Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 1996 оны
290 дугаар тушаалын хавсралт
ЗЭЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Банкууд нь зээлийн бодлогоо боловсруулахдаа энэхүү үлгэрчилсэн журмыг мөрдлөг болгоно. Журмын зорилго нь банк зээлийн бодлогодоо зайлшгүй хэрэгжүүлэх асуудлуудыг үйл ажиллагааныхаа онцлог, тухайн үеийн байдал, хэтийн төлөвт тулгуурлан тодорхойлж, мөрдөхөд тус дөхөм үзүүлэхэд оршино.
Нэг. Банкны удирдлага
            Төлөөлөн удирдах зөвлөл, Банкны зөвлөл нь банкны дүрмийн дагуу банкны үйл ажиллагаатай холбогдон гарсан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зээлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор дараахь үүргийг гүйцэтгэнэ.
А.Төлөөлөн удирдах зөвлөл нь:
1.Банкны хэтийн чиглэл болон тухайн оны бизнес төлөвлөгөөг батлахдаа түүнд заасан арга хэмжээ нь эх үүсвэртээ багтаж бодитой биелэгдэхээр тусгагдсан эсэхийг онцгойлон авч үзнэ.
2.Банкны зөвлөлтэй хамтарч  Ёс зүйн дүрмийг батлахдаа банк нь үйл ажиллагаагаа явуулахад ёс зүйн ямар хэм хэмжээг баримталж ажиллах талаар зааж, уг дүрэмд доорхи асуудлуудыг зайлшгүй тусгасан байна. Үүнд:
а)холбогдох этгээд (Монгол улсын "Банкны тухай хууль"-ийн З дугаар зүйлийн 2-ын 1 дэх заалтын тодорхойлолтоор)-д олгох зээл, төлбөрийн баталгааны хязгаарыг "Банкны тухай хууль"-д заасан хэмжээнд багтаан тогтоох;
б)банкны нууцыг хадгалах, нууц мэдээлэлтэй харьцаж ажиллах;
в)аливаа хэлцэлд ямар нэг нөлөөллөөс ангид бие даасан буюу "зай барих" зарчим баримтлахад тавигдах шаардлага;
г)банкны дотоод мэдээллийг ашиглахад тавих хязгаар, хориг;
д)бэлгийн зүйл авах талаархи хориг;
е)хувийн ашиг сонирхлыг банкны ашиг сонирхлоос дээгүүр авч үэзэхэд тавих хориг;
ё)гарч байгаа болон гарч болзошгүй зөрчлийг илрүүлэх арга зам, хэлбэр;
ж)дээр дурдсан асуудлуудтай холбогдон гарсан хууль тогтоомж болон дүрмийн биелэлт, ..... г.м. болно.
З.Банкны зөвлөл, Зээлийн хороо, дотоодын болон хөндлөнгийн хяналтын албаны тайланг үндэслэн шаардлагатай бол шалгалт хийж, банкны тухайн үеийн үйл ажиллагааг хэтийн төлөв, бодлоготой зохицуулах талаар удирдамж чиглэл өгч холбогдох арга хэмжээ авч ажиллана.
Банкны хянан шалгагчид нь дадлага туршлагатай, мэргэжлийн нягтлан бодогчид байх бөгөөд Төлөөлөн удирдах болон банкны зөвлөлийн гишүүд, бусад албан тушаалтны хэнтэй ч ашиг сонирхлын холбоогүй байх шаардлагатай. Хянан шалгагчид зээлийн эрсдэлийн хүрээнд доорхи асуудлуудыг зайлшгүй  авч үзсэн байна. Үүнд:
а)банкны үйл ажиллагааг зохицуулах, банкны бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг бизнесийн төлөвлөгөө, зах зээлийн байдал, хууль тогтоомж, бусад шийдвэрүүдтэй уялдуулан боловсруулж баталсан байх;
б)хяналт шалгалтыг жилд нэг удаа заавал хийсэн байхаар ажлын төлөвлөгөөнд тусгасан байх;
в)хууль тогтоомж, заавар журамд заасан үзүүлэлтүүдийн биелэлт, тэдгээрийг тайлагнах үндэслэлийг дор заасан хүрээнд:
 
·    зээлийн лимит, заавал байх нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохих хэмжээ, хэлбэрээр хангасан эсэх;
·    зээлийн хязгаарлалт (банкны удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгаа)-ын шаардлагын биелэлт;
·    өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад шалгуур үзүүлэлтийн зохистой харьцааны биелэлт;
·    зээлийн багцын ангиллын үнэн зөв байдал;
·    зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг зохих хэмжээгээр байгуулсан эсэх, ..... гэх мэт авч үзнэ.
 
г)зээл олголтын урьдчилсан болон дараалсан хяналт зохих түвшинд хийгдсэн эсэх;
д) зээл олгохтой холбогдуулан авсан баримт бичиг, мэдээлэл үнэн зөв эсэх;
е)зээл олгох зөвшөөрлийг зээлийн бодлогод нийцүүлэн гаргасан эсэх;
ё)зээлийн баримт бичгүүд зээл олгох зөвшөөрөлтэй нийцсэн эсэх;
ж)олгосон зээлийн хэмжээ зээл олгох зөвшөөрөлтэй нийцсэн эсэх;
з)хөрөнгө барьцаалсан, баталгаа гаргуулсан үндэслэл;
и)зээл төлүүлэх ажиллагаа үүнд активыг борлуулах ажиллагааг шуурхай, цаг тухайд нь явуулж байгаа эсэх;
к)тайлан, бусад баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын байдал;
л)зээлийн холбогдолтой нягтлан бодохын дансдын балансын болон балансын гадуурхи гүйлгээг үнэн зөв хийж байгаа эсэх;
м)Ёс зүйн дүрмийн хэрэгжилт зэрэг болно.         
Б.Банкны зөвлөл нь:
Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн удирдамж, чиглэлийн дагуу банкны үйл ажиллагааг зах зээлийн тухайн үеийн байдал, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зохицуулах зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд зээлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, биелэлтэнд нь хяналт тавина. Түүнчлэн зээлийн бодлогыг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, бууруулахад туслалцаа  үзүүлэх үүрэгтэй Зээлийн хороог байгуулж ажиллана.
Хоёр. Зээлийн бодлого
Банкны зөвлөл нь зээлийн багцын чанарыг бүрэн хариуцах эцсийн эзний хувь зээлийн бодлогыг боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулна. Зээлийн бодлого нь банкны үйл ажиллагааны тухайн үеийн байдал, хэтийн төлөв, төлөвлөгөө, Ёс зүйн дүрэмд нийцсэн байна. Зээлийн бодлогын удирдлагад дараахь асуудлууд зайлшгүй тусгагдана. Үүнд:
а)зээлийн чанар, эрсдэлийг удирдахад оролцох банкны бүх нэгж, хэсгүүдийн зохион байгуулалт, ажилтнууд, тэдгээрийн эрх, үүрэг, тэдгээрийг томилох, ажиллуулах, тайланг авах арга зам, хэлбэрүүд,
б)зээл олгох эрх бүхий этгээдийг томилох;
в)зээл олгох зөвшөөрөл гаргах журам;
г)зээлийн ажилтны эрх, үүрэг, хариуцлага;
д)зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа;
е)зээлжүүлэлттэй холбоотой баримт бичиг, хувийн хэргийг зохих журмаар бүрдүүлэх;
ё)зээлийн эрсдэл, зээлийн төсөлд судалгаа, дүгнэлт хийх;
ж)банкны удирдлага, ажилтан, тэдгээртэй холбогдох этгээдэд тавих зээлийн хязгаарлалт;
з)зээлжүүлэлтийн ажиллагаа, зээлийн ашиглалтыг хянах журам;
и)хүндрэл бэрхшээлтэй, чанаргүй зээл бий болохоос урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга замууд, бүртгэлд авах үйл ажиллагаа;
й)зээлийн алдагдлыг нөхөх хөрөнгийн хуваарилалт, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах;
к)чанаргүй  зээлийг удирдах, төлүүлэх, хүчингүй болгох талаар баримтлах бодлого;
л)зээлийн эрсдэлийг тооцох, судалгаа, дүгнэлт хийж, хэтийн чиглэлийг тогтоох;
м)зээлжүүлэх бизнесийн хүрээ, нөлөө, эрсдэлийн түвшин, банкны үйлчилгээний хоорондох уялдааг зохицуулах бодлого зэрэг болно.
Гурав. Зээлийн хорооны бүтэц, үйл ажиллагаа
Зээлийн хорооны гишүүд нь эрсдэлээс банкаа хамгаалах чадвар бүхий мэдлэг, чадвар, туршлага, хариуцлагатай Банкны зөвлөлийн гишүүд болон ахмад ажилтнууд байна. Зээлийн хорооны гүйцэтгэх үүрэг нь:
а)банкны зөвлөлөөр баталсан заавар, журмыг боловсронгуй болгоход чиглэгдсэн санал, дүгнэлт өгөх;
б)зээлийн бодлогыг сурталчилах, заавар, журмын хэрэгжилтийг хангах, биелэлтийг нь дүгнэх;
в)зээлийн албадаас зээлжүүлэх саналыг хүлээн авч танилцан холбогдох баримт бичиг бүрдсэн гэж үзвэл зээл олгох эсэхийг хэлэлцэн зээл олгох, эс олгох тухай зөвлөмж гаргаж, зээл олгох эрх бүхий этгээдэд өгөх;
г)зээлийн багцын чанарыг бүхэлд нь зохицуулан зөв ангилж, зохистой хэмжээнд байлгах талаар арга хэмжээ авч ажиллах;
д)зээлийн дотоод хяналтын журам мөрдүүлэх;
е)зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулахад хөрөнгө хуваарилах, чанаргүй зээлийг төлүүлэх, хүчингүй болгох асуудлыг зохицуулах;
ё)зээл, түүний дотор чанаргүй зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгийг хураах, үнэлж борлуулах эрх бүхий албыг ажиллуулах, тайланг нь хэлэлцэх;
ж)зээлийн баримт бичгийг шалгах ажлыг зохион байгуулах;
з)зээлийн ажилтны тоог тогтоох, энэ чиглэлээр боловсон хүчнийг сургах, давтан сургах;
и)зээлийн багцын чанарын тухай мэдээллийг Зээлийн хороо, Банкны зөвлөлд мэдээлж, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж шийдвэр гаргуулах;
й)банкны актив, пассивын удирдлагын үйл ажиллагааг харилцан уялдуулж, заавал байх нөөц, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байх түвшинд үйл ажиллагааг явуулах;
к)банкны зээлийн оновчтой удирдлагыг хангах зохион байгуулалтын бүтцийн схемийг боловсруулж хэрэгжүүлэх.
Дөрөв. Зээлийн зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
Зээл олгох, эс олгох тухай зөвлөмжийг Зээлийн хороо нь зээл олгох эрх бүхий этгээдэд өгч байна. Энэ зөвлөмжийг бичгээр үйлдэх бөгөөд Зээлийн хороонд бүртгэж аваад нэг хувийг зээлжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах, хөндлөнгийн болон дотоодын хяналт, шалгалтын албадад танилцуулах зорилгоор зээлийн хувийн хэрэгт хадгална.
А.Зээлийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг томилох
Зээлийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг томилохдоо дараахь зарчмыг баримтална. Үүнд:
1.Зээлийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг зөвхөн Зээлийн хороо томилно;
2.Зээлийн эрх мэдлийг олгохдоо зээлийн хэмжээ, цаг хугацаагаар ялгавартай тогтоож, үе үе шалган шинэчилж байна;
З.Зээл олгох эрх бүхий этгээдүүдийн жагсаалтыг тухай бүрд баталж бичгээр үйлдэн тэдгээрээр гарын үсэг зуруулан баталгаажуулж байна;
4.Зээлийн эрх мэдлийг олгосон зөвшөөрлийг банкны дотоодын болон хөндлөнгийн хяналтын албанд тэдний анхны шаардлагаар үзүүлж байна;
5.Зээл олгох эрх бүхий этгээд тогтоосон журмын дагуу зээлийн хугацааг сунгах эрхтэй бөгөөд банкны салбар мэтийн зээл олгох эрхтэй ганц этгээдийн хувьд хяналт шалгалтыг илүү өндөр түвшинд байлгаж энэ ажиллагааг зохицуулна;
6.Зээлийн бодлогод өөрчлөлт орох тохиолдолд энэ талаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд, тайлагнах дэг журмыг тухай бүр тусгайлан зааж өгнө.
Б.Зээлийн төслийг авч үзэх хүрээ
Зээлийн эрсдэлийг зөвхөн тухайн зээлдэгчийн зээлийн төслийн хүрээнд бус мөн түүнд хамаарах холбогдох этгээдийн хүрээнд авч үзнэ. Ингэхдээ урьд олгосон зээл, шинээр олгохоор төлөвлөж байгаа зээлийн нийлбэр дүнгээр тооцно. Үүнийг тогтоохдоо  урьд олгосон зээл нь чанарын ямар ангилалд хамаарч байгаа, чанаргүй зээлийн мэдээллийн санд орсон эсэх, балансын гадуур авлага болон бичигдсэн эсэхийг харгалзан үзнэ.
В.Зээлийн зөвшөөрөл олгох журам
Зээлийн бодлоготой уялдуулан шинээр олгох зээлд зөвшөөрөл  олгох журмыг баталж, түүнийг хэрэгжүүлэх эрхийг нь Зээлийн хороонд олгоно. Журмыг зээл олгох эрх бүхий холбогдох бүх этгээд болон энэ асуудлыг хариуцсан ажилтнуудад (эдийн засагч) хүргүүлж судлуулахын зэрэгцээ сургалт зохион байгуулна.
1.Зээлийн зөвшөөрөл олгох журмын дагуу зээлдэгчийн зээлийг сунгах асуудлыг эрсдэлийн бүх хүчин зүйлийг тооцсоны үндсэн дээр Зээлийн хорооны зөвлөмжийг үндэслэн зээл олгох зөвшөөрөл бүхий этгээд шийдвэрлэнэ. Үүний тулд банк болон банкны салбарын зээлийн эдийн засагчийн хийсэн судалгаа, дүгнэлтийг эрх бүхий удирдах ажилтан нь дэмжиж, тухайн төсөл банкны бодлоготой нийцэж байгаа гэдгийг нотолсон байна.
2.Зээлийн төслийн судалгаа, дүгнэлтийг тухайн банкны Зээлийн бодлогын алба (газар, хэлтэс байж болно)-ны эдийн засагчид, итгэл, найдвартай бусад албад (тухайлбал, зээлдүүлэгч эсвэл мэргэжлийн нэгж)-тай хамтран хийж болно. Судалгаа, дүгнэлт нь эрсдэлийн хүчин зүйлүүдийг иж бүрэн, үнэн зөв тооцсон байх шаардлагатай тул банк нь үүнийг хангаж ажиллаж чадах өөрийн ажилтны ажлын түвшин, хэм хэмжээг тогтоосон байна.
З.Зээлийн төслийн судалгаа, дүгнэлтийг бичгээр үйлдэж урьдчилан Зээлийн хорооны гишүүдэд танилцуулахын дээр түүнд доорхи асуудлыг зайлшгүй тусгасан байх шаардлагатай. Үүнд:
а)зээлдэгчийн үйл ажиллагааны чиглэл, энэ талаархи сүүлийн үеийн түүх;
б)зээлийн төслийн зорилго, зээлийн хөрөнгийг хэрхэн ашиглах тухай судалгаа, тооцоо, тайлбар;
в)зээлийг эргүүлж төлөх эх үүсвэрийн байдал, тухайлбал төслийг хэрэгжүүлснээр олох ашиг, ирээдүйн үйл ажиллагааны мөнгөний урсгал, баталгаа болон барьцаалсан хөрөнгийн борлогдох чанар, зах зээлийн судалгаа;
г)зээлдэгчийн удирдлагын ёс суртахууны төлөвшил, төслийг хэрэгжүүлэх туршлага;
д)үйл ажиллагаа явуулах тухайн салбар, зах зээлд зээлдэгчийн эзлэх болон эзэлж байсан байр суурь;
е)сүүлийн З жилийн хөндлөнгийн хяналт, шалгалтын албаар хянагдаж, батлагдсан санхүүгийн иж бүрэн тайлан;
Үүнээс гадна харилцагчдын тухайн зээлдэгчийн талаархи тодорхойлолт, барьцаа хөрөнгийн байдлыг нэмж шаардаж болно.
ё)ирээдүйн үйл ажиллагааны мөнгөний урсгалд тулгуурлан төлөхөөр тооцсон төлөвлөгөө, түүний бодитой хэрэгжих нөхцөл;
ж)тухайн төслийг хэрэгжүүлэхэд аккредитив нээж байгаа банкны төлбөрийн чадвар, банкинд байршуулах хөрөнгийн хэмжээ;
з)зээлийн төслийг хэрэгжүүлэхэд зээлдэгч болон банкийг эрсдэлээс хамгаалахад шаардагдах бусад баримт бичиг;
и)зээлийн төслийг хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээ, түвшин;
й)шаардлагатай бол тухайн улс орны байдлаас үүдэн гарч болох эрсдэлийн үнэлгээ;
к)зээлийн төслийн үнийн түвшин, ашгийн төлөвлөгөө, стратегийн зорилт, ач холбогдол.
4.Зээлийн зөвшөөрөл олгох шийдвэр болон бусад шаардлагатай баримт бичгийг бичгээр үйлдэнэ. Зээлийн хорооны зөвлөмжөөс гадуур олгосон зээлийн тухай зээл олгох эрх бүхий этгээд  тус хороонд тухай бүрт нь мэдэгдэж байх шаардлагатай. Хөндлөнгийн болон дотоодын хяналт шалгалтын алба нь зээл олгох зөвшөөрөл олгосон бүх баримт  бичгүүдтэй танилцаж, зөвшөөрлийн дагуу олгосон эсэхийг тогтоож холбогдох  арга хэмжээг авч ажиллана.
Г.Зээлийн судалгаа, дүгнэлт хийх алба
Зээлийн судалгаа, дүгнэлт хийх ажлыг Зээлийн бодлогын алба гүйцэтгэж болох бөгөөд үүний гол зорилго нь зээлийн төслийн эрсдэлийг иж бүрэн судалж,  үнэн зөв тооцон дүгнэлт хийж, Зээлийн хороонд санал гаргах явдал юм.Энэ нь зээлийн зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
1.Бие даасан байдал, зорилго: зээлийн судалгаа, дүгнэлт нь иж бүрэн гаднын нөлөөнд автагдаагүй үнэн зөв хийгдсэн байна. Үүний тулд зээлийн бодлогын албыг аль болох зах зээл, бизнесийг хөгжүүлэх нэгж буюу банкны салбаруудаас салангид байлгах нь чухал. Зээлийн судалгаа, дүгнэлт  хийдэг алба нь зээлийн зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс зах зээл, бизнесийг хөгжүүлэх нэгжид мэдээлэл өгч болох боловч гаднын нөлөөнд автагдахгүй бие даасан байдалтай ажиллах үүднээс тэдэнд тайлагнах шаардлагагүй. Аль ч банкны хувьд ялангуяа Улаанбаатар хотод зээлийн судалгаа, дүгнэлт хийдэг албыг салбаруудаас тусгаарлах бололцоотой. Салбаруудын үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээнээс шалтгаалж, үүнийг тусгаарлах боломжгүй бол зээлийн ажилтнуудын мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургалтанд өргөн хамруулах нь зүйтэй.
2.Тоо баримт цуглуулах, судлах: зээлийн судалгаа, дүгнэлт хийх ажилтан нь тайлан, төлөвлөгөө, үнэлгээ, үйлдвэрийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн болон зээлийн үзүүлэлтүүд, төслийн эрсдэлийг тогтооход шаардлагатай бусад санхүүгийн бус мэдээлэлтэй ажиллана. Мэдээллийг сонин болон хэвлэл мэдээллийн бусад эх сурвалжуудаас цуглуулж болно. Уг ажилтан нь дээрхийн дагуу шаардлагатай тоо, мэдээллүүдийн нэрийг тогтоож, богино хугацаанд шуурхай цуглуулан судалж дүгнэлтээ бичин зээлийн хэрэгт хадгална.  
З.Зээл төлөх эх үүсвэрийг тогтоох: зээлийн төсөл бүрд зээл төлөх эх үүсвэрийн тооцоог хийсэн байна. Тухайн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас олох орлого, мөнгөний ирээдүйн урсгалаас олох орлого болон барьцаа хөрөнгийн борлуулалтаас олох орлогыг зээл төлөх тохиромжтой эх үүсвэрт тооцно. Дамлан худалдах болон үнийн өсөлтийг урьдчилан тооцсон (инфляц)-оос олох орлогыг зээл төлөх эх үүсвэрт тооцохгүй. Зээлдүүлэгч нь бололцоотой бүх тохиолдолд зээлийг эргүүлж төлөх хоёрдогч эх үүсвэртэй байхыг эрмэлзэх ёстой. Тухайлбал, төлөвлөж байсан үйл ажиллагаа нь тооцсон хэмжээнд хүрэхгүй тохиолдолд барьцаа, баталгаа, даатгал зэрэг эх үүсвэртэй байх шаардлагатай.
4.Эрсдэлийг шинжлэх: Судалгаа, дүгнэлт хийхдээ зээлийн төслийн үйл ажиллагааны дүнд учирч болзошгүй эрсдэлийг тооцохоос гадна хугацааг нь сунгасан үед зээлийг бүрэн төлүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй бүх хүчин зүйлүүдийг тооцсон байх шаардлагатай. Эрсдэлийг багасгах зорилгоор банк нь зээлдэгчээс зохих нэмэлт мэдээлэл, баримт бичиг, хяналт шалгалт, барьцаа хөрөнгө шаардах эрхтэй.
5.Зээлжүүлэлтийг зохион байгуулах: банк нь зээлжүүлэлтийн явцыг зөв оновчтой зохион байгуулах нь зээлдэгчээс зээлийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Энэ нь зээл олгох, төлөх хугацааг зээлдэгчийн тооцоо, эргүүлж төлөх бодит чадвартай нь аль болох уялдуулахын дээр зээл ашиглалтын явцыг анхаарлын төвд байлгаж, үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй ажиллах, доголдлыг гярхай олж илрүүлэн дохио өгөх, засч залруулах талаар шаардах, холбогдох арга хэмжээ авах явдал юм. Төслийн дүгнэлтэд банкийг эрсдэлээс хамгаалах үүднээс зээлжүүлэлтийн зохион байгуулалтыг зөв, оновчтой хийх талаар тодорхой тусгасан байх хэрэгтэй.
6.Хяналт шалгалт: банк нь зээл бүрэн төлөгдөж дуустал зээлдэгчийн үйл ажиллагаа, зээл төлөлтийн байдлыг хянаж байх шаардлагатай. Зээлийн хөрөнгийн ашиглалтын байдлыг гэрээний хугацаанд буюу жилд нэгээс доошгүй удаа судалж, шалгах шаардлагатай бөгөөд зээл төлөх хугацаа хэтэрч чанаргүй зээл бий болсон үед аль болох богино хугацаанд олон удаа шалгалт хийж байх нь зүйтэй. Ижил төстэй, олон жижиг зээлийн хувьд Зээлийн хорооноос зээлийн багцыг задлан судлах үндсэн дээр хяналт тавих шийдвэр гаргаж болно.
Д. Зээлийн хязгаарлалтын эрх зүйн зохицуулалт
Зээлийн эрсдэлийн удирдлагын зүй зохистой тулгуур зарчим нь зээлдэгчдийн зээлийн төвлөрлийг хянах замаар удирдан зохицуулж, хязгаарлаж байх шаардлагатай. Зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор тогтоосон хэмжээнээс илүү чанд хатуу хязгаарлалтын журмыг дотооддоо батлан хэрэгжүүлж хязгаарлалтын журмын биелэлтийг гаргаж үйл ажиллагаандаа дүгнэлт хийж ажиллах шаардлагатай.
1.Зээлийн хороо нь зээл олгох зөвшөөрөл хүсч ирүүлсэн салбаруудын судалгаа, дүгнэлтэнд зээлийн хязгаарлалтын асуудлыг хэрхэн сайн судалж тусгаж ирүүлснийг шалгана. Үүнд зээлдэгч болон тэдгээртэй холбогдох этгээдүүдэд олгосон бүх зээлийг судалж, тусгасан эсэхийг тогтооно.
2.Зээлийн хороо нь зээл олгох зөвшөөрөл гаргахын тулд юуны өмнө зээлдэгч болон тэдгээртэй холбогдох этгээдэд олгосон зээлийн харилцааг хянаж үзнэ. Зээлийн судалгаа, дүгнэлт гаргагч нь тухайн зээлийн төслийг бүхэл бүтэн харилцааны нэг хэсэг гэж авч үзэн зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдүүдийн хоорондын харилцаанаас бий болох зээлийн эрсдэлийг иж бүрнээр нь задлан шинжилж, тайлагнаж байх шаардлагатай. Зээлийн хороо нь тухайн зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдийн нийт зээлийн хэмжээг тооцсон эсэхэд хяналт тавьж ажиллана.
З.Зээлийн хороо нь зээл олгох зөвшөөрлийн хэмжээг тогтоохдоо эрсдэлийн түвшинг багасгах зорилгоор урьд нь зээлдүүлэгчээс олгосон зээлийн нийт дүнг харгалзаж үзэхийн хамт тухайн зээл нь зээлийн чанарын багцад хэрхэн нөлөөлөхийг авч үзэн хянана.
4.Харилцагч гадаадын валютын (спот буюу форвард) гэрээ хэлцэл биелүүлэхээс татгалзах магадлалтай гэж үзвэл банк өөрийн нэрийн өмнөөс алдагдалтайгаар гэрээ хэлцлийг биелүүлснээс үүсэх ханшийн алдагдлын эрсдэлийг тооцох хэрэгтэй. Энэ нь зээлийн хязгаарлалтад хамаарах эрсдэл биш боловч банкны зүгээс зохицуулбал зохих эрсдэл мөн. Харилцагчийн хэмээс хэтэрсэн гадаад валютын арилжаа нь гэнэтийн алдагдалд хүргэж болзошгүй тул Зээлийн хороо нь харилцагч бүрт гадаад валютын арилжааны хязгаарыг  баталж, хянадаг журам тогтоох хэрэгтэй. Зээлдэгчийн зээлийн төслийг хянахдаа түүний гадаад валютын арилжааны дадлага, туршлагыг харгалзан үзэх нь зүйтэй. Банк нь эрсдэлийн түвшинг багасгах зорилгоор гадаад валютын арилжааг үндэслэлгүйгээр дэмжиж, дамлах зорилгод ашиглахыг хориглоно.
5.Санхүүгийн зах зээл нь зээлийн хязгаарлалтад захирагдахгүй боловч банкны эрсдэлийг нэмэгдүүлэх шинэ үйлчилгээг байнга бий болгохыг шаардаж байдаг. Иймд Зээлийн хороо нь банкны үйл ажиллагаанаас учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор эрсдэлийн бүхий л хэлбэрийг үнэлж тооцон хянаж байх шаардлагатай. Энэ үүднээс банкны шинэ үйлчилгээ нэвтрүүлэх бүрд зөвшөөрөл олгодог журам тогтоох хэрэгтэй. Зөвшөөрөлд тухайн үйлчилгээг харилцагчдад ямар зардалтайгаар хэрхэн хүргэх, үр дүнгий нь хэрхэн тооцох, гүйцэтгэлийг хэрхэн баримтжуулах, ямар хэмжээ, хязгаарын дотор явуулах, зөвшөөрлийг яаж олгох, гүйлгээ, хэрэгжилтийг хэрхэн хянах талаар тусгасан байна. Энэ үйлчилгээг ямар эрсдэлийн түвшинд явуулж байгааг хянах зорилгоор хэрэгжих явцад үе үе  шалгалт хийж байна.
Е. Холбогдох этгээдэд зээл олгох
Холбогдох этгээдэд банкны хувьд хохиролтой, хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу тогтоосон хязгаараас давуулан зээл олгох нь банкны зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Банкны холбогдох этгээдийг тодорхойлж, тэдгээрт зээлийн илүү хатуу хязгаарлалтыг тогтооно. Зээлийн хороо нь ийм төрлийн зээл олгогдож байгаа эсэх мөн хязгаарлалт тогтоох журам мөрдөгдөж байгаа эсэхийг тодруулна. Банкны зээлийн бодлогод холбогдох этгээдэд зээл олгох талаар дор дурдсан заавал биелүүлэх хэм хэмжээг тогтооно:
1.Банкны төв болон салбарын захирал, зээлийн зөвшөөрөл олгох эрх бүхий ажилтнууд өөртөө болон өөрт нь холбогдох этгээдэд зээлийн зөвшөөрөл олгохыг хориглоно. Зээл олгох зөвшөөрөл нь 2-оос доошгүй гарын үсэгтэй байх бөгөөд үүний нэг нь тухайн зээл олгох эрх бүхий албан тушаалтных байна. Зээлдэгч буюу түүнд холбогдох этгээд нь зээлийн зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнаас илүү эрх мэдэлтэй байх ёсгүй.
2.Банкны удирдлага болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээлийн зөвшөөрөл нь зээлийн бодлого, дүрэм, Ёс зүйн дүрэмд нийцсэн байх бөгөөд зээлийн хязгаарлалтын журмын дагуу шийдвэрлэгдсэн байна.
З.Холбогдох этгээдэд олгосон зээлийн тайланг Зээлийн хороонд цаг тухайд нь илтгэж байхын дээр Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж байна. Эдгээр зээл нь Зээлийн хорооны хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.
4.Төлөөлөн удирдах зөвлөл нь холбогдох этгээдүүдэд олгосон зээлийн тайланг авч хянан дүгнэлт хийх нь тус зөвлөлөөс явуулах хяналт шалгалтын ажлын нэг хэсэг болно.
Ж. Зохисгүй зээл
Банкны бодлогод нийцэхгүй, эрсдэл ихтэй, банкны хууль, дүрэм, журам, зааврыг зөрчсөн зээлд зөвшөөрөл олгохыг хатуу хориглоно. Банк нь зээлийн бодлого, заавар журамд зохисгүй зээл бий болох боломжийг тусгах болон Зээлийн хорооноос зээлийн зөвшөөрөл олгохоор төслийг хянах үйл явцад алдаа гаргаж зөвшөөрсөн шийдвэр гаргах зэргээс аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Зохисгүй боловч хууль дүрэм, заавар журмаар хориглоогүй зээлийн зөвшөөрлийг олгохдоо шалтгаалан, үндэслэлийг нь тодорхой зааж зээлийн бодлогоос гадуур шийдвэрлэж болно. Зохисгүй зээлд доорхи тохиолдлыг хамруулна:
1.Банкны хууль дүрэм, Ёс зүйн дүрэм, зээлийн журам зааварт хориглосон зээл;
2.Зах зээлийн өрсөлдөөнд үнэнч шударга оролцохгүй, цаашид дамлан ашиглах зээл;
З.Найдвар эс төрөх, эргэлзээтэй этгээдэд олгосон зээл;
4.Санхүүгийн холбогдох мэдээлэл, материалыг бүрэн аваагүй олгосон зээл;
5.Зээлдэгчийн зүгээс олгох шаардлагагүй зээл;
6.Үндсэн хөрөнгө бэлтгэх зориулалтаар олгосон баталгаагүй зээл;
7.Хувьцаа худалдах, худалдан авахад зориулагдсан зээл;
8.Эргэж төлөгдөх эх үүсвэргүй буюу "удирдлагын заавраар" олгосон зээл;
9.Төслийн үйл ажиллагаанаас олох орлогоос өөрөөр төлөх эх үүсвэргүй аз туршсан, шинээр байгуулагдаж байгаа нэгжид олгосон зээл;
10.Зөвхөн барьцааны үнэлгээнд тулгуурласан зээл;
11.Банкны үйл ажиллагааны чиглэлд багтаагүй буюу зээлийн гэрээнд заасан үйл ажиллагаанаас өөр зориулалтаар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн олгосон зээл;
12.Банк өөрөө хийх боломжгүйгээс тусгай экспертиз шаардсан зээл.
З.Зээлийн мэргэжилтэн (эдийн засагч)-ийн үүрэг
Зээлийн мэргэжилтэн нь банкны үйлчигээг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан явуулах, хөрөнгийг зөв байршуулах давхар үүрэгтэй. Үүнийг хангах үүднээс зээлийн мэргэжилтэнг сайн бэлтгэн ажилд нь хяналт тавьж,  түүний ажлыг хууль зүйн болон үйлчилгээ, захиргааны нөөц хүчээр дэмжиж байх нь чухал. Банкны Захирлуудын зөвлөл нь зээлийн мэргэжилтний бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг хангах стандартыг боловсруулж батлан мөрдүүлсэн байна. Зээлийн мэргэжилтэн нь дараахь үүргийг хангаж ажиллана:
1.Банкны зээлийн бодлого, журмын дагуу зээл олголтыг хэрэгжүүлэх, зохицуулах, эргүүлж төлүүлэх;
2.Олгосон зээл бүр найдвартай, зүй зохистой, үр ашигтай байх банкны стандартад нийцсэн эсэхийг тогтоох;
З.Олгосон тухайн зээл бүр банкны журамд нийцэж байгааг нотлох;
4.Зээл нэг бүрд зохих шаардлага хангасан, бүрэн баримтжуулсан хавтаст хэрэг нээж, хадгалан байнга баяжуулж байх;
5.Зээлдэгчидтэй ажлын зөв харьцаа тогтоож, зөвлөмж өгч байх, тэдгээрийн санхүүгийн байдал, зээлийн төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, лавламж авч байх;
6.Зээлдэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж шалгалтын илтгэх хуудсыг зээлийн хэрэгт хадгалж, арга хэмжээ авч ажиллах;
7.Зээлийн хорооноос олгосон эрх мэдэл, хязгаарлалтын хүрээнд зээлийн асуудлыг шийдвэрлэж байх;
8.Удирдлагадаа зээлийн төслийн хэрэгжилтийн явцыг тогтмол мэдээлж байх;
9.Банкны эрх ашгийг хамгаалж, Ёс зүйн дүрмийн үзэл санаанд нийцэж ажиллах зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгох.
Тав. Зээлийн хяналт болон дотоод хяналт
А.Зээлийн хяналтын журам
Банкны зөвлөлөөс зээлийн багцын чанарыг удирдахад зээлийн иж бүрэн бие даасан дотоод хяналт шийдвэрлэх ач холбогдолтой. Хяналт шалгалтыг банкны зээлийн бодлогын  дагуу эрх олгогдсон хороо буюу албан тушаалтнууд явуулна. Зээлийн шалгалтыг тогтоосон хуваарийн дагуу хийж шалгасан тухай илтгэх хуудас бичин Зээлийн хороонд танилцуулна. Зээлийн хяналтын үүрэг нь дараахь зүйлд оршино:
1.Энэ нь зээлдэгчийн сонирхол, эрх ашгийг хамгаалах үүднээс зээлийн эрсдэлийг үнэн зөв тооцон удирдахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Зээлийн гэрээ, гүйлгээ болон зээлийн багцыг бүхэлд нь судалж шинжлэх, хянах нь зээлдүүлэгчийг банкны бодлогод байнга сургах, чанаргүй зээлийн эсрэг тэмцэх ажиллагааг нь сайжруулах ач холбогдолтой. Зээлийн байдал доройтсон тухай мэдээг удирдлагадаа цаг тухайд нь мэдээлж, шаардлагатай арга хэмжээг шуурхай аваагүйгээс зээлийн чанар муудсаныг илрүүлж, дохио санамж болгож анхааруулах ач холбогдолтой;
2.Зээлийн багцын талаар мэдээлэл өгч зохицуулах үүрэг гүйцэтгэж байгаа нь Зээлийн хорооноос ямар нэг буруу үйлдэл хийхээс сэрэмжлэн удирдлагын анхаарлыг энэ асуудалд хандуулах нэг ёсны баталгаа болж өгдөг;
З.Зээлийг төрөлжүүлэн ангилж үнэн зөв зээлийн багцыг бий болгох бололцоо олгодог;
4.Зээлийн хяналтыг явуулахад баримтлах чиглэлийг тогтоох ёстой. Тусгайлан үзэх шаардлагагүй хэвийн зээлүүдийг жилд нэг удаа нэг бүрчлэн шалгах нь хангалттай юм. Онцгой анхаарал татсан чанаргүй зээлийг шаардлагатай үед хэдэн удаа ч шалгаж болно. Ижил төстэй, олон жижиг зээлийн хувьд зээлийн багцыг задлан хэсэг зээлтэй жиших байдлаар шалгана;
5.Шалгалтад хамрагдсан зээлүүдийг ангилах замаар зээлийн багцын чанар муу байгааг тогтоох нь нэг ёсны урьдчилсан дохиоллын систем юм;
6.Энэ нь мөн баримт бичгийн бүрдлийн хяналт юм. Үүнийг гүйцэтгэхдээ нягтлан бодох бүртгэлийн алба, хөндлөнгийн хяналт шалгалтын алба, бичиг хэргийн албатай хамтарч болох боловч зээлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлд баримт бичгийн хөтлөлт  заавар журмын дагуу хийгдэж байгаа эсэхийг онцгойлон үзэх шаардлагатай. Мөн энэ талаар ямар туршлага хуримтлуулсныг судлах зорилготой юм;
7.Зээлийн бодлогын хэрэгжилт ямар түвшинд байгааг шалгана;
8.Зээлийн хяналтад банкны удирдлага, ажилтнууд, тэдгээртэй холбогдох этгээдэд олгосон зээл хамрагдах бөгөөд үүгээр сонирхлын зөрчил үүсч болзошгүй тохиолдлуудыг илрүүлнэ;
9.Хууль тогтоомжийн биелэлтийг гаргана;
10.Зээлжүүлэлтийн хүрээ, чиг хандлагыг тодорхойлно;
11.Зээлдэгчдийн хөрөнгийн байдлыг авч үзнэ;
12.Зээлийн ангиллын үндсэн дээр зээлийн алдагдлыг нөхөх эх үүсвэр хуваарилахад нь Зээлийн хороонд туслалцаа үзүүлнэ;
13.Зээлдэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулагчдын талаархи мэдээлэл солилцох төв холбоос болж өгдөг;
14.Зээлийн эрсдэл, ашигт ажиллагааны тэнцвэрт байдлыг хангах шаардлагын талаар Зээлийн хороонд мэдээлдэг;
15.Хяналт шалгалт нь үнэн зөв, бодитой байх шаардлагын үүднээс энэ ажлын зорилго, хариуцлагын талаар шалгагдаж байгаа зээлийн ажилтанд дэлгэрэнгүй танилцуулах шаардлагагүй;
16.Зээлийн хорооноос зээл олгох, эс олгох талаар зөвлөмж гаргах үйл ажиллагаанаас салангид байж зээлийн төсөлд судалгаа, дүгнэлтийг үнэн зөв хийхэд чиглэгдэнэ.
Б.Дотоод хяналтын бүртгэл буюу урьдчилан сэрэмжлүүлэх
Банк нь чанаргүй зээлд хэвийн зээлээс илүүтэй ихээр анхаарал тавих хэрэгтэй. Авах арга хэмжээг боловсруулах, алдагдлын эрсдэлийг багасгах үүднээс хүндрэлтэй зээлийг тодорхойлж, тогтмол хянаж байх шаардлагатай.
Зээлдэгчээс зээлийг эргүүлж төлөх боломж муудсан нь тодорхой болох үед банкнаас энэ байдлыг залруулах асуудал нэгэнт оройтсон байдаг тул зээлдэгчийн санхүүгийн байдал доройтохыг урьдчилан илрүүлэх нь чанаргүй зээлийн үр дагаврыг хянахад онцгой ач холбогдолтой.
Хүндрэлтэй зээлийг тодорхойлох, түүнийг удирдах ажлыг сайжруулахын тулд Зээлийн хороо нь чанаргүй зээл болон хүндэрч болзошгүй гэсэн үндэслэлээр зээлийн дотоод хяналтын бүртгэл бий болгож шат дараалсан, удирдлагаар хангана. Хяналтын бүртгэл нь дор дурдсан шаардлагыг хангана. Үүнд:
1.Зээлийн хороо нь хяналтын бүртгэл гаргаж, бүртгэлд орсон зээлдэгч бүртэй ажиллах ажлын гүйцэтгэлийг хянана. Хорооны хяналт шалгалт нь тогтмол, байнгын шинжтэй байна. Хорооны санал, зөвлөмжийг хурлын тэмдэглэлд тусган Захирлуудын зөвлөлд хүргүүлж, зээлдэгчийн зээлийн хувийн хэрэгт хадгална;
2.Хэвийн бус, эргэлзээтэй, найдваргүй зээл гэж зээлийн буюу дотоодын хяналт шалгалт мөн Монголбанкнаас тогтоосон бол тэдгээрийг хяналтын бүртгэлд шууд оруулна. Зээлдэгчийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авсан банкны аль ч ажилтан тухайн зээлийг хяналтын бүртгэлд оруулахыг Зээлийн хороонд санал болгож болно. Зээлийн мэргэжилтэн зээлдэгчийг хамгийн сайн мэддэг ажилтны хувьд санхүүгийн байдал нь ямар нэг хэмжээгээр доройтохыг гярхай мэдэрч чадах дадлагатай байдаг учир энэ талаар Зээлийн хороонд аль болох эрт мэдэгдэх үүрэгтэй;
З.Тухайн үед хэвийн байгаа боловч цаашид хүндрэл учирч болзошгүй гэсэн үндэслэлтэй аливаа зээлийг хяналтын бүртгэлд оруулж Зээлийн хорооноос байдлыг сайжруулах арга хэмжээ авах бололцоог бүрдүүлнэ;
4.Зээлийн хорооны хяналтын бүртгэлийн ажиллагаанд банкийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ боловсруулах, түүний гүйцэтгэлийг мэдээлж байх ажил багтана;
5.Зээлийн хорооны шалгалт нь зээлийн барьцаа хөрөнгийн борлуулалтаар зээлийг төлөх боломж, чадвар, нөхцлийг тодорхойлоход чиглэгдэнэ.
В. Зээлийн захиргааны алба
Банк нь бүх зээлийн талаархи иж бүрэн, эмх цэгцтэй бүртгэл бий болгох, зээлийн багц дахь мэдээллийг баяжуулах зорилгоор зээлийн захиргааны алба буюу эдийн засгийн бодлогын хэлтсийг дор заасан үүрэгтэйгээр томилно.
1.Зээлийн хувийн хэргийг бүрдүүлж, эмх цэгцтэй байлгана. Салбар бүр олгосон зээлийн хувийн хэргийг өөр дээрээ хадгалж болох боловч тухайн салбарын эрх хэмжээнээс давж олгогдсон зээлийн хэргийг төвлөрсөн журмаар хадгалах нь зүйтэй. Зээлийн хэргийг ашиглахад:
а)зээлдэгчийн төлбөрийн чадварыг шууд саадгүй тодорхойлох;
б)зээлийн хугацаа, нөхцлийг тодорхойлох;
в)зээлдэгчийн түүхийн талаар мэдээлэл авах бололцоо олгох ёстой. Зээлийн хэрэгт дараахь зүйлийг зайлшгүй оруулна:
а)зээлдэгч болон түүнтэй холбогдох этгээдүүдийн талаархи мэдээлэл;
б)өмнөх зээлийн төсөл, зээл олгох, эс олгох талаар Зээлийн хорооноос гаргасан зөвлөмж, зээл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл;
в)банктай харилцаж байсан өмнөх жилүүдийн баримт бичиг;
г)зайлшгүй шаардлагатай чухал баримт бичгийн хуулбар;
д)зээлийн гэрээний биелэлтийг дүгнэж байсан тайланд;
е)зээлдэгчтэй харилцаж байсан захидал, бичиг баримт;
ё)бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчдын тухай мэдээлэл;
ж)зээлдэгчийн тухай бусад мэдээлэл, тухайлбал:
·    үйлдвэрлэлийн судалгаа;
·    банкны тайлбар, тэмдэглэл;
·    зээлийн мэдээллийн товчоо, тайлан;
·    бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчдын тайлбар, тэмдэглэл;
·    төслийн техник-эдийн засгийн үндэслэл;
·    барьцаа хөрөнгийн үнэлгээ;
·    нэгдсэн дүгнэлт, санамж.
 
2.Зээлийн хороо болон зээлийн хяналтын хуралдааны бэлтгэлийг хангах үүднээс хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, тайлан, зээлийн төслүүдийг бэлэн болгоно. Зээлийн хороогоор доорхи асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
а)зээлийн төслүүд;
б)зээлийн хяналтын хуралдааны тэмдэглэл;
в)Зээлийн хорооноос гадуур олгогдсон зээлүүдийн тухай танилцуулга;
г)хүндэрч болзошгүй буюу хүндрэл, бэрхшээлтэй зээлүүдийн тухай;
д)чанаргүй зээлүүдийн тухай, алдагдал болгох, хүчингүй болгох, тэдгээрийн чанарыг сайжруулах тухай;
е)зээлийн багцын чанарын тухай;
ж)зээлийн талаар хууль, дүрэм, заавар, журам, шийдвэрийг зөрчсөн тухай;
з)зээлийн хяналт, дотоод хяналтын албаны тайлан;
и)зээлийн бодлого, зээлийн талаар мөрдөж байгаа эрхийн актуудад оруулах өөрчлөлт;
й)Захирлуудын зөвлөлд болон Төлөөлөн  удирдах зөвлөлд танилцуулах, хэлэлцүүлэх асуудaл.
З.Зээлийн чанар, багцын талаархи мэдээллийг банкны салбаруудын хооронд солилцох (Зээлийн мэдээллийн сан) төвийн үүрэг гүйцэтгэнэ.
Тус алба нь доорхи асуудлуудыг мэдээлж болно:
а)Зээлийн хороо болон зээлийн хяналтын албанд - зээлийн төсөл, түүнд өгсөн зөвлөмжийн тухай;
б)Зээлийн төсөлд зөвшөөрөл авахаар санал оруулсан салбаруудын зээлийн төсөлд өгсөн зөвлөмж, зөвшөөрөл, түүнд тусгасан нөхцөл, хугацааны тухай;
в)бичиг баримтын хяналтын албанд - зөвшөөрөлд тусгасан нөхцөл, хугацааны тухай;
г)дотоод хяналтын алба болон зохицуулагчдад - зээлийн багцын тухай.
Г.Дотоодын хяналт шалгалт
Банкны зөвлөл нь банкны дотоод хяналт, шалгалт явуулах журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана. Үүнд:
1.Давхар хяналт: Хөрөнгийн бүх зарцуулалт буюу зарлагын гүйлгээ нь дор хаяад 2 хүний гарын үсгээр баталгаажсан байна. Банкны салбар, нэгжүүд нь гарын үсэг зурах эрх олгогдсон ажилтнуудын гарын үсгийн баталгааны жагсаалтыг банкны үйл ажиллагаа бүрээр гаргах шаардлагатай. Банкны хөндлөнгийн хяналт шалгалтын алба нь баталгаат гарын үсгийн жагсаалтыг мөрдөж байгаа эсэхийг банкны салбар, нэгж бүрд тогтмол шалгаж байна;
2.Зээлийн зөвшөөрлийг баталгаажуулах: Төлбөр тооцоо хийх, үүрэг хариуцлага хүлээх, харилцагчдын хүсэлтээр гадаад валютын арилжаа хийх зэргээр банкны үйлчилгээ үзүүлдэг салбар, нэгж бүр гүйлгээ хийхээсээ өмнө тухайн гүйлгээ нь зөвшөөрөгдсөн болон зээлийн хязгаарлалтын хүрээнд байгаа эсэхийг баталгаажуулах ёстой. Нягтлан бодогчид тухайн гүйлгээ хийх зөвшөөрлийн хуулбарыг хөндлөнгийн хяналт шалгалтын албанд үзүүлэхээр хадгалсан байна. Хөндлөнгийн хяналт шалгалтын алба нь гүйлгээ хийгдэхээс өмнө уг гүйлгээ нь зохих ёсоор зөвшөөрөгдсөн, зээлийн хязгаарлалтын хүрээнд хийгдсэн гэдгийг нотолсон байна;
З.Бичиг баримтын бүрдлийг шалгах: Зээлийн хороо нь зээлийн зөвшөөрөл олгоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хяналт тавих ажлыг хариуцсан ажилтнуудыг томилно. Тэдгээр нь бичиг баримтын бүрдлийг шалгаж нөхөн хийсэн тухай тэмдэглэлийг хийж байна. Салбар, нэгж нь гүйлгээ хийхээс өмнө бичиг баримтыг шалгасан тухай тэмдэглэлийн хуулбарыг шаардаж авна;
4.Тусгайлан авч үзэх болон татгалзах зүйл: Зээлийн журамд зээлийн зөвшөөрөл олгох болон баримт бичгийг бүрдүүлж авахаас татгалзах нөхцөлүүдийг тодорхой заасан байна. Журмаас гадуур тусгайлан авч үзсэн болон татгалзсан бүх асуудлуудын шалтгааныг нь зааж баримт бичгээр баталгаажуулсан байна;
5.Зөрчлүүд: Зөвшөөрөлгүй хийсэн гүйлгээ (урьдчилгаа, төлбөр г.м.) зэрэг илэрсэн зөрчлийн мөрөөр авах арга хэмжээний талаархи саналыг Банкны зөвлөлд тавина;
6.Удирдлагын мэдээллийн систем (УМС): Банкны зөвлөл нь зээлийн эрсдэлийн удирдах хүчин зүйлүүдийн талаар банкны удирдлагуудыг лавлах, зөвлөмжөөр хангах тогтмол болон цаг үеийн үнэн зөв мэдээллийн урсгалыг зохион байгуулах үүрэгтэй. Үүнд хийгдсэн болон хийгдэж байгаа бүх гэрээ, хэлцлийн явц, банкны бодлого, журмаас тусгайлан авч үзсэн, татгалзсан, гарсан зөрчлийн талаар удирдлагад мэдээлж байна. Банкны зөвлөл нь ийм мэдээллийн системийг хэрэгжүүлэх тусгай нэгжийг томилно. Тусгай нэгж нь мэдээллийг Банкны зөвлөлд буюу Гүйцэтгэх захиралд тайлагнана;
7.Зээлийн эрсдэлийн дотоод хяналтын бусад асуудал: банкны дотоод хяналтын үйл ажиллагаанд доорхи асуудлыг тусгах шаардлагатай. Үүнд:
а)хууль тогтоомж, заавар журамд мөрдөгдөж байгаа байдал үүнээс:
·    зээлийн хязгаарлалт;
·    зөвшөөрлөөр болон зөвшөөрлөөс гадуур олгосон зээл;
·    Монголбанкнаас тогтоосон заавал байх нөөц, бусад зохистой харьцаа, шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт;
б)барьцаа, баталгааны хяналт, зээл олголтын байдал;
в)бичиг баримт, тайлангуудын хадгалалт, хамгаалалт;
г)бусад активын борлуулалт;
д)балансын гадуурхи гүйлгээний тайлан.
Д.Хяналтын үйл ажиллагааны баримт бичиг:
Банк нь зээлийн зөвшөөрөл олгоход тавигдсан шаардлагуудыг ханган биелүүлж, зээл олгох гүйлгээ хийн банк үүрэг хариуцлага хүлээхээс өмнө бүх бичиг баримтыг иж бүрэн үнэн зөв боловсруулж, гарын үсэг зурсан эсэхэд хяналт тавьсан байна. Бичиг баримтыг боловсруулах болон гарын үсэг зурахад бүртгэл тооцооны ажилтнуудад эрх зүйн мэдлэг, туршлага шаардагддаг. Банкийг бичиг баримтын эрсдэлээс хамгаалахын тулд бүртгэл тооцооны ажилтнуудыг гадаад дотоодын бүхий л эрх зүйн эх сурвалжийг ашиглах бололцоогоор хангасан байвал зохино. Бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлээгүй зээлийг зөрчилтэй гэж үзэх бөгөөд үүнийг Зээлийн хорооноос нарийвчлан шалгана.
1.Зайлшгүй хангавал зохих шаардлагa: Зээлийн бодлого, журам нь зээл олгоход бүрдүүлэх бичиг баримтанд зайлшгүй тавих шаардлагуудыг тогтоож өгнө. Үүнд бичиг баримт нь хууль зүйд нийцсэн, хүчинтэй байх, энэ нь зээлийн ашиглалтын үр дүнг хянах үйл ажиллагааны үндэс болно.
2.Зөвшөөрөл олгох шаардлагa: Зээлийн зөвшөөрөл нь бүртгэл тооцооны эрсдэлийг бууруулахад шаардагдах баримт бичигт тулгуурласан байна. Шийдвэр гаргахад шаардлагатай зарим асуудaл:
а)бичиг баримтын хугацаа, нөхцөл, бүтэц;
б)хэлэлцэж тохирсон зүйлс;
в)жишиж харьцуулах нөхцөл;
г)барьцаа;
д)баталгаа;
е)үнэлгээ, техник-эдийн засгийн судалгаа.
З.Баримт бичиг боловсруулах: Банк нь загварчилсан болон тусгай бичиг баримтын аль алиныг боловсруулах шаардлагатай. Дотоод, гадаадын аль нэг зөвлөхөөр хянуулах шаардлагатай бол энэ талаар удирдамж, чиглэл боловсруулсан байна. Журамд тусгасан загварчилсан бичиг баримтаас өөр тусгай бичиг баримт боловсруулах шаардлагатай бол энэ ажлыг хуулийн зөвлөхөөр хийлгүүлж хянуулна.
4.Бодитой хараат бус байдлыг хангах: бичиг баримтын хяналт нь зээлийн ажил үйлчилгээ явуулдаг албанаас хараат бус, бодитой байна. Бичиг баримтын хяналт нь зээлийн ажил үйлчилгээ явуулдаг албанд бичиг баримтыг боловсруулж, бэлтгэхэд туслах боловч хараат бус байдлаа хангах үүднээс Зээлийн хороонд ажлаа тайлагнана.
5.Төлбөр хийхээс өмнө биелүүлэх шаардлагууд: Төлбөр хийх буюу зээл олгохоос өмнө бүх бичиг баримтыг албан ёсны болгосон байна. Үүний тулд зээл олгохын өмнө холбогдох бичиг баримтуудаа бичиг баримтын албаар шалгуулж, зохих ёсоор бүрдүүлсэн гэсэн баталгаа авна.
6.Тусгайлан авч үзэх болон татгалзах зүйл: Зээлийн зөвшөөрөл олгох үед бичиг баримтын шаардлага хангагдаагүй байсан боловч тодорхой шаардлагаар тусгайлан авч үзсэн, зээлийн зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаан байсан зэргийг Зээлийн хороо буюу албан тушаалтан зөвшөөрсөн байх ёстой.
7.Эрх олгосон гаднын зөвлөхүүд: Зээлийн хороо нь банкны бичиг баримтыг бэлтгэж боловсруулах, хянах эрх бүхий гаднын зөвлөхүүдийн жагсаалтыг гаргана.
8.Бичиг баримтыг загварчлах: Банкинд мөрдөгдөж байгаа загварчилсан маягтуудыг мөрдөж бйгаа хууль тогтоомж, журамтай нийцүүлэхийн тулд эрх бүхий албанаас хянаж байх шаардлагатай.
Е.Банкны зээлийн ажил, үйлчилгээг хянах явц:
Банкууд нь зээлийн олон төрлийн ажил үйлчилгээ явуулдаг бөгөөд  бүгд өөр өөрийн онцлог, эрсдэлтэй байна. Зээлийн бодлогод эдгээр ажил үйлчилгээ бүрийн онцлог нөхцөл, тэдгээрийн эрсдэлийг удирдах чиглэлийг зааж өгсөн байх шаардлагатай. Тухайлбал, хувь хүнд олгосон зээлүүд нь зээлийн багцанд нөлөөлөх эрсдэлийн хувьд маш олон төрлийн хэлбэртэй байдаг. Зардлыг багасгах зорилгоор бичиг баримтын загварыг нэвтрүүлэх шаардлагатай байдаг. Гэвч бичиг баримтын загвар нь алдаатай боловсруулагдсан бол зээлжүүлэлтийн үйл ажиллагаа алдаатай явагдах аюултай. Ийм учраас бичиг баримтын загвар бүр Захирлуудын зөвлөлөөр батлагдсан байх шаардлагатай. Зээлийн ажил үйлчилгээ нь хууль дүрэм, журам, зах зээлийн нөхцөлд хэрхэн зохицож байгааг тодорхойлох үүднээс хяналтыг үе үе хийж байх шаардлагатай бөгөөд энэ хүрээнд дараахь асуудлыг зайлшгүй тусгана:
1.Энэ хяналтыг зээлийн мэргэжилтэн буюу зээлийн ажил үйлчилгээ эрхэлсэн ажилтнууд хийж гүйцэтгэнэ. Хяналтын дүгнэлт, танилцуулгыг зээлийн тайланд хавсаргасан байна;
2.Хяналтын ажилд дараахь асуудлуудыг зайлшгүй оруулна.
·    зээлийн онцлог, хэлбэр;
·    зах зээл;        
·    үнийн түвшин, чиг хандлага;
·    баримтлах шалгуур үзүүлэлт;
·    бичиг баримтын бүрдэл, зайлшгүй хангагдсан байх шаардлага;
·    хуулийн зөвлөхийн хяналт;
·    хяналт шалгалтын шаардлагa;
·    орлого, зарлагын хэтийн төлөв;
·    зээлд нөлөөлөх бүх төрлийн эрсдэлийн үнэлгээ.
З.Хяналтын дүгнэлтийг Зээлийн хороогоор хэлэлцэж батлах бөгөөд энэ ажиллагаа нь доорхи асуудлуудад үндэслэгдэнэ:
а)зээлийн ажил үйлчилгээ нь банкны бодлого, хууль эрхийн актууд, Ёс зүйн дүрэмд нийцсэн байдлын үнэлгээ;
б)эрсдэл, орлогын харьцааны зөв үнэлгээ;
в)хууль зүйн зүй зохистой хяналтын түвшингийн үнэлгээ;
г)төлбөрийн чадварын шаардлага, өөрийн хөрөнгийн хангалтын талаархи үнэлгээ.
Зургаа. Чанаргүй зээлийн удирдлага
А.Чанаргүй зээлийн удирдлага
Найдваргүй болсон буюу болох магадлалтай зээлийг удирдахад бодитой өндөр шаардлага бүхий хяналт, тодорхой гэрээ, хэлцэл, хүндрэл бэрхшээлээс гарах арга зам, хууль зүйн мэдлэг, активыг борлуулах урлаг, чадвар чухал үүрэгтэй. Үүний тулд дараахь зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай. Үүнд:
1.Зээлийн өр барагдуулах тусгай алба: Зээлийн хороо нь чанаргүй зээлийг удирдлагаар хангах, төлөлтийг сайжруулах, зээлийг шийдвэрлэх үүрэгтэй нэгжийг томилж ажиллуулна. Энэ нь тусгай нэгж эсвэл хэсэг ажилтнаас бүрдсэн алба байна;
2.Чанаргүй зээлийг илрүүлэх, мэдээлэх нь: Зээлдэгчийн үйл ажиллагааг мэддэг банкны ажилтан хэн боловч зээлийн чанар муудаж байгааг аль болох эрт илрүүлэхэд анхаарч, бүх хүч бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байдаг;
З.Хүндрэл бэрхшээлийг судалж, шинжлэх нь: Банк хүндрэл бэршээлтэй, чанар нь муудаж байгаа зээлийг илрүүлсэн нөхцөлд Зээлийн хорооны сонорт хүргэж, тус хороо нь өөрийн бололцоо, дадлага, туршлагыг уг хүндрэл бэрхшээлийн учир шалтгааныг тодруулахад чиглүүлнэ;
4.Авах арга хэмжээний төлөвлөгөө: Хүндрэл бэрхшээлийн шалтгаан нэгэнт тодорхой болсон үед Зээлийн хороо нь зээлийн мэргэжилтэн, зээлийн өр барагдуулах албаны аль нэгтэй хамтарч ажиллах ажлын чиглэл, зээлийг удирдах оновчтой арга барилыг тодорхойлж, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна;
5.Зөвшөөрөл олгох тусгай алба: Хүндрэл бэрхшээлтэй зээлүүд нь алдагдал хүлээх өндөр эрсдэлтэй тул энэ тохиолдолд зээлийн талаар явуулах бодлогыг тодорхойлоход удирдлагын илүү өндөр түвшин шаардагддаг. Энэ зорилгоор түр хугацааны тусгай албыг ажиллуулж, цаашдын зорилтыг тодорхойлох нь чухал юм;
6.Өндөржүүлсэн шаардлагатай хяналт тавих: Зээлийн хяналт нь хүндрэл бэрхшээлтэй зээлүүдийн өөрчлөлтийг нарийвчлан хуваарийн дагуу хянадаг. Захирлуудын зөвлөл нь зээлийн хяналтын хурлын тэмдэглэлд заасан хүндрэл бэрхшээлтэй зээлийн байдлыг хянах үүрэгтэй;
7.Эх үүсвэр тооцож санал гаргах: Зээлийн хороо нь хүндрэл бэрхшээлтэй зээл нэг бүрээр болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулахад шаардагдах эх үүсвэрийг тооцон саналаа Банкны зөвлөлд тавьж байна;
Б.Зээлийн алдагдлыг нөхөх эх үүсвэр:
Банк нь зээл болон бусад үйл ажиллагаанаас учирч болзошгүй алдагдлаас хамгаалах нөөцийн санг байгуулах шаардлагатай. Үүний тулд:
1.Алдагдал хүлээж болзошгүй эрсдэлтэй активуудыг тогтоох;
2.Дээрх активуудын нийт хэмжээ болон тэдгээрийн зээлийн ашиглалтанд нөлөөлж болзошгүй гадаад, дотоод нөхцөл байдлыг хянаж, зээлийн алдагдлыг нөхөх хөрөнгийн эх үүсвэрийн шаардлагатай хэмжээг батлуулахаар Зээлийн хорооны хурлын хэлэлцэх асуудалд тогтмол оруулах;
З.Зээлийн хороо нь алдагдлыг нөхөх хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Захирлуудын зөвлөлд тогтмол санал, зөвлөмж өгч байна.
В.Зээлийг хүчингүй болгох талаар баримтлах бодлого:
Банк нь мөрдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу найдваргүй зээлийг хүчингүй болгох талаар зээлийн бодлогод тусгасан байх шаардлагатай. Зээлийн хороо нь найдваргүй зээлийг үнэлэх, батлах зорилгоор түүний өөрчлөлтөд тогтмол хяналт тавьж байна. Зээлийн хяналт нь зээлийг эргэлзээтэй эсвэл найдваргүй зээлийн ангилалд оруулах талаар шийдвэр гаргаж энэ талаархи санал, зөвлөмжийг Зээлийн хороонд өгнө. Зээлийн хороо нь чанаргүй зээл үүний дотор хүчингүй болгосон зээлийн тайланг Банкны зөвлөлд ирүүлж байна. Зээлийг хүчингүй болгоход ямар бичиг баримт, нөхцөл бүрдсэн байх ёстой талаар зээлийн бодлого, журамд тодорхой зааж өгсөн байх шаардлагатай.
Г.Банкны эзэмшлийн бус  хөрөнгийг зээлийн өр барагдуулахад  ашиглах:
Зээлийн барьцаанд үндсэн хөрөнгө, эд зүйлс, өрийн бичиг, хувьцаа, тоног төхөөрөмж гэх мэтийн хөрөнгийг авснаар банк нь эдгээрийн эзэмшигч болсон байдаг. Эдгээрийн худалдан борлуулахад тусгай ур чадвар шаардагдах бөгөөд банк нь үр өгөөжийг нэмэгдүүлэх зохих нөөцтэй байх ёстой. Зээлийн журамд:
1.Барьцаанд авсан хөрөнгийг үнэлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах асуудал хариуцах этгээд;
2.Барьцаанд хөрөнгө авсанаар гарч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор хөрөнгийг хүлээж авахаас өмнө зөвшөөрөл авах, зах зээлд борлогдох чадвар, хууль зүйд нийцэж байгааг шалгуулсан байх шаардлага;
З.Барьцаанд авсан хөрөнгийг худалдан борлуулахад шаардлагатай зөвшөөрөл, борлуулах үнэ;
4.Барьцаанд авсан хөрөнгийг худалдан борлуулсаны дараа зээлдэгчтэй тооцоо хийхэд баримтлах чиглэл;
5.Барьцаанд хөрөнгийг авах талаар зээлдэгчтэй барьцааны гэрээ байгуулах шаардлага, түүнд банк нь  уг хөрөнгийн эзэн болох нөхцлийн талаар тус тус тодорхой заасан байна.