Хэвлэх DOC Татаж авах
Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигийн хавсралт

ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл
1.Цэргийн цол нь цэргийн албан хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл, түүнийг цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв мөн.
2.Цэргийн албан хаагчийн албан тушаал бүр цэргийн цолны зэрэглэлтэй байх бөгөөд албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг хууль, тогтоомжоор эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан тогтооно.
3.Цэргийн албан хаагчид, тэдгээртэй адилтгах албан тушаалын ангилал, цолны зэрэглэл хэрэглэдэг байгууллагын ажилтанд офицерийн цолыг шат дараалан олгоно.
4.Цэргийн цол, түүний зэрэглэл нь цэргийн албан хаагчдад цэргийн дүрмээр тогтоогдсон эрх, үүрэг, мөнгөн болон материалын хангалтын хэмжээг тодорхойлох үндэслэл болно.

Хоёр. Цэргийн цол олгох
1.Зэвсэгт хүчин, бусад цэргийн офицерийн анхны цолыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга олгоно. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зарлигаар хүчингүй тооцсон./
2.Зэвсэгт хүчний ахлагчийн "дэд ахлагч, тэргүүн ахлагч, дунд офицерын болон “хурандаа”-гаас бусад ахлах офицерын цолыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн дарга нарт тус тус олгоно. /Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 45 дугаар зарлигаар өөрчлөн найруулсан/
3.Цэргийн албан хаагчидтай адилтгах албан тушаалын ангилал, цолны зэрэглэл хэрэглэдэг байгууллагын албан тушаалтанд цэргийн цолыг тухайн байгууллагын дарга нар энэхүү журмыг баримтлан тус тус олгоно.
4.Ахлагчийн "ахлагч, ахлах ахлагч", түрүүч, байлдагчийн цолыг цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нар олгоно.
5.Зэвсэгт хүчин, бусад цэргийн /зарим хэсгийг Ерөнхийлөгчийн 2004 оны 45 -р зарлигаар хүчингүй болгосон/ ахлах офицерийн “хурандаа” цолыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Батлан хамгаалах болон Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж олгоно.
6.Цэргийн албан хаагчид “хурандаа” цол олгохдоо цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа, цэргийн нэгтгэл, ангид ажилласан байдал болон энэхүү журмын хоёр дахь хэсгийн аравдугаар заалтад заасан шалгуурыг үндэслэл болгоно.
7.Дээд офицерийн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
8.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, түүний орлогч нараас бусад дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэл бүхий албан тушаалтанд дээд офицерийн цол олгох саналыг Засгийн газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн гишүүн Монгол Улсын Засгийн газарт уламжилна. Монгол Улсын Засгийн газар уг саналыг танхимынхаа хуралдаанаар хэлэлцэж дэмжвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
9.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, түүний орлогч нарт дээд офицерийн цолыг олгоход хоёр дахь хэсгийн 8 дугаар заалт хамаарахгүй.
/8, 9-р заалтыг Ерөнхийлөгчийн 2007 оны 184 -р зарлигаар хүчингүй болгосон/
10.Цэргийн цол олгох эрх бүхий албан тушаалтан цэргийн албан хаагчид цэргийн цол олгохдоо албан тушаалын цолны зэрэглэл, боловсрол, мэргэжилдээ дадлагажсан байдал, ажлын үзүүлэлт, хоёр цолны зэрэглэлийн дараагийн цолыг олгох бол тухайн албан тушаалд тэнцэж буй эсэх, офицерийн ёс зүй зэрэг шалгуурыг багтаасан тодорхойлолтыг үндэслэл болгоно.
11.Цэргийн албан хаагч, тэдгээртэй адилтгах албан тушаалын ангилал, цолны зэрэглэл хэрэглэдэг байгууллагын албан тушаалтан нь тухайн албан тушаалын дамжааг төгсөөгүй бол цэргийн цолыг албан тушаалын дамжаа төгссөний дараа олгоно.
12.Офицер, ахлагчид цэргийн цол олгох асуудлыг цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нар шийдвэрлэх буюу цол олгох үндэслэл, тодорхойлолт, саналаа удирдах дээд байгууллагад уламжилна.
13.Цэргийн бэлтгэл үүрэгтэнд цол олгохдоо түүний дайчилгааны сургууль, цугралт, хээрийн сургуульд оролцож эзэмшсэн цэргийн мэргэжил, томилгоот албан тушаалын цолны зэрэглэлийг үндэслэл болгоно.
14.Цэргийн албан хаагчийн офицерийн цол нь томилогдож буй албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр, түүнээс дээш зэрэглэл доогуур байвал түүний цэргийн цолыг эхний ээлжинд нэг шат ахиулж дараагийн цолыг албан тушаалын доод зэрэглэлийн цол хүртэл дэс дараалан олгох бөгөөд гэхдээ цол олгох хоорондын хугацаа нь гурван жилээс доошгүй байна. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зарлигаар өөрчлөн найруулсан/
15.Цэргийн хоёр цолны зэрэглэлтэй албан тушаалд цэргийн албан хаагчийг томилохдоо доод зэрэглэлийн цолыг олгосон бол дунд офицерт 3 жил, ахлах офицерт 4 жил ажилласны дараа албан тушаалын дээд зэрэглэлийн цол олгоно. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зарлигаар өөрчлөн найруулсан/
Хэрэв ажлын үзүүлэлт хангалтгүй гэж үзвэл цол олгох албан тушаалтан албан тушаалын дээд зэрэглэлийн цолыг олгох хугацааг дахин нэг жилээр хойшлуулж болно.
16.Цэргийн хоёр цолны зэрэглэлтэй албан тушаалд дэвшин томилогдож байгаа цэргийн албан хаагч нь цолны зэрэглэлийн доод цолтой бол энэ цолтой урьд нь ажилласан хугацааг албан тушаалын дээд зэрэглэлийн цолыг олгохдоо оруулж тооцно.
17.Иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14 дүгээрт заасныг баримтална. Хэрэв түүний албан тушаалын цолны зэрэглэл нь дээд офицерийнх байвал “хурандаа” цол олгож, албан тушаалын зэрэглэлийн цолыг 2-3 жил ажилласны дараа олгоно.

Гурав. Цэргийн цолыг хэрэглэх
1.Цэргийн албан хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн цол хэрэглэнэ.
2.Цэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн цолны өмнө “бэлтгэл”, цэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй гэж эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл үүрэгтний цэргийн цолны өмнө “чөлөөнд байгаа” гэсэн тодотгол хэрэглэнэ.
3.Цэргийн албан хаагч, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн цолд хүндэтгэлтэй хандаж, захирах, захирагдах ёсыг чандлан биелүүлэх үүрэгтэй.
Дөрөв.Цэргийн цолыг бууруулах, хураан авах, сэргээх
1.Цэргийн цол олгох эрх бүхий албан тушаалтан “Цэргийн сахилгын дүрэм”-д заасны дагуу цэргийн албан хаагчийн цэргийн цолыг бууруулна.
2.Монгол Улсын Ерөнхийлөгч дээд офицерийн цол бүхий албан тушаалтныг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх,цэргийн жинхэнэ албанд эргүүлэн авах, тэдний цолыг бууруулах, хасах буюу сэргээн олгох шийдвэр гаргана.
Дээд офицерыг албан тушаалаас чөлөөлж, дээд офицерын цолны зэрэглэлгүй албан тушаалд бууруулан томилох, дээд офицерын цолыг хасах бол дээд офицерын цол олгох саналыг өргөн барих эрх бүхий байгууллага, албан тушаалтан дээд офицерын цол бууруулах, хасах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. /Ерөнхийлөгчийн 2000 оны 114 дүгээр зарлигийн өөрчлөлтийг тусгав/

21..Дээд офицерыг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх, цэргийн жинхэнэ албанд эргүүлэн авах, дээд офицерын цолны зэрэглэлгүй албан тушаалд томилон цэргийн цол бууруулах, дээд офицерын цэргийн цолыг хасах буюу сэргээн олгох бол энэ тухай саналаа дээд офицерын цол олгох саналыг өргөн мэдүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

22.Энэхүү журмын “Дөрөв” дэх хэсгийн 21–т заасны дагуу саналаа өргөн мэдүүлэлгүйгээр дээд офицерыг иргэний байгууллага эсхүл дээд офицерын цолны зэрэглэлгүй албан тушаалд томилсон байвал түүнийг уг албан тушаалд томилогдсон өдрөөс цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх эсхүл цэргийн цолыг нь бууруулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргана.


3.Албан тушаалдаа тэнцэхгүй болсон цэргийн албан хаагч албан тушаал буурч ажиллахыг зөвшөөрвөл түүний цэргийн цолыг бууруулж, томилогдсон албан тушаалын цолыг эдлүүлнэ. Буурч томилогдсон албан тушаал нь цолны хоёр зэрэглэлтэй байвал дээд зэрэглэлийн цолыг олгож болно.
4.”Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4, 5-д заасан үндэслэлээр халагдаж байгаа цэргийн албан хаагчийн цэргийн цолыг уг цолыг олгосон албан тушаалтан хураан авна.
5.Цэргийн цолоо хураалгаж, цэргийн албанаас халагдсан иргэн офицерийн албан тушаалд дахин томилогдвол энэхүү журмын хоёр дахь хэсгийн 17 дугаар заалтыг баримтлан цэргийн цол олгоно.


/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 114 дүгээр, 2001 оны 92 дүгээр, 2002 оны 127 дугаар зарлигаар оруулсан өөрчлөлт тусгагдсан./
2004 оны 45 дугаар зарлигаар орсон нэмэлт өөрчлөлтийг тусгав. /2008 оны 1 дүгээр сар.