Хэвлэх DOC Татаж авах
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2005 оны
487 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
МОНГОЛБАНКНААС ОЛГОХ ОВЕРНАИТ
ЗЭЭЛИЙН ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 Энэхүү журмын зорилго нь Заавал байлгах нөөцийн шаардлагыг бүрэн ханган биелүүлэх, богино хугацааны эх үүсвэрийн дутагдлыг нөхөхөд нь банкуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанкнаас Овернаит зээл олгох үйл ажиллагааг зохицуулахад оршино.
 
1.2 Монголбанкнаас олгох овернаит зээл гэдэг нь Заавал байлгах нөөцийн шаардлага хангахгүй байгаа банкинд клирингийн гүйлгээ хаахаас дараагийн ажлын өдрийн клирингийн гүйлгээ нээх хүртэл хугацаагаар олгож байгаа зээлийг хэлнэ.
 
1.3 Монголбанкнаас олгож байгаа овернаит зээл нь Монголбанкнаас олгох санхүүжилтийн нэг төрөл мөн тул Банк хоорондын овернаит зээлийн журамд хамаарахгүй.
 
1.4 Монголбанкнаас зээлдэгч банкинд олгож байгаа овернаит-аас дээш хугацаатай бусад зээл энэ журамд хамаарахгүй.    
 
Хоёр. Монголбанкнаас Овернаит зээлийг олгоход баримтлах зарчим
 
2.1 Монголбанкнаас овернаит зээлийг авах гүйлгээ нь банкны тухайн өдрийн хамгийн сүүлчийн гүйлгээ байх бөгөөд овернаит зээлийг төлөх гүйлгээ нь банкны тухайн өдрийн хамгийн эхний гүйлгээ байна.
 
2.2 Зээл олгох, төлүүлэх үйл ажиллагаа нь тухайн банкны Монголбанкин дахь харилцах дансаар дамжин хийгдэнэ.
 
2.3 Овернаит зээлийн хугацаа нь банк хоорондын клирингийн гүйлгээ хаахаас дараагийн ажлын өдрийн клиринг нээх хүртэл хугацаанд үргэлжилнэ.
 
2.4 Овернаит зээлийн хүүг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталж тогтооно. 
 
2.5 Монголбанк нь мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор болон банкны урт хугацааны төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан тухайн банкинд Овернаит зээл олгохоос татгалзаж болно.
 
2.6 Овернаит зээлийн барьцаа нь зээлдэгч банкны Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдэл байна.
 
2.7 Зээлдэгч банк эхний гүйлгээгээр зээлийн хүүгээ төлөх хэмжээний мөнгөгүй тохиолдолд Монголбанк тухайн банкны харилцах дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгийг хүүг төлөх хэмжээнд хүртэл хуримтлуулах замаар төлүүлнэ. Хүүг ийнхүү төлүүлж дуусахаас нааш аливаа зарлагын гүйлгээг хийхгүй. 
 
2.8 Зээл авсан өдрийн дараагийн өдөр нь нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүд байвал овернаит зээлийн хугацааг үргэлжилсэнд тооцож тухайн үеийн хуанлийн хоногоор хүүг тооцож төлүүлнэ.
 
2.9 Банк нь Монголбанкнаас овернаит зээлийг хамгийн дээд тал нь 3 хоног дараалан авч болох бөгөөд энэхүү заалт нь журмын 2.8-д хамаарахгүй. Түүнээс илүү хоногоор бол дараалан олгохгүй.
 
2.10 Монголбанкнаас банкинд олгох овернаит зээл нь дээд хязгаартай. Уг хязгаар нь тухайн банкны Монголбанкин дахь харилцах дансны заавал байлгах нөөцийн хэмжээгээр тодорхойлогдоно.     
 
2.11 Хэрэв зээлдэгч банк нь зээлийн хүүгийн нөхцлөөс шалтгаалан Монголбанкнаас гадна банк хоорондын захаас овернаит зээлийг давхар авч байгаа бол тухайн 2 гүйлгээ нь мөн тухайн өдрийн хамгийн сүүлийн гүйлгээ байх ёстой бөгөөд дарааллын хувьд Монголбанкны овернаит зээл хамгийн сүүлийнх нь байна. Зээл төлөгдөх өдөр Монголбанкных хамгийн эхний гүйлгээ байна.       
 
Гурав. Овернаит зээл олгох үйл ажиллагаа
 
3.1 Зээлдэгч банк нь овернаит зээл авах хүсэлтээ Мөнгөний бодлого, судалгааны газар (МБСГ)-т тухайн өдрийн клирингийн гүйлгээ хаахаас хагас цагийн өмнө ирүүлнэ. 
 
3.2 Монголбанк нь хугацаа хоцорсон саналыг хүлээн авахгүй.
 
3.3 МБСГ нь ирүүлсэн хүсэлтийг үндэслэн энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу овернаит зээлийн гэрээг банктай байгуулна.
 
3.4 3.3-т заасан гэрээ болон МБСГ-аас ирүүлсэн гүйлгээний шийдвэрийг үндэслэн Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (БТМТГ) нь холбогдох гүйлгээг хийнэ.
 
3.5 БТМТГ нь зээлдэгч банкны авсан овернаит зээлийг дараагийн өдрийн 9 цагт хүүгийн хамт Монголбанкин дахь харилцах данснаас нь суутган төлүүлнэ.
 
3.6 БТМТГ нь овернаит зээл авсан банкийг өдөр бүрийн арилжааны банкны өглөг авлагын мэдээнд тусгаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
I Хавсралтын 1
 
ОВЕРНАИТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ (загвар)
 
20..  оны ...-р сарын                          ¹                                            Улаанбаатар хот
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1 Энэхүү гэрээг нэг талаас Монголбанк, нөгөө талаас ------------- банк (зээлдэгч гэх) нар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2005 оны .. р сарын ..-ний өдрийн .. тоот Тушаалаар батлагдсан “Монголбанкнаас олгох овернаит зээлийн журам”-ыг үндэслэн дараахь нөхцлүүдийг харилцан тохиролцож байгуулав.
 
Хоёр. Овернаит зээлийн нөхцөл
 
2.1 Монголбанкнаас олгох овернаит зээлийн хэмжээ .. ..  ..  ..  ..  ..  ..                                              
2.2 Хүүгийн хувь (жилийн)                                                  .. ..  ..  ..  ..  ..  ..
 
2.3 Олгосон огноо                                                                           .. ..  ..  ..  ..  ..  ..
 
2.4 Буцаан төлөх огноо                                                                  .. ..  ..  ..  ..  ..  ..
 
2.5 .. .. ..  банк нь овернаит зээлийн үндсэн дүн болон түүний хүүгийн төлбөрийг буцаан төлөгдөх өдөр Монголбанкин дахь харилцах данснаасаа үл маргалдах журмаар суутган авч төлүүлэхийг Монголбанкинд зөвшөөрнө. 
 
Гурав. Бусад
 
3.1 Энэхүү гэрээ нь “Монголбанкнаас олгох овернаит зээлийн журам”-д заасан бүхий л зарчмуудыг дагаж мөрдөнө.
 
3.2 Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
Монголбанкийг төлөөлж:                                                    Зээлдэгчийг төлөөлж:
Мөнгөний бодлого,                                     
судалгааны газрын захирал