно. Хүүгийн хувийг жилээр илэрхийлэн бичих бөгөөд уг хувиар бодсон хүүний дүн нь төлбөрийн нийт дүнд багтсан байна. Вексель эзэмшигч төлбөрийн дүнгээс илүү хэмжээний мөнгөн хөрөнгө нэхэмжлэх эрхгүй.
Жишээ нь: А компани Б компаниас 10 дугаар сарын 5-нд 10 сая төгрөгийн үр тариа авч, үнийг нь дараа оны 1 дүгээр сарын 5-нд 24 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцож энгийн вексель бичсэн гэж үзье. Энэ тохиолдолд А компани нийтдээ 10 сая 600 мянган төгрөг /10 сая* (1+0.24*3/12) /-ийг 3 сарын дараа Б компанид төлөхөөр амлаж энгийн вексель бичнэ.
11.Вексель нь энгийн ба шилжих гэсэн 2 төрөлтэй байна.
12.Энэ журмын 7 дугаар зүйлийн 1,2-т заасан үндэслэлээр энгийн векселийг бичиж, төлбөр тооцоонд хэрэглэж болно. Төлбөр хариуцагч нь вексельд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд вексель эзэмшигчид төлөхийг баталж энгийн вексель бичнэ. Энгийн векселийн хувьд төлбөр хариуцагч нь вексель бичигч өөрөө байна.
Жишээ нь: Гурил үйлдвэрлэгч А компани газар тарилан эрхлэгч Б компаниас 10 дугаар сарын 15-нд 10 сая төгрөгийн үр тариа авч, үнийг нь дара оны 1 дүгээр сарын 5-нд төлөхөөр тохиролцжээ. Энэ тохиолдолд энгийн вексель бичиж болно.
13.Шилжих векселийг энэ журмын 7 дугаар зүйлийн 3-д заасан үндэслэлээр төлбөр тооцоонд хэрэглэнэ. Вексель бичигч нь вексельд заасан төлбөрийг түүний эзэмшигчид төлөхийг төлбөр хариуцагчид даалган шилжүүлэх векселийг бичнэ. Энэ тохиолдолд вексель бичигч Векселийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу төлбөр хариуцагчаас төлбөрийн зөвшөөрөл авч, вексельд тэмдэглүүлсэн байх шаардлагатай. 
Жишээ нь: А коипани талхны В компаниас гурилын үнэ 15 сая төгрөг авах ёстой бол В компанийг Б компанид 10 төлөхийг даалган шилжих вексель бичиж болно. Энэ тохиолдолд В компаниас төлбөрийн зөвшөөрөл авч, вексельд тэмдэглүүлсэн байх шаардлагатай.
ГУРАВ. Векселийн батлан даалт
14.Вексель эзэмшигч шаардсан нөхцөлд төлбөр харицагч векселийн төлбөрийг гуравдагч этгээдэр батлан даалгуулж болно. Энэ тохиолдолд векселийн ар талын хуудасны зүүн дээд буланд батлан даасан хуулийн этгээд нэр, хаяг, батлан даасан төлбөрийн дүнгээ бичиж, эрх бүхий хүн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна.
15.Батлан даагч нь банк, аж ахуйн нэгж байх бөгөөд Иргэний хуульд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ. Төлбөр хариуцагч нь өөртөө батлан даалт гаргахыг хориглоно.
16.Батлан даагч аж ахуйн нэгж, векселийн төлбөр хариуцагч нь нэг банкны харилцагч байх бөгөөд энэ журмын I хавсралтын дагуу төлбөрийн баталгааг хоёр хувь үйлдэж нэг хувийг харилцагч банкиндаа хадгалуулна.
17.Банк батлан даалт гаргах тохиолдолд төлбөр хариуцагчтай дараахь зүйлийг тохиролцож, энэ журмын II хавсралтын дагуу гэрээ байгуулна.
1/Төлбөр хариуцагчийн нэр дээр төлбөрийн тусгай нэрийн данс нээж, түүний орлогоос вексельд заасантай тэнцэх мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх,
2/Хэрэв төлбөр гүйцэтгэх өдөр төлбөр хариуцагчийн дансанд шаардагдах мөнгөн хөрөнгө байхгүй бол банк төлбөр хариуцагчид гэрээ байгуулсны үндсэн дээр зээл олгож уг төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцож болно.
Жишээ нь: Б компани шаардсан учир А компани өөрийн харилцагч банкаар төлбөрийн баталгаа гаргуулах хүсэлт гаргажээ. Банк А компанийн нэр дээр хуримтлал хөрөнгийн данс нээж түүний орлогоос 3 сая 600 мянгаас доошгүй төгрөгийг сар бүр уг дансанд төвлөрүүлэхээр гэрээ байгуулж векселийн нийт төлбөрийн дүн 10 сая 600 мянган төгрөгт батлан даалт гаргахыг зөвшөөрвөл энэ журмын 14 дүгээр зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу батлан даалт гаргана.
18.Банк батлан даагч байх тохиолдолд өөрийн үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу гэрээний үндсэн дээр батлан даасан төлбөрийн дүнгээс шимтгэл авч болно. Батлан даасан векселийн төлбөрийн дүн нь банкны бусад төрлийн баталгааны нийт дүнд орж тооцогдоно.
ДӨРӨВ. Векселийг бусдад шилжүүлэх
19.Вексель эзэмшигч нь векселийн төлбөр хийгдэхээс өмнө векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр хямдруулан худалдах замаар бусдад шилжүүлж болно.
20.Дамжуулах бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх векселийн шинээр эзэмшигчид шилжинэ.
21.Вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтийн ар талд дамжуулах бичилтийг хийнэ. Дамжуулах бичилтийг Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэгд заасан бүрдүүлбэрийн дагуу бичнэ. Нэг векселийн төлөгдөх хугацааны дотор гурваас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно.
Жишээ нь: Б компани 11 дүгээр сарын 5-нд нефьтийн С компанид шатахууны үнэ 12 сая төгрөгийг төлөх болжээ. Энэ тохиолдолд 1 сая 800 мянган төгрөгийг бэлнээр төлж, 10 сая 200 мянган төгрөгийг А компанийн бичсэн векселиэр төлөхөөр тохиролцвол вексельд дамжуулах бичилт хийх замаар түүнийг эзэмших эрхийг С компанид шилжүүлнэ.
22.Банк нь өөрийн хөрөнгийн эх үүсвэрт багтаан төлөгдөх хугацаа нь болоогүй векселийг хямдруулан худалдан авахдаа вексельд дамжуулах бичилт хийнэ.
23.Хямдруулан худалдан авах хүүгийн хувийг харилцан тохиролцох замаар тогтоож, уг хувиар бодогдсон хүүг вексельд бичигдсэн төлбөрийн дүнгээс хассан дүнгээр векселийг худалдан авна. 
Жишээ нь: 12 дугаар сарын 15-нд С компанид мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон учир өөрийн эзэмшиж байгаа векселийг худалдах хүсэлтээ банкинд гаргажээ. Банк төлбөр хариуцагч компанийн төлбөрийн чадварыг үнэлсний үндсэн дээр жилийн 30 хувиар бодож уг векселийг хямдруулан худалдан авахаар С компанитай тохиролцсон гэж үзье. Энэ тохиолдолд С компани вексельд дамжуулан бичилт хийж эзэмших эрхийг банкинд шилжүүлнэ. Банк 10 сая 341.24 мянган төгрөг {10 сая 600 мянга/ (1+0.3/12)}-өөр уг векселийг С компаниас худалдан авна. Хямдруулалтын хэмжээ нь 258.5 мянган {10 сая 600 мянга - 10 сая 341.5 мянга} төгрөг болно. 
24.Банкинд түр хугацааны мөнгөн хөрөнгө шаардлагатай болсон тохиолдолд өөрийн эзэмшиж буй төлөгдөх хугацаа нь болоогүй векселийг Төв банкинд хямдруулан худалдах буюу барьцаат зээл авч болно. Векселийг барьцаалан дахин санхүүжилт хийх журам, хямдруулалтын хүүгийн хэмжээг Монголбанк тогтооно.
ТАВ. Векселийн төлбөрийг гүйцэтгэх
25.Векселийн төлбөрийг уг вексельд заасан мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.
26.Төлөгдөх хугацаа нь болсон векселийг вексель эзэмшигч төлбөр хариуцагчид буюу төлбөр хариуцагчийн банкинд тушааж төлбөрийг хийлгэнэ. Векселийн төлбөрийг хэсэгчлэн хийхийг хориглоно.
27.Төлбөр хариуцагч вексельд заасан төлбөрийг бэлэн мөнгөөр хийж гүйцэтгэсэн тохиолдолд банкаар дамжуулан нэхэмжлэх шаардлагагүй. Төлбөр хариуцагч төлбөр гүйцэтгэсэн тухай вексельд тэмдэглэж, баримт болгон хадгална.
28.Векселийн төлбөрийг банкаар дамжуулан нэхэмжилж байгаа тохиолдолд төлбөр хариуцагчийн банк нь бүрдүүлбэрийн дагуу бичигдсэн векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн харилцах болон тусгай нэрийн данснаас төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй. Банк нь төлбөр хийсэн тухай вексельд тэмдэглэл хийж баримт болгон хадгалж вексель эзэмшигч болон төлбөр хариуцагчид төлбөрийг гүйцэтгэсэн тухай мемориалын баримт бичиж өгнө.
ЗУРГАА. Хариуцлага, маргаан шийдвэрлэх
29.Векселийн төлбөрийг гүйцэтгэх, төлбөрийн зөвшөөрөл өгөх, болон вексельтэй холбогдон гарсан аливаа маргааныг Векселийн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.