Хэвлэх DOC Татаж авах
Монгол банкны Ерөнхийлөгчийн 1997 оны
172 дүгээр тушаалын хавсралт
 
            ЗООС СОНИРХОГЧДЫН ЦУГЛУУЛГЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТ, МӨНГӨН
ЗООС ҮЙЛДВЭРЛЭХ,  БОРЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.Энэ журмыг цуглуулгын зориулалттай алт, мөнгөн зоосыг үйлдвэрлүүлж, зоос сонирхогчдод борлуулахад мөрдөнө.
2.Тодорхой сэдэв, хязгаарлагдсан тоогоор үйлдвэрлэн борлуулах алт, мөнгөн зоосыг / хойшид зоос гэж нэрлэх/ цуглуулгын зоос гэж нэрлэнэ.
3."Тодорхой сэдэв" гэж монголын болон олон улсын түүхэн үйл явдал, улс үндэстний уламжлалт ёс заншил, урлагийн бүтээл, суут хүмүүсийг алдаршуулах, сурталчлах зорилгоор  зоосны ар талд хэвлэж гаргахаар сонгон авсан сэдэв / зураг/-ийг хэлнэ.
4."Хязгаарлагдсан тоо" гэж зоос цуглуулагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэвлэн гаргаж гадаад, дотоод зах зээлд  борлуулах болон уг зоосны тоо ширхэгийн дээд хэмжээг хэлнэ.
5.Зоосны сэдвийг сонгох, түүний дагуу хийгдэх зоосны ар, өвөр талын зураг болон техникийн нөхцлийг Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар боловсруулж Бодлогын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр батлуулна.
6.Зоосны зураг, загварыг зохион бүтээх зураачидтай гэрээ байгуулж,  түүгээр харилцан хүлээх үүрэг, хариуцлага, хөдөлмөрийн хөлс болон бусад зүйлсийг тохиролцоно. Энэ ажлыг Мөнгөн тэмдэгт  үнэт зүйлсийн газар, Хэрэг эрхлэх газартай хамтран гүйцэтгэнэ.
7.Батлагдсан сэдэв, зураг, техникийн нөхцлийг үндэслэн дотоод гадаадын үйлдвэр, пүүсүүдэд үйлдвэрлүүлэх, борлуулах зоосны тухай гэрээг Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар, Хуулийн хэлтсийн оролцоотойгоор байгуулна.
Хоёр. Зоосны сэдэв, техникийн нөхцөл
8.Зоосны техникийн нөхцөлд дор дурдсан үзүүлэлт хамрагдана. Үүнд:
а/зоосны сэдэв буюу ар, өвөр талын зураг;
б/ нэрлэсэн үнэ, төгрөгөөр;
в/ үнэт металлын төрөл,  сорьц;
г/ жин, граммаар;
д/ диаметр, мм-ээр;
е/ үйлдвэрлэх тоо, ширхэг;
ж/ зоос хийх технологийн ангилал /өнгөлгөөтэй буюу                     өнгөлгөөгүй/.
9.Зоосонд Монголын түүх соёлын болон суут хүмүүстэй холбоотой сэдвийг тусгахдаа эрдэм шинжилгээний байгууллага, нэрт эрдэмтдийн саналыг, гадаадтай холбогдсон сэдвийг ашиглахдаа холбогдох улсын зохих байгууллагын зөвшөөрлийг  зоосыг үйлдвэрлэгч, борлуулагчтай авч байна.
Гурав. Зоосыг  үйлдвэрлэх, борлуулах
1О.Гадаад орнуудад хийлгэж байгаа зоос тус бүрээс 5 хүртэл ширхэгийг авч улсын Эрдэнэсийн санд хөдөлшгүй нөөц байдлаар хадгална. Мөн дотоодын сонирхогчдын хэрэгцээнд зориулан зоос авчирч худалдаж болно.
Зоосыг авахдаа аль болох үнэгүй авах юм уу, ажиллагааны зардлыг төлөхгүй, зөвхөн тэдгээрт орсон үнэт металлын үнийг төлөөд авч байхаар  гэрээнд тусгах чиглэл баримтлана.
11.Зоосыг авах, материалын үнийг төлөх асуудлыг Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар, Валютын бодлого, нөөцийн удирдлагын газартай хамтран гүйцэтгэнэ.
12.Гадаад орнуудтай хамтран үйлдвэрлэж борлуулсан зоосны лицензийн төлбөрийг авч тусгай дансанд оруулна. Энэхүү орлогын 2О хүртэл хувийг зоосны зураг  зуруулах, гэрээ хэлэлцээр хийх, шинээр гаргасан зоосыг олон улсын зоосны каталогид оруулах, гадаадад хийлгэсэн зоосноос Монголд авч ирэх зэрэг зоосны үйлдвэрлэл, борлуулалт, урамшуулалт, сурталчилгаатай хoлбогдсон ажлыг санхүүжүүлэхэд Мөнгөн тэмдэгт үнэт зүйлсийн газрын саналыг үндэслэн зарцуулж болно.
Дөрөв. Хяналт
13.Зоосны үйлдвэрлэлт, борлуулалтын явц, байдалд Мөнгөн тэмдэг, үнэт зүйлсийн газраас хяналт тавьж байна.