Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2006 оны
19 тоот тушаалын II хавсралт
 
БАНК ХООРОНДЫН БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ
ТӨЛБӨР ТООЦООНЫ ЖУРАМ
 
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1    Энэхүү журмын зорилго нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог улсын хэмжээнд түргэн шуурхай, үнэн зөв явуулах, зохион байгуулж гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
 
1.2    Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо нь санхүүгийн дундын сүлжээг ашиглан бодит цагийн горимоор тасралтгүй явагдана. Санхүүгийн дундын сүлжээний найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг Монголбанкны Төлбөр тооцооны төв хариуцна.
 
1.3    Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр  тооцооны үр дүнгийн тооцоог  Төлбөр тооцооны төв нь Монголбанкны банк хоорондын төлбөр тооцооны албатай өдөрт нэг удаа, ажлын өдөр бүр хийнэ.
 
ХОЁР. НЭР ТОМЪЁО
 
2.1    Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
 
2.1.1   “Банк” гэж банкууд болон Сангийн яамны Төрийн сангийн газрыг;
 
2.1.2   “Бага дүнтэй гүйлгээ” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон хязгаараас доош үнийн дүнтэй банк хоорондын гүйлгээг;
 
2.1.3   “Санхүүгийн дундын сүлжээ” гэж банкуудын болон Төрийн сангийн газрын  банк хоорондын цахим мэдээллийг дамжуулах зорилгоор Монголбанкны төлбөр тооцооны төвийн ажиллуулж буй цахим сүлжээг;
 
2.1.4   “Төлбөр хариуцагч банк” гэж Монголбанкны төлбөр тооцооны төвтэй байгуулсан гэрээний үндсэн дээр санхүүгийн дундын сүлжээг ашиглан банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөрийн  цахим мэдээг хүргүүлсэн банкийг;
 
2.1.5   “Төлбөр хүлээн авагч банк” гэж Монголбанкны төлбөр тооцооны төвтэй байгуулсан гэрээний үндсэн дээр санхүүгийн дундын сүлжээг ашиглан банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөрийн цахим мэдээг хүлээн авсан банкийг;
 
2.1.6   “Үр дүнгийн тооцоо” гэж ажлын өдрийн эцэст буюу 16:00 цагт Төлбөр тооцооны төвийн гаргасан мэдээнд үндэслэн бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны үр дүнг тухайн банкуудын Монголбанк дахь харилцах дансанд тусгахыг;
 
2.1.7   “Цахим мэдээ” гэж ISO 8583 стандартын дагуу санхүүгийн дундын сүлжээгээр дамжуулах зорилгоор зохион байгуулагдсан төлбөрийн мэдээний цахим хэлбэрийг.
 
ГУРАВ. ТӨЛБӨР ТООЦОО ГҮЙЦЭТГЭХ
 
3.1    Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний цахим мэдээ нь ISO 8583 стандарт болон Монголбанкнаас тавьсан бусад шаардлагыг хангасан байна
 
3.2    Бага дүнтэй төлбөрийг банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд оруулахын тулд Монголбанкны Төлбөр тооцооны төв, банкны хооронд дараах зүйлийг харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна: / Хавсралт 1/
 
3.2.1   Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоотой холбогдсон харилцаанд оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлага;
 
3.2.2   Монголбанкны Төлбөр тооцооны төвийн үйлчилгээний шимтгэлийн хувь хэмжээ;
 
3.2.3   Төлбөр тооцоонд хориглох зүйлс;
 
3.3    Төлбөр хариуцагч болон төлбөрийг хүлээн авагч банкууд нь  банкны нягтлан бодох бүртгэлийн ба дамжуулалтын программаар бэлтгэгдсэн банк хоорондын төлбөр тооцоонд орсон төлбөр тооцооны авизын файлуудыг  архивлан хадгална.
 
3.4    Санхүүгийн дундын сүлжээ, программ хангамж, техникийн эвдрэлээс болж төлбөр тооцоо саатсан тохиолдолд  Монголбанк, Банк, Төлбөр тооцооны төв, өөрийн автоматжуулалтын газарт даруй мэдэгдэж түүнийг засаж  залруулах арга хэмжээг ажлын нэг өдөрт багтаан авна.
 
3.5    Банк  санхүүгийн дундын сүлжээнд холбогдсон компьютерийн цахилгаан тэжээл UPS-г тогтмол цэнэглэж цахилгааны саатал гарах үед сүлжээний ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нөхцлийг бүрдүүлсэн байна./ Холбогдох тоног төхөөрөмжийг эзэмшигч этгээд/
 
3.6    Санхүүгийн дундын сүлжээний саатал  нэгээс дээш хоног үргэлжилбэл банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд оролцогч талууд төлбөр тооцоог зөөврийн мэдээлэл хадгалах төхөөрөмжөөр  хуулан, элчээр дамжуулан гүйцэтгэх арга хэмжээ авна.
 
ДӨРӨВ. БАНКИНД ХИЙГДЭХ БАНК ХООРОНДЫН БАГА
   ДҮНТЭЙ ТӨЛБӨР ТООЦООНЫ ГҮЙЛГЭЭ
 
            А. Төлбөр хариуцагч банкинд хийгдэх ажиллагаа
 
4.1    Банкууд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд орох төлбөрийг санхүүгийн дундын сүлжээ ашиглан бодит цагийн горимоор ажлын өдрийн 9:00-с 16:00  цагийн хооронд Төлбөр тооцооны төвд өгч болно.
 
4.1    Төлбөр тооцооны төв нь банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөрийг санхүүгийн дундын сүлжээ ашиглан бодит цагийн горимоор ажлын өдрийн 9:00-с 16:00 цагийн хооронд банкуудад өгнө.
 
4.2    Төлбөр хариуцагч банкны салбар орон нутагт дамжих банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог санхүүгийн дундын сүлжээг ашиглан банкны төвөөрөө дамжуулан гүйцэтгэнэ.
 
4.3    Төлбөр хариуцагч банкны салбар нь төлбөр хариуцагчийн харилцах, салбар хоорондын тооцооны дансны хооронд зохих дансны бичилтийг хийж  төв банкиндаа авизыг дамжуулна. Банк нь төлбөрийн авизыг хүлээн авч салбар хоорондын тооцооны данс,  Монголбанк дах харилцах дансны хооронд зохих бичилтийг хийж санхүүгийн дундын сүлжээгээр гүйлгээний цахим мэдээллийг дамжуулснаар банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд орсон гэж үзнэ. 
 
4.4    Санхүүгийн дундын сүлжээгээр дамжих бага дүнтэй гүйлгээний төлбөрийн үнэн зөвийг банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогч шалгасны дараа Төлбөр тооцооны төвд 16:00 цагаас өмнө өгнө.
 
4.5    2551 дүгээр дансанд тухайн ажлын өдрийн 16.00 цагаас хойш болон амралт, баярын өдрүүдэд  хийгдсэн төлбөр,  салбаруудад 14.00 цагаас  хойш хийгдсэн төлбөрийг түр бүртгэнэ. 2551 дүгээр дансанд түр бүртгэгдсэн төлбөр нь уг дансанд бүртгэгдсэн өдрийн дараагийн ажлын өдөр  банк хоорондын төлбөр тооцоонд  бүрэн орсон байна.  Банкны төв дээрхи 1109 дүгээр дансанд хийгдсэн бүх гүйлгээг заавал тухайн ажлын өдөр багтаан Монголбанкинд дамжуулна.
 
4.6    Энэ журмын 4.1-д заасан хугацаанаас хожимдуулсан болон буруу бичилттэй  дамжуулснаас үүсэх аливаа хохирол, үр дүнгийн тооцоо хийх эх үүсвэртэй байхыг төлбөр хариуцагч банк өөрөө бүрэн  хариуцна.
 
4.7    Санхүүгийн дундын сүлжээгээр дамжуулж буй бага дүнтэй гүйлгээний төлбөрт Төлбөр тооцооны төвөөс гаргаж буй тайлангаар хяналт тавьж зөрүүгүй явуулах үүргийг төлбөр хариуцагч банкны ерөнхий болон ахлах нягтлан бодогч хүлээнэ.
 
4.8    Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр  тооцоонд орж байгаа төлбөрийн үндсэн баримтыг төлбөр хариуцагч  банк хадгална.
 
            Б.Төлбөр хүлээн авагч  банкинд хийгдэх ажиллагаа
 
4.9    Төлбөр хүлээн авагч  банк  Төлбөр тооцооны төвөөс өөрт ирэх банк хоорондын бага дүнтэй гүйлгээний цахим мэдээг ажлын өдөр бүрийн 16.00 цагаас өмнө санхүүгийн дундын сүлжээ ашиглан бодит горимоор  хүлээн авна.
 
4.10 Төлбөр хүлээн авагч  банкны банк  хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогч Төлбөр тооцооны төвөөс санхүүгийн дундын сүлжээгээр  ирсэн  гүйлгээний цахим мэдээг нэг бүрчлэн тулган шалгаад  Монголбанкны харилцах данс, холбогдох дансны хооронд дансны бичилт хийж гүйлгээ хийнэ.
 
4.11 Салбаруудад  явах төлбөр Төлбөр тооцооны төвөөс банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоогоор орж ирвэл Монголбанкин дах харилцах данс, салбар хоорондын тооцооны дансны  хооронд холбогдох дансны бичилт хийж гүйлгээг дамжуулна.
 
4.12 Санхүүгийн дундын сүлжээгээр ирж буй бага дүнтэй гүйлгээний төлбөрт Төлбөр тооцооны төвөөс гаргаж буй тайлангаар хяналт тавьж зөрүүгүй явуулах болон өдрийн эцэст үлдэгдэлгүй гаргах үүргийг төлбөр хүлээн авагч банкны ерөнхий болон ахлах нягтлан бодогч хүлээнэ.
ТАВ. ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВД ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
5.1    Төлбөр тооцооны төв нь  санхүүгийн дундын сүлжээ ашиглан банк  хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны төлбөрийн цахим мэдээг 16.00 цаг хүртэл хүлээн авна.
 
5.2    Төлбөр тооцооны төв нь хүлээн авсан цахим мэдээллийг тэр дор нь хүлээн авагч банк руу санхүүгийн дундын сүлжээ ашиглан дамжуулна.
 
5.3    Төлбөр тооцооны төв нь ажлын өдрүүдэд 16:00 цагт тухайн ажлын өдрийн өндөрлөлт хийж банкуудын банк хоорондын бага дүнтэй гүйлгээнүүдийг дүгнэн хаалтын цахим мэдээллийг санхүүгийн дундын сүлжээ ашиглан Монголбанкинд дамжуулна.
 
ЗУРГАА. МОНГОЛБАНКИНД ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА.
 
6.1    Санхүүгийн дундын сүлжээ ашиглан Төлбөр тооцооны төвөөс хүлээн авсан хаалтын цахим мэдээллийг үндэслэн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны түр данс, банкны харилцах дансны хооронд холбогдох бичилтийг хийж тухайн ажлын өдрийн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны үр дүнгийн тооцоог хийнэ.
 
ДОЛОО. БАНК ХООРОНДЫН БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ ТӨЛБӨР
                               ТООЦООНД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
 
7.1 Энэ журмын хэрэгжилтэд  Монголбанкны Дотоод Аудитын газар, Хяналт шалгалтын            газар хяналт тавьж дараах арга хэмжээг авна:
 
7.1.1   Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог холбогдох журам, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол холбогдох этгээдэд Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн  хадгаламж, төлбөр тооцоо,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
 
7.1.2   Эдгээр  хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг биелүүлээгүй  ажилтан, албан тушаалтныг  Банкны  тухай хуулийн 49 дүгээр  зүйлийн  1 дэх хэсгийн 3  дахь заалт, холбогдох хууль тогтоомжийн  дагуу торгох  хүртэл арга хэмжээ авна.
 
7.1.3   Төлбөр хариуцагч банкны буруугаас (хүлээн авагч банк,  байгууллагын нэр, дансны дугаарыг буруу бичсэн, гүйлгээний утгыг шивээгүй болон тодорхойгүй хийсэн, хугацаандаа дамжуулаагүй гэх мэт)  харилцагчдын мөнгө саатах, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог будлиантуулсан зэрэг зөрчилд  ногдуулах хүү торгуулийг төлбөр хариуцагч  банк хариуцах ба гэм буруутай этгээдийг 7.1.2-д  заасан заалтын дагуу торгох хүртэл арга хэмжээ авна.
 
7.1.4   Банк хоорондын бага дүнтэй гүлгээний төлбөр тооцоонд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд харилцагч нь банкны төлбөр тооцооны талаархи санал гомдлоо Монголбанкны Дотоод Аудитын газар болон Хяналт шалгалтын газарт хандаж болно.
 
7.1.5   Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд олон удаа зөвшөөрөгдөөгүй  дебет авиз оруулахаар ирүүлсэн болон Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлээ хэтрүүлэн харилцагчдын гүйлгээг дамжуулсан, бага дүнтэй гүлгээний төлбөрийг банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны дамжуулалтын саатлын дансанд бүртгээгүй, салбар хоорондын тооцооны дансанд  бүртгэсэн зэрэг зөрчил гаргасан банк, банкны буруутай үйл ажиллагаанд  хариуцлага тооцож  холбогдох хууль тогтоомжийн дагуу торгох хүртэл арга хэмжээ авна.
 
7.2     Талууд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн тохиолдолд  БТМТГ-ын улсын байцаагчийн эрх бүхий ахлах ажилтан зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.