Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2013 оны 320 дугаар
                                                                             тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ,
БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ
ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.  Монгол Улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалахад энэхүү журмыг баримтална.

1.2. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг баримтална.

 

Хоёр. Дипломат, албан паспорт

 

2.1. Дипломат, албан паспорт нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг мөн.

2.2.  Дипломат, албан паспорт нь төрийн өмч байна.

2.3. Дипломат, албан паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын стандартад нийцсэн байх бөгөөд иргэний биеийн давхцахгүй өгөгдлийг (цээж зураг, хурууны хээ) агуулсан байна.

2.4. Дипломат, албан паспортанд ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, нэр болон регистрийн дугаарын өмнөх үсгийн латин галигийн бичилтийг иргэний үнэмлэх болон иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтоосон стандартыг баримтлан бичнэ.

 

Гурав. Дипломат, албан паспортыг эзэмших, хүчинтэй байх
хугацааны тухай

 

3.1. Дипломат, албан паспортыг энэхүү журмын 5-д заасан Монгол Улсын иргэнд олгоно.

3.2. Дипломат, албан паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байх бөгөөд паспортанд дахин сунгалт хийгдэхгүй. 

3.3. Монгол Улсын иргэн хоёр хүртлэх дипломат, албан паспортыг зэрэг эзэмшиж болно. Хоёр дахь паспортыг холбогдох байгууллагын албан ёсны хүсэлтийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно. 

 

Дөрөв. Дипломат, албан паспорт олгох байгууллага

 

4.1. Дипломат, албан паспорт олгох, хүчингүй болгох ажлыг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

4.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дипломат паспортанд, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газрын захирал албан паспортанд, тэдгээрийн эзгүйд орлох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

4.3.  Дипломат, албан паспортыг мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 4 өдөрт багтаан олгоно.



Тав. Дипломат, албан паспорт эзэмшигч

 

5.1.  Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ:

5.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,  Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;

5.1.2. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IҮ, ТӨ-IҮА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;

5.1.3. төрийн өндөр албан тушаалын ТӨ-Ү-ТӨ-ҮI, ТӨ-ҮA-ТӨ-ҮIA зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр  буюу нөхөр;

5.1.4.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;

5.1.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;

5.1.6. ТЗ-14, AA-I, ТҮ-14 зэрэглэлийн албан тушаалтан;

5.1.7. ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан;

5.1.8. Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд; 

5.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн, түүний эхнэр буюу нөхөр;

5.1.10. төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

5.2. Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах албан тушаал хашиж буй иргэн эзэмшинэ:

5.2.1. төрийн албан тушаалын АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан ;

5.2.2. төрийн захиргааны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

5.2.3. төрийн үйлчилгээний ТҮ-11-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

5.2.4. төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах эмч болон бусад үйлчилгээний ажилтан;

5.2.5. харьяа төрийн байгууллагын тодорхойлолтын дагуу төрийн тусгай албаны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

5.2.6. батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, тохиролцооны дагуу гадаад оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагчид;

5.2.7. хилийн чанад дахь Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол Улсын иргэн, түүний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;

5.2.8. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд.

5.3. Сумын болон дүүргийн Засаг дарга;

5.4. Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

5.5. Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

5.6. Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн;

5.7. Дипломат цолтой ахмад ажилтнууд, тэдгээрийн эхнэр буюу нөхөр;

5.8. Онцгой тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн Монгол Улсын иргэнд дипломат, албан паспорт олгож болно.


                                                                                                                                                                                                                                                                                                           
Зургаа. Дипломат, албан паспорт олгох үндэслэл

 

6.1.  Дипломат, албан паспорт мэдүүлэхэд дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

6.1.1.  дипломат, албан паспорт мэдүүлэх хуудас;

6.1.2.  тухайн албан тушаалтанд дипломат эсхүл албан паспорт олгохыг хүссэн төрийн байгууллагын албан бичиг;

6.1.3.  тухайн ажилтныг хашиж буй албан тушаалд нь томилсон буюу сонгосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар;

6.1.4.  иргэний  үнэмлэхийн хуулбар;

6.1.5.  эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүлийн гишүүд дипломат, албан паспорт мэдүүлэх бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн гишүүнийг нотлох баримт зэргийг нэмж бүрдүүлнэ;

6.1.6.  шаардлагатай тохиолдолд гадаадад зорчихыг түдгэлзүүлэх үндэслэл байхгүйг нотолсон баримт нэмж бүрдүүлнэ ;

6.1.7.  төлбөр төлсөн баримт.

6.2. Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн дипломат, албан паспорт мэдүүлэхдээ энэхүү журмын 6.1.1-6.1.7-д заасан баримт бичгийг бүрдүүлж гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж болно. 


6.3.  Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дипломат, албан паспорт мэдүүлж буй иргэн холбогдох шуудангийн зардлыг өөрөө хариуцна.

6.4.  Тухайн албан тушаалтны бүрэн эрх дуусахаас 6 сарын өмнөх хугацаанд түүнд дипломат, албан паспорт шинээр олгохыг хориглоно.

6.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дипломат, албан паспорт олгохоос татгалзах эрхтэй байна. 

 

Долоо. Дипломат, албан паспорт хадгалах

 

7.1. Төрийн байгууллагын төрийн захиргааны удирдлагын газар, Тамгын газар, хэлтэс эсхүл гадаад харилцаа хариуцсан нэгж, ДТГ-ын тэргүүн тухайн байгууллагынхаа албан тушаалтнуудын дипломат, албан паспортыг мэдүүлэх, сунгуулах асуудлыг хариуцаж, дипломат, албан паспортыг гадаадад зорчиход нь олгож, буцаж ирмэгц эгүүлэн авч, хадгалах, тухайн албан тушаалтан халагдах, чөлөөлөгдөх эсхүл паспортын хугацаа дуусахад нь Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газарт илгээж, хүчингүй болгуулах үүрэг хүлээнэ. Мөн эдгээр газар, нэгж нь тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны байдлаар өөрийн байгууллагын ажилтнуудын дипломат, албан паспорт олголт, сунгалт, хадгалалт болон байгууллагын орон тоо, бүтцэд гарсан өөрчлөлтийн талаар тайлан гаргаж, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газарт ирүүлнэ. Хүчингүй болсон дипломат, албан паспортыг эзэмшигч хүсвэл өөрт нь дурсгал болгон үлдээж болно.

7.2. Дипломат, албан паспорт эзэмшигч нь тухайн паспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээнэ. Дипломат, албан паспорт мэдүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэх болон бусад хууль бус үйлдэл гаргасан этгээд, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ .

7.3.  Хүчин төгөлдөр бус эсхүл зөрчилтэй дипломат, албан паспортыг Хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газарт шилжүүлнэ.


7.4.  Албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан болон бусад шалтгаанаар дипломат, албан паспорт эзэмших эрхгүй болсон иргэн эзэмшиж буй дипломат, албан паспортаа хүчингүй болгохоос татгалзах эсхүл зайлсхийх тохиолдолд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газрын шийдвэрээр уг паспортыг хүчингүй болгон зарлана.

 

Найм. Буцах үнэмлэх



8.1. Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх олгоно.

8.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буцах үнэмлэхийн загварыг батална.

8.3. Гадаад харилцааны асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага буцах үнэмлэхийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад түгээх, зарцуулалтад хяналт тавих асуудлыг хариуцна.

8.4. Дипломат төлөөлөгчийн газрууд буцах үнэмлэх олголтын тайланг улирал бүр гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Консулын газарт ирүүлнэ.

8.5. Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс 12 сарын хугацаанд хүчинтэй байна.

8.6. Буцах үнэмлэх олгоход дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

8.6.1.  буцах үнэмлэх мэдүүлэх хуудас;
8.6.2. иргэний үнэмлэхийн баталгаажсан хуулбар эсхүл иргэний бүртгэл хариуцсан төрийн байгууллагын дэлгэрэнгүй лавлагаа;
8.6.3.  3.5х4.5 см-ийн хэмжээний цагаан дэвсгэртэй цээж зураг           2 хувь;
8.6.4.  төлбөр төлсөн баримт;
8.6.5. шаардлагатай тохиолдолд тухайн иргэний гээгдүүлсэн гэх улсын хил нэвтрэх эрхийн баримт, Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа.
8.7.  Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.

8.8.  Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй эсхүл алслагдсан газар байгаа иргэдэд баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэхийг олгож болно. 


8.9.  Буцах үнэмлэхийг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, бие даасан Консулын хэлтэстэй бол Консулын хэлтсийн дарга, тэдгээрийн эзгүйд орлох дипломат ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.

8.10.  Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх олголтын тайлан, бүртгэлийн дэвтрийн хамт иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 12 дугаар сарын      25-ны байдлаар тасалбар болгон дараа жилийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор гарган хүргүүлнэ. 

8.11.  Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

8.12. Шаардлагатай тохиолдолд буцах үнэмлэхийн бүрдүүлэлтийн материалыг цахим шуудангаар хүлээн авч болно.

 

Ес.  Бусад

 

9.1. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дипломат, албан паспорт, буцах үнэмлэхний загварыг өөрийн орны болон гадаадын холбогдох байгууллага, албанд хүргүүлж, гарсан өөрчлөлтийн талаар цаг тухайд нь мэдэгдэх үүрэгтэй.

 


-------оОо------