Хэвлэх DOC Татаж авах

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2006 оны 
19 тоот тушаалын I хавсралт


БАНК ХООРОНДЫН ИХ ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ
ТӨЛБӨР ТООЦООНЫ ТҮР ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү журмын зорилго нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу банк хоорондын төлбөр тооцоог улсын хэмжээнд түргэн шуурхай, үнэн зөв найдвартай явуулах, улсын хэмжээний мөнгөний урсгалыг зохицуулан хянахад чиглэнэ.

1.2 Монголбанк, Сангийн Яамны Төрийн сангийн газар, банкуудын хооронд хийгдэх банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог санхүүгийн дундын сүлжээг ашиглан харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэхийг банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо гэнэ.

1.3 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог нэг талаас Монголбанк, нөгөө талаас банкууд болон Сангийн яамны Төрийн сангийн газрын Монголбанкин дахь бүх төрлийн харилцах, хадгаламжийн дансаар дамжуулан гүйцэтгэнэ.


ХОЁР. НЭР ТОМЪЁО

2.1 Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1 “Банк” гэж банкууд болон Сангийн яамны Төрийн сангийн газрыг;

2.1.2 “Их дүнтэй гүйлгээ” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан хязгаартай тэнцүү буюу түүнээс дээш үнийн дүнтэй банк хоорондын гүйлгээ болон банк хоорондын бага дүнтэй гүйлгээний үр дүнгийн тооцоог;

2.1.3 “Санхүүгийн дундын сүлжээ” гэж банкуудын болон Төрийн сангийн газрын банк хоорондын цахим мэдээллийг дамжуулах зорилгоор Монголбанкны Төлбөр тооцооны төвийн ажиллуулж буй цахим сүлжээг;

2.1.4 “Төлбөр хариуцагч банк” гэж Монголбанкны Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөрийн авизыг хүргүүлсэн банкийг;

2.1.5 “Төлбөр хүлээн авагч банк” гэж Монголбанкны Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөрийг хүлээн авсан банкийг;

ГУРАВ. ТӨЛБӨР ТООЦОО ГҮЙЦЭТГЭХ

3.1 Банкны салбарууд банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог банкны төвөөрөө дамжуулан гүйцэтгэнэ. Нэг банкнаас нөгөө банкинд орох болон гарах төлбөр тооцоогоор дамжигдах мөнгөний урсгал нь зөвхөн Монголбанкаар дамжин хийгдэнэ.

3.2 Монголбанк банкуудад төгрөгийн болон валютын дараах дансдыг нээж банк хоорондын төлбөр тооцоог явуулна:

3.2.1 Монголбанкин дахь банк хоорондын төлбөр тооцооны 1607 дугаар түр данс (банкны хувьд банк хоорондын төлбөр тооцооны 1109 дүгээр түр данс)

3.2.2 Монголбанкин дахь банкны төгрөгийн харилцах 3501 дүгээр данс (банкны хувьд харилцах 1107 дугаар данс)

3.2.3 Монголбанкин дахь банкны валютын харилцах 3330 дугаар данс (банкны хувьд харилцах 1120 дугаар данс)

3.2.4 Монголбанкин дахь банкны валютын хадгаламж 3332 дугаар данс (банкны хувьд харилцах 1121 дүгээрр данс)

3.2.5 Монголбанкин дахь Төрийн сангийн газрын данс (цаашид ТСНД гэх) -ны төгрөгийн 3401 дүгээр данс

3.2.6 Монголбанкин дахь СЯ-ны валютын харилцах 3332 дугаар данс, валютын хадгаламж 3333 дугаар данс, төслийн 3430 дугаар данс

3.2.7 Банкуудын төвийн хувьд "Төлбөр тооцооны саатал" гэсэн пассив шинжтэй 2550 дугаар данс.

3.2.8 "Төлбөр тооцооны дамжуулалтын түр данс" гэсэн пассив шинжтэй 2551 дүгээр данс.

3.3 2550 дугаар дансанд банкны Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдэл хүрэлцэхгүйгээс түр саатсан төлбөрийг банкны төвд салбараас ирсэн хугацааны дарааллаар бүртгэнэ.

3.4 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд бүх төрлийн бэлэн бус тооцооны хэлбэр болох бэлэн мөнгөний чек, үнэт цаас, аккредитивыг хэрэглэнэ.

3.5 Төлбөр тооцоог банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд оруулахын тулд Монголбанк, банкны хооронд дараахь зүйлийг харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна: /Хавсралт 1/

3.5.2 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд орсон гүйлгээний тайлан сүлжээгээр өгч авах цагийн хуваарь;

3.5.3 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоотой холбогдсон харилцаанд оролцогч талуудын (хугацаанаас хожимдож их дүнтэй гүйлгээний төлбөр дамжуулах, буруу шивсэн гүйлгээ дамжуулах буюу хүлээн авах гэх мэт) хүлээх хариуцлага;

3.5.4 Монголбанкны их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны үйлчилгээний шимтгэлийн хувь хэмжээ;

3.5.5 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог Улаанбаатар хотод ажлын өдрийн цаг тутам, орон нутгаас орон нутагт дамжин хийгдэх төлбөр тооцоог ажлын өдөрт багтаан гүйцэтгэх;

3.5.6 Бүх төрлийн дебет төлбөрийг зөвхөн харилцах дансны үлдэгдэлд багтаан гүйцэтгэх;

3.5.7 Төлбөр тооцоонд хориглох бусад зүйлс;


3.6 Банк нь Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлээс заавал байх нөөцийг тооцоход нөөц дутагдсан тохиолдолд Монголбанк нь банкинд дутууг нөхөх шаардлага тавьж Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хуульд заасан арга хэмжээ авах эрхтэй.

3.7 Монголбанк нь банкны харилцах данснаас зөвхөн дараахь тохиолдолд зарлагын гүйлгээ хийнэ:

3.7.2 Банкны тухай хууль тогтоомжид заасан үндэслэл бий болсон;

3.7.3 Хууль тогтоомжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, шийдвэр гарсан;

3.7.4 Банк зөвшөөрсөн;

3.7.5 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан;

3.7.6 Улсын байцаагчийн акт тавьж, мэдэгдэл өгсөн, (үүнд Монголбанкинд тушаасан бэлэн мөнгөний илүүдэл, дутагдлын акт хамаарч болно).

3.8 Орон нутаг дахь банкны салбарууд бэлэн мөнгө авах болон өгөх гүйлгээг банкны төвөөрөө дамжуулан гүйцэтгэнэ. Салбаруудын бэлэн мөнгөний зузаатгал авах, өгөх ажиллагааг Монголбанк хариуцаж, хяналт тавьж ажиллана.

3.9 Төлбөр хариуцагч болон төлбөрийг хүлээн авагч банкууд нь банкны нягтлан бодох бүртгэлийн ба дамжуулалтын программаар бэлтгэгдсэн банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны авизын файлыг архивлан хадгална.

3.10 Санхүүгийн дундын сүлжээ, программ хангамж, техникийн эвдрэлээс болж их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо саатсан тохиолдолд төв банк, Төлбөр тооцооны төв, өөрийн автоматжуулалтын газар болон Монголбанкинд даруй мэдэгдэж түүнийг засаж залруулах арга хэмжээг ажлын нэг өдөрт багтаан авна.

3.11 Банк санхүүгийн дундын сүлжээнд холбогдсон компьютерийн цахилгаан тэжээл UPS-р тогтмол цэнэглэж цахилгааны саатал гарах үед сүлжээний ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нөхцөлийг бүрдүүлэх мөн санхүүгийн дундын сүлжээгээр авсан цахим мэдээлэлээ BACK UP хийж хадгалсан байна. /Холбогдох тоног төхөөрөмжийг эзэмшигч этгээд/

3.12 Санхүүгийн дундын сүлжээний саатал нэгээс дээш хоног үргэлжилбэл банк хоорондын их дүнтэй төлбөр тооцоонд оролцогч талууд төлбөр тооцоог зөөврийн мэдээлэл хадгалах төхөөрөмжөөр хуулан, элчээр дамжуулан гүйцэтгэх арга хэмжээ авна.

ДӨРӨВ. БАНКИНД ХИЙГДЭХ БАНК ХООРОНДЫН
ИХ ДҮНТЭЙ ТӨЛБӨР ТООЦООНЫ ГҮЙЛГЭЭ

А.Төлбөр хариуцагч банкинд хийгдэх ажиллагаа

4.1 Банкууд банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд орох төлбөрийг өдөрт 16.00 цагаас өмнө хэдэн ч удаа Монголбанкинд санхүүгийн дундын сүлжээг ашиглан дамжуулж болно.

4.2 Төлбөр хариуцагч банкны салбар орон нутагт дамжих банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог компьютерийн сүлжээг ашиглан банкны төвөөрөө дамжуулан гүйцэтгэнэ.

4.3 Төлбөр хариуцагч банкны салбар төлбөр хариуцагчийн харилцах дансны дебет, салбар хоорондын тооцооны кредит гэж гүйлгээ хийж төв банкиндаа авизыг дамжуулна. Банк нь төлбөрийн авизыг хүлээн авч салбар хоорондын тооцооны дебет, 1109 дүгээр дансны кредит гүйлгээ хийж санхүүгийн дундын сүлжээ ашиглан их дүнтэй гүйлгээний цахим мэдээг Монголбанкинд дамжуулснаар банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд орсон гэж үзнэ.

4.4 Банк нь Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлийн хэмжээнд буюу өөрт орох хөрөнгөний хэмжээгээр банк хоорондын тооцоогоор гарах гүйлгээг Монголбанкинд дамжуулна.

4.5 Харилцах дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүйгээс харилцагчдын төлбөрийг саатуулсанаас үүсэх хохирол, торгуулийг төлбөр хариуцагч банк хариуцна.

4.6 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоогоор дамжих төлбөрийн үнэн зөвийг (төлбөр хүлээн авах банкны тогтмол дугаар, байгууллагын нэр, дансны дугаар, мөнгөн дүн болон төлбөрийн утга) банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогч шалгасны дараа Монголбанкинд 16.00 цагаас өмнө санхүүгийн дундын сүлжээ ашиглан дамжуулна.

4.7 2551 дүгээр дансанд тухайн ажлын өдрийн 16.00 цагаас хойш болон амралт, баярын өдрүүдэд хийгдсэн төлбөр, салбаруудад 14.00 цагаас хойш хийгдсэн төлбөрийг түр бүртгэнэ. 2551 дүгээр дансанд түр бүртгэгдсэн төлбөр нь уг дансанд бүртгэгдсэн өдрийн дараагийн ажлын өдөр банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд бүрэн орсон байна. Банкны төв дээрхи 1109 дугаар дансанд хийгдсэн бүх гүйлгээг заавал тухайн ажлын өдөр багтаан Монголбанкинд санхүүгийн дундын сүлжээ ашиглан дамжуулна.

4.8 Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд уг гүйлгээг тухайн банк өөрийн салбарт буцаан гүйлгээ хийхгүйгээр төвийн тэнцэлд Төлбөр тооцооны саатлын 2550 дугаар дансанд салбар бүрээр шилжүүлэн бүртгэнэ.

4.9 Энэхүү дансанд бүртгэгдсэн гүйлгээг дэс дарааллын дагуу эхний ээлжинд банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд оруулах бөгөөд саатлын дансанд бүртгүүлсэн салбарын дараагийн өдөрт хийгдэх банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны гүйлгээнд хяналт тавина. Энэ үйл ажиллагааг банкны Дотоод Аудитын газар хянана.

4.10 Энэ журмын 4.1-д заасан хугацаанаас хожимдуулсан гүйлгээ болон буруу бичилттэй дамжуулснаас үүсэх аливаа хохирлыг төлбөр хариуцагч банк өөрөө бүрэн хариуцна.

4.11 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог Монголбанкин дахь төгрөгийн болон валютын харилцах дансны хуулгаар хяналт тавьж зөрүүгүй явуулах болон өдрийн эцэст Түр дансыг үлдэгдэлгүй гаргах үүргийг төлбөр хариуцагч банкны ерөнхий болон ахлах нягтлан бодогч хүлээнэ.

4.12 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд орж байгаа төлбөрийн үндсэн баримтыг төлбөр хариуцагч банк хадгална.

4.13 Банк нь заавал байлгах нөөцөө хангах үүднээс банк хоорондын зээл, хадгаламж, репо, овернайт санхүүжилтийн гүйлгээг хийх болсон тохиолдолд үндсэн баримтыг элчээр буюу баталгаажуулсан факсаар 17.00 цагаас өмнө Монголбанкинд хүргүүлнэ.

4.14 Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдэл нь банкин дахь болон ТНСД-ын харилцах дансны үлдэгдэл ижил дүнтэй эсрэг шинжтэйгээр тохирч байх үүргийг ерөнхий нягтлан бодогч болон Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газрын салбар, банк хоорондын тооцооны нягтлан бодогч хариуцна.

Б.Төлбөр хүлээн авагч банкинд хийгдэх ажиллагаа

4.15 Төлбөр хүлээн авагч банк Монголбанкнаас өөрт ирэх их дүнтэй гүйлгээний цахим мэдээг ажлын өдөр бүрийн 16.00 цагаас өмнө санхүүгийн дундын сүлжээ ашиглан хүлээн авна.

4.16 Төлбөр хүлээн авагч банкны банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогч санхүүгийн дундын сүлжээ ашиглан хүлээн авсан кредит авизын цахим мэдээг нэг бүрчлэн тулган шалгаад Монголбанкин дахь 1109 дүгээр дансны дебет, холбогдох дансны кредит болгон бичнэ.

4.17 Салбаруудад явах төлбөр Монголбанкнаас банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоогоор орж ирвэл Монголбанкин дахь банк хоорондын төлбөр тооцооны 1109 дүгээр түр дансны дебет, салбар хоорондын тооцооны дансны кредитээр гүйлгээг хийж дамжуулна.

4.18 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны санхүүгийн дундын сүлжээгээр ирж буй төлбөрт Монголбанкин дахь харилцах 3501( банкны хувьд банк хоорондын тооцооны 1107 дугаар данс) дансны хуулгаар хяналт тавьж зөрүүгүй явуулах болон өдрийн эцэст түр дансыг үлдэгдэлгүй гаргах үүргийг төлбөр хүлээн авагч банкны ерөнхий болон ахлах нягтлан бодогч хүлээнэ.

4.19 Монголбанкин дахь харилцах 3501 дүгээр данс, банкин дахь тэнцэл дэх 1107 дугаар харилцах дансууд ижил дүнтэй эсрэг шинжтэйгээр тохирч байх үүргийг ерөнхий нягтлан бодогч хариуцна.

ТАВ. МОНГОЛБАНКИНД ХИЙГДЭХ БАНК ХООРОНДЫН
ИХ ДҮНТЭЙ ТӨЛБӨР ТООЦООНЫ ГҮЙЛГЭЭ

5.1 Монголбанк банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд орох гүйлгээний цахим мэдээг 16.00 цаг хүртэл санхүүгийн дундын сүлжээ ашиглаж хүлээн авна.

5.2 Монголбанк хүлээн авсан их дүнтэй гүйлгээний цахим мэдээнд үндэслэн төлбөр хариуцагч банкны банк хоорондын 1607 дугаар түр дансны дебет, төлбөр хүлээн авагч банкны банк хоорондын 1607 дугаар түр дансны кредит болгон гүйлгээнд оруулна.

5.3 Монголбанк гүйлгээ бүрт хяналт тавьж шалгасны эцэст банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд оруулж хүлээн авагч банк руу 16:00 цаг хүртэл санхүүгийн дундын сүлжээ ашиглан дамжуулна.

5.4 Банк нь Монголбанкин дахь валютын харилцах дансаа today value-аар зузаатгах эсвэл банк нь Монголбанкин дахь валютын харилцах данснаас today value-аар гаргах тохиолдолд банкны төлбөрийн даалгавар /МТ 202/, Кт өгөх мэдэгдэл /МТ 210/, гүйлгээ хийлгэх хүсэлтээ албан тоотоор Монголбанкинд ирүүлнэ.

5.5 Монголбанк банкуудын заавал байлгах нөөцөө хангах зорилготойгоор хийгдэх банк хоорондын зээл, хадгаламж, репо, овернайт санхүүжилттэй холбоотой гүйлгээний үндсэн баримтыг элчээр буюу баталгаажуулсан факсаар 17.00 цагаас өмнө хүлээн авч гүйлгээнд оруулна.

5.6 Монголбанк нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон яамдуудын гадаад аккредитивын гүйлгээний шимтгэлийг ТСНД-аас шууд хасалт хийн, хасалт хийсэн мэдэгдлийг тухай бүр албан тоотоор Сангийн яаманд хүргүүлнэ.

5.7 Монголбанк банкуудын дансны хуулгыг программ хангамжийн тусламжтайгаар тусгай файл болгон 17.00 цагт санхүүгийн дундын сүлжээгээр дамжуулах үүргийг хүлээнэ.


ЗУРГАА. ТӨЛБӨР ТҮРГЭН ГҮЙЦЭТГЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ
ХАНГАХ ЗОРИУЛАЛТААР АВАХ АРГА ХЭМЖЭЭ

6.1 Банкууд банк хоорондын төлбөр тооцооны нийлэлт, тохируулалтыг дараахь 5 үе шаттай шалгана.

6.1.1 Өдөр тутам Монголбанкин дахь банк хоорондын 1607 дугаар түр дансны үлдэгдлийг тэглэж тохируулна.

6.1.2 Өдөр тутам Монголбанкнаас ирэх Монголбанкин дахь харилцах 3501 дүгээр (банкны харилцах 1107 дугаар данс) дансны хуулгаар Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлийг 17.30 цагт нийлж тохируулна.

6.1.3 Монголбанкнаас тусгай файлаар өгөх харилцах дансны хуулгыг үндэслэн үлдэгдлээ өдөр бүр шалгаж, зөрүүтэй тохиолдолд Монголбанкинд мэдэгдэж ажлын дараагийн өдөр залруулгын гүйлгээг холбогдох журмын дагуу хийсэн байна.

6.1.4 Сар бүрийн эцэст харилцах дансны үлдэгдлийн баталгааг Монголбанкинд гаргаж өгнө.

6.1.5 Банкны Дотоод хяналтын алба болон Монголбанкны Дотоод Аудитын газар Монгобанкин дахь төгрөгийн болон валютын харилцах дансны нийлэлт тохируулалтад дараалсан хяналт тавина.

6.2 Тухайн ажлын өдөр банкны Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газар (цаашид МБСГ гэх) -аас тогтоосон лимитийн дагуу Овернайт зээлийн эрхэнд багтаан Монголбанкны Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (цаашид БТМТГ гэх) зээл олгож болно.

6.3 Овернайт зээлийн эрхийн лимитийн хэмжээг МБСГ-аас валютын төгрөгт шилжүүлсэн дүн болон харилцах дансны нийлбэр дүнд тогтоож өгнө.

6.4 Овернайт зээлд оногдох торгуулийн хүү нь Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ны тухайн үеийн хамгийн өндөр хүүг хоёр дахин ихэсгэсэн хэмжээтэй тэнцүү байна.

6.5 Энэхүү зээл, торгуулийн хүүг дараагийн ажлын өдрийн эхний гүйлгээгээр БТМТГ-ын банк, салбар хоорондын төлбөр тооцооны нягтлан бодогч суутган авна.

6.6 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэхэд тухайн банк нь банк хоорондын зээл авч төлбөр тооцоогоо гүйцэтгэж болно. Энэ үйл ажиллагаа нь банкуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжинэ.

6.7 Банк хоорондын захаар олгосон зээлийн эрсдэлийг зээлдүүлэгч банк хариуцна.

6.8 Монголбанк банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг гэрээний дагуу дараа сарын ажлын эхний 3 өдөрт багтаан банкны Монголбанкин дахь харилцах данснаас үл маргалдах журмаар суутган авна.

ДОЛОО. БАНК ХООРОНДЫН ИХ ДҮНТЭЙ ТӨЛБӨР ТООЦООНД
ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

7.1 Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:

7.1.1 Банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны үйл ажиллагааны журам, талууд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн тохиолдолд, түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Монголбанкны хянан шалгагч, банкны хянан шалгагч, БТМТГ-ын улсын байцаагчийн эрх бүхий холбогдох албан тушаалтан зохих хууль тогтоомжийн шийтгэл ногдуулна.

7.1.2 Төлбөр хариуцагч банкны буруугаас (хүлээн авагч банк, байгууллагын нэр, дансны дугаарыг буруу бичсэн, гүйлгээний утга тодорхойгүй, хугацаандаа дамжуулаагүй гэх мэт) харилцагчдын мөнгө саатах, банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог будлиантуулсан зэрэг зөрчилд ногдуулах хүү торгуулийг төлбөр хариуцагч банк хариуцах ба гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.

7.1.3 Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд олон удаа зөвшөөрөгдөөгүй дебет авиз оруулахаар ирүүлсэн болон Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлээ хэтрүүлэн харилцагчдын гүйлгээг дамжуулсан, их дүнтэй гүйлгээг банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны дамжуулалтын саатлын дансанд бүртгээгүй, салбар хоорондын тооцооны дансанд бүртгэсэн зэрэг зөрчил гаргасан банк, банкны буруутай үйл ажиллагаанд хариуцлага тооцож холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.

7.1.4 Банк хоорондын их дүнтэй төлбөр тооцоонд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд харилцагч нь банкны төлбөр тооцооны талаархи санал гомдлоо Монголбанкны Дотоод Аудитын газар болон Хяналт шалгалтын газарт хандаж болно.