Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2001 оны
181 дүгээр тушаалын хавсралт

ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ ТООЦОЖ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
/МБЕ-ийн 2005.8.30-ны 397тоот тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгасан/
НЭГ.Нийтлэг үндэслэл 
1.Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлт, нөөц мөнгийг зохицуулах зорилгоор банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөд ногдох заавал байлгах нөөцийн доод хэмжээг тогтоож, биелэлтэд нь хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
2.Банк нь Монголбанкнаас тогтоосон хувь хэмжээний дагуу бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгийг заавал байлгах нөөцөд төвлөрүүлнэ.
3.Банкны заавал байлгах нөөцийн доод хэмжээг тогтоох бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө гэдэгт энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан тухайн банкны тэнцэлд байршсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Засгийн газрын харилцах, хадгаламж болон бусад эх үүсвэр болох төгрөгийн болон валютын дансдын үлдэгдлийг тооцно.  
4.Банкны касс дахь бэлэн мөнгө, валют, чек болон Монголбанкин дахь харилцах (төгрөг, валютын) дансны үлдэгдлийг тухайн банкны бэлэн байгаа нөөцөд тооцно.
5.Банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөс тооцох заавал байлгах нөөцийн хувь хэмжээ болон заавал байлгах нөөцийг дутагдуулсанд ногдуулах торгуулийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно.
6.Банкны төгрөгийн болон валютын холбогдох дансны өдөр тутмын үлдэгдлийн тооцоог хуанлийн өдрөөр үйлдэнэ. Ажлын бус өдрийн дансны үлдэгдлийг түүний өмнөх ажлын өдрийн дансны үлдэгдлээр тооцно.
ХОЁР.Төгрөгийн заавал байлгах нөөцийн хангалтыг тооцох 
7.Банкны заавал байлгах нөөцийг тодорхойлохдоо тухайн банкны Монголбанкин дахь харилцах дансны өдөр тутмын дундаж үлдэгдлийн доод хэмжээг тогтоох замаар гүйцэтгэнэ.
8.Аймаг дахь Монголбанкны салбар нь заавал байлгах нөөцийг тогтоох, хяналт тавихад шаардагдах мэдээг сар бүрийн эхний болон сүүлийн 15 хоногийн байдлаар энэхүү журмын I хавсралтаар банкны салбаруудаас гаргуулан авч хянаад, II хавсралтын дагуу нэгтгэн гаргаж, эхний 15 хоногийн мэдээг тухайн сарын 20-ны, сүүлийн 15 хоногийн мэдээг дараа сарын 5-ны дотор тус тус Мөнгөний бодлого, судалгааны газарт ирүүлнэ.
9.Мөнгөний бодлого, судалгааны газар нь энэхүү журмын 8 дугаар зүйлд зааснаар гаргаж ирүүлсэн мэдээг банк бүрээр нэгтгэж, III хавсралтын дагуу тухайн банкны Монголбанкин дахь төгрөгийн харилцах дансанд дараа сарын эхний болон сүүлийн 15 хоногийн өдөр тутам байх дундаж үлдэгдлийн доод хэмжээг тогтооно. Үүний тулд:
а)Тайлант сарын эхний болон сүүлийн 15 хоногийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн дундаж үлдэгдлээс Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон хувь  хэмжээг үндэслэн тухайн банкны дараа сарын эхний болон сүүлийн 15 хоногийн заавал байлгах нөөцийн хэмжээг тодорхойлно.
б)Тайлант сарын банкны касст байгаа бэлэн мөнгөний эхний болон сүүлийн 15 хоногийн өдрийн дундаж үлдэгдлийг тооцох бөгөөд заавал байлгах нөөцөд эзлэх кассын үлдэгдлийн хувийн жин 50 хувиас ихгүй байна.
в)9 дүгээр зүйлийн "а"-д заасны дагуу тодорхойлсон банкны татан төвлөрүүлсэн хөрөнгөнд ногдох заавал байлгах нөөцийн хэмжээнээс энэ зүйлийн "б"-д заасны дагуу тооцсон банкны касст байгаа бэлэн мөнгөний өдрийн дундаж үлдэгдлийг хасаж, дараа сарын эхний болон сүүлийн 15 хоногт тухайн банкны Монголбанкны харилцахад байх өдөр тутмын дундаж үлдэгдлийн хэмжээг тогтооно.
г)Энэ  зүйлд  заасны дагуу тогтоосон банкны Монголбанкин дахь төгрөгийн  харилцах  дансанд  эхний  болон  сүүлийн 15 хоногт  заавал байвал зохих        хөрөнгийн  дундаж   үлдэгдлийн  хэмжээг  банкууд мөрдөж эхлэхээс өмнө тус  бүрт  нь мэдэгдэнэ.
10.Мөнгөний бодлого, судалгааны газар нь төгрөгийн заавал байлгах нөөцийн хангалтын тооцоог өдөр бүр энэхүү журмын IY хавсралтын дагуу банкны системийн хэмжээгээр нэгтгэж хяналт тавина. Үүнд:
Тухайн банкны Монголбанкин дахь төгрөгийн харилцах дансны өдрийн үлдэгдлийг энэ журмын 9 дүгээр зүйлийн дагуу банкны харилцах дансанд байлгахаар тогтоосон дундаж үлдэгдэлтэй харьцуулж, тухайн өдрийн заавал байлгах нөөцийн хангалтыг (илүү, дутуу) тодорхойлно.
11.Мөнгөний бодлого, судалгааны газар нь банкны заавал байлгах нөөцийн өдөр бүрийн хангалтын тооцоог энэ журмын Y хавсралтын дагуу тухайн өдрийн байдлаар болон өссөн дүнгээр тодорхойлж заавал байлгах нөөцийн шаардлагыг дүгнэх, эх үүсвэрийн хүрэлцээг тодорхойлох, нөөц мөнгөний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглана.
12.Банк нь заавал байлгах нөөцөө хангаж, илүүдэлтэй байвал тэр хэмжээгээр хөрөнгийн чөлөөт эх үүсвэртэйд тооцож, түүнд багтаан шинээр нэмж зээл олгох, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх зэргээр чөлөөт эх үүсвэрээ ашиглана.
ГУРАВ. Валютын заавал байлгах нөөцийн хангалтыг тооцох          
13. Мөнгөний бодлого, судалгааны газар нь энэ журмын 8 дугаар зүйлд зааснаар гаргаж ирүүлсэн мэдээг нэгтгэж, валютын заавал байлгах нөөцийн хангалтыг тооцно:
а) Банкны касст байгаа бэлэн валют, чекийн тайлант сарын эхний болон сүүлийн 15 хоногийн өдрийн дундаж үлдэгдлийг тооцно;
б) Монголбанкин дахь валютын харилцах дансны тайлант сарын эхний болон сүүлийн 15 хоногийн өдрийн дундаж үлдэгдлийг тооцно;
в) 9 дүгээр зүйлийн "а"-д заасны дагуу тодорхойлсон банкны валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд ногдох заавал байлгах нөөцийн хэмжээнээс 13 дугаар зүйлийн "а", "б"-д заасны дагуу тооцсон банкны касст байгаа бэлэн валют, чек, валютын харилцах дансны тайлант сарын өдрийн дундаж үлдэгдлийг хасаж валютын заавал байлгах нөөцийн хангалтыг (илүү, дутуу) тооцно;
г) Банкны тайлант сарын эхний болон сүүлийн 15 хоногийн гадаад валютын заавал байлгах нөөц дутагдсан тохиолдолд тухайн сарын эхний болон сүүлийн 15 хоногийн Монголбанкин дахь төгрөгийн харилцах дансны өдрийн дундаж үлдэгдлийн илүүдэл нөөцөөр гадаад валютын заавал байлгах нөөцийн дутууг нөхөж тооцно.
/МБЕ-ийн 2005.8.30-ны 397 тоот тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгасан/    
        ДӨРӨВ. Албадлагын арга хэмжээ, хяналт шалгалт
14. Мөнгөний бодлого, судалгааны газар нь заавал байлгах нөөцийн биелэлтэд банк тус бүрээр хяналт тавьж ажиллана.
15.Заавал байлгах нөөцийг дутагдуулсан банкинд Монголбанк дараахь арга хэмжээг авна:
а)Заавал байлгах нөөцийг дутагдуулсан банкинд торгууль ногдуулах (торгуулийн дээд хязгаар нь тухайн үед Монголбанкнаас банкинд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүү дээр таван нэгж хувийг нэмснээс илүүгүй байх);
б)ногдуулсан торгуулийг тус банкны Монголбанкин дахь харилцахаас эхний ээлжинд шууд суутгаж авна.
16.Төгрөг, валютын  заавал байлгах нөөцийн шаардлагыг хангаагүй дутагдуулсанд ногдуулсан торгуулийг тухайн сарын  эхний болон сүүлийн 15 хоногоор тооцож Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлуулан банк бүрт  YI хавсралтаар мэдэгдэнэ.
/МБЕ-ийн 2005.8.30-ны 397 тоот тушаалаар оруулсан өөрчлөлтийг тусгасан/    
17.Заавал байлгах нөөц дутагдуулсны торгуулийг Монголбанкин дахь харилцах данснаас нь суутгаж авсан тухай мэдэгдлийг Монголбанкны Бүртгэл тооцоо, автоматжуулалтын  газраас холбогдох банкинд нь тухай бүрт нь мэдэгдэнэ.
18.Заавал байлгах нөөцийн доод хэмжээг 3 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн хангаагүй банкинд ногдуулах албадлагын арга хэмжээний тухай санал боловсруулан Монголбанкны Захирлуудын Зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ.
19. Заавал байлгах нөөц тооцоход шаардагдах дансдын үлдэгдлийн мэдээг банк, түүний салбаруудаас хугацаанд нь үнэн зөв гаргаж байгаа эсэхэд Хяналт шалгалтын газар, Дотоод хяналтын газар, Мөнгөний бодлого, судалгааны газар, аймаг, хот дахь Монголбанкны салбар хяналт тавьж ажиллана.
20.Мөнгөний бодлогын газраас банкны заавал байлгах нөөцийн хангалт, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын талаар Монголбанкны Ерөнхийлөгчид тогтмол танилцуулна.