Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

АЖ АХУЙН НЭГЖИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН,  ТОДРУУЛГЫГ БЭЛТГЭХ ЗААВАР

 

Нэгдүгээр бүлэг: НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.Аж ахуйн нэгж нь нийтлэг зориулалттай тусдаа санхүүгийн тайланг бэлтгэхэд энэ зааврыг мөрдөнө.

2.Даатгал, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллага, банк болон түүнтэй адилтгах санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэх зааврыг холбогдох Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-ын шаардлагууд ба энэ заавартай нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тусгайлан баталж мөрдүүлнэ.

3.Аж ахуйн нэгж нь жилийн санхүүгийн тайланг “А” маягтаар, улирлын санхүүгийн тайланг “Б” маягтаар гаргана.[1]

Санхүүгийн тайлан, тодруулгын үзүүлэлтийг төгрөг, мөнгөөр илэрхийлнэ.

Санхүүгийн тайлан, тодруулгын хасагдах утгатай дүнг хасах тэмдэгтэйгээр харуулна.

Аж ахуйн нэгж нь тодруулбал зохих мэдээллийг заавал тодруулна. Тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч бүх тодруулгыг заавал тодруулахгүй байж болно. 

Санхүүгийн тайлангийн зорилт

  1. Санхүүгийн тайлан нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардагдах тухайн байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, эздийн өмч, өр төлбөр), санхүүгийн үр дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээний) – ийн талаарх мэдээллээр хангана.

  2. Санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгжийн удирдлага хүлээнэ.

Санхүүгийн тайланг бэлтгэх

Аж ахуйн нэгж нь санхүүгийн тайлан бэлтгэхдээ дараах ерөнхий зарчмыг баримтална. Үүнд:

  1. Санхүүгийн тайланг энэ заавар болон СТОУС[2] – ын бүх шаардлагад нийцүүлэн гаргахын тулд аж ахуйн нэгжийн удирдлага нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулан мөрдөх;

  2. Аж ахуйн нэгжийг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд санхүүгийн тайланг тасралтгүй байх зарчмаар гаргах;

  3. Аж ахуйн нэгж нь мөнгөн гүйлгээний мэдээллээс бусад санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар[3] бэлтгэх;

  4. Санхүүгийн тайлан дахь толилуулга ба ангиллыг нэг үеэс дараагийн үед тогтвортой хадгалах;

  5. Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан нь өмнөх үеийн болон бусад байгууллагын санхүүгийн тайлантай зэрэгцүүлэх боломжтой байх;

  6. Санхүүгийн тайланд материаллаг зүйлсийг тусад нь толилуулна. Материаллаг бус дүнтэй зүйлсийг шинж чанар буюу үүргийнх нь дагуу ижил зүйлсийн дүнтэй нэгтгэн толилуулах;

  7. Энэ заавар болон Санхүүгийн тайлагналын олон улсын холбогдох стандартаар цэвэр дүнг гаргахыг шаардсан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд аж ахуйн нэгж хөрөнгө, өр төлбөр эсвэл орлого, зардлыг цэвэр дүнгээр гаргахгүй  байх.

Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн

       Иж бүрэн санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  1. Санхүүгийн байдлын тайлан;

  2. Орлогын дэлгэрэнгүй тайлан;

  3. Өмчийн өөрчлөлтийн тайлан;

  4. Мөнгөн гүйлгээний тайлан;

  5. Санхүүгийн тайлангийн тодруулга орно.

Санхүүгийн тайлангийн толилуулга

Аж ахуйн нэгж нь дараах мэдээллийг толилуулна. Үүнд:

  1. Тайлагнагч аж ахуйн нэгжийн нэр, өмнөх тайлант үеийн эцсийн мэдээлэл дэх аливаа өөрчлөлт;

  2. Санхүүгийн тайлан нь тусдаа санхүүгийн тайлан[4] болох тухай;

  3. Тайлант үеийн эцсийн өдөр, санхүүгийн тайлан эсхүл тодруулгын хамрах хугацаа;

  4. Толилуулгын валют[5].                               

Хоёрдугаар бүлэг: САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН

Санхүүгийн байдлын тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч гэж ангилна. Аж ахуйн нэгж бүр өөрийн үндсэн үйл ажиллагааны шинж чанарт үндэслэн хөрөнгө, өр төлбөрийг санхүүгийн байдлын тайланд ангилан, тодорхой хугацаагаар (улирал, жил) тасалбар болгон толилуулна.

Хөрөнгө

Хөрөнгийг[6] эргэлтийн, эргэлтийн бус гэж ангилна.

Эргэлтийн хөрөнгө

Дараах хөрөнгийг эргэлтийн хөрөнгөнд хамааруулан ойлгоно. Үүнд:

  1. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд ашиглахаар хүлээгдэж байгаа, эсхүл худалдан борлуулахаар эзэмшиж байгаа;

  2. Нэн түрүүнд борлуулах зорилгоор эзэмшиж байгаа; 

  3. Тайлант өдрөөс хойш 12 сарын дотор хэрэгжихээр хүлээгдэж байгаа;   

  4. Хөрөнгийн солилцоог хязгаарласнаас бусад тохиолдолд, тайлант өдрөөс хойш 12 сарын дотор өр төлбөрийг барагдуулахад ашиглах мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө.

Эргэлтийн хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд дараах байдлаар ангилан толилуулна. Үүнд:

  1. Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Касс болон банкны харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламж, 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарласан тусгай зориулалт бүхий мөнгөн сан, үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна. Эдгээр хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ.

  1. Дансны авлага

Аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны явцад борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлөө худалдан авагч болон холбоотой талаас авах авлагын дүн орно. Дансны авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр буюу мөнгөөр хүлээн авахаар тооцоолж буй цэвэр дүнгээр нь санхүүгийн байдлын тайланд харуулна.

  1. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), бусад татвар, төлбөр, хураамжийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайлант хугацааны эцсээрх илүү төлөгдсөн дүн орно. Улирал ба жилийн эцэс дэх татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дүн нь татвар, нийгмийн даатгалын байгууллагын баталгаажуулсан дүнтэй тэнцүү байна.

  1. Бусад авлага

Бусад байгууллага, хувь хүн, холбоотой талд өгсөн нэг хүртэлх жилийн хугацаатай  буюу үйл ажиллагааны нэг циклийн дотор эргэн төлөгдөх зээл, үндсэн үйл ажиллагаатай  холбогдолгүй  үүссэн бусад авлага хамаарна.

  1. Бусад санхүүгийн хөрөнгө

Үүнд 3 сараас нэг жилийн хугацаатай хадгаламж, богино хугацаат өрийн болон өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт хамаарна. Санхүүгийн хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд тусгахад СТОУС 7 Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга, СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр, НББОУС 32 Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга – ийг дагаж мөрдөнө. 

  1. Бараа материал

Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө, үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс болон үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэгдэх материал, хангамжийн зүйлс хамаарна.

НББОУС 2 Бараа материал – д заасны дагуу бараа материалыг өртөг[7] болон цэвэр боломжит үнийн аль багаар нь үнэлнэ. Бараа материалын цэвэр боломжит үнийг тайлант үе бүрийн эцэст тооцно.

Санхүүгийн байдлын тайланд бараа материалыг дансны цэвэр дүнгээр нь толилуулж, санхүүгийн тайланд дараах байдлаар тодруулна. Үүнд:

  1. Түүхий эд материал:  үндсэн түүхий эд, туслах материал;

  2. Дуусаагүй үйлдвэрлэл: үйлдвэрлэж дуусаагүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг;

  3. Бараа, бэлэн бүтээгдэхүүн: борлуулах зориулалттай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, борлуулах зорилгоор бусдаас худалдан авсан бараа;

  4. Хангамжийн материал: аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагдах, цаашдаа зардал болгох хангамжийн материал, шууд зарцуулагдах багаж хэрэгсэл,  хөдөлмөр хамгааллын хувцас, шатах тослох материал, бусад хангамжийн шинжтэй зүйлс хамаарна.

  1. Урьдчилж төлсөн зардал/тооцоо

Тухайн тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн зарлагыг (даатгал, түрээс г.м) санхүүгийн байдлын тайлангийн хөрөнгийн зүйл ангид хамааруулж, урьдчилж төлсөн зардал гэж бүртгэнэ. Ийм төрлийн зарлагыг дараагийн тайлант үеийн холбогдох  зардалд нь шингээнэ.

Бараа материал, бусад зүйлсийг худалдан авахаар төлсөн урьдчилгааг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна.

  1. Бусад эргэлтийн хөрөнгө

Дээр тусгайлан толилуулснаас бусад эргэлтийн хөрөнгө (тухайлбал, эргэлтийн биологийн хөрөнгө) хамаарна.

  1. Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө)

Эргэлтийн бус хөрөнгө (эсвэл борлуулах бүлэг хөрөнгө) - ийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар нөхөн олж авах бол уг хөрөнгө (эсвэл борлуулах бүлэг хөрөнгө) - ийг “Борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө” гэж ангилна. Энэхүү хөрөнгө (эсвэл борлуулах бүлэг хөрөнгө) - ийг СТОУС 5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа – д заасны дагуу бүртгэнэ.

Эргэлтийн бус хөрөнгө

Санхүүгийн байдлын тайланд эргэлтийн бус хөрөнгийг дараах байдлаар ангилан толилуулна. Үүнд:

  1. Үндсэн хөрөнгө

Нэгээс дээш тайлант хугацаанд үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, бусдад түрээслүүлэх эсхүл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгө үндсэн хөрөнгөнд хамаарна.

Үндсэн хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дансны цэвэр дүнгээр нь толилуулна.

Үндсэн хөрөнгийн ангилал

Үндсэн хөрөнгийг шинж чанар, үйл ажиллагаанд ашиглагдах байдлаар нь ангилна. Үүнд: 

  1. Газрын сайжруулалт: Нийтийн эзэмшлийн газар дээр хийгдсэн явган хүний зам, ногоон байгууламж болон бусад газрын сайжруулалтууд; 

  2. Барилга байгууламж: Бүх төрлийн барилга, түүний бүрэлдэхүүнд хамаарах халаалт, ус, агааржуулалт, цахилгааны систем, зам, гүүр, янз бүрийн талбай зэрэг дэд бүтцийн шинжтэй зүйлс;

  3. Машин, тоног төхөөрөмж: Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай бүх төрлийн машин механизмаас гадна дамжуулах төхөөрөмж, нэмэгдэл төхөөрөмжүүд;

  4. Тээврийн хэрэгсэл : Бүх төрлийн тээврийн хэрэгслүүд;

  5. Тавилга, эд хогшил: Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах тавилга, аж ахуйн эд хогшил, багаж  хэрэгслүүд;

  6. Компьютер, бусад  хэрэгсэл: Компьютер, хэвлэх, хувилах төхөөрөмж болон бусад хэрэгслүүд;

  7. Бусад үндсэн хөрөнгө: Дээрх ангилалд ороогүй бусад үндсэн хөрөнгө хамаарна.

НББОУС 16 Үндсэн хөрөнгө – д заасны дагуу үндсэн хөрөнгийг анхны удаа өртгөөр нь, дараагийн тайлант үед өртгийн загвар эсхүл дахин үнэлгээний загварын аль нэгийг ашиглан бүртгэнэ.

Өртгийн загварын дагуу үндсэн хөрөнгийг хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан өртгөөр нь бүртгэнэ.

НББОУС 16 Үндсэн хөрөнгө - д заасны дагуу үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харъяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлнэ. Хөрөнгийн дахин үнэлсэн дүн нь дараа үеийн хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг  хассан дүн байна.

 

Дахин үнэлгээний үр дүнд үндсэн хөрөнгийн дансны үнэ нэмэгдэх, буурах тохиолдолд дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү (бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дүн) - г орлогын дэлгэрэнгүй тайлангийн бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт, дахин үнэлгээний олз, гарз (ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрсөн  дүн) - ыг орлогын дэлгэрэнгүй тайлангийн бусад ашиг (алдагдал) - ийн хэсэгт тус тус харуулна.

Бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүүг эздийн өмчийн хэсэгт “Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл” дансанд хуримтлуулан бүртгэнэ. Үндсэн хөрөнгийг данснаас хасах үед “Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл” дансанд хуримтлагдсан тухайн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн дүнг хуримтлагдсан ашигт шилжүүлнэ.

 

Үндсэн хөрөнгийн элэгдэл

Үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс буюу түүнийг захиргааны зорилгоор ашиглах нөхцөл хангагдсан үеэс эхлэн элэгдэл тооцно. Үндсэн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын арга, үлдэгдлийг бууруулах арга, бүтээгдэхүүний нэгжийн аргуудаас хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөжид үндэслэн сонгоно; сонгосон аргыг тайлант үе бүрт тогтвортой  мөрдөнө.

Тайлант үе бүрийн элэгдлийн зардлыг (түүнийг бусад хөрөнгийн дансны үнэд хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд) ашиг, алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийн дүнг санхүүгийн тайланд тодруулна.

  1. Биет бус хөрөнгө

Биет бус хөрөнгө гэж биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц, мөнгөн бус хөрөнгийг хэлнэ. Санхүүгийн байдлын тайланд биет бус хөрөнгийг хуримтлагдсан хорогдол, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан дансны цэвэр дүнгээр нь толилуулна.

Биет бус хөрөнгийн ангилал

Биет бус хөрөнгийг дараах байдлаар ангилна. Үүнд:

  1. Зохиогчийн эрх;

  2. Компьютерийн програм хангамж: Програм хангамж, мэдээллийн сан;

  3. Патент;

  4. Барааны тэмдэг;

  5. Тусгай зөвшөөрөл: Тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;

  6. Газар эзэмших эрх;

  7. Бусад биет бус хөрөнгө: Барилгын зураг, төсвийн ажил, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын зардал, хөгжүүлэлтийн зардал[8].

Биет бус хөрөнгийг анхны удаа өртгөөр нь, дараагийн тайлант үед өртгийн загвар эсхүл дахин үнэлгээний загварын аль нэгийг нь ашиглан бүртгэнэ.

НББОУС 38 Биет бус хөрөнгө – д заасны дагуу биет бус хөрөнгийн дахин үнэлсэн дүн нь дараагийн тайлант үеийн хуримтлагдсан хорогдол ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг  хассан дүн байна.

Дахин үнэлгээний үр дүнд биет бус хөрөнгийн дансны үнэ нэмэгдэх, буурах тохиолдолд дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү (бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дүн) - г орлогын дэлгэрэнгүй тайлангийн бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт, дахин үнэлгээний олз, гарз (ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрсөн дүн) - ыг орлогын дэлгэрэнгүй тайлангийн бусад ашиг (алдагдал) - ын хэсэгт тус тус харуулна.

Биет бус хөрөнгийн бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүүг эздийн өмчийн хэсэгт “Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл” дансанд хуримтлуулан бүртгэнэ. Биет бус хөрөнгийг данснаас хасах үед “Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл” дансанд хуримтлагдсан тухайн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн дүнг хуримтлагдсан ашигт шилжүүлнэ.

Биет бус хөрөнгийн хорогдол

Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийн хувьд тухайн хөрөнгөөс хүлээгдэж буй эдийн засгийн үр өгөөжид үндэслэн шулуун шугамын арга, үлдэгдлийг бууруулах арга эсхүл бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэнэ. Сонгосон хорогдуулалтын арга нь аж ахуйн нэгжийн хөрөнгөөс хүртэх эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлж чадахгүй байвал аж ахуйн нэгж нь шулуун шугамын аргыг хэрэглэнэ. Тодорхой ашиглалтын хугацаагүй биет бус хөрөнгийг хорогдуулахгүй. Биет бус хөрөнгийн хуримтлагдсан хорогдлын дүнг санхүүгийн тайланд тодруулна.

  1. Биологийн хөрөнгө

Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн эргэлтийн бус хөрөнгөнд хамаарах өсч үржиж, үр жимс, үр төлөө өгдөг амьд амьтан, ургамал зэргийг биологийн хөрөнгөөр бүртгэнэ. Биологийн хөрөнгийг НББОУС 41 Хөдөө Аж ахуй – ийн дагуу үнэлж бүртгэнэ.  

  1. Урт хугацаат  хөрөнгө оруулалт

Урт хугацаат хөрөнгө оруулалтыг НББОУС 28 Хараат компани дахь хөрөнгө оруулалт, НББОУС 31 Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо, НББОУС 32 Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга, НББОУС 39 Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт, СТОУС 7 Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга, СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр  – ийн дагуу бүртгэж, тусдаа санхүүгийн тайланд НББОУС 27 Нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайлан – ийн дагуу толилуулна.[9]

 

  1. Хайгуул ба үнэлгээний хөрөнгө

СТОУС 6 Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ  – д заасны дагуу аж ахуйн нэгж ямар зардлуудыг хайгуул ба үнэлгээний хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх талаар нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, уг бодлогоо тууштай мөрдөнө. Тухайлбал, хайгуулын бэлтгэл ажил, газар зүйн байршил, геологи, геохими болон геофизикийн судалгаа хийх, хайгуулын өрөмдлөг хийх, малталт хийх, дээж авах болон хайгуулын явцад техник эдийн засгийн үндэслэл ба арилжааны үр ашгийн боломжийг үнэлэхтэй холбоотой гарах зардлууд орно.

Хайгуул ба үнэлгээний хөрөнгийг Сангийн сайдын 2011 оны 12 тоот тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам” болон СТОУС 6 Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ  – ийн дагуу бүртгэнэ.

  1. Хойшлогдсон татварын хөрөнгө

Хойшлогдсон татварын хөрөнгөнд хасагдах түр зөрүү болон ашиглагдаагүй татварын алдагдлыг дараагийн үе рүү шилжүүлэхтэй холбоотойгоор ирээдүйн тайлант үед нөхөгдөх орлогын албан татварын дүн хамаарна. Хойшлогдсон татварын хөрөнгийг НББОУС 12 Орлогын албан татвар – ын дагуу тооцож бүртгэнэ.

Аж ахуйн нэгж нь хасагдах түр зөрүүг ашиглаж болохуйц хэмжээний татвар ногдох ашиг олох магадлалтай байгаа үед л хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрнө. Аж ахуйн нэгж нь тайлангийн өдөр бүрээр хүлээн зөвшөөрөөгүй хойшлогдсон татварын хөрөнгийг дахин авч үзнэ. Аж ахуйн нэгж нь хүлээн зөвшөөрөөгүй хойшлогдсон татварын хөрөнгийг нөхөх боломж олгохуйц татвар ногдох ашиг ирээдүйн тайлант үед олох нь тодорхой байгаа үед өмнөх хүлээн зөвшөөрөөгүй хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрнө.

Хэрэв хойшлогдсон татварын хөрөнгийн бүх эсвэл зарим өгөөжийг ашиглах хангалттай хэмжээний татвар ногдуулах орлого олох магадлалгүй бол тэр хэмжээгээр хойшлогдсон татварын хөрөнгийн дансны үнийг бууруулна. Энэхүү бууралтыг хангалттай хэмжээний татвар ногдуулах орлого олох магадлалтай болсон үед буцаана.

  1. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох эсхүл аль алиных нь зорилгоор эзэмшиж буй хөрөнгийг хамруулна.

НББОУС 40 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө – д заасны дагуу уг хөрөнгийг анхны удаа өртгөөр нь, дараагийн тайлант үед бодит үнэ цэнэ эсхүл өртгөөр нь бүртгэнэ. Сонгосон загвараа хөрөнгө оруулалтын зориулалттай бүх үл хөдлөх хөрөнгө (үйл ажиллагааны түрээсийн хөрөнгөөс бусад) - нд хэрэглэнэ.

Бодит үнэ цэнийн загварын дагуу хөрөнгийг анхны хэмжилтээс хойш бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Өртгийн загварын дагуу хөрөнгийг анхны хэмжилтийн дараа элэгдүүлсэн өртөг (хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн)-өөр бүртгэнэ. Санхүүгийн байдлын тайланд уг хөрөнгийг дансны цэвэр дүнгээр нь харуулна.

 

 

  1. Бусад эргэлтийн бус хөрөнгө

Энэ хэсэгт дээр тусгайлан толилуулснаас бусад эргэлтийн бус хөрөнгийг хамруулна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн урт хугацаат зээлийн авлага болон бусад нэг жилээс дээш хугацаанд цуглуулах урт хугацаат авлагыг энэ хэсэгт толилуулна.

Өр төлбөр

Өр төлбөрийг богино хугаацаат өр төлбөр, урт хугацаат өр төлбөр гэж ангилна.

Богино хугацаат өр төлбөр

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд төлбөр нь төлөгдөхөөр хүлээгдэж байгаа  эсхүл  тайлангийн өдрөөс хойш 12 сарын дотор төлбөр нь төлөгдөх өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр гэнэ. Богино хугацаат өр төлбөрийг төлөгдөх дүнгээр нь бүртгэж санхүүгийн байдлын тайланд дараах байдлаар ангилан харуулна. Үүнд:

  1. Дансны өглөг 

Үүнд бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, хангамжийн зүйлс, үйлчилгээний үнийн төлөгдөөгүй үлдэгдэл хамаарна. 

  1. Цалингийн өглөг

Ажилчдад өгөх цалин, бусад хэлбэрийн хөдөлмөрийн хөлсний өр төлбөрийн дүн хамаарна.

  1. Татварын өр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), онцгой албан татвар (ОАТ)-ын өр, бусад татвар, төлбөр, хураамжийн тайлант хугацааны эцэст төлөгдөөгүй үлдэгдэл хамаарна. Улирал ба жилийн эцэс дэх төлөгдөөгүй татварын үлдэгдэл нь татварын байгууллагаас баталгаажуулсан үлдэгдэлтэй тэнцүү байна.

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг

Цалингаас суутгасан болон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тайлант хугацааны эцэст төлөгдөөгүй үлдэгдлийг тооцон энэ хэсэгт тусгана.

  1. Богино хугацаат зээл

Нэг хүртэлх жилийн хугацаатай авсан зээл хамаарна.

  1. Хүүний өглөг

Богино болон урт хугацаат зээл, өрийн үнэт цаастай холбоотой үүссэн, төлөгдөөгүй байгаа хүүний төлбөрийн дүнг энд тусгана.

  1. Ногдол ашгийн өглөг

Тухайн аж ахуйн нэгжийн удирдах эрх бүхий байгууллагын шийдвэрээр хувьцаа эзэмшигч (хувь нийлүүлэгч)-д төлөхөөр зарласан ногдол ашгийг энэ дансанд бүртгэнэ. Зөвхөн мөнгөн хэлбэрийн ногдол ашгийн тайлант хугацааны эцэс дэх төлөгдөөгүй үлдэгдлийг богино хугацаат өр гэж үзнэ.

  1. Урьдчилж орсон орлого

Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч эсхүл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж “Урьдчилж орсон орлого” дансанд бүртгэнэ. Энэ дансыг бараа, үйлчилгээ үзүүлсэн буюу орлого хэрэгжсэн үед дебитлэж, холбогдох борлуулалтын орлогын дансыг кредитлэнэ.

  1. Нөөц (өр төлбөр)

Өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн үүрэг хариуцлагыг төлөх магадлалтай, төлбөрийн дүнг тооцоолох боломжтой болсон үед нь нөөц гэж хүлээн зөвшөөрнө.

Нөөцийн бүртгэлд НББОУС 37 Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө – г мөрдөнө.

Баталгаат засварын өр, нөхөн сэргээлт[10] болон бусад өр төлбөртэй холбоотойгоор байгуулсан нөөцийн дүнг тодруулна. Нөөц (өр төлбөр)-ийн тайлант хугацаанд хамаарах хэсгийг богино хугацаат өр төлбөрийн хэсэгт толилуулна. 

  1. Бусад богино хугацаат өр төлбөр

Бизнесийн үндсэн үйл ажиллагаанаас өөр чиглэлээр үүссэн өр, бизнесийн үйл ажиллагааны явцад үүссэн төрөл бүрийн суутгалууд, зардалд шингээж тооцсон төлөгдөөгүй өр, урт хугацаат өр төлбөрийн тайлант хугацаанд хамаарах хэсэг, худалдан авагчид болон ажиллагчдаас авсан буцаан төлөх мөнгөн барьцаа, холбоотой талаас авсан богино хугацаат зээл болон дээр тусгайлан толилуулснаас бусад богино хугацаат өрийг энэ хэсэгт толилуулна.

  1. Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө) - нд хамаарах өр төлбөр

СТОУС 5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа – д заасны борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө) - нд хамаарах өр төлбөрийн дүнг толилуулна. 

Урт хугацаат өр төлбөр

Урт хугацаат өр төлбөрийг санхүүгийн байдлын тайланд дараах байдлаар ангилна. Үүнд:

  1. Урт хугацаат зээл

Нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх дотоодын болон гадаадын эх үүсвэр, холбоотой талаас авсан зээлийн дүнг энэ хэсэгт толилуулна.

  1. Нөөц (өр төлбөр)

Аж ахуйн нэгжийн баталгаат засварын өр, нөхөн сэргээлт болон бусад өр төлбөртэй холбоотойгоор байгуулсан нөөцийн урт хугацааны дүн хамаарна.

  1.    Хойшлогдсон татварын өр 

Хойшлогдсон татварын өр гэж татвар ногдох түр зөрүүтэй холбоотойгоор ирээдүйн тайлант үед төлөх орлогын албан татварын өрийн дүнг хэлнэ. Хойшлогдсон татварын өрийг ойшХНББОУС 12 Орлогын албан татвар – ын дагуу тооцож бүртгэлд тусгана.

  1.    Бусад урт хугацаат өр төлбөр

 Урт хугацаат бонд, өрийн бичиг болон бусад урт хугацаат өр төлбөрийн дүнг энэ хэсэгт толилуулна.

Эздийн өмч

Аж ахуйн нэгжийн өр төлбөрөө төлсний дараагаар үлдэх цэвэр хөрөнгийн хэмжээг эздийн өмч гэж үзнэ. Санхүүгийн байдлын тайланд эздийн өмчийг дараах байдлаар ангилна. Үүнд:

 

  1. Өмч

Аж ахуйн нэгжийн төрлөөс хамаарч өмчийг хувьцаат капитал, гишүүдийн оруулсан хувь хөрөнгө, хоршоологчдын хувь нийлүүлсэн хөрөнгө гэж нэрлэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьд өмчийг төрийн болон хувийн өмч гэж ангилж толилуулна.

  1. Халаасны хувьцаа

Компаниуд гүйлгээнд гаргасан хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдан авах үед худалдан авсан халаасны хувьцааны дүнгээр өмчийн буюу хувьцаат капиталын дүнг бууруулна. Халаасны хувьцаа нь гаргасан хувьцааны тоонд орж тооцогдох боловч эргэлтэнд байгаа хувьцааны тоонд орохгүй. Аж ахуйн нэгж нь гүйлгээнд гаргасан хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдан авах, борлуулах, гаргах, хүчингүй болгох үед үүссэн олз (гарз)-ыг ашиг (алдагдал)-аар хүлээн зөвшөөрөхгүй.

Нэмж төлөгдсөн капитал

Компанийн гаргасан энгийн хувьцаа болон давуу эрхтэй хувьцааны зах зээлийн үнэ нэрлэсэн үнээс нь илүү байвал зөрүүг нэмж төлөгдсөн капитал дансанд хуримтлуулан бүртгэнэ.

Хувьцааны нэрлэсэн үнэ зах зээлийн үнээс өндөр байгаа үед нэмж төлөгдсөн капитал данс нь сөрөг тохируулах данс болно.

  1. Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгө,  биет бус хөрөнгийн дансны үнэ дахин үнэлгээний үр дүнд өссөн бол бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн өсөлтийн дүнг энэ дансанд хуримтлуулан бүртгэнэ.

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансыг бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү - өсөлт, үнэ цэнийн бууралтын гарзын буцаалтын дүнгээр нэмэгдүүлнэ.[11] Харин бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү - бууралт, үнэ цэнийн бууралтын гарз, хэрэгжсэн дахин үнэлгээний нэмэгдлийн дүнгээр энэ дансыг бууруулна.

  1. Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц 

Аж ахуйн нэгжийн гадаад үйл ажиллагааг хөрвүүлснээс болон аж ахуйн нэгжийн бүртгэлийн валют толилуулгын валютаас ялгаатай байх үед санхүүгийн тайланг толилуулгын валют руу хөрвүүлснээс[12] үүссэн ханшийн зөрүүний хуримтлагдсан дүнг “гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц” гэж эздийн өмчийн хэсэгт толилуулна. Аж ахуйн нэгжийн гадаад үйл ажиллагааг болон санхүүгийн тайланг толилуулгын валют руу хэрхэн хөрвүүлэх, үүсэх ханшийн зөрүүг бүртгэхэд НББОУС 21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө – ийг мөрдөнө. 

  1. Эздийн өмчийн бусад хэсэг

Энэ хэсэгт бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрч өмчийн хэсэгт хуримтлуулан бүртгэсэн бусад олз, гарзын[13] дүнг толилуулна.

  1. Хуримтлагдсан ашиг

 Компанийн үүсэн байгуулагдсанаас хойшхи хугацаанд компанид хуримтлагдан үлдсэн ашиг, алдагдлын нийлбэрийг хуримтлагдсан ашиг дансанд бүртгэнэ.    

Гуравдугаар бүлэг: ОРЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

Орлогын дэлгэрэнгүй тайлан нь аж ахуйн нэгжийн тодорхой хугацааны үйл ажиллагааны үр дүнг хэмжинэ.

Орлогын дэлгэрэнгүй тайланд орлогыг хүлээн авсан эсхүл авахаар хүлээгдэж буй төлбөрийн бодит үнэ цэнээр хэмжинэ. Орлоготой холбогдож гарсан борлуулалтын  өртөг болон бусад зардлыг жинхэнэ гарсан хэмжээгээр нь тусгана. Энэхүү тайланд зардлыг чиг үүргээр нь ангилж үр дүнг тооцно.

Орлогын дэлгэрэнгүй тайланг бэлтгэх

  1. Орлогын дэлгэрэнгүй тайланг бэлтгэхдээ тухайн тайлант үед хамрагдах орлого, зардлын ажил гүйлгээг аккруэл зарчмаар бүртгэнэ;

  2. Орлого ба зардлыг тэдгээрийн үүсэн гарч буй шалтгаанаар нь ангилна. Орлогын зүйл анги тус бүрт зардлын зүйл ангийг зохицуулах зарчмыг баримтлан бүртгэнэ;

  3. Бизнесийн тодорхой чиглэлүүдээр зардлын зүйл ангийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, мэдээлэх ажлыг өртгийн бүртгэлийн хүрээнд зохион байгуулна;

  4. Борлуулалтын орлого, борлуулалтын өртгийг бизнесийн үндсэн чиглэл тус бүрээр үзүүлнэ.

Дараах дүн бүхий зүйлүүдийг орлогын дэлгэрэнгүй тайланд тусгана. Үүнд:

 

  1. Борлуулалтын орлого

Тайлангийн хугацаанд худалдсан бараа, бүтээгдэхүүн буюу гадагш үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого зэрэг байнгын, тогтмол үйл ажиллагаанаас олсон орлогыг борлуулалтын хөнгөлөлт, буцаалт болон үнийн бууралтыг хассан цэвэр дүнгээр нь орлогын дэлгэрэнгүй тайланд тусгана.

Аж ахуйн нэгж ямар төрлийн орлого олж байгаагаас шалтгаалан борлуулалтын орлогыг үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж “үйлчилгээний орлого”, үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгж “бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого” гэж нэрлэнэ. Санхүүгийн тайлангийн тодруулгад борлуулалтын орлогын бүрэлдэхүүн тус бүрийн нийт болон цэвэр дүнг тодруулна. 

  1. Борлуулалтын  өртөг

Аж ахуйн нэгжийн эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээс хамаарч борлуулалтын өртөгт худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжийн хувьд борлуулсан барааны өртөг, үйлдвэрлэл болон үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд борлуулсан бүтээгдэхүүний өртөг хамаарна. Борлуулалтын өртгийг борлуулалтын орлоготой нь уялдуулж  санхүүгийн тайланд тодруулна. 

  1. Нийт ашиг

  Борлуулалтын орлогоос борлуулалтын өртгийг хасч нийт ашгийг тодорхойлно.

  1. Түрээсийн орлого

Түрээслүүлэгчээс түрээслэгчид хөрөнгийг тодорхой хугацаанд, тодорхой төлбөртэйгээр ашиглуулах эрхийг шилжүүлэх тухай гэрээний дагуу түрээслүүлэгчийн хүлээн авах мөнгөн болон мөнгөн бус дүнг түрээсийн орлогод хамруулна. Түрээсийн орлогыг НББОУС 17 Түрээс – ийн дагуу бүртгэнэ.

  1. Хүүний орлого

Аж ахуйн нэгжийн бүх төрлийн хүүний орлого хамаарна. Хүүний орлогыг татвар суутгаагүй нийт дүнгээр нь толилуулна.

  1. Ногдол ашгийн орлого

Бусад аж ауйн нэгжээс хүлээн авах ногдол ашгийг хүлээн авах эрх үүссэн үед нь хүлээн зөвшөөрнө. Ногдол ашгийн орлогыг НББОУС 18 Орлого – ын дагуу бүртгэж, татвар суутгаагүй нийт дүнгээр нь толилуулна.

  1. Эрхийн шимтгэлийн орлого

Аж ахуйн нэгжийн барааны тэмдэг, зохиогчийн эрх, патент, компьютерийн програм хангамж болон бусад урт хугацаат хөрөнгө ашиглуулсны төлөө бусдаас авах төлбөр хамаарна. Эрхийн шимтгэлийн орлогыг НББОУС 18 Орлого – ын дагуу бүртгэж, татвар суутгаагүй нийт дүнгээр нь толилуулна.

  1. Бусад орлого

       Дээр тусгайлан толилуулснаас бусад орлогыг холбогдох СТОУС – ын дагуу бүртгэж энэ хэсэгт харуулна. 

  1. Борлуулалт маркетингийн зардал

Борлуулалт маркетингийн зардлыг нийт дүнгээр нь толилуулна. Тус зардлыг цалингийн, нийгмийн даатгал шимтгэлийн, зар сурталчилгааны, тээврийн, томилолтын, даатгалын, бичиг хэргийн, шуудан холбооны, элэгдэл хорогдлын зардлууд болон бусад гэж дэлгэрэнгүй тодруулна.

  1. Ерөнхий ба удирдлагын зардал

Ерөнхий ба удирдлагын зардлыг нийт дүнгээр нь толилуулна. Ерөнхий ба удирдлагын зардлыг  ажиллагчдын цалингийн, нийгмийн даатгал шимтгэлийн, албан татвар, төлбөр, хураамжийн, томилолтын, бичиг хэргийн, шуудан холбооны, мэргэжлийн үйлчилгээний, сургалтын, сонин сэтгүүл захиалгын, даатгалын, цахилгаан, ус, дулаан зэрэг ашиглалтын, засварын, элэгдэл хорогдлын, түрээсийн, харуул хамгааллын, цэвэрлэгээ үйлчилгээний, тээврийн, шатахууны, хүлээн авалтын зардлууд, биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөөгүй судалгааны[14] болон хөгжүүлэлтийн[15] зардал болон бусад гэж тодруулна. 

  1. Санхүүгийн зардал

Үүнд бүх төрлийн хүүний зардал, зээлийн  шимтгэл, зээлтэй холбоотой үүссэн бусад зардал (тухайлбал, бичиг хэргийн) хамаарна.

  1. Бусад зардал

Борлуулалт маркетингийн болон ерөнхий ба удирдлагын зардлын ангилалд ороогүй бусад зардлууд тухайлбал, хандивийн зардал, алданги, торгуулийн зардал, найдваргүй авлагын зардал орно.

  1. Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз)

Гадаад валютаар илэрхийлэгдсэн өр, авлага, төлөгдөөгүй зээл, мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд хийгдсэн ханшийн тэгшитгэлийн олз (гарз), зарим мөнгөн бус зүйлсийн валютын ханшийн зөрүүний ашиг (алдагдал)-аар хүлээн зөвшөөрсөн олз (гарз)-ыг хамруулна. Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз)-ыг НББОУС 21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө – ийн  дагуу бүртгэнэ.

  1. Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз (гарз)

Үндсэн хөрөнгийг түүнийг борлуулах, хандивлах эсхүл түүний ашиглалтаас ирээдүйн эдийн засгийн үр өгөөж хүртэхгүй болсон үед данснаас хасна. Үндсэн хөрөнгийн дансны үнэ болон хасалтаас олсон орлогын зөрүүгээр олз (гарз)-ыг тодорхойлно.

  1. Биет бус хөрөнгө данснаас хассаны олз (гарз)

Биет бус хөрөнгийг актлах, борлуулах, хандивлах болон бусад хэлбэрээр данснаас хасах үед дансны үнэ болон хасалтаас олсон орлогын зөрүүгээр олз (гарз)-ыг тодорхойлно.

  1. Хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз (гарз)

Бүх төрлийн хөрөнгө оруулалт борлуулсны олз, гарз хамаарна.

  1. Бусад ашиг (алдагдал)

Дээр тусгайлан толилуулснаас бусад ашиг (алдагдал) үүнд хамаарна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс аль эсхүл данснаас хасахад үүссэн олз (гарз), дахин үнэлсэн хөрөнгийн ашиг (алдагдал)-аар хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарз (гарзын буцаалт), ашиг (алдагдал)-аар хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний олз (гарз), бусад  олз (гарз) – ыг толилуулна.

  1. Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)

 Нийт ашгийн дүн дээр түрээсийн орлого, хүүний орлого, ногдол ашгийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, бусад орлогыг нэмж, түүнээс борлуулалт маркетингийн зардал, ерөнхий ба удирдлагын зардал, санхүүгийн зардал, бусад зардлыг хасч, гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз), үндсэн хөрөнгө данснаас хассаны олз (гарз), биет бус хөрөнгө данснаас хассаны олз (гарз), хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз (гарз), бусад ашиг (алдагдал)-ийг нэмж (хасч) татвар төлөхийн өмнөх ашгийг тодорхойлно.

  1. Орлогын татварын зардал

Орлогын татварын зардал (орлого) нь тайлант үеийн татварын зардал болон хойшлогдсон татварын зардал (орлого) – аас бүрдэнэ. Тайлант үеийн татварын зардал гэдэгт нийтлэг болон тусгай хувь хэмжээгээр ногдуулсан ААНОАТ- ын нийт дүн орно. 

  1. Татварын дараах ашиг (алдагдал)

Татварын дараах ашиг (алдагдал) – ийг татвар төлөхийн өмнөх ашгаас орлогын татварын зардлыг хасч тодорхойлно.

  1. Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг (алдагдал)

СТОУС 5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа – д заасны дагуу зогсоосон үйл ажиллагаа гэдэгт аж ахуйн нэгжийн борлуулах гэж буй тусдаа томоохон үйл ажиллагааны чиглэл эсвэл үйл ажиллагаа явуулах газар зүйн бүс нутгийн төлөөлөл, дахин борлуулах зорилгоор худалдан авч эзэмшсэн охин компани хамаарна.

Орлогын дэлгэрэнгүй тайланд зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг (алдагдал), зогсоож буй үйл ажиллагааг илэрхийлэх хөрөнгө (аль эсвэл бүлэг хөрөнгө) – ийн борлуулалтаас хүлээн зөвшөөрсөн татварын дараах олз (гарз) - ын нийлбэр дүнг Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг (алдагдал) гэж толилуулна.

  1. Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал)

Татварын дараах ашиг (алдагдал) болон зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг (алдагдал) – ийн нийлбэр дүнгээр тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) – ийг тооцно.

  1. Бусад дэлгэрэнгүй орлого

 Бусад дэлгэрэнгүй орлогод ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөөгүй дараах олз (гарз)-ыг хамруулна. Үүнд:

  1. Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү:  үндсэн хөрөнгө болон биет бус хөрөнгийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөөгүй дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү (өсөлт буюу бууралт), дахин үнэлсэн үндсэн хөрөнгө болон биет бус хөрөнгийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөөгүй үнэ цэнийн бууралтын гарз, гарзын буцаалт;

  2. Гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү: аж ахуйн нэгжийн гадаад үйл ажиллагааг болон аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг толилуулгын валют руу хөрвүүлснээс үүссэн ханшийн зөрүү; 

  3. Бусад олз, гарз: санхүүгийн хэрэглүүрийн бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн бодит үнэ цэнийн олз (гарз), мөнгөн гүйлгээний хейдж дэх хейджийн хэрэглүүрээс үүссэн бодит үнэ цэнийн олз (гарз), ажилчдын тэтгэвэр тэтгэмжийн актуар олз, гарз, дахин ангиллын тохируулга[16] үүнд хамаарна.

  1. Орлогын нийт дүн

Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) болон бусад дэлгэрэнгүй орлогын нийлбэр дүнгээр орлогын нийт дүнг тооцно.

  1. Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг (алдагдал)

Толгой компанийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах цэвэр ашиг, алдагдлын хувьд нэгж хувьцаанд ногдох суурь ашгийг тооцно. Толгой компанийн энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах цэвэр ашиг, алдагдлыг тайлант хугацааны туршид эргэлтэнд байгаа энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоонд хуваах замаар нэгж хувьцаанд ногдох суурь ашгийг тодорхойлно. Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг (алдагдал)-ийг бүртгэхэд НББОУС 33 Нэгж хувьцаанд ногдох ашиг – ыг мөрдөнө.

 

Дөрөвдүгээр бүлэг: Өмчийн өөрчлөлтийн тайлан

Өмчийн өөрчлөлтийн тайланд эздийн өмчид гарсан аливаа өөрчлөлтийн хэмжээг дараах байдлаар хоёр жилээр толилуулна. Үүнд:

  1. Эздийн өмчийн бүрэлдэхүүн тус бүрийн хувьд тайлант үеийн эхний болон эцсийн үлдэгдэл нь тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал), бусад дэлгэрэнгүй орлого, өмчид гарсан өөрчлөлт, хувьцаа эзэмшигч (хувь нийлүүлэгч)-дэд хуваарилсан ногдол ашиг, хэрэгжсэн дахин үнэлгээний нэмэгдэл зэрэг эздийн өмчид гарсан аливаа өөрчлөлтийг тусгасан байна;

  2. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулж тусгана;

  3. Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал)-ийн дүнг хуримтлагдсан ашиг (алдагдал)-ийн залруулсан үлдэгдлийн дүн дээр нэмнэ;

  4. Бусад дэлгэрэнгүй орлогын дүнг бүрэлдэхүүн тус бүрээр задлан хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл, гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц, эздийн өмчийн бусад хэсгийн өмнөх тайлант үеийн үлдэгдэл тус бүр дээр нэмнэ;

  5. Өмчид гарсан өөрчлөлт гэдэг нь тухайн тайлант үед нэмж гаргасан хувьцаа, буцаан худалдан авсан хувьцаа, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгөнд гарсан өөрчлөлт байна. Өмчид гарсан өөрчлөлтийн дүнг дараах байдлаар тусгана:

  1. Нэмж гаргасан хувьцаа, нэмж оруулсан хөрөнгө, хүчингүй болсон хувьцаа, буцаан татан авсан хөрөнгийн дүнг өмнөх тайлант үеийн өмчийн үлдэгдэл дээр (үлдэгдлээс) нэмж (хасч) харуулна;  

  2. Буцаан худалдан авсан хувьцааны дүнгээр халаасны хувьцааны дүнг нэмэгдүүлнэ;

  3. Нэмж хувьцаа гаргах, хувьцаа буцаан худалдан авах, хувьцаа хүчингүй болгоход үүссэн нэмж төлөгдсөн капитал дансны өсөх (буурах) өөрчлөлтийн дүнг өмнөх тайлант үеийн нэмж төлөгдсөн капитал дансны үлдэгдэл дээр (үлдэгдлээс) нэмнэ (хасна);

  4. Нэмж хувьцаа гаргах зардал болон хувьцаа буцаан худалдан авах, хүчингүй болгох ажил гүйлгээнээс үүсэх хуримтлагдсан ашиг дансны буурах өөрчлөлтийг хуримтлагдсан ашиг дансны залруулсан үлдэгдлээс хасна. 

  1. Зарласан ногдол ашгийн дүнг хуримтлагдсан ашиг дансны залруулсан үлдэгдлээс хасна;

  2. Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийг данснаас хасах үед тухайн хөрөнгийн дахин үнэлгээний хуримтлагдсан нэмэгдлийн дүнг дахин үнэлгээний нэмэгдлийн хэрэгжсэн дүн гэсэн мөрөнд хуримтлагдсан ашгаас хасч тусгана;

  3. Хуримтлагдсан ашиг (алдагдал) – ийн залруулсан үлдэгдэл дээр тайлант үеийн цэвэр ашиг, өмчид гарсан нэмэгдэх өөрчлөлт, дахин үнэлгээний нэмэгдлийн хэрэгжсэн дүнг нэмж, тайлант үеийн цэвэр алдагдал, өмчид гарсан хасагдах өөрчлөлт болон зарласан ногдол ашгийг хасч тайлант үеийн хуримтлагдсан ашиг (алдагдал) –ийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно;

  4. Нийт эздийн өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийг нэмж, нийт хасагдсан өөрчлөлтийг хасч, эздийн өмчийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.

Тавдугаар бүлэг: Мөнгөн гүйлгээний тайлан

Мөнгөн гүйлгээний тайлан нь үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ, бүх цэвэр мөнгөн гүйлгээ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд хоёр жилээр зэрэгцүүлэн дараах байдлаар харуулна. Үүнд:

  1. Мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэрийг мөнгөн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мөнгөн зарлага гэсэн хэсэгт үзүүлнэ;

  2. Үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр нийт цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно;

  3. Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хасч тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайлангийн “Бүх цэвэр мөнгөн гүйлгээ” гэсэн дүнтэй тэнцүү байна;

  4. Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд аргыг хэрэглэнэ.

    1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

  1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогод:

  • Борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний орлого;

  • Эрхийн шимтгэл, хураамж, төлбөрийн орлого;

  • Даатгалын нөхөн олговроос хүлээн авсан мөнгө;

  • Буцаан авсан албан татвар ;

  • Улсаас авсан татаас, санхүүжилт;

  • Бусад мөнгөн орлого орно.

  1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлагад:

  • Ажиллагчдад төлсөн;

  • Нийгмийн даатгалын байгууллагад төлсөн;

  • Бараа материал худалдан авахад төлсөн;

  • Ашиглалтын зардалд төлсөн;

  • Түлш шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн;

  • Хүүний төлбөрт төлсөн[17];

  • Татварын байгууллагад төлсөн;

  • Даатгалын төлбөрт төлсөн мөнгө;

  • Бусад мөнгөн зарлага орно.

  1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого болон мөнгөн зарлагын зөрүүгээр үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.

    1. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

  1. Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь хөрөнгө оруулалт, урт хугацаат хөрөнгө олж эзэмших, борлуулах, бусдад зээл болон мөнгөн урьдчилгаа олгох, тэдгээрийн буцаан төлөлтөөс бий болсон мөнгөн гүйлгээг харуулна.

  2. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн орлогод:

  • Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө болон бусад урт хугацаат хөрөнгө (тухайлбал ХОЗҮХХ, бусад санхүүгийн хөрөнгө) борлуулснаас;

  • Урт болон богино хугацаат хөрөнгө оруулалт борлуулснаас;

  • Бусад талуудад олгосон зээл, мөнгөн урьдчилгааны буцаан төлөлтөөс (санхүүгийн байгууллагын хувьд олгосон зээл, мөнгөн урьдчилгаа нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд хамаарна);

  • Мөнгөөр хүлээн авсан хүү;

  • Мөнгөөр хүлээн авсан ногдол ашиг;

  • Бусад  мөнгөн орлого орно.

  1. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн зарлагад:

  • Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө болон бусад урт хугацаат хөрөнгө олж эзэмшихэд төлсөн мөнгө;

  • Урт болон богино хугацаат хөрөнгө оруулалт олж эзэмшихэд төлсөн мөнгө;

  • Бусад талуудад олгосон зээл, мөнгөн урьдчилгаа;

  • Бусад мөнгөн зарлага орно.

  1. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн орлого болон мөнгөн зарлагын зөрүүгээр тодорхойлно.

    1. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

  1. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь аж ахуйн нэгжид санхүүжилт олгосон этгээд ирээдүйд хэдий хэмжээний төлбөр нэхэмжлэх вэ гэдгийг урьдчилан тооцох боломжийг илэрхийлдэг.

  2. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн орлогод:

  • Банкнаас авсан урт болон богино хугацааны зээл, бүх төрлийн өрийн үнэт цаас гаргаснаас хүлээн авсан мөнгө;

  • Хувьцаа болон өмчийн бусад үнэт цаас гаргаснаас хүлээн авсан мөнгө;

  • Бусад мөнгөн орлого орно.

  1. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн зарлагад:

  • Зээл, өрийн бичгийн төлбөрт төлсөн мөнгө, урт хугацаат өрийн тайлангийн хугацааны төлөлт;

  • Санхүүгийн түрээсийн өглөгт төлсөн ;

  • Хувьцаа буцаан худалдан авахад төлсөн;

  • Мөнгөөр төлсөн ногдол ашиг;

  • Бусад мөнгөн зарлага орно.

  1. Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн орлого болон мөнгөн зарлагын зөрүүгээр тодорхойлно.

  1. Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн тайлант оны эхний, эцсийн үлдэгдэл нь санхүүгийн байдлын тайлан дахь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө дансны эхний, эцсийн үлдэгдлийн дүнтэй тэнцүү байна.

Зургадугаар бүлэг: Санхүүгийн тайлангийн тодруулга

Аж ахуйн нэгж нь санхүүгийн тайлангийн тодруулгад үндсэн болон туслах үйл ажиллагааны чиглэл, салбар болон төлөөлөгчийн газрын нэр, байршил, санхүүгийн тайлангийн огноо, хамарсан тайлант хугацааг тодруулахаас гадна дараах мэдээллийг системтэй арга хэлбэрээр харуулна. Үүнд:

  1. Тайлан бэлтгэх үндэслэл

Санхүүгийн тайлан нь  СТОУС-д нийцсэн тухай мэдэгдэл, санхүүгийн тайланг тасралтгүй байх зарчмаар бэлтгэсэн эсэх, санхүүгийн тайлангийн суурь, толилуулгын валют, тайлант хугацаанд мөрдсөн НББОУС болон СТОУС-ыг товч тодорхойлж бичнэ.

  1. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт

Энэ хэсэгт нягтлан бодох бүртгэлийн бодлогын[18] өөрчлөлт, алдаа болон тооцооллын өөрчлөлтийн талаар НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт ба алдаа – д заасны дагуу тодруулна.

  1. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт[19]

Хэрэв аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэлийн бодлогоо өөрчилсөн[20] бол өөрчлөх болсон шалтгаан, өөрчлөлтийн мөн чанар, шилжилтийн нөхцлийн тодорхойлолт, тайлбар, нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлогыг найдвартай ба илүү хамааралтай мэдээллээр хангана гэж үзсэн шалтгаан, санхүүгийн тайланд үзүүлсэн нөлөө зэргийг тодруулна.

  1. Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт

Аж ахуйн нэгж нь НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт ба алдаа – д заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийг гүйцээн мөрдөх горимын дагуу хүлээн зөвшөөрч түүний мөн чанар, тайлант үед үзүүлсэн нөлөө, ирээдүйн тайлант үед үзүүлэх нөлөө зэргийг тооцоолох практик боломжгүй байхаас бусад тохиолдолд тодруулна.

  1. Нягтлан бодох бүртгэлийн алдаа

Аж ахуйн нэгжийн өмнөх тайлант үеийн материаллаг алдааг тухайн алдааг илрүүлсэн тайлант үеийн санхүүгийн тайланд буцаан мөрдөх горимын дагуу залруулна. НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт ба алдаа – д заасны дагуу тодруулна.

  1. Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Касс, банкны харилцах дансанд байгаа мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгийн эхний болон эцсийн үлдэгдлийг тодруулна.

  1. Дансны болон бусад авлага

Энэ хэсэгт дансны, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн болон бусад авлагыг тодруулна.

4.1 Дансны авлага

Дансны авлага, найдваргүй авлагын хасагдуулга дансдын эхний болон эцсийн үлдэгдэл, тухайн тайлант хугацаанд нэмэгдсэн болон хасагдсан (төлөгдсөн, найдваргүй болж хасагдсан) авлагын дүн, санхүүгийн байдлын тайланд толилуулсан дансны авлагын дансны цэвэр дүнг тодруулна. Дансны авлагын төлөгдөх хугацаандаа байгаа, хугацаа хэтэрсэн, найдваргүй гэж ангилсан дүн, найдваргүй авлагын хасагдуулга байгуулсан аргыг тэмдэглэл хэсэгт тодруулна.

4.2 Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага

Аж ахуйн нэгжийн бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дүнг дэлгэрэнгүй тодруулна. Албан татварын авлагыг ААНОАТ-ын, НӨАТ-ын болон бусад татвар, төлбөр, хураамжийн төрлөөр харуулна.

4.3 Бусад авлага

Санхүүгийн байдлын тайлангийн Бусад авлага – д хамаарах дүнг холбоотой талаас авах авлага (эргэлтийн хөрөнгөнд хамаарах дүн), ажиллагчдаас авах авлага, ногдол ашиг, хүү, богино хугацаат авлагын бичгийн авлага, бусад байгууллага, хувь хүнээс авах авлага гэж нэр төрлөөр нь тодруулна.

  1. Бусад санхүүгийн хөрөнгө

Эргэлтийн хөрөнгийн хэсэг дэх бусад санхүүгийн хөрөнгийн бүрэлдэхүүн тус бүрийн эхний болон эцсийн үлдэгдлийг СТОУС 7 Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга –ийн дагуу тодруулна.

  1. Бараа материал

Бараа материалыг түхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, хангамжийн материал болон бусад гэж ангилан, эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд нэмэгдсэн (худалдан авсан, үйлдвэрлэсэн), хасагдсан (борлуулсан, ашигласан) дүн, үнийн бууралт, бууралтын буцаалтын дүнг тус тус тодруулна. 

Бараа материалын өртгийг тодорхойлоход хэрэглэсэн (жинлэсэн дундаж өртгийн, эхэлж авснаа эхэлж зарлагадах, тусгай тэмдэглэгээний) арга, бараа материалын бүртгэлийн систем, өртөг болон цэвэр боломжит үнийн аль багыг сонгох арга зэргийг тэмдэглэл хэсэгт тодруулна.

Үнийн бууралт нь бараа материалын хуучрал, гэмтэл, иж бүрдлийн болон борлуулалтын зардлын өсөлт, борлуулалтын үнийн бууралт болон бусад шалтгаанаар үүснэ. Аж ахуйн нэгж нь бараа материалын үнийн бууралтыг тооцох аргачлалыг боловсруулж тайлант үе бүрт тууштай мөрдөнө.

НББОУС 2 Бараа материал – д заасны дагуу бараа материалын цэвэр боломжит үнийг тайлант үе бүрт шинэчлэн тогтооно. Бараа материалын өртгийг цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл бууруулсан дүн болон бусад гарзыг тухайн  тайлант үед зардлаар хүлээн зөвшөөрнө. Цэвэр боломжит үнэ цэнийн өсөлтөөс үүсэх үнийн бууралтын буцаалтыг тухайн буцаах бичилт гарсан тайлант үе дэх зардлаар хүлээн зөвшөөрсөн бараа материалын дүнгийн бууралт гэж бүртгэнэ.  

  1. Урьдчилж төлсөн зардал/тооцоо

Урьдчилгаа төлбөрүүдийг төрөл тус бүрээр нь тодруулна. Тухайлбал, урьдчилж төлсөн зардал, урьдчилж төлсөн түрээс, даатгал, бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн урьдчилгаа болон бусад урьдчилгаа төлбөрийн эхний болон эцсийн үлдэгдлийн дүнг харуулна.

  1. Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (эсвэл борлуулах бүлэг хөрөнгө) болон өр төлбөр

СТОУС 5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа – д заасны дагуу тодруулна.

  1. Үндсэн хөрөнгө

НББОУС 16 Үндсэн хөрөнгө – д заасны дагуу үндсэн хөрөнгийн анги тус бүрийн эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд нэмэгдсэн, хасагдсан дүн, хуримтлагдсан элэгдэл дансны эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацааны өөрчлөлтийг тодруулна. Үндсэн хөрөнгийн зүйлийг дахин ангилсан бол тодруулна. Үндсэн хөрөнгийн дансны цэвэр дүнг хөрөнгө тус бүрээр харуулна. Тэмдэглэл хэсэгт дансны үнийг тодорхойлоход ашигласан суурь, элэгдэл тооцсон арга, дахин үнэлгээний талаарх мэдээллийг тодруулна. 

  1.  Биет бус хөрөнгө

НББОУС 38 Биет бус хөрөнгө – д заасны дагуу биет бус хөрөнгийн анги тус бүрийн эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд нэмэгдсэн, хасагдсан дүн, хуримтлагдсан хорогдол дансны эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацааны өөрчлөлтийг тодруулна. Биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа (хэрэв ашиглалтын тодорхой хугацаагүй бол энэ талаар тодруулна), хорогдуулгын хувь, хорогдол тооцсон арга, дахин үнэлгээний талаарх болон  бусад мэдээллийг тодруулна. 

 

 

  1. Дуусаагүй барилга

Дуусаагүй барилга гэсэн зүйл ангиар бүртгэсэн баригдаж буй барилгатай холбоотой гарсан шууд материал, шууд хөдөлмөр болон нэмэгдэл зардлуудын хуримтлагдсан дүн, барьж эхэлсэн огноо, дуусгалтын хувь болон бусад мэдээллийг тодруулна.

  1. Биологийн хөрөнгө

НББОУС 41 Хөдөө аж ахуй - д заасан тодруулгыг хийнэ.

  1. Урт хугацаат хөрөнгө оруулалт

Урт хугацаат хөрөнгө оруулалтын төрөл, дүн, бий болсон олз, гарзын дүнг тодруулна. Охин компани, хамтын хяналттай аж ахуйн нэгж, хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтыг НББОУС 27 Нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайлан – ийн дагуу тодруулна.

  1. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө[21]

НББОУС 40 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө – д заасны дагуу тодруулна.

  1. Бусад эргэлтийн бус хөрөнгө

Санхүүгийн байдлын тайлангийн Бусад эргэлтийн бус хөрөнгө – ийн бүрэлдэхүүн тус бүрийн эхний болон эцсийн үлдэгдлийг тодруулж, тайлбар, тэмдэглэл хийнэ.

  1.  Өр төлбөр 

    1. Дансны өглөг

Дансны өглөгийн төлөгдөх хугацаандаа байгаа, хугацаа хэтэрсэн гэж ангилсан дүнг тодруулна.

  1. Татварын өр

ААНОАТ-ын, НӨАТ-ын, ХХОАТ-ын, ОАТ-ын болон бусад татвар, төлбөр, хураамжийн өрийг тодруулна.

  1. Богино хугацаат зээл

Төгрөгөөр болон гадаад валютаар авсан богино хугацаат зээлийн эхний болон эцсийн үлдэгдлийг зээлийн ангилал, үзүүлэлт тус бүрээр тодруулна. 

  1. Богино хугацаат нөөц

НББОУС 37 Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө – ийн дагуу богино хугацаат нөөцийн ангилал бүрээр эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацааны нөөцийн өсөлт, тайлант үед ашигласан нөөцийн дүн, тайлант үед ашиглаагүй буцаан бичсэн нөөцийн дүнг тодруулна. Тэмдэглэл хэсэгт урт хугацаат нөөцийн дүнг тодруулж бусад тайлбарыг хийнэ.

  1. Бусад богино хугацаат өр төлбөр

Санхүүгийн байдлын тайлангийн Бусад богино хугацаат өр төлбөр – ийн бүрэлдэхүүн тус бүрийн эхний болон эцсийн үлдэгдэл, гадаад валютаар илэрхийлэгдсэн дүнг тодруулна.

  1. Урт хугацаат зээл ба бусад урт хугацаат өр төлбөр

Урт хугацаат зээлийг дотоодын эх үүсвэрээс авсан, гадаадын эх үүсвэрээс шууд болон дамжуулан зээлдсэн, гадаад болон дотоодын зах зээлд гаргасан урт хугацаат бонд, өрийн бичгийн дүн, хэрэв нэгээс дээш төрлийн дотоодын болон гадаадын зээл авсан бол тус бүрийг нь тодруулна. 

  1. Эздийн өмч

    1. Өмч

НББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга – д заасны дагуу компаниудын хувьд энгийн болон давуу эрхтэй хувьцааны тоо ширхэг, эхний болон эцсийн үлдэгдэл, өмч (хувьцаат капитал буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгө) – ийн дүнд тайлант хугацаанд гарсан өөрчлөлтийг тодруулна.

  1. Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансны эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд гарсан өөрчлөлтийн дүнг тодруулна. 

  1. Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц

Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц дансны эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд гадаад үйл ажиллагааны хөрвүүлэлтээс, бүртгэлийн валютыг толилуулгын валют руу хөрвүүлснээс үүссэн валютын хөрвүүлэлтийн зөрүүг тодруулна.

  1. Эздийн өмчийн бусад хэсэг

“Эздийн өмчийн бусад хэсэг” – ийн бүрэлдэхүүн тус бүр (тухайлбал, ажилчдын тэтгэвэр, тэтгэмжийн тогтоосон төлөвлөгөөнөөс үүссэн актуар олз, гарз, санхүүгийн хэрэглүүрийн бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүссэн олз, гарз, мөнгөн гүйлгээний хейдж дэх хейджийн хэрэглүүрээс үүссэн олз, гарз) - ийн дүнг тодруулна.

  1. Борлуулалтын орлого болон борлуулалтын  өртөг

Байнгын, тогтмол үйл ажиллагаанаас бий болсон орлогыг нэр төрлөөр нь бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого, ажил, үйлчилгээ борлуулсны орлого гэж ангилна. Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралтын дүнг тодруулна. 

Борлуулалтын орлоготой нь уялдуулж борлуулалтын  өртгийн өмнөх болон тайлант оны дүнг  бараа, бүтээгдэхүүний, ажил, үйлчилгээний гэж тодруулна.

  1. Бусад орлого, олз (гарз), ашиг (алдагдал)

    1. Бусад орлого

Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Бусад орлого – ын дүнг тодруулна.

  1. Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз)

Ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрсөн гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз) – ыг гадаад валютаарх мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд хийсэн ханшийн тэгшитгэл, эргэлтийн авлага, өр төлбөр, эргэлтийн бус авлага, өр төлбөртэй холбоотой үүссэн, валютын арилжаанаас үүссэн ханшийн зөрүүний олз, гарз гэж тодруулна.      

  1. Бусад ашиг (алдагдал)

Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Бусад ашиг (алдагдал) – ын дүнг тодруулна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс  эсхүл данснаас хасахад үүссэн олз (гарз), хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарз (ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрсөн дүн), хөрөнгийн дахин үнэлгээний олз (гарз) болон бусад гэж дэлгэрэнгүй харуулна.

 

 

  1. Зардал

    1. Борлуулалт маркетингийн болон ерөнхий ба удирдлагын зардал

Ажиллагчдын цалингийн, нийгмийн даатгал шимтгэлийн, албан татвар, төлбөр, хураамжийн, томилолтын, бичиг хэргийн, шуудан холбооны, мэргэжлийн үйлчилгээний, сургалтын, сонин сэтгүүл захиалгын, даатгалын, цахилгаан, ус, дулаан зэрэг ашиглалтын, засварын, элэгдэл хорогдлын, түрээсийн, харуул хамгааллын, цэвэрлэгээ үйлчилгээний, тээврийн, шатахууны, хүлээн авалтын, зар сурталчилгааны зардлуудыг борлуулалт маркетингийн болон ерөнхий ба удирдлагын гэж ангилж тайлант оны болон өмнөх оны дүнг тодруулна.

  1. Бусад зардал

Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Бусад зардал – ын дүнг тодруулна. Тухайлбал, алданги, торгууль, найдваргүй авлагын зардал, хандивийн болон бусад зардлыг харуулна.

  1. Цалингийн зардал

Цалингийн зардал болон ажиллагчдын дундаж тоог үйлдвэрлэл, үйлчилгээний, борлуулалт маркетингийн, ерөнхий ба удирдлагын гэж ангилж тайлант оны болон өмнөх оны дүнг тодруулна.

  1. Орлогын татварын зардал

Орлогын татварын зардал (орлого) – ын тайлант үеийн татварын зардал болон хойшлогдсон татварын зардал  (орлого) – ын дүнг тодруулна.

  1. Холбоотой талуудын тодруулга

 НББОУС 24 Холбоотой талуудын тодруулга – д заасны дагуу толгой компанийн нэр, хэрэв хамгийн дээд хяналт тавигч тал нь ялгаатай бол тэрхүү хяналт тавигч компани, хувь хүний нэрийг, тэргүүлэх удирдлагын бүрэлдэхүүнд[22] олгосон урт болон богино хугацааны тэтгэмж, ажил эрхлэлтийн дараах тэтгэмж, ажлаас халагдсаны тэтгэмж, хувьцаанд суурилсан төлбөр, холбоотой талуудтай хийсэн ажил гүйлгээг тодруулна.

  1. Болзошгүй хөрөнгө ба өр төлбөр

НББОУС 37 Нөөц, Болзошгүй өр төлбөр ба Болзошгүй хөрөнгө  - ийн дагуу аж ахуйн нэгж нь тайлангийн өдрийн байдлаарх хэрэгжих магадлалтай болзошгүй хөрөнгө ба болзошгүй өр төлбөрийн мөн чанар, хэрэв практик боломжтой бол тэдгээрийн санхүүгийн нөлөөний тооцооллыг тодруулна.

  1. Тайлагналын үеийн дараах үйл явдал

НББОУС 10 Тайлагналын үеийн дараах үйл явдал – ын дагуу тайлагналын өдрийн дараах үл залруулагдах үйл явдлын материаллаг ангилал тус бүрийн хувьд  мөн чанар, санхүүгийн нөлөөллийн тооцооллыг тодруулна. Хэрэв  санхүүгийн нөлөөллийн тооцоолол хийх боломжгүй бол  тайлбар, тэмдэглэл хийнэ.

Хөрөнгө оруулалт

Аж ахуйн нэгж нь тайлант хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтыг энэ хүснэгтийн дагуу заавал тодруулна.

Хөрөнгө оруулалт гэж аж ахуйн нэгжийн хуримтлалыг шинээр бий болгох, түүний техникийн зэвсэглэмжийг дээшлүүлэн өргөтгөх, сайжруулахад зориулж, тайлант хугацаанд зарцуулсан хөрөнгө, хайгуул, зураг төсвийн ажлын зардлыг хэлнэ.

Аж ахуйн нэгж нь тайлант хугацаанд бий болсон, худалдаж авсан биет болон биет бус хөрөнгө, хайгуул, үнэлгээний хөрөнгийг эх үүсвэр бүр (өөрийн хөрөнгөөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр, банкны зээлээр, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, буцалтгүй тусламжаар, төсөл, хөтөлбөр, хандивийн хүрээнд болон бусад эх үүсвэр) - ээр тодруулна.         

Биет хөрөнгө гэдэгт аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлын тайланд тусгасан үндсэн хөрөнгөнд хамаарах хөрөнгө, эргэлтийн бус биологийн хөрөнгө болон бусад биет хөрөнгийг (тухайлбал, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө) хамруулна. Барилга, байгууламжийн[23] дүнд багтсан орон сууцны барилга[24], авто замын[25] дүнг тусад нь тодруулна. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дүнг тусад нь тодруулна.

Биет бус хөрөнгө гэдэгт санхүүгийн байдлын тайланд тусгасан биет бус хөрөнгөнд хамаарах хөрөнгө орно.

Компьютерийн програм хангамжийг дотор нь програм хангамж, мэдээллийн сан гэж ангилна.

Бусад биет бус хөрөнгөнд хамаарах барилгын зураг, төсвийн ажил, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын зардлыг тусад нь тодруулна.

Геологи уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн олж эзэмшсэн хайгуул үнэлгээний хөрөнгийг  биет, биет бус хөрөнгө гэж ангилж тусад нь тодруулна.

Нийт дүнд биет хөрөнгө, биет бус хөрөнгө, хайгуул үнэлгээний хөрөнгийн нийлбэрийг дүгнэнэ.

 


[1]Улирлын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргана.

[2]Энэ зааварт Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС) гэж дурьдсаныг Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУС – ын Зөвлөл) – өөс баталсан стандарт болон тайлбарыг хамаатуулж ойлгоно.

[3] Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ.

[4]Тусдаа санхүүгийн тайлан гэж охин компанийн хөрөнгө оруулагч болох толгой компанийн, хамтарсан хяналттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалттай буюу мэдэгдэхүйц нөлөөтэй,  хөрөнгө оруулалтаа өртгийн аргаар аль эсхүл СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр – ийн дагуу бүртгэдэг хөрөнгө оруулагчийн толилуулж буй санхүүгийн тайланг хэлнэ.

[5] Толилуулгын валют гэж санхүүгийн тайланг толилуулахад ашиглаж буй валютыг хэлнэ.

[6] Хөрөнгө гэж аж ахуйн нэгжийн өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон, ирээдүйн эдийн засгийн үр өгөөж өгөхөөр хүлээгдэж буй нөөцийг хэлнэ.

[7] Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбоотой гарсан зардлууд орно. Үйлчилгээний байгууллагын хувьд бараа материалын өртгийг үйлдвэрлэлийн өртгөөр хэмжих бөгөөд өртөгт нь үйлчилгээ үзүүлэхэд шууд оролцож буй ажилчдын хөдөлмөрийн болон бусад нэмэлт зардлуудыг хамруулна.

 

[8] НББОУС 38 Биет бус хөрөнгө –д заасны дагуу биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөгдөх хөгжүүлэлтийн  зардал хамаарна.

[9] НББОУС 27 Нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайлан – д  зааснаар аж ахуйн нэгж тусдаа санхүүгийн тайлан бэлтгэхдээ охин компани, хамтарсан хяналттай аж ахуйн нэгж болон хараат компани дахь хөрөнгө оруулалтыг өртгөөр нь эсхүл СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр -ийн дагуу бүртгэнэ.

[10] Газрын тосны хөрөнгө, уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг хаах болон хог хаягдлыг цэвэрлэх зардлууд үүнд хамаарна.

[11] НББОУС 16 Үндсэн хөрөнгө, НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт, НББОУС 38 Биет бус хөрөнгө – д заасны дагуу бүртгэнэ.

[12] Хэрэв аж ахуйн нэгжийн толилуулгын валют бүртгэлийн валютаас өөр байвал тэрээр үр дүн, санхүүгийн байдлаа толилуулгын валют уруу хөрвүүлэх ба үүссэн ханшийн зөрүүг бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрнө. 

[13] НББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга – д заасны дагуу Ажилчдын тэтгэвэр, тэтгэмжийн тогтоосон төлөвлөгөөнөөс үүссэн актуар олз, гарз, Санхүүгийн хэрэглүүрийн бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүссэн олз, гарз, Мөнгөн гүйлгээний хейдж дэх хейджийн хэрэглүүрээс үүссэн олз, гарз үүнд хамаарна.

[14] НББОУС 38 Биет бус хөрөнгө- д заасны дагуу судалгааны зардлыг гарсан үед нь зардлаар хүлээн зөвшөөрнө. Судалгааны зардалд шинэ мэдлэг эзэмших зорилготой үйл ажиллагаа, судалгааны үр дүнг үнэлэх, ижил төрлийн аль эсхүл сайжруулсан материал, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны эрэл хайгуул хийх, үнэлэх, томъёолох, бүтээн байгуулахтай холбоотой зардлууд хамаарна.

[15] Хөгжүүлэлтийн зардалд үйлдвэрлэлийн өмнөх загварыг төлөвлөх, зохион бүтээх, турших, шинэ технологийг багтаасан тоног төхөөрөмж зохион бүтээх, шинэ эсхүл сайжруулсан материал, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн процесс төлөвлөх, зохион бүтээх, туршихтай холбоотой зардлууд хамаарах бөгөөд НББОУС 38 Биет бус хөрөнгө -д заасан шалгуур хангагдахгүй тохиолдолд биет бус хөрөнгөөр бус тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.

[16] НББОУС 1 Санхүүгийн тайлангийн толилуулга – д заасны дагуу өмнө нь бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрсөн зарим олз, гарзыг тухайн тайлант үед ашиг, алдагдалд ангилсан бол тэр дахин ангилсан дүнг дахин ангиллын тохируулга гэж нэрлэж бусад дэлгэрэнгүй орлогоос хасна.

[17] Тухайн аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны төрлөөс хамаарч төлсөн болон хүлээн авсан хүү, ногдол ашгийг үндсэн, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны аль нэгээр ангилж, энэхүү ангиллыг нэг тайлант үеэс нөгөө тайлант үед тууштай мөрдөнө.

[18] Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь санхүүгийн тайланг бэлтгэх болон толилуулахад мөрдлөг болгодог, тухайн аж ахуйн нэгжийн зүгээс боловсруулан гаргасан тусгай зарчим, суурь, дүрэм, журам, заавар, аргачлал ба практик үйл ажиллагаа юм.

[19] Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг буцаан мөрдөх горимын дагуу өмнөх үе рүү буцаан мөрдвөл нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлогыг анхнаас нь хэрэглэж байсан мэтээр хамгийн эхний өмнөх тайлант үед толилуулсан өмчийн дансны бүрэлдэхүүн бүрийн эхний үлдэгдэл ба өмнөх тайлант үе бүрт тодруулсан бусад зэрэгцүүлэгдэх дүнг тохируулна.[19]

[20] Тухайлбал, бараа материалын өртөг тооцох аргыг өөрчлөх нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт юм.

[21] Аж ахуйн нэгж нь НББОУС 17 Түрээс  болон НББОУС 40 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө – д заасан тодруулгуудыг бэлтгэнэ.

[22]Тэргүүлэх удирдлагын бүрэлдэхүүн гэж аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шууд болон шууд бусаар төлөвлөх, удирдах, хянах эрх, үүрэг бүхий хүмүүс болон аж ахуйн нэгжийн гүйцэтгэх болон бусад захирлуудыг хэлнэ.

[23] Үйлдвэрлэл, худалдаа, нийтийн үзвэр, үйлчилгээний барилга, зочид буудал, зоогийн газар, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын барилга гэх мэт бүх төрлийн барилга болон авто зам, гудамж, онгоцны нислэгийн зам, гүүр, өргөгдсөн зам, туннель, газар доорх зам, усан зам, усан зогсоол, далан, хол зайд тавигдсан хоолой, холбооны болон эрчим хүчний шугам, кабель болон бусад шугам, олборлох, боловсруулах үйлдвэрийн байгууламж; спорт, амралтын байгууламж хамаарна.

[24] Хүн суурин амьдардаг  орон сууцны зориулалттай барилга, оршин суугчдад зориулж суурилуулсан байгууламж, гараж зэргийг хамруулна.

[25] Авто замд авто зам, гудамж, онгоцны нислэгийн зам, өргөгдсөн зам, туннель зэрэг орно.