Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2013 оны 154 дүгээр
 тогтоолын 1 дүгээр хавсралт

 

“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН”
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэл, шаардлага

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  арга  хэмжээний  төлөвлөгөөний   145-д  “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, 150000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд салбар хоорондын уялдааг хангах, иргэдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх суурь хөтөлбөр болох “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан болно.

Ажилгүйдэл нь улс оронд эдийн засгийн бөгөөд нийгмийн сөрөг үр дагаврыг бий болгодог. Тодруулбал, хэвийн ажилгүйдлийн түвшин 1 хувиар өсөхөд ДНБ-ийг 2.5 хувиар нэмэгдүүлэх боломжийг алддаг  гэж онолын хувьд үздэг.

Манай улсын хувьд хүн ам зүйн онцлог болох “Хүн ам зүйн цонх” үе тохиож байгаа нь хөдөлмөрийн насны хүн амын өсөлт болон ажиллах хүч, ажиллагчдын бүтцэд өөрчлөлт гарч, хөдөлмөрийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, хөдөлмөрийн насны хүн амын өсөлт 2009-2012 оны хооронд 3.5 хувьтай байгаа нь нийт хүн амын өсөлттэй харьцуулахад 2 дахин их байна. Түүнчлэн ажиллах хүч 9.4 хувь, ажиллагчид 12.1 хувиар тус тус өсчээ.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өндөр байгаа хэдий ч ажлын байрны тогтвортой өсөлтийг бий болгож чадахгүй байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2002-2008 онд дунджаар 6.5 хувиар, 2011-2012 онд 17.3 хувиар өссөн хэдий ч ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй хэвээр байна .

Ажиллах хүчний түүвэр судалгааны дүнгээр 2012 оны III улиралд 75.3 мянган хүн ажил эрхлээгүй байгаагийн 38.0 мянга буюу 50.4 хувь нь эрэгтэйчүүд, 37.3 мянга буюу 49.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Ажилгүйдлийн түвшин 2012 оны I улиралд 10.3, II улиралд 8.4, III улиралд 6.3 хувьтай байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлэн, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо 2012 оны 9 дүгээр сарын эцсээр 44.1 мянга, оны эцэст 35.7 мянга байна.

2012 оны эцсээр нийт бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийн 30.0 хувь нь дээд, 12.0 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн дунд, 54.7 хувь нь бүрэн болон суурь боловсролтой, 5.3 хувь нь бага болон боловсролгүй иргэд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, ажилгүйдэл, орлогын хүрэлцээгүй байдлыг бууруулах, ажилгүй иргэдийг ажлын байраар ханган эдийн засаг, орлого бий болгох үйл ажиллагаанд оролцуулах, ажилгүйдлийн нийгэмд үзүүлж буй сөрөг үр дагаврыг бууруулж, шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хангахад энэхүү үндэсний хөтөлбөр чиглэгдэнэ.

Энэ хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн бодлого, үйл ажиллагааг үйлдвэржилт, бүтээн байгуулалттай уялдуулан хэрэгжүүлж, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн хөгжүүлэх, ажиллах хүчний оролцоог боломжит түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, салбар дундын уялдаа, холбоог сайжруулах зэрэг нийтлэг зарчим, нэгдсэн бодлогын суурь болно.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, баримтлах зарчим

 

2.1. Төр-хувийн хэвшлийн түншлэл, өөртөө ажлын байр бий болгох иргэдийн санаачлагад тулгуурласан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг бусад салбарын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх замаар 150000-аас доошгүй байнгын шинэ ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийг 2013-2016 онд хэрэгжүүлнэ.

2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

2.3.1. Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 22 дугаар конвенцид нийцүүлэн хүн бүрт хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх суурь зарчмыг мөрдлөг болгох;

2.3.2. олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан Хөдөлмөрийн хүрээний суурь зарчмууд, үндсэн эрхүүдийн тухай Тунхаглал, Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг удирдлага болгон ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийг хэрэгжүүлэх, хүүхдийн болон албадан хөдөлмөр, хөдөлмөрийн харилцаан дахь аливаа ялгаварлал, гадуурхлыг  устгах зорилтыг нэн тэргүүнд хангах;

  2.3.3. ажлын байранд хүн бүр аливаа ялгаварлалгүй, адил, тэгш хүрэх боломжийг бүрдүүлэх замаар хөдөлмөрийн харилцааны тэгш бус байдлыг багасгах;  

  2.3.4. эдийн засгийн салбарууд болон төрийн бүх шатны байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр, нийгмийн зөвшилцөл,  төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан идэвхтэй оролцоог хангах;

  2.3.5. Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан үндэсний хэмжээний стратеги, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй нягт уялдуулах;

  2.3.6. ажлын байр бий болгоход эдийн засаг, санхүүгийн нөөцийг уялдуулан зарцуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлдвэржилтийн бодлогод суурилах.

 


Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ


3.1. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлнэ:

3.1.1. барилга, зам, тээвэр, аялал жуулчлал, байгаль орчин, уул уурхай, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, худалдаа, үйлчилгээ, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах;

3.1.2. эдийн засаг, санхүүгийн хямрал болон бусад давагдашгүй хүчин зүйлийн үед ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх орчинг бий болгох;

3.1.3. зохистой хөдөлмөрийг дэмжих замаар бүтээмжтэй, аюулгүй ажлын байрыг бий болгон, тогтвортой хадгалж байгаа ажил олгогчийг зээлийн бодлогоор дэмжих, урамшуулах тогтолцоо бий болгох;

3.1.4. үйлдвэрлэлийн кластерт ажлын байр бий болгосон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

3.1.5. монголд үйлдвэрлэдэг болон үйлдвэрлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалах, гааль, татварын бодлогоор дэмжих;

3.1.6. нэмүү өртөг бий болгодог боловсруулах аж үйлдвэрт ажиллагчдыг санхүү, эдийн засгийн бодлогоор дэмжих урамшууллын тогтолцоог бий болгох;

3.1.7. хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдэд тохирох хөдөлмөрийн харилцааны болон хөдөлмөр зохицуулалт, татвар, даатгал, шимтгэлийн бодлого, дэмжлэгийг бий болгох;      

3.1.8. үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх замаар ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын шинэ байраар хангасан, мөн  ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн ажлын байр тогтвортой хадгалсан тохиолдолд ажил олгогчид цалингийн дэмжлэг, урамшуулал олгох, сургалтын зардлыг нөхөн төлөх хэлбэрээр дэмжлэг үзүүлэх.

3.2. Жижиг, дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэд, малчдыг зээл, санхүүгийн үйлчилгээгээр дэмжинэ:

3.2.1. хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох зорилго бүхий жижиг зээлийн хугацааг нэмэгдүүлж, зээлийн хүүг нөхөн олгох, зээлийн батлан даалтын сан байгуулах; 

3.2.2. жижиг, дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэд, малчдад олгох зээлийн эх үүсвэрийг жил бүр нэмэгдүүлж, хүн амын төвлөрлийг сааруулах бодлогын арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлэх;

3.2.3. жижиг, дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нөхөрлөл, бүлгийн зохион байгуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулах механизмыг боловсронгуй болгох;

3.2.4. ахуй үйлчилгээний цогцолбор төвийг бүх суманд байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;

3.2.5. жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, бизнес инкубаторын төвийг бүх аймагт байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх;

3.2.6. хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэн нийлүүлэх зохион байгуулалтыг хөгжүүлэх нөхөрлөл, хоршоо байгуулахыг дэмжих;

3.2.7. жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах, технологи нэвтрүүлэхэд зориулж төрөөс санхүү, эдийн засгийн болон татвар, гаалийн дэмжлэг үзүүлэх.

3.3. Хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжил, ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн судалгааг үндэслэн ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ:

3.3.1. хөдөлмөрийн судалгааны институтын чадавхийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчин, ажлын байрыг салбар, бүс болон бусад шаардлагатай чиглэлээр тодорхойлох;

3.3.2. хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчдын хэрэгцээг үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэгчдийг бүртгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх;

3.3.3. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдын сургалтын тэтгэлгийг нэмэгдүүлэх замаар суралцах сонирхлыг нь дэмжиж ажиллах;

3.3.4. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргаж, ажил эрхлэлтийн түвшинг нийтэд зарлах;

3.3.5. ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад хөдөлмөрийн харилцааны мэдлэг, ёс зүйг төлөвшүүлэн, мэргэжлийн чиг баримжаа олгох замаар хөдөлмөрт бэлтгэх;

3.3.6. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын                  хичээл-дадлагын баазыг өргөтгөх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суралцагчдын сурах орчинг сайжруулан чадамжид суурилсан сургалтын тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

3.3.7. ажилгүйдлийн даатгалын сангаас олгох сургалтын зардлыг нэмэгдүүлэх замаар ажилгүй иргэд мэргэжлийн ур чадвараа сайжруулах, шинээр мэргэжил эзэмших бололцоог хангах;

3.3.8. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл бүхий аж ахуйн нэгжийн дэргэд байгуулах, төрөлжүүлэх замаар мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлэх.

3.4. Өндөр технологи, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэй ажилтныг урт болон богино хугацаагаар сургаж, мэргэшүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө бүхий салбарын хэрэгцээг үндэсний ажиллах хүчээр хангана:

3.4.1. өндөр технологи, тоног төхөөрөмжид суурилсан мэдлэг олгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.4.2. хөдөлмөрийн зах зээлийн судалгааг үндэслэн орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн зардлаар урт хугацаагаар бэлтгэж, ажлын байраар хангах;

3.4.3. эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө бүхий салбаруудад шаардагдах мэргэжилтэй ажилтныг ажлын байран дээр болон үйлдвэрлэл дээр тодорхой гэрээний дагуу богино хугацаанд сургах, улмаар ажлын байраар хангах арга хэмжээг зохион байгуулах;

3.4.4. орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж ашиглаж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд ажилтныг дадлагажуулан бэлтгэх.  

3.5. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн түншлэлийн байгууллагуудын идэвх, санаачлагыг дэмжинэ: 

3.5.1. хөдөлмөрийн суурь зарчим, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хөдөлмөрийн харилцаанд шударга, тэгш байдлыг хангахад төр-хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжих;

3.5.2. хөдөлмөр эрхлэлтийн удирдлага, бодлого зохицуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, төр-хувийн хэвшил, нийгмийн түншлэгч байгууллагуудын санал санаачлага, хамтын ажиллагааг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; 

3.5.3. төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, төрийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээг өргөжүүлэн үр дүнг сайжруулах;

3.5.4. хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хөдөлмөрийн харилцааны хэв шинжүүдийг төлөвшүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.5.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг иргэд, ажилтанд олгох, энэ чиглэлийн сургалтыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хичээлийн хөтөлбөрт тусгах;

3.5.6. хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт болон салбар, орон нутгийн түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар нийгмийн түншлэгчид, бусад холбогдох талуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн оролцоог хангах;

3.5.7. гадаадын хөрөнгө оруулалттай, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагын тогтолцоог сайжруулах;

3.5.8. ажил, хөдөлмөр эрхэлж байгаа боловч орлого багатай, бүрэн бус хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд      төр-хувийн хэвшлийн оролцоог хангах;

3.5.9. эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбарт ажиллаж байгаа иргэдийг албан салбарт шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох, төрөөс дэмжлэг үзүүлэх.

3.6. Хүн амын хэт төвлөрлийг сааруулахад хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээг чиглүүлэн, орон нутагт ажлын байр бий болгох санал, санаачлагыг дэмжиж, урамшуулна.

3.6.1. орон нутагт боловсруулах үйлдвэрлэл байгуулж, байнгын ажлын байр бий болгож байгаа ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих татвар, зээл зэрэг эдийн засгийн бусад хөшүүргийг бий болгох;

3.6.2. орон нутгийн онцлог, давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан ажлын байр бий болгох “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” дэд хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах;    

3.6.3. бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг дагасан хүн амын шилжих хөдөлгөөнд бэлтгэн нийгэм, эдийн засгийн цогц бодлогыг төлөвлөж, төрийн үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх;

3.6.4. орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн орон нутагт дэд бүтэц хөгжүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх;

3.6.5. нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэдэд ажлын байр бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрсөн газруудад олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх.

3.7. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгож, иргэн оршин суугаа газраасаа харьяалал үл харгалзан хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлнэ: 

3.7.1. хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаархи үндсэн мэдээлэл, динамикийг агуулсан бүртгэл, мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх;

3.7.2. хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар бүртгэл, статистикийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх;

3.7.3. төвлөрсөн суурин, сум, хороонд мэдээллийн сүлжээ, программ хангамж, цахим хайлтын биет системийг нэвтрүүлэх замаар хөдөлмөр эрхлэлт, ажилд зуучлалын үйлчилгээг оршин суугаа харьяалал харгалзахгүй үзүүлэх;

3.7.4. хөдөлмөрийн хувийн биржийг хөдөлмөр эрхлэлтийн онлайн мэдээллийн системд холбож, нэгдмэл орчинд ажил зуучлалын үйлчилгээг хүргэх;

3.7.5. хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог бусад салбарын мэдээллийн сантай уялдуулан, мэдээлэл солилцох, хянах, түгээх боломж бүрдүүлэх.

3.8. Цалин хөлсний бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох замаар ажиллагчдын бүтээмж, ур чадварыг урамшуулан хөдөлмөрлөх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ:

3.8.1. цалин хөлсний талаар баримтлах үндэсний бодлогыг батлуулж, хэрэгжүүлэх;

3.8.2. үндэсний, бүс нутгийн, салбарын болон аж ахуйн нэгжийн түвшинд бүтээмжид суурилсан цалин хөлсний зохицуулалтыг бүрдүүлэх;  

3.8.3. үндэсний хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн талаархи нийгмийн ойлголтыг нэмэгдүүлж цалин хөлс болон хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа холбоог хангах аргачлал, арга зүйг боловсронгуй болгох;

3.8.4. ажиллагчдын үндсэн цалингийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тухай бүр индексжүүлэн нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.8.5. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэсний болон бүс нутаг, салбарын түвшинд тарифын хэлэлцээрээр, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хамтын гэрээ, хэлэлцээрээр ажил олгогч, ажилтны төлөөлөл хамтран тогтоож мөрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.

3.9. Албан бус хэвшилд ажиллагчид болон хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн ажил, орлоготой болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийн тусгайлсан хөтөлбөр, төслийг хэрэгжүүлнэ:

3.9.1. залуучуудын хөдөлмөр эрхлэлт;

3.9.2. гадаадад ажиллаж, амьдарч байгаад буцаж ирсэн иргэний хөдөлмөр эрхлэлт; 

3.9.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт;

3.9.4. ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт;

3.9.5. 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлт;

3.9.6. тэтгэврийн насанд хүрээгүй боловч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсч ажилгүй болсон иргэдийн хөдөлмөр эрхлэлт;

3.9.7. томоохон бүтээн байгуулалт, үйлдвэржилтийг дагасан хот, сууринд болон алслагдсан цэргийн ангид суурьшсан өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт;

3.9.8. хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлт;

3.9.9. сумын төв, алслагдсан суурингийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт;

3.9.10. хөнгөн ял эдэлж байгаа иргэн болон хугацаат цэргийн албан хаагчийг хөдөлмөрт бэлтгэх.

3.10. Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан боловсронгуй болгоно:

3.10.1. эдийн засгийн салбарт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчийг гадаадаас авахад тавигдах мэргэжил, боловсрол, эрүүл мэндийн шалгуурыг боловсронгуй болгох;

3.10.2. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэний ажлын байрны төлбөрийг салбарын онцлог, дотоодын ажиллах хүчний нийлүүлэлттэй уялдуулан уян хатан тогтоож, улмаар үндэсний ажиллах хүчийг тогтоосон квотын дагуу сургаж, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх;

3.10.3. ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдсөн болон ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь квот, заасан хугацаа зөрчсөн тохиолдолд ажлын байрны төлбөрийг тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн нөхөн төлөх зэргээр хариуцлагын тогтолцоог чангатгах;

3.10.4. гадаадад ажиллах хүч зуучлах үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгож, зуучлах үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, Монгол Улсын иргэд гадаадад хөдөлмөрлөхтэй холбоотой эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх;

3.10.5. гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийг мэргэшүүлэх, тухайн улсаас олгосон мэргэжил, ур чадварын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох;

3.10.6. гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашиг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах, эрх зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

3.10.7. гадаадад ажиллаж, амьдарч байгаад буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах, өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.11. Нийтийн эрх ашгийг хангах, ногоон хөгжлийн үйл ажиллагаанд ажилгүй иргэн, хөдөлмөрлөх боломжтой хүн амыг хамруулан орлогоор дэмжинэ:

3.11.1. “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгалийн аюулт үзэгдэл, доройтол, гамшгийн үр дагаврыг арилгах, нөхөн сэргээх үйл ажиллагааг ажил эрхлээгүй, ажил эрхлэх боломжтой иргэдийг оролцуулан зохион байгуулж, орлогоор дэмжих;

 

3.11.2. орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт болон ялангуяа зам, барилга байгууламж барихад дагалдах үйл ажиллагаанд нутгийн ажилгүй иргэдийг ажиллуулдаг механизмыг бий болгох;

3.11.3. “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл”-ийг дэмжиж, ногоон ажлын байр бий болгох.
 

Дөрөв. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
 

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

4.1.1. 150000 -гаас доошгүй байнгын, шинэ ажлын байр бий болсон байна;

4.1.2. 2016 онд ажиллах хүчний оролцооны түвшин улсад дунджаар 67 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 5.0 хувиас ихгүй болсон байна;

4.1.3. эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлсэн байна; 

4.1.4. хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн байна;

4.1.5.  хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан хууль тогтоомж боловсронгуй болж, хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэхэд ахиц гарсан байна;

4.1.6. хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж, мэргэжилтэй ажилтны нийлүүлэлт нэмэгдсэн байна;

4.1.7. хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо боловсронгуй болж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээний хамрах хүрээ өргөжсөн, үр дүн дээшилсэн байна;

4.1.8. гадаадад хөдөлмөр эрхлүүлэх, гадаадаас ажиллах хүч авах бодлого, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт орсон байна;

4.1.9. хөдөлмөрийн бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого боловсронгуй болж, иргэдийн хөдөлмөрлөх хүсэл сонирхол нэмэгдэн цалин, орлого нь нэмэгдсэн байна;

4.1.10. хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмжид эерэг өөрчлөлт гарч, эдийн засгийн өсөлт нь ажиллагчдын тооны өсөлт, бүтээмжийн өсөлтийг хангахад зохих хувь нэмэр оруулсан байна.

4.2. Хөтөлбөрийг дараахь үр дүнгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:

4.2.1. бий болсон байнгын ажлын байрны тоо;

4.2.2. ажиллах хүчний оролцооны түвшин; 

4.2.3. ажилгүйдлийн түвшин;

4.2.4. хөтөлбөрийн хүрээнд бий болгосон дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлт, хөшүүрэг болон арга хэмжээний тоо, хэлбэр, хэмжээ;

4.2.5. хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тоо, төрөл, байршил тус бүрээр;

4.2.6. хөдөлмөрийн зах зээлийн нарийвчилсан судалгаа, тэдгээрийн үр дүнг хөтөлбөр, төсөлд тусгасан байдал;

4.2.7. хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ хүртсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага;

4.2.8. шинээр бий болсон үйлдвэр, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн тоо;

4.2.9. шинээр боловсруулсан хууль тогтоомж, эрх зүйн актын тоо;

4.2.10. хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн тоо.
 

Тав. Удирдлага, зохион байгуулалт
 

5.1. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллах бөгөөд Зөвлөлийг Хөдөлмөрийн сайд удирдана. Сангийн дэд сайд Зөвлөлийн орлогч дарга байна.

5.2. Салбар болон орон нутгийн дэд зөвлөлүүд байх бөгөөд салбарын дэд зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн дэд зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар удирдана.

5.3. Зөвлөлийн ажлын албаны үүргийг Хөдөлмөрийн яам, орон нутгийн дэд зөвлөлийн ажлын албаны үүргийг тухайн аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтэс гүйцэтгэнэ.

5.4. Салбарын дэд зөвлөлийн ажлын алба нь тухайн салбарын яам байх бөгөөд аймаг, нийслэлд үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгж нь тухайн салбарын орон нутгийн байгууллага байна.

 

Зургаа. Хөтөлбөрийн хамрах хүрээ, санхүүжилт

 

6.1. Хөтөлбөрт дараахь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулна:

6.1.1. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага;

6.1.2. ажлын байр бий болгосон ажил олгогч;

6.1.3. ажил хайгч иргэн;

6.1.4. ажилгүй иргэн;

6.1.5. ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн;

6.1.6. ажил олоход хүндрэлтэй иргэн;

6.1.7. малчин;

6.1.8. хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн;

6.1.9. гадаад улсад амьдарч, хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн;

6.1.10. Үндэсний хөтөлбөрт заасан бусад иргэн, байгууллага.

6.2. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн хамрах хүрээг хөтөлбөр тус бүрт хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлно.

6.3. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

6.3.1. улсын төсөв;

6.3.2. орон нутгийн төсөв;

6.3.3. хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилго бүхий Засгийн газрын тусгай сангуудаас хуваарилагдсан хөрөнгө (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мэргэжлийн боловсрол, сургалтын сан, Сум хөгжүүлэх сан болон холбогдох бусад сан);

6.3.4. олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

6.3.5. хандив болон бусад.

6.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусган батлуулж, санхүүжүүлнэ.

6.5. Хөтөлбөрийн санхүүжилтийг хөтөлбөрт заасан бодлого, арга хэмжээний хүрээнд тухайн жилийн төсөвт тусгагдсан хөрөнгийн дүнд багтаан батлагдсан хуваарийн дагуу зарцуулж, тайлагнана.

 

Долоо. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ хийнэ. Хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үндэслэн үнэлгээг хийлгэх бөгөөд эцсийн үр дүнгийн судалгаа, шинжилгээг хөндлөнгийн байгууллагын оролцоотойгоор, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. 

7.3. Салбарын болон орон нутгийн дэд зөвлөлүүд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүрээр улирал бүр гаргаж, дүнг тухайн салбар болон дэд зөвлөлөөр хэлэлцэж, дараа улирлын эхний сарын 10-ны дотор Хөдөлмөрийн яаманд, Хөдөлмөрийн яам хэрэгжилтийн үр дүнгийн дэлгэрэнгүй тайланг хагас жилээр гаргаж, тухайн оны 7 дугаар сарын 20, дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний зөвлөлд тус тус хүргүүлж, тайлагнана.

7.4. Хөдөлмөрийн яам нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн Зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй уялдуулан дэд зөвлөлийг урамшуулах, хариуцлага тооцох болон бусад зохион байгуулалтын арга хэмжээний талаар Хөдөлмөрийн яам санал боловсруулж, Зөвлөлд танилцуулж болно.

7.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаархи мэдээ, тайланг холбогдох байгууллагууд цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ. 

 


----оОо----
 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих