Хэвлэх DOC Татаж авах

Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны
284 дүгээр тушаалын хавсралт
 

 


ИРГЭДИЙН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл
1.Бэлэн мөнгөний гүйлгээг багасгах, банкны үйлчилгээг иргэдэд ойртуулж өргөтгөх, аймаг, хот, сум, дүүргийн хооронд мөнгөн гуйвуулгыг нэг мөр хэрэгжүүлэхэд уг журмын зорилго оршино.
2.Банкны төв болон салбар, тооцооны төвүүд /цаашид банк гэх/ нь иргэдийн мөнгөн гуйвуулга хийхэд энэхүү журмыг баримтална.
3.Энэ журамд дараахь нэр томъёог хэрэглэнэ.
2.1.Банкаар дамжуууран мөнгө гуйвуулагчийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авч, шилжүүлэх, хүлээн авагчид олгох үйл ажиллагааг мөнгөн гуйвуулга гэнэ.
2.2.Тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг өөр аймаг, хотын иргэнд гуйвуулахаар банкинд хандаж байгаа иргэн, хуулийн этгээдийг мөнгө гуйвуулагч гэнэ.
2.3.Банкнаас өгсөн мэдэгдлийн дагуу өөрийн нэр дээр гуйвж ирсэн мөнгийг хүлээн авах эрх бүхий иргэнийг гуйвуулга хүлээн авагч гэнэ. Мөнгө гуйвуулагч иргэн нь өөрөө гуйвуулга хүлээн авагч байж болно.
2.4.Мөнгө гуйвуулагчийн өргөдлийг үндэслэн гуйвуулгын мөнгийг хүлээн авагчийн банк руу шилжүүлж байгаа банкийг гуйвуулагчийн банк гэнэ.
2.5.Мөнгө гуйвуулагчийн банкнаас шилжүүлсэн мөнгө, түүний дагалдах баримтыг үндэслэн гуйвуулга хүлээн авагчид олгох банкийг хүлээн авагчийн банк гэнэ.
4.Мөнгөн гуйвуулгыг гуйвуулагчийн хүсэлтийн дагуу цахилгаан, банк болон салбар хоорондын компьютерийн сүлжээний аль нэг хэлбэрээр гүйцэтгэнэ.
5.Банк нь хүлээн авсан гуйвуулгыг шуурхай гүйцэтгэж, гуйвуулга хүлээн авагчид цаг хугацаанд нь олгож байх үүрэгтэй.
6.Мөнгөн гуйвуулгыг яаралтай ба ердийн гэж 2 ангилна.
6.1.Хүлээн авагчид 24 цагийн дотор олгох гуйвуулгыг яаралтай гуйвуулга гэнэ. Яаралтай гуйвуулга нь зөвхөн салбар нэгж хооронд хийгдэх бөгөөд нууц шифр бүхий цахилгаан ашиглаж болно. Нууц шифр, түүнийг тайлах түлхүүрийг банк тогтооно.
6.2.Хүлээн авагчид 24 цагаас дээш хугацааны дараа олгох гуйвуулгыг ердийн гуйвуулга гэнэ. Ердийн гуйвуулга нь банк болон салбар нэгж хооронд хийгдэх бөгөөд зайлшгүй компьютерийн сүлжээгээр дамжин хийгдсэн байна.
7.Банк нь мөнгө гуйвуулж байгаа болон олгож байгаа хэлбэрээс хамааруулан үйлчилгээний ерөнхий нөхцлийн дагуу мөнгө гуйвуулагч, хүлээн авагчаас шимтгэл, хураамж авч болно.
8.Шимтгэл хураамжийн хэмжээг банк өөрөө тогтооно.
Хоёр. Гуйвуулгыг хүлээн авах, дамжуулах
9.Мөнгөн гуйвуулгыг бэлэн мөнгөөр буюу мөнгө гуйвуулагчийн харилцах, хадгаламжийн данснаас хүлээн авч болно.
10.Мөнгө гуйвуулагчийн энэ журмын I хавсралтын дагуу 3 хувь үйлдсэн өргөдлийг үндэслэн мөнгөн гуйвуулгын төлбөр тооцоог хийнэ.
11.Мөнгө гуйвуулах өргөдөл нь дараахь бүрдүүлбэртэй байна.
11.1 Гуйвуулга хийх он, сар өдөр
11.2 Мөнгө гуйвуулагчийн банкны нэр
11.3 Мөнгө гуйвуулагчийн овог нэр, паспорт, регистрийн дугаар, хаяг, утас буюу харилцах, хадгаламжийн дансны дугаар
11.4 Гуйвуулах мөнгөний дүн тоо, үсгээр
11.5 Хүлээн авагчийн банкны нэр
11.6 Хүлээн авагчийн овог, нэр, паспорт, регистрийн дугаар, хаяг, утас факсын дугаар буюу харилцах, хадгаламжийн дансны дугаар
11.7 Үйлчилгээний хураамжийн дүн тоо, үсгээр
11.8 Мөнгө гуйвуулагчийн гарын үсэг
11.9 Гуйвуулагчийн банкны нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэг
12.Гуйвуулагчийн банк нь мөнгө тушаасан баримтыг үндэслэн хүлээн авагчийн банкинд Кт авизо бичнэ. Гуйвуулгын авизод мөнгө хүлээн авагчийн овог нэр, паспорт, регистрийн дугаар, утас, шаардлагатай тохиолдолд хадгаламжийн дансны дугаарыг тодорхой бичсэн байна.
13.Банк нь хүлээн авсан гуйвуулгын /яаралтай болон ердийн/ мөнгийг дараагийн ажлын өдөрт багтаан хүлээн авагчийн банкинд шилжүүлсэн байх үүрэгтэй.
Гурав. Гуйвуулгын мөнгийг олгох
14.Хүлээн авагчийн банк нь ердийн гуйвуулгын авизо, яаралтай гуйвуулгын цахилгааныг үндэслэн мөнгө гуйвж ирсэн тухай утас, факсаар мэдэгдэх буюу энэ журмын II хавсралтын дагуу мэдэгдлийг гуйвуулга хүлээн авагчид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Мэдэгдлийг шуудангийн үйлчилгээ буюу банк өөрийн курьерийг ашиглана. Яаралтай гуйвуулгын цахилгааны нууц шифрийг банкны нягтлан бодогч тайлан уншиж, "Шифр зөв" гэсэн тэмдэг дарсан байх шаардлагатай.
15.Банк нь хүлээн авагчаар энэ журмын III хавсралтын дагуу өргөдөл бичүүлж, иргэний паспортыг үндэслэн гуйвуулгын мөнгийг олгоно.
16.Мөнгө хүлээн авагчийн хадгаламжийн дансанд гуйвуулгаар ирсэн мөнгийг гуйвуулгын авизо буюу цахилгааныг үндэслэн орлого болгож, энэ тухай мөнгө хүлээн авагчид мэдэгдэнэ.
17.Бэлнээр хүлээн авах гуйвуулгын мөнгийг мэдэгдэл явуулснаас хойш хуанлийн 7 хоногийн дотор мөнгө хүлээн авагч ирж аваагүй тохиолдолд мэдэгдлийг дахин 2 удаа өгнө. Хуанлийн 21 хоногийн дотор ирж аваагүй тохиолдолд анх гуйвж ирсэн хаягаар нь буцаана.
18.Гуйвуулагчийн банк нь мөнгө буцаж ирсэн тухай мөнгө гуйвуулагчид ажлын нэг хоногт багтаан мэдэгдэж, гуйвуулгын мөнгийг буцаан олгоно.
Дөрөв. Бүртгэл хяналт, хариуцлага, тооцоо нийлэх
19.Гуйвуулахаар хүлээн авсан буюу олгогдоогүй байгаа мөнгийг бэлэн бус төлбөр тооцооны тусгай дансны гуйвуулгын мөнгө гэсэн туслах дансанд нэрийн данс нээж бүртгэж байна.
20.Мөнгөн гуйвуулгаар хийгдсэн тооцоог сар тутам нийлж, тохируулан өглөг, авлагыг барагдуулж байна.
21.Гуйвуулагчийн банк нь гуйвуулсан мөнгөний жагсаалтыг энэ журмын IY хавсралтын дагуу үйлдэж, мөнгө гуйвуулах өргөдлийн 2 дугаар хувийн хамт дараа сарын 5-ны дотор өөрийн харьяа банкны төвд хүргүүлнэ.
22.Хүлээн авагчийн банк нь олгосон гуйвуулгын жагсаалтыг энэ журмын Y хавсралтын дагуу үйлдэж, өөрийн харьяа банкны төвд дараа сарын 5-ны дотор ирүүлнэ.
23.Банкуудын төв нь энэ журмын 4, 5 дугаар хавсралт, мөнгө гуйвуулах өргөдлийн 2 дугаар хувийг үндэслэн банк болон салбар хооронд хийгдсэн мөнгөн гуйвуулгын тооцоог дараа сарын 15-ны дотор нийлж тохируулна.
24.Банк нь салбар хооронд хийгдэж байгаа яаралтай гуйвуулгын тооцооны өглөг, авлагын тухай / гуйвуулга хүлээн авснаас хойш ажлын нэг өдөр /бүрд нь барагдуулж байх үүрэгтэй.
25.Мөнгөн гуйвуулгын тооцоонд Монголбанкны Хяналт шалгалтын газар, банкны дотоод хяналт шалгалтын албадууд давхар хяналт тавин ажиллана.
26.Мөнгөн гуйвуулгаар хийгдэх төлбөр тооцоог будлиантуулсан, гуйвуулгын мөнгийг саатуулах, гуйвж ирсэн мөнгийг олгож чадахгүй байх зэрэг зөрчил илэрвэл Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг авна.
Хавсралт I-1
МӨНГӨ ГУЙВУУЛАХ ӨРГӨДӨЛ
(яаралтай, ердийн аль нь болохыг зур)
.. .. ..оны.. .. сарын.. ..ний өдөр
Мөнгө гуйвуулагчийн банкны нэр.. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. .. ..
Мөнгө гуйвуулах хэлбэр /зур/
1. Бэлнээр 2. Хадгаламжаас 3.Харилцахаас
Мөнгө гуйвуулагчийн:
Овог нэр. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Паспортын дугаар . . . . . . . . . . . . . Регистрийн дугаар . . . . . . . .
Хаяг /гэрийн ажлын зур/ . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Харилцах утас /факс/ : . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Хадгаламж /харилцах/-ийн дансны дугаар: ......................................
Гуйвуулах мөнгөний дүн: ....................................................... төгрөг
................................................................................... /үсгээр/
Хүлээн авагчийн банкны нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Хүлээн авагчийн:
Овог нэр. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Паспортын дугаар . . . . . . . . . . . . . Регистрийн дугаар . . . . . . . .
Хаяг /гэрийн ажлын зур/ . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Харилцах утас /факс/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Хадгаламжийн дансны дугаар . . . . . .. . . . . . .. . . . . . .. .. . . . .
Мөнгө гуйвуулагчийн гарын үсэг: . . . . . . . . . . . . . . . .

Үйлчилгээний хураамжийн дүн: . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /үсгээр/
Гуйвуулагчийн банкны
нягтлан бодогчийн гарын үсэг: . . . . . . . . . . . . . . . . /тэмдэг/